| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 201726020645 |
| Дугаар | 2025/ХШТ/22 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ХШТ/22
Б.Ч-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн өмгөөлөгч А.Энхбуйр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дүгээр тогтоолтой Б.Ч-т холбогдох 201726020645 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнхийн бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ч
Б.Ч нь 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс-1 худалдааны төвийн №7 тоот агуулахад Т.Т-ыг “сармис хулгайлсан” гэх шалтгаанаар зодож “гол судасны цүлхэн хагарч үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдалт” бүхий гэмтэл үүсгэн алсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Ч-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, түүнд холбогдуулан үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 273 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор Б.Ч-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “... 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 201726020645 дугаартай “...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-1 худалдааны төвийн хашаан дотор 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Т.Т бусдад зодуулсан байдалтай нас барсан” гэх хэргийг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Г.Б-ыг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хахууль авсан гэх хэрэгт Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Шүүгдэгч Г.Б, Ю.Б нарт холбогдох эрүүгийн 1702002260240 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд .... дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.3-т заасан мөрдөн байцаагч онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ю.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
Үүнээс үзэхэд мөрдөгч Г.Б “...Т.Т бусдад зодуулсан байдалтай нас барсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд сэжигтэн, яллагдагчаар татагдсан хэргийн холбогдогч Бүрнээбазарын Чийн эхнэр Ю.Б-гаас хахууль авч, Б.Ч-ийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байдлыг тогтоосон нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгийг зориуд, санаатайгаар өөрчилсөн, мөн нотлох баримт, хэргийн ул мөрийг баллаж, хэргийн оролцогч нарын нөлөөнд автаж, бодит байдлыг нуух, өөрчлөх зорилгоор хэрэг огт хамааралгүй, тухайн цаг хугацаанд байгаагүй “Барс-1” худалдааны төв дээр ачаа зөөгчөөр ажилладаг, оюуны хүндэвтэр хомсдолтой, хэрэг хариуцах чадваргүй Ч.Л гэгчийг энэ хэрэгт холбогдуулж, түүнд чиглэсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах замаар нотлох баримтыг зориудаар цуглуулж, бэхжүүлсний улмаас хэрэг үйлдсэн байж болзошгүй Б.Ч-т давуу байдлыг бий болгон ял завших нөхцөл байдал үүссэн үйл баримт тогтоогдож байна.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын тухайд:
Б.Ч нь “2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-1 худалдааны зах дотор байрлах өөрийн эзэмшлийн №7 тоот агуулах дотор Т.Т-ыг “сармис хулгайлсан” гэх шалтгаанаар өшиглөж, цохисны улмаас хохирогч шинжээч эмчийн дүгнэлтээр тусгагдсан “цээжний хэсгийн гол судасны цүлхэн хагарч, үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүссэн” гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан гэж үзэх нөхцөл байдал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Э, гэрч О.Б, Х.З, О.О, Д.Т, Д.Г, А.А, Ө.Т нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж дүгнэлээ.
Түүнчлэн ахлах мөрдөгч Г.Б нь хэргийн бодит байдлыг нуух, өөрчлөх зорилгоор гэрч Н.П, Д.Т нарын мэдүүлгийг зориуд өөрчилж мэдүүлэг авсны улмаас гэрч Н.П, Д.Т нарын мэдүүлгүүд шүүгдэгч Б.Ч-ийг цагаатгаж шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тогтоогдсон дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгч нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж, мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...цагаатгагдсан хүн гэм буруутай болохыг нотлох, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн” гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч А.Энхбуйр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Миний хувьд энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 8 жил оролцож байна. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гэмт хэргийг олж илрүүлэх, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх үүргээ биелүүлэх ёстой цагдаагийн ахлах мөрдөн байцаагч Г.Б гэгч нь хахууль авч, асуудлыг ийм байдалд хүргэсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч нь хахууль авч, улмаар хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, хэрэгсэхгүй болсон. 2019 оны сүүл үеэр хэрэг Улсын дээд шүүхэд шилжиж ирэхэд удаа дараа гомдол гаргасны үндсэн дээр хяналтын прокурорыг өөрчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2019 онд Авлигатай тэмцэх газар шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, Г.Б хэрэгт хувийн сонирхлоор оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн. Хэрэг шийдвэрлэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Учир нь, нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэр гарсан тул бидний зүгээс гомдол гаргах эрхгүй байсан. Гагцхүү Г.Б-ы гэм буруу тогтоогдвол энэ асуудал шийдвэрлэгдэх байх гэсэн найдлага тавьсаар эцэст нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Б-д холбогдох эрүүгийн хэрэг 2 удаа хэлэлцэгдэж, эхний удаа 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 4 жилийн хорих ял шийтгүүлж, дараа нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хахууль авсан болох нь тогтоогдож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Үүний дагуу бидний зүгээс дүүргийн хяналтын прокурорт хүсэлт гаргаж, Б.