Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2026/00017

 

*******-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 309/ШШ2026/00303 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 99 660 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, *******, тэдний төлөөлөгч А.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбо /цахимаар/, хариуцагч ******* /цахимаар/, хариуцагч *******ийн төлөөлөгч А.Мөнхбат нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “БНХАУ-ын иргэн ******* /*******/ нь 2017 онд Монгол Улсаас эрэвгэр, жирэвгэр өвс худалдаж авах сонирхолтой байсан тул нэхэмжлэгч миний бие өөрийн хуурай дүү болох хариуцагч *******тэй БНХАУ-ын иргэн ******* /*******/-ийг танилцуулсан. Тухайн хоёр танилцаж ******* нь надад эрэвгэр жирэвгэр өвс байгаа би хилээр гаргаж өгнө гэсэн тул түүний эхнэр *******ийн Хаан банкны ******* тоот данс руу БНХАУ-ын иргэн ******* /*******/ нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200 000 юань буюу тухай үеийн ханшаар 67 090 000 төгрөгийг БНХАУ-ын Эрээн хотын валют шилжүүлдэг иргэдээр дамжуулан шилжүүлсэн байна.

Түүнээс хойш *******, ******* нар нь эмчилгээний өвсийг өгнө гэсэн боловч худлаа хэлэн алга болсон тул 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын иргэн ******* /*******/ нь нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* /*******/ надад итгэмжлэл олгосны дагуу нэхэмжлэгч миний бие өмгөөлөгч Р.Ганчулууны хамт Дорнод аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан бөгөөд тухайн гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагаас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал” гаргасны маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* нь ******* /*******/ болон өмгөөлөгч Р.Ганчулуун нартай уулзаж “...цаашид хууль, шүүхийн байгууллагад битгий гомдол гаргаач, би ондоо багтаад буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор 20 ,000 юанийг тухайн үеийн ханшаар бодож 80 000 000 төгрөгийг өгнө...” хэмээн тайлбар гаргаж өгсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.  

Монгол банкны 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ханш нь 498.30 төгрөг байх бөгөөд 200 000 юань нь өнөөдрийн ханшаар 99 660 000 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн хувьд БНХАУ-ын иргэн ******* /*******/-ээс Монгол улсын хуулийн дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан болно. Иймд хариуцагч нараас 99 660 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгч ******* надтай ******* гэх хүнийг уулзуулж эрэвгэр жирэвгэр өвсний үндэс бэлдүүлэх талаар хэлсэн. Би энэ талаар сайн мэдэхгүй, чадахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл дахин холбогдож эрэвгэр жирэвгэр өвсний үндэс бэлтгэж чадах хүн байна уу гэхэд нь ******* гэх хүнийг *******тэй уулзуулан тэд хоорондоо тохирсон. би хамт явж бэлдсэн байсан үндсийг нь харуулж *******тэй тохирч өөрөө буцахаар болж хил хүргүүлсэн.

Бидний хамтран эзэмшдэг ******* тоот дансанд 2017.09.05-ны өдөр эхлээд 18 600 000 төгрөг, мөн тэр өдрөө 48 490 000 төгрөгийг ******* ******* нар нь ярилцаад миний дансаар гүйлгээ хийлгэнэ гээд нийт 67 090 000 төгрөг шилжүүлсэн байсан. Би энэ талаар нь асууж дансандаа орсон мөнгийг ******* болон түүнтэй хамт үндэс бэлдсэн гэх зүс мэдэх *******, бусад хүнээр дамжуулан түүний хэлснээр бэлнээр болон дансаар дансанд орж ирсэн бүх мөнгийг нь шилжүүлж өгсөн. ... ******* дансаар нийт 67 090 000 төгрөг орж 2017.09.05-ны өдрөөс 2017.10.06-ны өдрийн хугацаанд 66 900 000 төгрөгийг шилжүүлж авсан ба хамгийн сүүлд 5 000 000 төгрөгийг ******* үндсээ бэлдэж дууслаа гээд үлдэгдэл мөнгөө өөрийн тоот дансанд шилжүүлж авсан.

