Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

2019         10          30                                   2019/ШЦТ/921       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар,  

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Шийдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1809000000021 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 8-3482 тоотод оршин суух, урьд:

 

1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

 

1994 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн №109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

2001 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг тэнссэн,

 

2004 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

 

2008 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

 

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

 

Монгол улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж 16-9А тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 1-28 тоотод оршин суух, урьд:

 

1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын  шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 3 жилийн хугацаагаар тэнссэн,

 

2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн №39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

 

2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 648.000 төгрөгөөр торгох ялаар,

 

2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн №27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 40.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.С нь Ц.Бтэй бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хуандайн” ам гэх газраас Э.Алтангэрэлийн 2 тооны үхрийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 2018 оны 9 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгийн даваа” гэх газарт Г.Батсүхийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Үргэлжилсэн үйлдлээр Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 2018 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Пагмын 1 тооны үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Б нь Г.Стай бүлэглэн, машин механизм ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Үргэлжилсэн үйлдлээр Д.Гантөмөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.Баасанбаярын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.Баянмөнхийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж 1.950.000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 54.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

            Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809000000021 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 149-156, 3 дугаар хх-ийн 98-99, 145-146, 226-227, 4 дүгээр хх-ийн 105-109, 5 дугаар хх-ийн 82-84, 157-159 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 163-165, 2 дугаар хх-ийн 159-161, 4 дүгээр хх-ийн 99-102, 5 дугаар хх-ийн 78-81, 160-162 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-26 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...20.000х9ш, 10.000х1ш, 1000х3ш, 100х8ш, 50х14ш, 20х3ш, 10х3ш нийт 194.590 төгрөгийг хураан авч хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл болон прокурорын тогтоолд “...Соната-2 маркийн 48-02 УБИ улсын дугаартай KMHCF21DPPU022794 арлын дугаартай 1993 онд үйлдвэрлэсэн хөх өнгийн суудлын автомашиныг битүүмжлэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд “...Цэнхэр өнгийн Соната-2 маркийн автомашиныг битүүмжлэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Бямбасайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 19 хороо Гоодойн зуслангийн задгай тоотод байрлах адууны зүчээнээс хүрэн зүсмийн өсгий цагаан 6 настай хүрэн морь, хүрэн зүсмийн 6 настай азарга алдагдаж, нядлагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зусланд захирал Бямбасүрэнгийн эдлэн газарт 2 адуу буулгасан. Өглөө захирал залгаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байх 2 адуу алга болсон байна гэж хэлээд дүү Баадай нь намайг ирж авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр 60-61 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Гомбосүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 01 цагийн үед нэмж 2 адуу авчирсан. 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагт босоод тэжээлийг нь өгөхөөр очиход 2 адуу нь алга болсон байсан. Би Бямбасайхан гэх эзэнд нь 2 адуу алга болсон байна гэж хэлээд ойр орчмоор хайсан. Хашаанаас 1 км орчим байх 100 модны рашааны орчимд адууны сэвс, 2ш толгой, 2ш арьс, 8ш шийр байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Наранцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би он сараа сайн санахгүй байна. Өглөө 07 цаг 30 минутын орчимд үл таних хүн ирээд адууны мах авах уу? гэхээр нь би зөвшөөрөөд хоёр адууны мах авсан. 309 килограмм мах 4100 төгрөгөөр бодож 1.265.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Баасанбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Урт сайр гэх газраас 2 тооны үхэр алга болсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өглөө Дулмаа гэх хүн над руу “Урт сайр гэх газарт Саруул гэх хүний өвөлжөөны хашааны урд жалганд 2 тооны үхэр нядлаад махыг нь аваад толгой, арьс, цувдаа нь үлдсэн байна” гэж ярьсан. Ямар зүстэй адуу байна гэж асуухад “нэг нь том шар, нөгөө нь жижиг үхэр байна” гэсэн. Би гараад үхрүүдээ бүртгэтэл бүртгэтэл манай халзан цоохор шар мөн байсан. Нөгөө үхэр нь манай хүргэн ах Баянмөнхийн үхэр байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 109-112 дугаар хуудас/,

