Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 39

 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн дүгнэлттэй, 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Зээрднүүд овгийн Ө.Т-д холбогдох

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн ““Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т-ын иргэн Н.Эрдэнэд торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0115847 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулж, зөвтгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Роза, хариуцагч аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Роза шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Роза би, тус аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ө.Төгсжаргал нь иргэн Н.Эрдэнийг 2017 оны автотээврийн улсын үзлэг, тооллогод хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж, Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

         Автотээврийн төвийн улсын байцаагч Ө.Т нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш байх бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байхад хуулийг буруу хэрэглэж, хүчингүй болсон Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар иргэн Н.Эрдэнэд торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

         Улсын байцаагч Ө.Т нь Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Авто тээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т-ын иргэн Н.Эрдэнэд торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0115847 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэв. 

         Хариуцагч аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т миний бие 08 дугаар сарын 01-ний өдөр иргэн Н.Эрдэнэд Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-ыг зөрчсөн тул шийтгэвэр оногдуулсан нь үнэн. 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн хууль өөрчлөгдөхийг мэдээллийн хэрэгслээр сонсож байсан бөгөөд тухайн үед зөрчлийн хуулийн талаар ерөнхий ойлголтгүй байсан. Тиймээс прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

         Сүхбаатар аймгийн Прокурорын газраас аймгийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т нь иргэн Н.Эрдэнэд Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт зааснаар 40000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0115847 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар ирүүлсэн прокурорын дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

          Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Автотээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг “23.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчлөн найруулж энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

          Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ - ийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” мөн Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-т “энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаар Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд хуулийн өмнөх 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалт нь хүчингүй болж тус хуулиар тодорхойлсон захиргааны зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр тогтоосон байна.

         Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтад ороогүй автотээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэж заажээ.

          Гэтэл хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0115847 дугаартай шийтгэврийн хуудас, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэлээс үзэхэд иргэн Н.Эрдэнийн эзэмшлийн автотээврийн хэрэгсэл техник хяналтын үзлэгт ороогүй гэж захиргааны шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь:   

          Автотээврийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд  техникийн хяналтын үзлэгт оруулаагүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан зөрчил гаргасан тохиолдолд захиргааны хариуцлага оногдуулахаар тогтоосон байх бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас захиргааны зөрчилд ногдуулах шийтгэврийн хуудас, захиргааны зөрчлийн тухай тэмдэглэлээр иргэн Н.Эрдэнэ нь техникийн хяналтын үзлэгт оруулаагүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

          Мөн иргэн Н.Эрдэнэ нь ямар автотээврийн хэрэгсэл эзэмшдэг, өмчилдөг болох, техникийн хяналтын үзлэгт оруулаагүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул иргэн Н.Эрдэнийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан зөрчил гаргасан эсэх талаар шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

         Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т-ын иргэн Н.Эрдэнэд торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0115847 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.1, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйл, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ - ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн Автотээврийн хяналтын улсын байцаагч Ө.Т-ын иргэн Н.Эрдэнэд торгох шийтгэл оногдуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0115847 дугаартай шийтгэврийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар  гомдол гаргах эрхтэй. 

                  

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ЭРДЭНЭТУЯА