******* болон *******тэй бид үндэс бэлтгэж өгнө гэсэн гэрээ хэлцэл, тохироо огт байхгүй. ******* *******д итгэхгүй надаар дамжуулан мөнгийг нь шилжүүлэх үүргийг л хүлээлгэсэн. *******ийн хэлсэн ёсоор л мөнгийг нь шилжүүлэх болон бэлнээр авч өгсөн.

Иймд миний хувьд үндэс бэлдэж өгнө гэсэн зүйл огт байхгүй ба миний дансанд надаар дамжуулсан мөнгөө ******* ******* нарын хэлснээр авсан байдаг тул түүний нэхэмжилж буй мөнгийг өгөх үндэслэл байхгүй юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 98 660 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,250 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 651,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... *******, , нарын дунд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нар нь ургамлын үндэс түүж өгөх үүрэг хүлээгээгүй. Дансанд орж ирсэн гэх 67 090 000 төгрөгийг тус болж, сайн санасандаа увуулж цувуулж хэлсэнээр нь шилжүүлсэн. ******* нь Монголд ирж дэрэвгэр жирэвгэрүү гэх ургамлын үндэс бэлдүүлж авахаар ******* гэх хүнтэй тохирсон байдаг. *******тэй тохирч наймаа хийхээр болсон ******* хэнээр дамжуулж аваад хэрхэн зарцуулсан талаар , нар огт мэдэхгүй, ямар ч байсан одоо дууслаа гээд сүүлийн 5 000 000 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлж авсан байдаг. ...

Анх зуучилж өгсөн ******* гэх хүн яагаад энэ мөнгийг нэхэмжлэх болов. Үнэхээр ******* хохироод нэхэмжилж байгаа бол *******ээс үндэс аваагүй талаар нотлох баримтаа гаргаж өгөх ёстой байсан. Энэ талаар ******* огт хэлээгүй. ******* хэрэгцээний мөнгө гэж л гээс авч ч *******оос мөнгө авч хэн хэнийхээ хэрэгцээг хангаж ирсэн ******* энэ талаар тайлбарлах ёстой. , нар нь тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэх зүйл дансны хуулгад харагддаггүй, ******* болон ******* нараас 200 000 юань орж ирээгүй, монгол төгрөгөөр 2017.09.05-ны өдөр 67 090 000 төгрөг л орж ирснийг *******ийн шилжүүлсэн мөнгө л гэж одоог хүртэл ойлгож байдаг.

Хариуцагч нарын хамтран эзэмшдэг дансанд орж ирсэн гэх 67 090 000 төгрөгийг 1 сарын хугацаанд хэлсэнээр нь бэлнээр болон дансаар зарцуулж дуусгасан. Тийм байтал энэ мөнгийг хувьдаа зарцуулж хийгдээгүй гэрээ хүлээгээгүй үүргийн төлөө хариуцлага хууль бусаар үүрүүлж их хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

... Иймд ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй ургамлын үндэс бэлтгэж өгөх, худалдан авч өгөх ямар ч үүрэг хариуцагч нар нь нэхэмжлэгч болон шаардах эрх шилжүүлэгч нарын өмнө хүлээгээгүй, бид төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

5. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрт үнэхээр гомдолтой байна. Миний болон манай эхнэрийн дансаар 66 700 000 төгрөг орж ирсэн. Энэ чинь төгрөгийн л данс байгаа. Гэтэл яг ямар үндэслэлээр 200 000 юань орж ирсэн гээд одоогийн ханшаар тооцоод байгааг ойлгохгүй байна. Энийг л тодорхой болгох хэрэгтэй гэж үзэж байна. *******, ******* нарыг би танилцуулж өгч байсан. Ингээд дараа нь өөрөө намайг дахиж дуудаад “өвс авахаар ирсэн” гэж хэлсэн. Миний хувьд энэ талаар мэдэх зүйл байхгүй, ийм зүйл хийдэг хүнтэй танилцуулж өгье л гэж хэлсэн. Танилцуулж өгсөн учраас өвс харахаар явахад нь би хамт явсан. ... Цагдаа дээрээс хаагдчихсан байгаа хэргийн араас би уучлалт гуйж явах ямар ч шаардлага байхгүй. Миний гарын үсэгтэй бичиг гаргаж ирсэн байна лээ. 200 000 юань өгнө гэж бичсэн зүйл үнэхээр байхгүй. ... ******* нь надаас энэ мөнгийг дансаар ч, бэлнээр ч авч байсан. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгож өгөөч гэж хүсч байна.” гэв.