Хохирогч С.Баянмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг Урт сайр гэх газраас миний цоохор зүсмийн сувай үнээ бэлчээрээсээ алга болсон. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би хадам талын дүү Баасанбаярын заасан газарт очиж үзтэл миний цоохор зүсмийн сувай үнээг нядлаад цувдай болон толгой, арьс нь үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 116-119 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Баасанжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагаас 10 цагийн хооронд “Далай ээж” захын үүдэнд зогсож байтал Тоёота пробокс маркийн хар өнгийн 20-51 гэсэн улсын дугаартай автомашинтай явж байсан хүмүүсээс мах худалдаж авсан. Би гарал үүслийн бичиг байна уу? гэж асуутал том биетэй өндөр бүдүүн ойролцоогоор 55-56 орчим насны эрэгтэй нь “би гарал үүслийн бичгийг авчираад өгнө” гэж хэлэхээр нь хулгайн мах байж магадгүй гэж бодоод өөрийнхөө гар утсаар тухайн автомашины зураг болон улсын дугаарыг дарж авсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ”...Би Баянмөнх гэдэг хүнд нэг тооны хул азарганы өртэй байсан. Өрийнхөө оронд улаан зүсмийн 4 насны үнээ өгсөн. Баянмөнхийн авчирсан үхэр нь ямар учиртай үхэр байсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 124-129 дүгээр хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээний тайланд “...Халзан цоохор зүсмийн Монгол шар 1.200.000 төгрөг, шар цоохор зүсмийн сувай үнээ 750.000 төгрөг. Зах зээлийн харьцуулах аргаар тооцсон алдсан малын үнэ цэнэ 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг болж байна...” гэжээ /хх-ийн 139 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 212-216 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 217-227 дугаар хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...24-83 УНХ улсын дугаартай, цагаан өнгийн Hyundai porter маркийн давхар кабинтай бага оврын ачааны машиныг битүүмжлэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 229-232 дугаар хуудас/,

 

Хохирогч Г.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай мал Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянгийн ам гэх газарт байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 2018 оны 9 дүгээр сарын 12-нд шилжих шөнө манай улаан халтар зүсмийн нас гүйцэж яваа үнээг гэрийн урд байдаг жалганд нядлаад арьс, толгой, 4 ширхэг шийр гэдэс доторыг нь үлдээгээд махыг нь хулгайлаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь улаан халтар зүсмийн нас гүйцсэн үнээ болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 118-121 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 122-126 дугаар хуудас/,

 

Хохирогч Т.Пагма мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай туслах малчит Буяа гэх залуу манай 16 тооны үхрийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газарт малладаг. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг 40 минутын үед Буяа хүрэн зүстэй үхэр алга болчихсон байна хулгайч авсан байх гэж ярьсан. Би Буяатай уулзаад үхэр нядалсан газар руу очиход манай 4 настай хүрэн зүсмийн бөөр алаг мухар эр үхрийг бэлчээрт нядлаад толгой, 4 ширхэг шийр, арьсыг нь үлдээгээд гэдэс дотор болон махыг нь аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 129-132 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Буянт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Булагын ам гэх газар 17 цагийн үед үхрээ хураах гээд хайтал үхрүүдээ олоогүй. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед бэлчээрт гаргасан газраар явж очтол уулын орой дээр шувуу бөөгнөрөөд байхаар очтол алаг шар үхрийг маань нядлаад арьс, толгой, шийрийг нь үлдээгээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Мөнгөншагай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тэгээд Санждамба ах машинаасаа цагаан өнгийн урт мяндсан уяа гаргаж ирээд модны захад бэлчиж байсан 7-8 үхэрнээс нэг нь хар зүсмийн, нөгөө нь хар хүрэн зүсмийн 2 тооны нас гүйцсэн бүдүүн үнээ бугуйлдаж аваад модон дотор нядлаад арьс, толгой, 4 ширхэг шийр, гэдэс дотрыг нь үлдээгээд махыг нь ачаад ирсэн замаараа буцсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 135-137 дугаар хуудас/,

 

“Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...4 настай эр үхэр нь 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэ ханштай байх боломжтой болохыг тодорхойлов...” гэжээ /3 дугаар хх-ийн 139 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 156-163 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 164-168 дугаар хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 169-173 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Алтангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө манайхаас хойд зүгт 2-3 км зайд модон дотор манай 2 сувай үнээг нядлаад арьс, толгой, 4 шийрийг үлдээгээд гэдэс дотор болон махыг нь машинд ачаад явсан байсныг манай урд айлын Мөнхөө гэх залуу адуундаа явж байхдаа хараад манай нөхөрт ирж хэлсэн. Би хулгайд алдсан 2 үхрээ нийт 4.000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 178-179 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Чинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Бид 2 машинтай Санждамбын гэрийн араар уул даваад ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт хөдөө хээр гараад модтой уулын дунд 10 орчим үхэр байснаас хар, хүрэн зүсмийн 2 үхрийг Санждамба бугуйлдаж аваад модон дотроо нугасалж янзалсан. Арьс, шир, толгой, гэдсийг нь үлдээгээд зөвхөн махыг нь авсан. 800.000 төгрөг болсон гээд Санждамба надад 200.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 183 дугаар хуудас/,

 

Гэрч П.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би очиж харахад манайхаас баруун хойш 2 км зайд Шижирын давааны модон дотор сартай хүрэн үнээ, хар үнээ хоёрыг маань нядлаад арьс толгой хоёрыг нь хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 184-185 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Мөнхдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өглөө би адуундаа явсан. Уулын ой модо дотор шувуу цугларсан байхаар нь дөхөөд очтол сартай хүрэн үнээ, хар үнээ хоёрыг нядлаад арьс, толгой, шийр зэргийг хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 186-187 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хар зүсмийн үнээ, сартай хүрэн зүсмийн үнээ болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 200-201 дүгээр хуудас/,

 

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 71-76 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 53.000.000 /тавин гурван сая/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Г.Санждамбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх-ийн 206 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /3 дугаар хх-ийн 207 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /5 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 209 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/, шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн, хорих ангиас суллагдсан талаарх баримтууд /1 дүгээр хх-ийн 187-242 дугаар хуудас/, /гэрч Д.Чимэддолгорын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Б.Ганзоригийн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 135-136 дугаар хуудас/, гэрч М.Чулуунбатын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Т.Ганбаатарын мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Д.Маамхүүгийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Т.Пагмын хүсэлт /5 дугаар хх-ийн 3 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Санждамбын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 1 хуудас баримт, шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь:

 

- шүүгдэгч Ц.Бтэй бүлэглэн, “Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай машин механизм ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай машин механизм ашиглаж 2018 оны 8 дугаар сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хуандайн” ам гэх газраас Э.Алтангэрэлийн 2 тооны үхрийг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай машин механизм ашиглаж 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 2018 оны 9 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баянгийн даваа” гэх газраас Г.Батсүхийн 1 тооны улаан халтар зүсмийн үнээг хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Ч.Мөнгөншагайтай бүлэглэн, Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай машин механизм ашиглаж 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 2018 оны 10 дугаар сарын 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бага булгийн амны Хүрэн толгойн энгэр гэх газраас Т.Пагмын 1 тооны үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 58.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

 

Шүүгдэгч Ц.Б нь:

 

- шүүгдэгч Г.Стай бүлэглэн, Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай машин механизм ашиглаж 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн задгай тоотод оршин суух иргэн С.Бямбасайханы хурдан удмын 2 тооны адууг хулгайлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Д.Гантөмөртэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 13-наас 2018 оны 10 дугаар сарын 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэр “Урт сайр” гэх нэртэй газраас иргэн Д.Баасанбаярын халзан цоохор зүсмийн 1 тооны шар эр үхэр, С.Баянмөнхийн шар цоохор зүсмийн 1 тооны сувай үнээг хулгайлж 1.950.000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 54.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

 

 Шүүгдэгч Г.С, Ц.Б нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.С, Ц.Б нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бямбасайхан, Э.Алтангэрэл, Г.Батсүх, Т.Пагма, Д.Баасанбаяр, С.Баянмөнх нарын мэдүүлэг, гэрч гэрч Д.Гомбосүрэн, гэрч Л.Наранцэцэг, гэрч Д.Баасанжав, гэрч Д.Гантөмөр, гэрч Б.Буянт, гэрч Д.Чинбат, гэрч П.Бат-Эрдэнэ, Д.Мөнхдэлгэр нарын мэдүүлэг, Ч.Мөнгөншагайн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Д.Гантөмөрийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч нараас удаа дараагийн үйлдлээр хохирогч нарын малыг нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас алдагдсан малынхаа зүс шинжийг тодорхой мэдүүлж, гэрч нараас хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн, гэмт хэргийн ул мөр, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж,  хөрөнгийн үнэлгээ хийлгэж хохирогч нарт хохирол учирсаныг тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.С, Ц.Б нарыг бүлэглэн, бусдын мал хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд /5 дугаар хх-ийн 191-196 дугаар хуудас/, талуудын дүгнэлт, тайлбар зэргээр шүүгдэгч Г.С, Ц.Б нараас хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.С, Ц.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүгдэгч Г.С, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн дараах байдлаар ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүгдэгч Г.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Сд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн №123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

 

Тус шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Г.Санждамбын бусдын мал хулгайлсан үйлдэлд шүүхээс түүнийг давтан, бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.

