Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2016/00646

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р -ын нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  Р ХХК-д холбогдох 

    47,979,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ц.Бахархал, гэрч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Р шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямбаяр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Р 2011 оны 6 сарын 20-ны өдрөөс Улаанбаатар хотод байрлах Р ХХК-д англи хэлний багшийн албан тушаалд 7 хоногт 40 цаг ажиллах үүрэг хүлээж, ажлын цаг Даваа гаригаас Баасан гаригт өдөрт бүр өглөөний 08 цагаас оройн 17 цаг эсвэл өглөөний 09 цагаас оройн 18 цаг хүртэл цайны нэг цагийн завсарлага оруулаад, Бямба гаригт өглөөний 09 цагаас өдрийн 13 цаг хүртэл тухайн цаг үеийн байдал, хичээл анги болон бусад хүчин зүйлээс шалтгаалж ажиллана гэсэн гол нөхцөлүүдийг тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл анх ажилд орсон өдрөөс хойш одоог хүртэл хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй ажлын бус цагаар долоо хоногийн ажлын 4 өдөр 18 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл өдөр бүр 3 цаг англи хэлний хичээлийг оройн цагаар зааж, хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажлыг гүйцэтгэж, түүндээ ямар ч ажлын хөлс аваагүй өдийг хүрсэн. Сүүлийн 5 жил ийм байдлаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг зөрчиж ажиллаж байсан тул Хөдөлмөрийн хуулийн дагуу сүүлийн 3 жил илүү цагаар ажилласан ажлын хөлс болох 47,979,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна. 
Англи хэлний багшийн үндсэн ажлын тухайд хичээлийн хуваарийн дагуу Даваа гаригаас Баасан гариг буюу ажлын өдөр болгон 09 цаг 30 минутаас 12 цаг 30 минут хүртэл ангид хичээл заадаг. Багшийн ажил өөрөө зөвхөн ангид хичээл заахаас гадна бусад цагт нь өдөр болгон хичээлээ төлөвлөх, хичээлийн хөтөлбөр, заах арга зүй боловсруулах, оюутнуудын даалгавар засах, эссэ унших, түүнд үнэлгээ өгдөг. Мөн багшийн ажлаас гадна сургуулийн дотоод үйл ажиллагаа багш нарын зохион байгуулалт хариуцах, оюутнуудын төгсөлтийн болон бусад бүх төрлийн сертификатанд гарын үсэг зурах, баталгаажуулах ажиллагаа байдаг. Мөн 2013 оноос эхлэн сургуулийн захиргаанаас бизнес менежментийн багш байхгүй байгаа гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээнээс гадуур ажил гүйцэтгэх гэрээгээр өдөр болгон бизнес менежментийн хичээлийг заалгаж байна гэв.