 6. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ийн хувьд тэй гэр бүлийн хамааралтай хүн бөгөөд тухайн өвсний талаар огт мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн. тэй хамт очоод тухайн үед буудалд нэг удаа уулзсан гэдэг. , нарын дансанд нийт 67 090 000 төгрөг орж ирсэн. Үүнийг *******ийн шилжүүлсэн мөнгө гэж ойлгосон. ******* тухайн үндэс бэлдэж өгч байсан *******д өг гэхэд нь бэлнээр болон дансаар өгч байсан. Энэ нөхцөл байдал нь дансны хуулгаар тодорхой харагддаг. ******* гэсэн дансанд юань огт орж ирээгүй.

... *******, , нарын дунд ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Тухайн үед ердөө л хуурай ахынхаа гуйлтаар Монгол Улсад ирсэн *******д л тусалсан үйлдэл гаргасан. Тухайн мөнгийг яагаад , нарын дансаар оруулах болсон бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. ******* нь өөрөө  *******д итгэхгүй байна гэдгээ илэрхийлсэн.

... Энэ асуудлаар цагдаагийн газарт гомдол гаргаж байсан. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байсан. Хөөн хэлэлцэх хугацааг мөн анхаарч үзэх хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэж байгаа. Гэвч хариуцагч талаас гэрээний үүргээ шударгаар гүйцэтгэх үүргээ зөрчсөн юм. ... Одоо л нас барсан хүний нэр барьж мөнгийг түүнд өгсөн гэж яриад байгаа. Гэвч тухайн нөхцөл байдлаа тайлбарлаж чаддаггүй. Яг үнэндээ тухайн мөнгөний зарлагыг харахаар дандаа хэрэгцээндээ зарцуулсан нь харагддаг.

Цагдаагийн газарт гомдол гаргах үед өөрөө “би цагдаагаар явах юм бол ял авна. Тиймээс 80 000 000 төгрөгийг өгье” гэж хэлж байсан. ... гийн яриагаар тухайн үедээ бол өвсийг бэлдүүлж байсан. нь цааш худалдах хүмүүсийг олж байсан. ******* нь ч гэсэн д өвсөө өгч байсан гэдгээ илэрхийлж байсан.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьж байна. Гэхдээ баталгаа гаргах, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг юм. 2020 онд баталгаа гаргаж байсан. Үүнээс үзэхэд 2023 онд дуусахаар байсан. Гэтэл нь ******* руу 2021 оны 12 дугаар сард хоёр ч удаа буцааж мөнгийг шилжүүлж байсан. Өмнө нь анхан шатны шүүх хуралдаан дээр энэ 1 000 000 төгрөгийг өөрөөр тайлбарлаж байсан. Гэвч өнөөдөр огт өөр зүйл яриад байх юм.  ... Тиймээс анхан шатны шүүхийн 303 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч талын  гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 99 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...БНХАУ-ын иргэн ******* /*******/ нь дэрэвгэр жиргэрүү өвс бэлтгэн нийлүүлэхээр *******, ******* нартай тохиролцож, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 200 000 юань буюу тухай үеийн ханшаар 67 090 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, мөнгөө авахаар удаа дараа нэхсэн боловч одоог хүртэл өгөөгүй. ... Иймд 200 000 юанийг өнөөдрийн ханшаар тооцож нийт 99 660 000 төгрөгийг нэхэмжилнэ. ... Нэхэмжлэгчийн хувьд БНХАУ-ын иргэн ******* /*******/-ээс Монгол улсын хуулийн дагуу шаардах эрхийг шилжүүлж авсан.” гэж тодорхойлсон.

