Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0433

 

Хэнтий аймгийн зарим сум, тосгоны Э э с э нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Оюумаа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, Х.У, Д.Б, өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Д.Б, Ж.Б, С.Г, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор Хэнтий аймгийн зарим сум, тосгоны Э э с э нарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.11, 10 дугаар зүйлийн 10.1.3, 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.3, 77.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны “Эмийн эргэлтийн санг Эрүүл мэндийн төвийн харьяалалд шилжүүлэх тухай” 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан этгээдүүд буюу Эмийн эргэлтийн сан нь хуулийн этгээд, бие даасан аж ахуй нэгж биш байтал эрхлэгч нарын хурлын шийдвэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сонгон нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2011 оны 297 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам”-ын 1.2-т “Сумын Эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байна”, 2.1-д “аймагт сумын ЭЭС-г мэргэжлийн болон санхүүгийн удирдлагаар хангах үүрэг бүхий удирдах зөвлөл, суманд ЭЭС-ийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөл байна” гэснийг зөрчиж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч С.Ц, Х.У, Д.Б нар нь бусад Эмийн эргэлтийн сангийн эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөх эрхгүй байтал тухайн нэхэмжлэгч нарт холбогдох асуудлыг бус бүх сумдын ЭЭС-ийн асуудлыг хамруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 54 дүгээр тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захиргааны актад 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан тогтоол шийдвэрүүдээ сайтад албан ёсоор байршуулдаг ба 2018 оны 54 дүгээр тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байршуулсан. Захиргааны Ерөнхий хуульд заасан “...захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулсанаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно”, мөн Орон нутгийн өмчийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 47 тоот сумдад хүргүүлсэн албан бичиг болон мөн сарын 27-29-ны өдрүүдэд сумдын эмийн эргэлтийн сангуудад ажлын хэсэг ажиллах үеэр эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар тогтоол гарсныг тус тус мэдсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 64 дүгээр тогтоолоор Эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг орон нутгийн өмчид бүртгэж авсан ба мөн Эрүүл мэндийн газар, сумын Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төв, Эмийн эргэлтийн сангийн хооронд байгуулсан гэрээний 3.2-т “Эмийн эргэлтийн сангийн бүхий л өмч хөрөнгө нь орон нутгийн өмчид тооцогдоно” гэж заан Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байдаг. Гэрээний хугацаанд нэхэмжлэгч тал болох Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг тухайн салбарын сайд нь төсөвт тусган шийдвэрлэдэг тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэх эрхгүй юм. Харин Эрүүл мэндийн сайдын 2011 оны 297 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн эргэлтийн сангийн ажиллах журам”-ын 3.1-т “Эмийн эргэлтийн сангийн хөрөнгө нь орон нутгийн өмч, хамт олны хандив, гадаадын тусламж, өөрийн үйл ажиллагааны орлого болон бусад эх үүсвэрээс бүрдэнэ” гэж журамласан болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “хандив, тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”, 77 дугаар зүйлийн 77.2-т “Орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг” тодотгож өгсний дагуу Эмийн эргэлтийн сангуудыг Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн. Үүнээс үзэхэд дээрх асуудлыг шийдвэрлэх нь аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд хамаарагдаж байгаа юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оны 54 дүгээр тогтоолыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг мөрдөж захиргааны актыг гаргасан ба шүүх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсгийг буюу хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн зарим сум, тосгоны Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх С.Ц, Х.У нараас Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно”, 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасан тохиолдолд нэхэмжлэгчид дундаасаа төлөөлөгч томилон түүнд олгосон итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулах эрхтэй” гэж зааснаар Хэнтий аймгийн зарим сум, тосгоны Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр өөрсдийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулах эрхтэй.

Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй “Хэнтий аймгийн нэр бүхий сумдын Эмийн эргэлтийн сан эрхлэгчдийн хуралдааны шийдвэр” гэх бичгийн баримтыг итгэмжлэлд тооцон хэргийг шийдвэрлэсэн, Д.Б нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэгчээр оролцуулсан зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдохоор байна.

Иймд хариуцагчаас гаргасан “Эмийн эргэлтийн сан нь хуулийн этгээд, бие даасан аж ахуй нэгж биш байтал эрхлэгч нарын хурлын шийдвэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сонгон нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлтэй байх бөгөөд С.Ц, Х.У нар нь мөн адил Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар байх тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах боломжгүй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэгч тус бүрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нар нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлээ “нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хууль бусаар эмийн эргэлтийн сангийн хөрөнгийг орон нутгийн өмч мэтээр шууд тооцож сумдын Эрүүл мэндийн төвд нэгтгэснээр уг санд ажиллаж байсан хүмүүс цалин хөлсгүй болж, нийгмийн баталгаа алдагдана, гэрээний хугацаа сунгаагүй, гэрээ шинэчилж байгуулахгүй байгаа нь талуудын эрхийг ноцтой зөрчсөн үүрэг үүсэх үндэслэлийг алга болгосон, иргэдэд хөнгөлттэй үнээр үйлчилдэг эм, эмнэлэгийн хэрэгслийн үнийн зөрүүг Эрүүл мэндийн даатгалаас олгодог үйл ажиллагаа зогссон, өөрсдийн хувийн өмчийн хөрөнгийг оруулж үйл ажиллагаагаа дэмжиж ирсэний үр дүнд холимог өмч хөрөнгө бий болсон байхад бидний хувийн өмч хөрөнгийг хурааж, хууль бусаар нийгэмчилсэн” гэж маргажээ.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч нар санг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, сангийн эрхлэгч хувь этгээдийн эрх зөрчигдсөн үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгч этгээдүүд тус бүрийн ямар эрх ашиг хэрхэн зөрчигдсөн эсэхийг тогтоох үүрэгтэй байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэл гаргасан гэх Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч тус бүр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, дэмжиж байгаа нэхэмжлэгч нар хууль ёсны ямар эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн, тодруулбал хэн нь ажлын байргүй, цалин хөлсгүй болж нийгмийн баталгаа алдагдана гэх үндэслэлээр, хэн нь гэрээг шинэчлэн байгуулаагүй гэх үндэслэлээр, хэн нь хувийн өмчийн хөрөнгө холилдсон гэх үндэслэлээр маргаж буйг тус бүрээр тодруулж, үндэслэл тус бүрийг шалган тогтоож хэргийг шийдвэрлэх шаардлагатай. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх иргэдийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч нар нь тус санг сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэхгүйгээр цаашид үргэлжлүүлэн ажиллуулах хүсэл зориг илэрхийлэгдэж байхад анхан шатны шүүх зөвхөн эмийн эргэлтийн сангийн ажилчдын орон тоо, цалингийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нь нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэх эрхийг сэргээсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээр дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                              А.Сарангэрэл

                      ШҮҮГЧ                                              Д.Оюумаа      

                      ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН