| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0747/э |
| Дугаар | 883 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 883
2019 10 09 2019/ШЦТ/883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
улсын яллагч: Ж.Энх-Амгалан;
шүүгдэгч: Ш.Адъяасүрэн, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шоовдорын Адъяасүрэнд холбогдох эрүүгийн 1909020910873 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол Гахайн завод байрны 3 тоотод оршин суух, урьд:
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтүүлж, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, НФ88082732 регистерийн дугаартай, Боржгон овогт Шоовдорын Адъяасүрэн.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ш.Адъяасүрэн нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Блүе Скай”-ийн урд явган хүний зам дээр явж байхдаа иргэн З.Хүслэнгийн халааснаас “Айфоне 10” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.765.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Адъяасүрэн мэдүүлэхдээ: Хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд З.Хүслэнгийн хохирогчоор болон гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/, Ш.Адъяасүрэнгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 27-28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/, Ш.Адъяасүрэнгийн хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 29-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Адъяасүрэн нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Блүе Скай” нэртэй барилгын урд талын явган хүний замаар явж байхдаа иргэн З.Хүслэнгийн халааснаас “Айфоне-10” загварын гар утсыг нь хүя хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.765.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
З.Хүслэнгийн хохирогчоор болон гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 9-12/: “...Би өнөөдөр 17:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Блүе Скай” таурын талбай руу харсан хаалгаар ороод нэг давхарын хүлээлгийн танхимд байрлах сандал дээр сууж 18:00 цаг хүртэл хүлээсэн. 18:00 цагт буцаж гараад зүүн талд байрлуулсан байсан өөрийн автомашин дээр очоод суусан. Тэгээд дараа нь автомашинаасаа гараад хүнтэй утсаар яриад, уулзах хүн маань ирээд бид 2 хамтдаа хүлээлгийн танхимын буйдан дээр суусан...Урд талын хаалгаар гараад уг гудамжаар зүүн зүг рүү алхаад төв замаар баруун эргээд ЭМЯ-ны эсрэг талаар урагш алхаад МАХН-ын байрны хажуугаар гараад “Чойжин Темпл” нэртэй зоогийн газарт хоол идэхээр ороод 2 минутын дараа гар утсаа алдсанаа мэдээд буцаад ирсэн замаараа гүйсэн...Хяналтын камерийг үзхэд миний сууж байгаа газрыг нилээн холоос харсан камер байсан. Намайг босоод явсны дараа миний сууж байсан сандалын баруун зүүн талд 2 эрэгтэй хүн ирж сууж байгаад босоод явж байгаа нь харагдсан...Би “Айфон икс” загварын хар өнгийн гар утсаа алдсан...Хавтсан гэр дотор нь миний ХААН, Голомт банкны карт...зэрэг байсан...” гэх мэдүүлгээр,
Ш.Адъяасүрэнгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 13-14, 27-28/: “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Блүе Скай”-ийн урд явж байх үед 2-3 хүн явж байсан. Хамгийн ард явж байсан эмэгтэй нь хар хөх өнгийн цувтай байсан ба баруун халаасанд нь хар өнгийн гэртэй гар утас байсан. Утасных нь тал нь ил гарсан байсан тул араас нь очоод авсан...Би тухайн үед согтуу байж байгаад тухайн гар утсыг аваад буцаад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлгээр болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг халааснаас нь нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад бага хэмжээнээс их хохирол учруулж буй Ш.Адъяасүрэнгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Адъяасүрэнгийн “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогч З.Хүслэнгийн хулгайд алдсан гар утсыг түүнд биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй болно.
Харин хохирогч нь “гар утас форматлагдсан, программын алдаа зааж байгаа тул шинэ утас нэхэмжилнэ” гэх боловч энэ талаархи баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй байна. Иймд гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Ш.Адъяасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржгон овогт Шоовдорын Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Адъяасүрэнг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Адъяасүрэнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.Адъяасүрэн урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч З.Хүслэн гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Адъяасүрэнд урьд авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Адъяасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