Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2026/00018

 

“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 309/ШШ2026/00579 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******, ******* нарт  холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 14 801 218 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

“Хариуцагч нар нь “******* ******* *******” ХХК-иас 2025 оны 1 сарын 27-ны өдөр 13 900 000 төгрөгийн зээлийг авч, зээлдүүлэгчийн зүгээс мөнгөн хөрөнгийг хариуцагчийн 5420408624 тоот дансанд шилжүүлсэн. ******* нь 2025 оны 02 сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 03 сарын 25-нд 315 500 төгрөг, 03 сарын 26-нд 736 000 төгрөг,  04 сарын 30-ны өдөр 520 000 төгрөг буюу нийт 1 871 000 төгрөг төлсөн. ... Иймд хариуцагч нараас 2025 оны 12 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12 325 250 төгрөг, зээлийн хүү 1 453 919 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 022 047 төгрөг, нийт 14 801 218 төгрөгийг нэхэмжилнэ. ... Зээлдэгч нь уг зээлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм ...” гэжээ.  

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга:

“ ... ******* нь нэхэмжлэгчийн компанид ажилладаг байсан бөгөөд тухайн байгууллага түүний эрх ашгийг маш ихээр хохироож байсан. ... Нэхэмжлэгчийн зааврын дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээлсэн гэх мөнгийг түүний ашиг сонирхол нэгтэй, зээлийн үйлчилгээ эрхлэх эрхгүй аж ахуйн нэгж болох “ ” ХХК-ийн данс руу шилжүүлж тэдний зээлдэгч нарын зээлийг хаасан байдаг. Энэ зээлийн гэрээ нь хуурамч дүр үзүүлсэн гэрээ юм.

... Хариуцагч *******, ******* нарыг хариуцагчаар татсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч гэх захирал нь “ ... манай байгууллагын үйл ажиллагаатай холбоотой юм, зээлийн гэрээнд гарын үсэг зурчих, ямар ч хариуцлага хүлээлгэхгүй...” гэж ятгаснаар *******, ******* нараар зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан байдаг.  Тэд зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй гэдэг. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлын агуулга:

“4.1. Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын хүсэл зоригийг бодиттой үнэлээгүй. *******, *******, ******* нар нь “******* ******* *******” ХХК-тай  2025 оны 01 сарын 27-ны өдрийн 13 900 000 төгрөгийн зээлийн гэрээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй талаарх тайлбарт шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг үнэлэх үндсэн зарчим, … баримтууд хоорондоо зөрчилдөж байгаа эсэх, эх сурвалж нь найдвартай эсэхийг тодорхойлоогүй, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө цугларсан баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэн эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглээгүй ...

... Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.3, 58.3.4-т байгаа үйл баримтыг үнэлээгүй орхигдуулсан.

4.2. Шийдвэрт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар *******, *******, ******* нараар 14 801 218 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэхдээ хариуцагч нар үүргийг ямар хэмжээгээр төлөх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

4.3.  ... Хариуцагчийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан эрхгүй этгээд болох мөнгөн зээлийн үйлчилгээг хууль бусаар эрхэлж байгаа “ ” ХХК-д зээл төлсөн баримтуудыг үнэлэхгүй орхигдуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-ийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэхтэй холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн.

... Зээлдүүлэгч нь зээлийг бодитоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлээгүй нь зээлийн гэрээ анхнаасаа дүр эсгэсэн, бусад хэлцлийг халхавчилсан, үнэн санаанаас бус байсан нь зээлсэн 13 900 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн “ ” ХХК-ийн нэр бүхий 23 зээлдэгчийн зээлийн төлбөрт тооцуулан буцаан төлүүлсэн үйлдлээс тодорхой байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4-т заасан хуулиудыг хэрэглээгүй, эсрэгээрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцоогүй нь шүүх хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.

... Анхан шатны шүүх зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө талын баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

6. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

7. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, хариуцагч *******, *******, ******* нарын хооронд 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагджээ. /хх-5-8/

Дээрх зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч *******, ******* нар нь хамтран зээлдэгч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх боловч уг гэрээгээр ямар эрх эдэлж, үүрэг хүлээх нь ойлгомжгүй, тэдгээрийн эрх зүйн байдал нь тодорхойгүй байна. Тодруулбал, хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, эсвэл үндсэн зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний өмнөөс үүрэг хүлээх эсэх аль нь болох нь тодорхойгүй байх бөгөөд талууд энэ талаар гэрээндээ харилцан тохиролцоогүй байна.

Иймд хариуцагч *******, ******* нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг дээрх хариуцагч нараас шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

8. Харин нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 8.1. 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс  13 900 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд хариуцагчийн Хаан банкны тоот дансанд 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 12 900 000 төгрөг болон 1 000 000 төгрөг тус тус шилжин орсон, мөн өдрөө 4 удаагийн гүйлгээгээр нийт 6 189 706 төгрөгийг ******* нь нэхэмжлэгчийн Хаан банкны данс руу буцаан шилжүүлсэн,  түүнчлэн хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 1 871 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

8.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр хугацаанаас өмнө гэрээг цуцалж гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуульд нийцжээ.

8.3. Хариуцагчийн буцаан шилжүүлсэн 6 189 706 төгрөгийг зээл төлөгдсөнд тооцож, *******ээс зээлийн үлдэх хэсэг болох 7 710 294 төгрөгийг  зээлийн хүү 2 374 770 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Зээлийн хүүг дараах байдлаар тооцсон. Үүнд: 7 710 294 төгрөгийн зээлийн сарын хүү /2,8 хувь/ нь 215 888 төгрөг болно. Үүнийг 2025 оны 1 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацаа буюу 11 сараар үржүүлэхэд 2 374 770 төгрөгийн хүү гарч байна.

8.4. Гэрээний 4 дэх хэсгийн 4.1.2-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх тухай бүр эхний ээлжинд зээлийн хүү, үлдэх хэсгээр нь зээлийн үндсэн төлбөрийг төлүүлэхээр тохиролцжээ.

Хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 03 дугаар сарын 25-нд 315 500 төгрөг, 03 дугаар сарын 26-нд 736 000 төгрөг,  04 дүгээр сарын 30-ны өдөр 520 000 төгрөг буюу нийт 1 871 000 төгрөг төлснийг гэрээний дээрх заалтын дагуу зээлийн хүү 2 374 770 төгрөгөөс хасч тооцоход зээлийн хүүнд 503 270 төгрөг төлөх үүрэгтэй байна.

8.5. Мөн гэрээний 3 дахь хэсгийн 3.2.1-б болон 4 дэх хэсгийн 4.1.1-б-д заасны дагуу талууд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байна.  Гэрээгээр төлөх хүү 503 270 төгрөгийн 20 хувь болох 100 654 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд хариуцагч *******ээс гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 7 710 294 төгрөг, зээлийн хүүнд 503 270 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 100 654 төгрөг буюу нийт 8 314 218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 487 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь хариуцагч *******ийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэх нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэхгүйгээр шийдвэр гаргасан гэж гомдолдоо дурджээ.

Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн *******ийн Хаан банкны харилцах дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн 13 900 000 төгрөгөөс 4 удаагийн гүйлгээ хийж 6 189 706 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу, бусад үлдэгдэл мөнгийг гэсэн Хаан банкны данс руу тус тус шилжүүлсэн нь нотлогдож байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн дүү болох ын данс руу // зээлийн мөнгийг буцаан шилжүүлсэн учир төлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх дансны эзэмшигч хэн болох нь тодорхойгүй, эзэмшигчийг тодруулах тухай хүсэлтийг талууд шүүхэд гаргаагүй байх тул хариуцагч *******ийг 7 710 294 төгрөгийн зээлийг буцаан шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

10. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.4,  58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.3, 58.3.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцоогүй нь хуулийг буруу тайлбарласан гэж давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан нь ойлгомжгүй, гомдлын үндэслэл тодорхойгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх, мөн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн өөрийн байгууллагын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарсан баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан.

Анхан шатны шүүх нь хэргийн 52-55 дугаар талд авагдсан баримтуудыг үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй гэж үзсэн.  

12. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 309/ШШ2026/00579 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс гэрээний үүрэгт 8 314 218 /найман сая гурван зуун арван дөрвөн мянга хоёр зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  6 487 000 төгрөгийг гаргуулах тухай болон хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 2 дахь заалтыг “ 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 956 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 147 977 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 956 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                            Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                            С.ГАНЧИМЭГ