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзсан ба татгалзлын үндэслэлээ: “ ... Нэхэмжлэгч ******* надтай ******* гэх хүнийг уулзуулж дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс бэлдүүлэх талаар хэлсэн. ... дэрэвгэр жиргэрүү өвсний үндэс бэлтгэж чадах хүн байна уу гэхэд нь ******* гэх хүнийг *******тэй уулзуулан тэд хоорондоо тохирсон. ... Тухайн үед бидний хамтран эзэмшдэг Хаан банкны дансанд 2017.09.05-ны өдөр эхлээд 18 600 000 төгрөг, мөн тэр өдрөө дахин 48 490 000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. ******* ******* нар нь ярилцаад миний дансаар гүйлгээ хийлгэнэ гээд нийт 67 090 000 төгрөг шилжүүлсэн байсан. Би энэ талаар нь асууж дансандаа орсон мөнгийг ******* болон түүнтэй хамт үндэс бэлдсэн гэх зүс мэдэх *******, бусад хүнээр дамжуулан түүний хэлснээр бэлнээр болон дансаар бүх мөнгийг нь шилжүүлж өгсөн. ... ******* болон *******тэй бид үндэс бэлтгэж өгнө гэсэн гэрээ хэлцэл, тохироо огт байхгүй. Иймд түүний нэхэмжилж буй мөнгийг өгөх үндэслэл байхгүй. Мөн бидний дансанд юань шилжиж ороогүй, Монгол улсын мөнгөн тэмдэгтээр мөнгө орж ирсэн, ...Нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэж тайлбарлан маргадаг.   

 5. Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын дунд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагаварын талаар Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч *******, ******* нарын хамтран эзэмшдэг ХААН банк дахь ******* тоот дансанд БНХАУ-ын иргэн ******* /******* гэх/-ээс 2017 оны 09 сарын 05-ны өдөр 16 600 000 төгрөг, мөн өдөр 48 490 000 төгрөг буюу нийт 67 090 000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хариуцагч *******гээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 500 000 төгрөг буюу нийт 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* /*******/-ын ХААН банк дахь тоот дансанд шилжүүлсэн гэх үйл баримтууд тус тус тогтоогджээ. /хх 69, 55-56/

Хариуцагч нар нь өөрсдийн хамтран эзэмшдэг банкны харилцах дансанд *******-гээс нийт 67 090 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргадаггүй боловч тэдний хооронд дэрэвгэр жиргэрүү өвс бэлтгэн нийлүүлж худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болон дээрх мөнгийг төлөх эсэх, мөн гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь зохигч талуудын дунд үүссэн маргааны зүйл болжээ. 

6. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд хариуцагч нар нь 2017 оны 9 сард БНХАУ-ын иргэн ******* /******* гэх/-тэй дэрэвгэр жиргэрүү өвс бэлтгэн нийлүүлэх хүсэл зоригийг хэн алин нь илэрхийлэн харилцан тохиролцож, улмаар ******* нь дээрх өвсийг худалдан авах зорилгоор тэдний хамтран эзэмшдэг банкны харилцах дансанд хоёр удаагийн гүйлгээгээр нийт 200 000 юанийг монгол төгрөгийн тухайн үеийн ханшаар тооцон 67 090 000 төгрөгийг шилжүүлснээр тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.  

Худалдах худалдан авах гэрээний гол зорилго нь нэг тал буюу худалдагч хөрөнгөө шилжүүлэх гол үүргийг, нөгөө тал буюу худалдан авагч хөрөнгийн үнийг төлөх хариу үүргийг хүлээж байдаг хоёр талт гэрээ бөгөөд худалдан авагч ******* нь дэрэвгэр жиргэрүү өвсний үнийг төлсөн боловч худалдагч тал болох хариуцагч нар нь гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг буюу өвсийг бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... бидний хооронд дэрэвгэр жиргэрүү өвс бэлтгэн нийлүүлэх тухай гэрээний харилцаа огт үүсээгүй, бид зөвхөн дансаар орсон мөнгийг дамжуулж өгөх үүргийг хүлээсэн ...” гэх үндэслэлээр үгүйсгэн маргасан боловч энэ талаарх нотлох бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байна.

