Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1550

 

 

 

 

 

 

 

 

 

“Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/04585 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Магсарт холбогдох                                              

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 210 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Чингэс,

Хариуцагч: Д.Магсар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Магсар нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр манай компиантай 1188545 тоот, төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Д.Магсар нь 5 сарын хугацаанд 100 000 төгрөг төлсөн боловч үндсэн төлбөр 140 000 төгрөгийг төлөөгүй. Иймд Д.Магсараас 140 000 төгрөг, гэрээний 5.3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги 70 000 төгрөг нийт 210 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би “Жи мобайл” ХХК-тай гэрээ хийгээгүй. Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй, өндөр настны тэтгэврээр амьдардаг. Мөн миний бичиг баримтыг ашиглаад 3 сарын мөнгө “Жи мобайл” ХХК-д төлсөн байдаг. Би энэ мөнгийг төлж чадахгүй. Тухайн гэрээн дээр байгаа гарын үсэг минийх биш гэжээ.

                  

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дашнямын Магсараас 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Магсараас 6 950 төгрөг гаргуулж "Жи мобайл" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Жи мобайл” ХХК-тай гэрээ хийгээгүй, энэ төхөөрөмжийг мэдэхгүй, ашиглаж чадахгүй, өндөр настаны тэтгэвэрээр амьдардаг. Тухайн гэрээн дээр байгаа гарын үсэг минийх биш. Уг төхөөрөмжийг миний нэрээр авч 20 000 төгрөгөөр урьдчилгаа төлж, гэрээний хугацаанд 100 000 төгрөгийг төлж байсан байх юм. Үүний баримтуудыг нягтлан шалгаж өгнө үү. Би ийм төхөөрөмж аваагүй болохоор ямарч төлбөр тооцоо огт хийгээгүй. Ингэж хэлэхээс өөр ямар баримт нотолгоо хэрэгтэйг би мэдэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Магсарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “Жи мобайл” ХХК нь 240 000 төгрөгийн үнэ бүхий интернэт төхөөрөмжийг шилжүүлэх, худалдан авагч Д.Магсар нь  урьдчилгаа 20 000 төгрөгийг төлж, үлдэх 220 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, сар бүр 20 000 төгрөг төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон гэх үндэслэлтэй байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

 

            Гэвч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээхээр заасан. Хариуцагч нь гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь интернэт төхөөрөмжийг хариуцагч Д.Магсарт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх эд хөрөнгийн үнийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

            Иймд нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэдгээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан гэрээний төлбөрийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

         

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2016/04585 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Магсараас 210 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн    6 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ        

                                   

                                            ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА                                                                                                       

                                                                                                  Г.ДАВААДОРЖ