 

Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Г.С нь 2002 оны Эрүүгийн хуулиар гэм буруутайд тооцогдсон гэмт хэргийн хүндрүүлсэн бүрэлдэхүүний шинжүүд нь шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд хүндрүүлсэн шинжээр зохицуулагдаагүй тул шүүх түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэхгүйн тулд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №123 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгээгүй болохыг тэмдэглэв. 

 

Шүүх шүүгдэгч Г.С, Ц.Б нарын хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус бүрийг эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ “Хьюндай Соната-2” маркын, 48-02 улсын дугаартай Н.Занданбалын өмчлөлийн гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй автомашиныг үйлдлээ хялбарчилах зорилгоор ашиглаж, Г.Сас байнга эзэмшиж байгаа болох нь тогтоогджээ.

 

Тодруулбал шүүгдэгч Г.Санждамбын ял шийтгүүлсэн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №123 дугаар шийтгэх тогтоолд “...Шүүгдэгч Г.С нь...шүүгдэгч Т.Хүдэрчулуунтай бүлэглэж Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багын нутаг Эмээлтийн энгэр гэх газраас 2015 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 48-02 УБИ улсын дугаартай “Соната-2” маркын тээврийн хэрэгслийг ашиглан иргэн Д.Цэндбаатарын 1 тооны адууг, иргэн Б.Ганзоригийн 1 тооны адууг хулгайлж хохирол учруулсан...” гэж дүгнэн тухайн автомашины үнийг гаргуулахаар шийдвэрлэснээс үзэхэд тэрээр 2015 оноос одоог хүртэл тухайн автомашиныг эзэмшдэг гэж үзэхээр байна.

 

Шүүх ийнхүү шүүгдэгч Г.Сас Хьюндай Соната-2” маркын, 48-02 тээврийн хэрэгслийг бусдын өмч гэж халхавчилж гэмт үйлдэлдээ түүнийг байнга ашигласан нөхцөл байдал байх тул битүүмжлэгдсэн тухайн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин тухайн тээврийн хэрэгслийн талаар өмчлөгч гэх этгээдээс маргаан үүсгэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай шүүгдэгч Г.С, Ц.Б нараас нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрх нь нээлттэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сас “...Санждамба овогтой Анужин /УК13261329 регистрийн дугаартай/, Санждамба овогтой Үүрийнцолмон /УК14312089 регистрийн дугаартай/ нарыг авга эгч Дамдинсүрэн овогтой Чимэддолгор /ХК71100103 регистрийн дугаартай/-ын асран хамгаалалтад өгнө үү...” гэсний дагуу Г.Санждамбын төрсөн охин болох 4 настай С.Анужин, 3 настай С.Үүрийнцолмон нарыг авга эгч Д.Чимэддолгорын асран хамгаалалтанд өгөхөөр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, эсгий түрийтэй хос гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар даавуун уут 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг дурдлаа.

 

 Шүүгдэгч Г.С нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 90 хоног, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 101 хоног нийт 191 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 90 хоног , 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 274 хоног нийт 364 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хугацааг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Шүүдэгч Г.С, Ц.Б нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгч Г.Санждамбын цагдан хоригдсон 191 хоног, шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 364 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний өвлийн куртик 1 ширхэг, эсгий түрийтэй хос гутал 1 ширхэг, цэнхэр өнгийн гялгар даавуун уут 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Г.Санждамбын эзэмшлийн “Хьюндай Соната-2” маркийн 48-02 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

            7. Шүүгдэгч Г.С, Ц.Б нараас хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шүүгдэгч Г.Санждамбын төрсөн охин 4 настай Санждамба овогтой Анужин /УК13261329 регистрийн дугаартай/, 3 настай Санждамба овогтой Үүрийнцолмон /УК14312089 регистрийн дугаартай/ нарын хууль ёсны асран хамгаалагчийг зохих байгууллагаас тогтоох хүртэл тэдгээрийн авга эгч Дамдинсүрэн овогтой Чимэддолгор /ХК71100103 регистрийн дугаартай/-т асран хамгаалалтандаа байлгахыг түүнд даалгасугай.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.С, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН