| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00543/И |
| Дугаар | 554 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2016/00543/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт Барамсайн Ганбаатарын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 25-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Ганбаатар миний бие 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан юм. Миний бие өндөр настны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаагаас тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний бие тааруу байгаа учир намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 24 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч СА-65122702 регистрийн дугаартай, Боржигон овогт Барамсайн Ганбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Д.Гансүхийн: ...Би 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оныг дуустал Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд хадлангийн тоо бүртгэгч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм.... Б.Ганбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргаар Цэдэв гэдэг хүн ажиллаж байсан.... Б.Ганбаатарыг хөдөлмөрийн дэвтэрт нь Гантөмөр гэж ташаарч бичсэн байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 19-20 тал)
2.Гэрч Ц.Дамдинсүрэн: ...Би 1976 оноос 1987 он хүртэл Хэнтий аймгийн Батноров суманд “Социализмын зам” нэгдэлд сүүн заводын мастер, нярав, сахиулаар тус тус ажиллаж байсан юм.... Б.Ганбаатар нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргаар Цэдэв гэдэг хүн ажиллаж байсан.... Б.Ганбаатарыг хөдөлмөрийн дэвтэрт нь Гантөмөр гэж ташаарч бичсэн байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 22-23 тал)
3. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан Барамсайн Гантөмөрийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)
4. Хүсэлт гаргагч Б.Ганбаатарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Барамсайн Ганбаатарыг Хэнтий аймгийн Батноров суманд “Социализмын зам” нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 4 дүгээр бригадад хоньчноор томилов гэжээ.. (хх-ийн 6 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Барамсайн Ганбаатар, 1965 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, СА-65122702 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
6. Б.Ганбаатарын шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 1, 14 тал) зэрэг болно.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.
Хүсэлт гаргагч нь 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Батноров суманд “Социализмын зам” нэгдэлд хоньчноор ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Хүсэлт гаргагч Б.Ганбаатар нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 24 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СА-65122702 регистрийн дугаартай, Боржигон овогт Барамсайн Ганбаатарыг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