Ч-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар 2021 оны 08 дугаар сард хүсэлт гаргаж, улмаар прокурорын бичсэн дүгнэлтээр Улсын дээд шүүхэд шилжсэн байна. Г.Б нь 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан бөгөөд одоогоор торгох ялаар шийтгэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” бол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзнэ гэж заасны дагуу эрүүгийн хэргийг сэргээн шалгаж ажиллагаа явуулах, улмаар 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргаж байсан. Прокурорын дүгнэлт хууль ёсны, үндэслэл бүхий байх тул шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэж хууль ёсны шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс-1 худалдааны захын №7 тоот агуулах дотор 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Т.Т гэмтлийн улмаас нас барсан гэх хэрэгт Б.Ч-ийг холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Ч-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээжээ. Гэтэл тус хэргийг шалгасан мөрдөгч Г.Б-ыг нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, мөн Б.Ч-т давуу байдал олгох зорилгоор гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж Ю.Б-гаас 500,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна. Прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэн, ажиллагаа явуулахад гэрч Х.З, Н.П, Д.Т нар нь урьд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлсэн бөгөөд ийнхүү мэдүүлэхэд цагаатгагдсан этгээд Б.Ч-ийн ар гэрээс хууль бусаар нөлөөлсөн, мөрдөгч Г.Б гэрчийн мэдүүлгийг зориуд, санаатайгаар өөрчилж, хэргийн ул мөрийг арилгах, хэргийн бодит байдлыг нуусан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд нь эрүүгийн 201726020645 дугаартай хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээд Б.Ч-ийг цагаатгаж шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... мөрдөгч нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон”, 1.3-т “... цагаатгагдсан хүн гэм буруутай болохыг нотлох, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн” гэж заасан үндэслэл тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнхийн бичсэн дүгнэлтийг үндэслэн Б.Ч-т холбогдох эрүүгийн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
2.Прокуророос Б.Ч-ийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс-1 худалдааны төвийн №7 тоот агуулах дотор Т.Т-ыг сармис хулгайлсан гэх шалтгаанаар зодож алсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” гэсэн дүгнэлт хийж Б.Ч-ийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд тус тус хэвээр үлдээсэн байна.
3.Хэрэгт үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хэргийн газрын үзлэгээс эхлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Б нь шүүгдэгчийн ар гэртэй хувийн харилцаа тогтоож, гэрчийн мэдүүлгийг өөрчилсөн, улмаар яллагдагчийн эхнэр Ю.Б-гаас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийн хахууль авсан нөхцөл байдал тогтоогдож, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.3 дахь хэсэгт заасан “мөрдөгч онц хүнд гэмт хэргийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4.Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэрэг үүсгэж, холбогдох ажиллагааг явуулахад мөрдөгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэний дараа, яллагдагч Б.Ч-ийг цагдан хоригдож байх хугацаанд хамт ажилладаг мөрдөгч Н.А-р дамжуулан ар гэртэй нь хувийн харилцаа тогтоосон болохыг гэрч Н.А, Д.Н, Д.Т нар гэрчлэн мэдүүлсэн. Түүнчлэн гэрч Х.З “... 7 дугаартай зоорийн үүдээр өнгөрөх явцад онгорхой байсан хаалгаар хартал Б.Ч нь Т.Т-ыг “Чи яагаад сармис хулгайлж байгаа юм, чиний хулгай хийдэг газар чинь энэ юм уу, муу хулгайч аа, заавал миний зооринд ирж хулгай хийгээд байхдаа яадаг юм, өөр газраас хулгай хийхгүй яасан юм” гэж чанга дуугаар загнаж бэлхүүс хэсэгт нь 3-4 удаа өшиглөж, газар эвхрээд суухад нь толгой руу нь 2 удаа алгадахаар нь ...” гэж өмнөх “гэмт хэрэг үйлдэгдэхийг хараагүй” гэсэн агуулга бүхий мэдүүлгээ өөрчилсөн ба ийнхүү зөрүүтэй мэдүүлэх болсон шалтгаанаа ажил олгогч, Б.Ч-ийн төрсөн ах Б.Ч-ын нөлөөнд автсан хэмээн тайлбарлажээ.
Мөн хохирогчийг зоорийн хана налан сууж байхад нь ачигч Ч.Л өшиглөж байхыг харсан талаар Б.Ч-ийн бэр Д.Т, түүний ажилтан Н.П нар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл №9 тоот агуулахад ногоо зардаг О.Б нь хохирогчийг №7 тоот зоорийн гадна, хана налаад сууж байхыг удаан, тод харсан бөгөөд тэр үед Д.Т, Н.П нар байгаагүй хэмээн мэдүүлжээ.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох үндэслэлд тухайн эрүүгийн хэргийг шүүх хянан хэлэлцэх үед хэргийн үйл баримт, хууль хэрэглээнд ноцтой нөлөөлөхүйц, өмнө нь мэдэгдээгүй, эсхүл мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлууд хамаарна.
Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх нөхцөл байдал илэрвэл хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийн тулд өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг алдаа гарсан тэр шатнаас эхлэн дахин шалгаж, шийдвэрлэхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцгой журам болгон хуулиар тогтоож өгсөн билээ.
Шинэ нөхцөл байдлыг шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад Б.Ч-т холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, мөрдөгч, шүүгдэгчийн ар гэртэй хувийн харилцаа тогтоож нотлох баримтыг өөрчилж хахууль авсан, цагаатгах шийдвэр гаргах үед мэдэгдээгүй, хэрэгт онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэн байх тул шүүгдэгч Б.Ч-ийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2.Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