Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

 

 

 

    2019       10          09                                    2019/ШЦТ/881

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Б.Дэлгэрмаа;

хохирогч: Р.Аззаяа;

шүүгдэгч: Л.Гантөмөр (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганууд овогт Лувсанжавын Гантөмөрт холбогдох эрүүгийн 1903007340333  дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрийн ажилтан мэргэжилтэй, Батлан хамгаалах яамны “Дуулга” студийн захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 1А гудамжны 5 тоотод оршин суух, ухаан мэдрэл бүрэн гэх, ял шийтгэлгүй, УХ63081371 регистерийн дугаартай, Ганууд овогт Лувсанжавын Гантөмөр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Гантөмөр нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “ 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан;” гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Тоуоta Аlphard” маркийн 21-19 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний 10 цаг 46 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Вlue Sку” ХХК-ний урд замд жолоодож яваад мөн дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Р.Аззаяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Гантөмөр мэдүүлэхдээ:  2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай байгууллагын арга хэмжээ болж байсан. Ингээд би авто зогсоол хайж явж байгаад “Blue Sky”-ийн зогсоол орох гэж явж байхдаа явган хүний гарц дээр хохирогчийг мөргөсөн. Миний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж энэ хэрэг асуудал гарсан юм. Өөрийнхөө боломж бололцоогоор тухайн үед тусламж үззүлж ирсэн. Цаашид хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх болно гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Аззаяа мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээсээ гараад “Blue Sky” зочид буудлын хойно автомашинд мөргүүлж гэмтсэн. Тухайн үед тархиндаа гэмтэл аваад эмнэлэгт сэрсэн. Одоо хохиролд нийт 3.690.229 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс ажилгүй байсан хугацааны цалин 2.222.727 төгрөг, эмчилгээний зардалд 1.467.502 төгрөг болно. Мөн эмчилгээ хийлгэсэн баримтууд цугласан байгаа боловч үүнийг мэдээгүйн улмаас өнөөдөр авчирсангүй. Осол гаргасан хүн нийтдээ 757.000 төгрөгийг төлсөн. Гэхдээ энэ мөнгө дээрх 3.690.229 төгрөгөөс хасагдахгүй, тухайн үед эмчилгээндээ зарцуулагдсан. Харин сүүлд төлсөн нийт 450.000 төгрөгийг хасаж болно. Хохирол барагдуулвал гомдол санал гэх зүйл байхгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/, эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/, хохирогч Р.Аззаяа /хх-ийн 18-19/, гэрч Ш.Чухалцэцэг /хх-ийн 21-22/ нарын мэдүүлэг, Л.Гантөмөрийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7852 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 307 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 46-47/, Техникийн хяналтын үзлэгийн төвийн 39145 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-36/, хохирлын баримтууд /хх-ийн 70-84/, Л.Гантөмөрийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-66/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Гантөмөр нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 46 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Blue Sky” нэртэй барилгын урд замд ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota Alphard” маркийн 2119 УББ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар гарч яваа явган зорчигчид...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Р.Аззаяаг мөргөж хүндэвтэр гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Р.Аззаяагийн /хх-ийн 18-19/ “... Явган хүний замаар явж байгаад байгууллага руу ордог гарцаар зүүн тийш гарах гэж явтал миний баруун гар талаас “Т.Алпард” маркийн 21-19 УББ улсын дугаартай автомашин ирж мөргөж газарт унагаасан... ”гэх мэдүүлгээр,

 

гэрч Ш.Чухалцэцэгийн /хх-ийн 21-22/: “... Аззаяагийн хамт явган хүний замаар явж байгаад гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш гарах гэж явтал миний баруун гар талаас нэг цагаан, саарал машин хүчтэй гэнэт орж ирээд Аззаяаг мөргөж газарт унагаасан. Би тухайн үед баруун гар руугаа шүргүүлээд бултаж амжсан. Тэгээд хартал “Т.Алпард” маркийн мөнгөлөг автомашин байсан. Тэр машины баруун гар талын урд дугуй Аззаяагийн хөл дээр гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлгээр,

 

Л.Гантөмөрийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 57-59/: “...2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 10 цаг 46 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Blue Sky”  ХХК-ийн урд замд Т.Алпард маркийн 21-19 УББ улсын дугаартай автомашин жолоодон явах үед зогсоолын хамгаалалтын ажилтнаас “зогсоол байна уу?” гэж асуугаад “зогсоол байхгүй” гэхээр нь баруун гар тийш дараад эргэтэл зам хөндлөн гарч явсан эмэгтэйг мөргөсөн...Тэгээд машинаас буугаад иртэлнэг эмэгтэй замын зорчих хэсэг дээр дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлгээр,

 

Р.Аззаяагийн биед “зүүн богтос ясны залааны зөрөө багатай далд хугарал, тархи доргилт, зүүн хөлийн гуя, тахим, шилбэ, шагай үе, зүүн тавхайн 1-3-р хурууны үений цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 7852 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 27/,

 

            “Лувсанжав овогтой Гантөмөр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ... хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол гарааш) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө;”, мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “ 5. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл... 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан; гэсэн заалтыг зөрчиж ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй “Toyota Alphard” маркийн 21-19 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй...” гэсэн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 307 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар /хх-ийн 46-47/, болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10/,               Техникийн хяналтын үзлэгийн төвийн 39145 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-36/  зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

            Шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоосон, гэрч нар тухайн осол болох явган зорчигч явган хүний гарцаар гарч явсныг мэдүүлцгээсэн, зам тээврийн ослын улмаас хохирогч хүндэвтэр гэмтсэнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч Л.Гантөмөр нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцохдоо дээр дурьдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс үүдэн зам тээврийн осол гарган, хүнийг хүндэвтэр гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Л.Гантөмөрийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Р.Аззаяа энэ хэрэгт эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалинд нийт 3.690.229 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

Үүнээс мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох  1.017.502 төгрөгөөс шүүгдэгчийн нөхөн төлсөн 450.000 төгрөгийг хасаж, үлдэх 517.502 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Харин хохирогч Р.Аззаяа нь “MRI хийлгэсэн 300.000 төгрөг, тархины CT хийлгэсэн 200.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардал” зэргээ энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Гантөмөрт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ганууд овогт Лувсанжавын Гантөмөрийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Гантөмөр нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хээгт зааснаар шүүгдэгч Л.Гантөмөрөөс 517.502 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Аззаяад олгосугай.     

 

6. Хохирогч Р.Аззаяа нь “ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү, цаашид эмчилгээтэй холбогдож гарах зардал” зэргээ шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гантөмөрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