 7. Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, уг үүрэг биелэгдэх боломжгүй болсны улмаас ******* нь өвсний үнэд шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан авахаар БНХАУ-ын иргэн ******* /******* гэх/-д итгэмжлэл олгон 2020 оны 8 сард Дорнод аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргасан /хх 66/, *******гийн “ ... уг мөнгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор төлнө. ...” гэх агуулга бүхий бичгээр гаргасан тайлбар /хх 68/, *******гийн 2021 оны 12 дугаар сарын 03, 22-ний өдрүүдэд нийт 1 000 000 төгрөгийг *******-гийн дансанд шилжүүлсэн /хх 55-56/ зэргээс гэрээний нэг тал болох худалдан авагч ******* нь өөрсдийн дунд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар гэрээний талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийг хүлээх ба хариуцагч нар нь *******-гээс шилжүүлэн авсан мөнгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

8. Дээрх гэрээний нэг тал болох худалдан авагч БНХАУ-ын иргэн ******* /******* гэх/ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар *******, ******* нараас гэрээний үүрэг шаардах өөрийн эрхийг тус улсын иргэн ******* /******* гэх/-д гэрээгээр шилжүүлсэн нь хүчин төгөлдөр байх ба ийнхүү шаардах эрх шилжсэнээр ******* нь гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна. /хх 5-8/

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гадаад валютын ханшийг тогтоохдоо нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцно гэх дүгнэлтийг хийж, 200 000 юанийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ханш 498.30 төгрөгөөр тооцон 98 660 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь Иргэний хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2017 оны 9 сарын 05-ны өдөр хариуцагч нарын дансанд 200 000 юанийг тухайн үеийн ханшаар тооцон 67 090 000 төгрөг шилжүүлсэн, БНХАУ-ын юанийн ханш өссөн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцон 99 660 000 төгрөгийг гаргуулна гэснээс үзвэл хариуцагч нараас мөнгөн төлбөрийн үүргийг гадаад валютаар бус, Монгол улсын мөнгөн тэмдэгтээр нэхэмжилсэн гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нарын дансанд 2017 оны 9 сарын 05-ны өдөр БНХАУ-ын юанаар бус Монгол улсын мөнгөн тэмдэгт буюу 67 090 000 төгрөг шилжиж орсон байх тул гэрээнээс татгалзсаны улмаас үүсэх үр дагаварт 67 090 000 төгрөгийг хариуцагч нараар буцаан төлүүлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд хариуцагч нараас гаргуулах 67 090 000 төгрөгөөс *******гийн нэхэмжлэгч *******-д шилжүүлсэн гэх 1 000 000 төгрөгийг хасч, 66 090 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 570 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага буюу нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь буруу байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүргийн хэрэгжилт, түүнээс бий болсон үр дагаврыг шаардах эрхийн харилцаанд хамаарах бөгөөд харин гэрээнээс татгалзсаны улмаас өгсөн авсанаа буцаан шаардах шаардлага нь гэрээний бус хуулиас үүссэн шаардлагад хамаарна. Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаны үр дагаварт шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах шаардлагад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа үйлчилнэ гэж үзэх тул энэ талаарх хариуцагч талын татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

11. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан “ ... бидний дунд гэрээний харилцаа үүсээгүй, ... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч нар болон тэдний төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 309/ШШ2026/00303 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас гэрээнээс татгалзсаны үр дагаварт 66 090 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 570 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            2 дахь заалтын “... 651 250 төгрөгийг ...” гэснийг “... 488 400 төгрөгийг ...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД                                                                  С.ГАНЧИМЭГ

                                                                                                 Г.УРТНАСАН