Хариуцагч Р ХХК шүүхэд болон түүний төлөөлөгч Ц.Бахархал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан Р нь анх 2011 оны 06 сарын 20-нд манай компанид англи хэлний багшаар  сарын  2,214,000 төгрөгийн цалин авахаар тохиролцон  хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. 2012 оны 02 сарын 15-наас үндсэн цалинг 26 хувиар нэмэгдүүлж 2,800,000 төгрөгөөр тооцон цалинг олгодог болсон. 2013 оны 07 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн сунгаж, үндсэн цалинг дахин 20 хувиар нэмэгдүүлж, сарын цалин 3,360,000 төгрөгөөр, 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 1 сарын нийт үндсэн цалинг дахин нэмэгдүүлж, 3,696,000 төгрөгөөр тогтоож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 7 хоногт 40 цаг ажиллахаар Хөдөлмөрийн гэрээнд тохирсон. Манай сургуулийн Англи хэлний программ нь өглөө болон оройн ангитай ба тухайн семистерт хэдэн түвшин хичээллэж байгаагаас хамаарч нэг багшид оногдох цаг 7 хоногт 24-32 цаг байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 70.1-д зааснаар долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэсэн заалттай нийцэж байна. Багш нарын ажиллах цаг тус сургуульд суралцагчдын анги сонголт, хичээлийн хуваарь бусад хүчин зүйлээс шалтгаалж харилцан адилгүй байдаг. Манай сургуулийн англи хэлний өглөөний анги 09 цаг 30 минутаас 12 цаг 30 минут хүртэл, оройн анги 18 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл хичээлийн хуваарийн дагуу сургалт явагддаг. Орой хичээл заасан багш нараа тарахад гэрт нь хүргэж үйлчилдэг үйлчилгээтэй. 
Р нь манай сургуульд багшлах хугацаандаа англи хэлний үндсэн багш, бизнесийн ангид цагийн багшаар хичээл зааж байна. Хичээлийн хуваарийн хувьд өглөө 3, орой 3 цагаар хичээлээ заадаг ба зарим өдөр нь зөвхөн өглөө, эсвэл орой нь 3 цагаар хичээл заадаг бөгөөд зарим өдрүүдэд хичээлгүй өнждөг. Багш маань ихэвчлэн өглөө 09 цагт ирж хичээлээ заачихаад өдөр 12 30 минут гээд явчихдаг. Орой хичээлтэй бол 18 цагийн үед ирж дахин ирж хичээлээ заагаад 21 цаг 30 минутад тардаг. Өдөрт 6 цагаас илүүтэй ажилладаггүй, ажиллах ч шаардлага гардаггүй. Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ бол Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл болон 23 дугаар зүйлийн 23.1-д заасан хугацаатай гэрээ юм. Өөрөөр хэлбэл нэг талаас тухайн хүний 7 хоногт ажиллах цагийг заасан, мөн 1 сарын нийт цалинг тогтоосон, харилцан тохиролцсон хугацаатай гэрээ юм. Гэрээнд ажилтан 7 хоногт ердийн үед нийт 40 цаг ажиллах үүрэгтэй гэж хичээлийн нормт цагийг заасан байдаг хэдий ч өнөөдрийг хүртэл Рыг тус сургуульд 7 хоногт 40 хүртэл цаг ажиллуулаагүй. Анхнаасаа л энэ талаар ойлгож тохиролцож, шинэчлэн хийх хөдөлмөрийн гэрээ болгонд гарын үсэг зурж баталгаажуулан асуудалгүй ажиллаж байсан. Бага цаг ажиллаа гээд цаг тооцож цалинг бодож байсангүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг бүрэн олгож өнөөдрийг хүрсэн. Бизнесийн ангид хэлний хичээл зааж байгаа тохиолдолд тухайн заасан хичээлийн цалинг цагийн ажилтанаар тооцож, Хөлсөөр ажиллах гэрээний дагуу 1 цагийн 30,000 төгрөгөөр бодож үндсэн цалингаас тусад нь тооцож олгодог байсан. 
Хичээлээс гадуур ажлын тухайд соёл, олон нийтийн арга хэмжээ, төгсөлтийн баярт ажилтан ажиллагсад бүгд оролцдог. Мөн улирлын төгсгөлд шалгалт авдаг. Үүнийгээ засахаар суудаг байсан байж болно. Гэхдээ энэ нь багшийн үндсэн ажил бөгөөд үүрэг гэж ойлгож байна. Зарим тохиолдолд өөрийн улсруугаа, гэрлүүгээ явна гэж хүсэлт тавьж хичээлээ шахаж ордог. Энэ асуудал цагийн гажуудал бол өөрийнх нь хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зүйл. Өнөөдрийг хүртэл илүү цагийн цалин гэхээс илүүтэйгээс гадаадын иргэн гэдэг утгаар нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нугалсантай тэнцэх хэмжээний цалин хөлсийг олгож ажиллуулж байгаадаа харамсаж байна. 
Иймд Р-ы нэхэжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 Гэрч Ч.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай байгууллага  2005 оноос хойш мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Би 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш нягтлан бодогчоор ажиллаж байна. Р 2011 оны 06 сараас эхэлж Англи хэлний багшаар ажиллаж байгаа цалинг Англи хэлний хичээл заасан цагийг хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалингаар, Бизнесийн хэлний хичээл заасан цагийг “Хөлсөөр ажиллах гэрээнд заасан нэг цагийн хөлсийг 30.000 төгрөгөөр тооцож олгодог. Цалин хөлс дутуу олгосон талаар гомдол гарч байгаагүй. Өглөө, оройн ангитай байдаг. Р 7 хоногийн хэдэн өдөр оройн цагаар хичээл заах нь хичээлийн хувиараас хамаардаг гэв. 

     Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ НЬ:
          
 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
      Нэхэмжлэгч Р хариуцагч Р ХХК-нд холбогдуулан илүү цагийн хөлс 47,979,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хөдөлмөрийн гэрээнд илүү цагийн хөлс олгохгүйгээр тохиролцсон гэж маргажээ.
Талууд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр олгосон цалин хөлсний талаар маргаагүй байна. 
     Нэхэмжлэгч Р нь 2013 оны 7 сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд англи  хэлний хичээлийг 18 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл заасан илүү цагийн хөлс 47,979,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн  шаардлагаа  тодорхойлж байна. 
    Ажил олгогч нь ажилтантай 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 24 сарын хугацаатай, Англи хэлний багшаар, сарын 3.360.000 төгрөгийн цалин олгож, ажилтан 7 хоногт ердийн үед нийт 40 цаг ажиллах үүрэг хүлээж талууд тохиролцож Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээг сунгаж,  сарын 3.696.000 төгрөгийн цалин олгохоор /хх-ийн 13-31 талд/  мөн 2014 оны 9 сарын 27-ны өдрөөс 2015 оны 9 сарын 27-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж Бизнесийн хичээлийг р-ийн оюутануудад заах үйлчилгээ үзүүлэх,  гэрээлэгчийн нэг ангид заах хичээлийн нэг цагийн хөлс  30000 төгрөг  байна. Төлбөрийг сар бүрийн сүүлийн өдөр төлнө гэж тохиролцож /хх-ийн 53-55 талд/ гэрээ байгуулжээ. 
Ажилтан 7 хоногт нийт 40 цаг ажиллах үүрэг хүлээж Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2. Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал,  хавсаран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.4.илүү цагаар ажилласан тохиолдолд  илүү цагийн хөлс олгохгүй бөгөөд  компаний бичгээр өгсөн зөвшөөрөлөөр тухайн ажилласан илүү цагаар нөхөн амралт авах эрхтэй. 8.5.Илүү цаг нь ажилтанд түүнийг биеэр эдлүүлэх боломжоор хангагдах ба  бүр боломжгүй бол хөдөлмөрийн хуульд заасан дагуу  мөнгөн хэлбэрээр  нөхөн төлөгдөнө. Хэрэв ажилтан илүү цагаар ажиллах бол ажил олгогчоос заавал бичгээр урьдчилан зөвшөөрөл  авсан байна. Ийнхүү бичгээр урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд ажилтан илүү цагаар ажиллах  үүрэг хүлээхгүй байх ба  ажил олгогч ажилтанг  зөвхөн сайн дураараа  илүү цагийн хөлсгүйгээр ажилласан гэж үзнэ” гэж заасан нь Хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд илүү цагаар ажиллах нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзэх үндэстэй байна.
     Нэхэмжлэгч  тал илүү цагаар ажилласан баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ. 
Нэхэмжлэгч нь 2013 оноос хойш эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ. Уг хугацаа тоологдож дууссанаар шүүхэд гомдол гаргах эрх дуусгавар болсон байна. 
    
Иймд нэхэмжлэгчийн 2013 оны 7 сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны илүү цагийн хөлс 47,979,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй. 
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ  нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 50 дугаар зүйлийн 50.2, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч Р ХХК-иас 47,979,000 төгрөг гаргуулах тухай р-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй. 

3. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