Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2026/00019

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 309/ШШ2026/00331 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ориентлпюс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК, ******* нарт  холбогдох

“Барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний үүрэгт “*******” ХХК-иас 36,200,000 төгрөг гаргуулах,

хариуцагч *******аас хохиролд 9,390,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээ”-нээс татгалзаж, гэрээний дагуу “*******” ХХК-д төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ““*******” ХХК Дорнод аймгийн “*******” ХХК-ийн захиалгаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт барих 1 давхартаа үйлчилгээтэй, 54 айлын орон сууцны 10 давхар барилгын ажлын зураг төслийг боловсруулах 64 сая төгрөгийн өртөг бүхий ажлын гэрээг “*******” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. “*******” ХХК гэрээний үүргээ биелүүлж зураг төслийг боловсруулж дуусгасан боловч хариуцагч “*******” ХХК дээрх гэрээний 3.2, 3.5, 3.7дахь заалтуудыг биелүүлэхгүй нэхэмжлэгч талыг олон сая төгрөгөөр хохироогоод байна.

...барилгын ажлын зураг төслийг боловсруулах гэрээний 3.5 дахь заалтад хариуцагч “*******” ХХК барилгын зураг төслийн ажлын үнийн 30% болох 20 сая төгрөгийг энэхүү гэрээ батлагдсанаас хойш 7 хоногийн дотор төлөх бөгөөд зураг төслийн ажлын 30% болох 20 сая төгрөгийг барилгын ажлын зураг төсөл дууссаны эцэст нэмж төлөөд нийт гэрээний үнийн дүнгийн 60% болох 40 сая төгрөгийг барилгын ажлын зураг төсөл дуусмагц нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр тус тус заасан байгаа. Хариуцагч гэрээ батлагдсан өдөр нэхэмжлэгчид 5 сая төгрөг төлсөн боловч барилгын ажлын зураг төсөл боловсруулж дуусталх хугацаанд ямар ч санхүүжилт өгөөгүй.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-иас гэрээний 3.2, 3.7 дахь заалтуудаа биелүүлэхийг удаа дараалан шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч “*******” ХХК боловсруулж дууссан ажлын зураг төслөө 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч “*******” ХХК-д хүргэж өгөх үедээ барилгын ажлын зураг төслийн үнийг хэрхэн төлөх талаар хариуцагчтай хэлэлцэхэд хариуцагч нэхэмжлэгчид 10 сая төгрөгийг төлсөн.

…Хариуцагч “*******” ХХК нэхэмжлэгч “*******” ХХК-ийг санхүүжилтээр удаан хугацаагаар саатуулж, хохироож байгаагаа хүлээн зөвшөөрч, “тооцооны үлдэгдлийн баталгаа”-ны акт үйлдэхдээ зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үнийн дүнгийн 80%-ийг буюу 36,2 сая төгрөгийг төлөх үүргийг өөртөө хүлээсэн.

… гэрээний 3.5, 6.3 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-д хариуцагч “*******” ХХК-ийн гэрээний үүргийн дагуу төлөх ёстой 40 сая төгрөгөөс төлөгдсөн байгаа 15 сая төгрөгийн төлбөрийг хасаж тооцоод гэрээний үүргийн дагуу төлөх ёстой үлдэгдэл 25 төгрөгийн төлбөр дээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу … 7 500 000 төгрөгийг нэмж, нийт 32,500,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас гаргуулан авахаар нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7 500 000 төгрөгийн хүү гаргуулах шаардлагаас бүхэлд нь татгалзаж, хариуцагч “*******” ХХК-иас Барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлын гэрээний үүрэгт 36 200 000 төгрөгийг гаргуулах, “*******” ХХК-ийн захирал *******ыг хариуцагчаар нэмж тогтоолгох, нэхэмжлэгчид учруулсан хохиролд 9 390 000 төгрөгийг *******аас гаргуулах” гэж өөрчлөн нэмэгдүүлжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Тус компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

… Тус гэрээний гүйцэтгэгч тал болох "*******” ХХК нь Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 38.1.3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм”-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэхээр хуулиар хүлээсэн үүрэгт ажлуудыг захиалагч гүйцэтгэгчийн өмнөөс хийж гүйцэтгэсэн мөн зураг төслийн ажлын иж бүрдлийг алдаатай, дутуу гүйцэтгэсэн гэж үзэж байна. Зураг төслийн ажлыг хүлээлцсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01-21 дугаартай актыг манай компанийн зүгээс хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Тус 01-21 дугаартай актаар хүлээлгэн өгсөн гэх барилгын ажлын зураг төслийг хууль тогтоомж болон гэрээгээр эрх олгогдсон, томилогдсон ажлын комисс, эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулалгүй ******* ХХК-ний цалин, хөлсний нягтлан буюу санхүү хариуцсан ажилтан Г.Болор-Эрдэнэд хүлээлгэн өгсөн мөн “Зураг төслийн ажлыг хүлээлцсэн тухай акт”-ыг хүлээн авснаа захиалагч тал тамга, тэмдгээр баталгаажуулаагүй байна.

Барилгын ажлын зураг, төслийг барилгын мэргэжлийн инженер уншиж, ажил гүйцэтгэдэг бөгөөд барилгын мэргэжлийн бус хүн, ажилтанд барилгын ажлын зураг төслийг хүлээлгэн өгснөөр зургийг уншиж, тулгаж авах боломжийг олгоогүй цаашлаад алдаатай, дутуу зураг төслийг хүлээн авснаар тухайн зураг төслийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болсон. Мөн 01-21 дугаартай “Зураг төслийн ажлыг хүлээлцсэн тухай акт”-д дутуу гүйцэтгэсэн зураг төслийн ажлыг бүрэн хүлээлгэж өгөөгүй болохоо гүйцэтгэгч тал тус актад дурдсан байна.

Тус “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт гэрээний нийт үнэ төлөгдөх үндэслэлийг тодорхой зааж өгсөн байх бөгөөд барилгын ажлын зураг төсөл бүрэн дуусч, (Улсын магадлал)  экспертизээр хянагдаж, ерөнхий дүгнэлт гарсан эсэхийг гүйцэтгэгч тал амаар болон тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсанаас биш гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй гэрээний үлдэгдэл үнэ, түүн дээр банкны зээлийн хүүгээр хүү тооцон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “… манай “*******” ХХК-иас 36 200 000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан … үүргээ биелүүлээгүй буюу гэрээт ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагч буюу захиалагч манай байгууллагад улсын экспертизээр хянагдсан нэг хувь, хуулбар 2 хувь барилгын ажлын зураг төслийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болно..."”гэжээ.

3. Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК нь орон сууцны барилгын ажлын зураг төсөл боловсруулах ажлыг нийт 64 000 000 төгрөгийн хөлсөөр 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт: “... Гүйцэтгэгч нь энэ гэрээний үндсэн нөхцөлд заасан ажлыг Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл боловсруулахтай холбогдсон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтуудын дагуу чанартай гүйцэтгэн улсын экспертизээр хянагдсан нэг хувь, хуулбар 2 хувь барилгын ажлын зураг төслийг захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж тодорхой заасан билээ.

Гэвч “*******” ХХК нь гэрээнд заасан ажлыг Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл боловсруулахтай гүйцэтгэн улсын экспертизээр хянагдсан нэг хувь, хуулбар 2 хувь барилгын ажлын холбогдсон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтуудын дагуу чанартай биелүүлэлгүй, зөрчсөн болно.

… Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр захиалагч нь тохиролцсон хөлсийг хэсэгчлэн төлөхөөр гэрээгээр талууд харилцан тохиролцсон. Дээр дурдсанчлан хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд биелүүлэх боломжит нэмэлт хугацааг хангалттай олгосон хэдий ч үр дүн гараагүй, гарахгүй байна.

… Хариуцагч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тохиролцсон хугацаанд гэрээт ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, өгөхгүй байгаа тул манай “*******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-ээс татгалзаж, тухайн гэрээний дагуу “*******” ХХК-д төлсөн нийт 15,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******” ХХК-иас 36,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож, хариуцагч *******аас 9,390,000 төгрөг гаргуулах болон "*******" ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулах тухай. "*******” ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,640 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагч "*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 338,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

 Анхан шатны шийдвэрийн өөрт холбогдох хэсэг буюу “*******” ХХК-иас 36,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосон, мөн “*******” ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн...” хэсгийг эс хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулагдсан байх бөгөөд тус гэрээгээр “*******” ХХК нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт барих 1 давхартаа үйлчилгээтэй 54 айлын орон сууцны 10 давхар барилгын ажлын зураг төслийг боловсруулж, Монгол Улсын Иргэний хууль, Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэж, улсын экспертизээр хянуулж баталгаажуулсан нэг хувь эх зураг, хоёр хувь хуулбарыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны дотор захиалагч “*******” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Харин захиалагчийн хувьд гэрээнд заасан шаардлагыг бүрэн хангаж, хуульд нийцсэн байдлаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авсны үндсэн дээр 64,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцсан тохиролцсон байдаг.

… Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т … гүйцэтгэгчийн үүргийг маш тодорхой заасан бөгөөд энэ үүрэг зөвхөн зураг төсөл боловсруулах бус, түүнийг улсын экспертизээр баталгаажуулж, албан ёсоор хүлээлгэн өгөх хүртэл үргэлжилнэ.

Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК нь улсын экспертизээр баталгаажсан зураг төсөл хүлээлгэн өгөөгүй, тус экспертизээр баталгаажсан ажлын үр дүнг эрх бүхий албан тушаалтантай албан ёсоор хүлээлцсэн акт үйлдээгүй, гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгаагүй атлаа өөрийн зүгээс ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай байна гэж дур мэдэн дүгнэж, ажлын хөлсөнд 36 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно.

Гэрээ болон холбогдох хууль тогтоомжид гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийн хувийг өөрөө нэг талын үзэмжээр тогтоож, хөлс шаардах зохицуулалт огт байхгүй. Ажлын гүйцэтгэл нь гэрээний шаардлага, улсын экспертизийн дүгнэлт, гүйцэтгэлээр дүгнэгдэх ёстой болно.

Мөн иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т заасан зохицуулалтаас харахад ажлын хөлс нэхэмжлэх эрх нь зөвхөн гэрээнд заасан шаардлагад нийцсэн бодит үр дүн бий болж, тэрхүү үр дүнг захиалагчид зохих журмын дагуу хүлээлгэн өгсөн нөхцөлд л үүсэх эрх юм.

Иймд нэхэмжлэгч тал гэрээнд заасан шаардлагыг хангасан, ашиглах боломжтой, экспертизээр баталгаажсан зураг төслийг манай компанид хүлээлгэн өгөөгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 36 200 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн зохицуулалтын агуулгыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Хоёр. Ажлын гүйцэтгэл, хувь, хэмжээ, чанартай холбогдуулж мэргэжлийн эрх бүхий этгээдийг шинжээчээр томилуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасаныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хариуцагчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн бөгөөд ийнхүү мэргэжлийн этгээдээр шинжээчийн дүгнэлтийг гаргуулаагүйн улмаас анхан шатны шүүх хэргийг үнэн зөв, шударгаар, үндэслэлтэйгээр шийдвэрлэж чадаагүйд гомдолтой байна.

Гурав. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасан зохицуулалтаас харахад гүйцэтгэгчийн үүрэг нь тодорхой хугацаанд, хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн, ашиглах боломжтой зураг төслийг боловсрууулж, албан ёсоор хүлээлгэн өгөх явдал байсан.

Түүнчлэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар “*******” ХХК-ийн хувьд гүйцэтгэгчээс гэрээний дээрх үүргийг бүрэн, зохих ёсоор биелүүлэхийг шаардах бүрэн эрхтэй бөгөөд энэ нь зөвхөн талуудын тохиролцоо төдийгүй хуульд нийцсэн шаардлага болно.

Гэвч нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээнд заасан хугацаанд, гэрээний шаардлагад нийцсэн, улсын экспертизээр баталгаажсан зураг төслийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд манай компанийн зүгээс үүргээ биелүүлэх боломж олгож, нэмэлт хугацаа өгсөн боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй хэвээр байгаа болно. Ашиглах боломжгүй, экспертизээр баталгаажаагүй зураг төслийг өөрсдийн дотоод үнэлгээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байгаа нь гэрээ болон хуульд нийцэхгүй бөгөөд энэ нөхцөлд гүйцэтгэгчийг гэрээний үүргийн зөрчил гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар манай компани гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу урьдчилан төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан болно.

Гэтэл анхан шатны шүүхээс гүйцэтгэгчийн үүргийн биелэлт бодитоор хангагдсан эсэх, улсын экспертизийн шаардлага биелсэн эсэх, гэрээний үндсэн зорилго хэрэгжсэн эсэх асуудлыг иж бүрэн, бодитой үнэлэлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний гол нөхцөл биелээгүй, ашиглах боломжгүй үр дүн гарсан нөхцөлд урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхийг үгүйсгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Дөрөв. Талуудын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-г хариуцагч талаас төлөөлөх эрх бүхий этгээд байгуулсан эсэхэд шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэрээг “*******” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд байгуулаагүй тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан нөхцөлд хамаарч, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг хүчин төгөлдөр бус юм.

Гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцогдох тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу тухайн хэлцлийн үр дагаврыг арилгах буюу талууд хэлцлийн дагуу харилцан шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй байдаг. Хэрэв шилжүүлсэн зүйлээ буцаан өгөх боломжгүй бол түүний үнийг нөхөн төлөх үүрэг хүлээхээр хуульд тодорхой зохицуулсан байдаг.

Гэрээ хүчин төгөлдөр бус тул уг гэрээний дагуу манай компаниас гүйцэтгэгч тал болох “*******” ХХК-д урьдчилан төлсөн 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрх манай компанид үүссэн байна. Өөрөөр хэлбэл, гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд талуудын хооронд үүссэн харилцаа нь анхнаасаа эрх зүйн хүчин төгөлдөр үндэслэлгүй гэж үзэгдэх тул талууд гэрээний дагуу авсан, өгсөн эд хөрөнгө, төлбөр тооцоог харилцан буцаан шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд дээр нэг бүрчлэн дурдсан үндэслэл бүрийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд “*******” ХХК-ийн захирлаар ажилладаг. “*******” ХХК-ийн захиралтай ярилцаж энэ ажлыг эхлүүлсэн. Барилгын тухай хууль, Монгол Улсын бусад дүрэм, журамд заасны дагуу гэрээг байгуулсан. Энэ зургийн ажлын бэлтгэл ажил болох барилгын зураг төслийн ажил, загвар төслийг хэрхэн баталж, хүлээлгэж өгөх талаар гэрээнд тодорхой тусгасан. Ингээд манай талаас 5 сая төгрөгийн урьдчилгааг авч ажлыг эхлүүлсэн. Ингээд аймгийн ерөнхий архитектуророор батлуулах ажил огт хийгээгүй. Ямартай ч манайхыг ажлаа хийж бай, бид нар дараа нь аваад өгнө гэж амаар хэлсний дагуу ажлаа гүйцэтгэж байсан. Сүүлд удаа дараа шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байсан. Одоо ч гэсэн хариуцагч талаас гар дээр тавиад өгөх зураг төсөл байхгүй байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Хариуцагч талаас “шаардлага хангасан зураг төсөл гаргаагүй” гэж хэлдэг. Гэхдээ эхлээд хариуцагч талаас гэрээгээ дагаж мөрдөж, гэрээний үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Тухайн гэрээн дээр бүх шаардлагыг тодорхой заасан ч үүргээ хэрэгжүүлээгүй. Бид нар энэ аж ахуй нэгжтэй анх удаа хамтарч ажиллаж байгаа биш. Өмнө нь зураг төсөл гаргаж өгөөд үүний дагуу барилга барьж ашиглалтад оруулж л байсан. Манай компанийн хувьд хуулийн талаар мэдлэг маруухан газар биш. Анхнаасаа л хуулийг дагаж мөрдөж ажилласан. Анхан шатны шүүх ч гэсэн хуулийн дагуу зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч талаас үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учир албан ёсоор зураг төслийг батлуулах боломжгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм мэдээжийн асуудал дээр гомдол гаргаж байгааг нь үнэхээр гайхаж байна. Анхан шатны шүүхээс үнэхээр үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Бүр Улаанбаатар хот руу 2, 3 удаа шалгалт хийлгэсэн. “*******” ХХК өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас хөрөнгө, цаг хугацаа алдсан гэж үзэж байна гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч талаас “батлуулах үүргээ хэрэгжүүлэхгүй байна” гэж яриад байх юм. Гэтэл анхан шатны шүүхээс энэ үүргийг “*******” ХХК өөрөө хариуцахаар гэрээнд заагдсан байгааг зөв тайлбарласан. Энэ хэсгийг ойлгох хэрэгтэй. Гэрээгээр хүлээсэн үүргээ бусдаас шаардаад, гэрээгээ ойлгохгүй яваад байгаа юм шиг байна. Мөн анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Яагаад гэхээр хариуцагч талаас зургийг бол огт хүлээж аваагүй биш хүлээж авсан байгаа. Энэ талаар маргадаггүй. Хүлээлгэж өгсөн талаар холбогдох баримтыг үйлдсэн байгаа. Энэ баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Тиймээс өр авлагын тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 5 сая төгрөгийг хүлээлгэж өгөөд гэрээг байгуулсан. Энэ зураг төслийг хийлгэх хүсэл зориг нь “*******” ХХК-д байсан болох нь харагдаж байна. Хариуцагч талаас гэрээнээс татгалзах нөхцөл нь боломжгүй болсон талаар тодорхой дурдсан байгаа. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.3 дахь хэсэгт зааснаар захиалагч өөрөө буруутай үйл ажиллагаа явуулсан. Хоног хугацаа алдсан. Тиймээс гүйцэтгэгч талын ажлын хөлсийг өгөх үндэслэлтэй. Мөн дараагийн дугаарт 80 хувьтай холбоотой асуудал яригддаг. Төлбөл зохих дүнгийн 80 хувийг төлсөн. Иймээс л дээрх хувийг дурдаж байгаа юм. Тэрнээс биш хоёр тал сууж байгаад ажлын гүйцэтгэлийн хувийг гаргасан зүйл байхгүй. 80 хувь уу? 70 хувь уу гэдгийг тогтоох талаар хүсэлтийг хоёр ч удаа шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Гэвч яг энэ талаар мэргэшсэн шинжээч байхгүй, мөн нотлох баримтууд хомс гэдэг дүгнэлтийг гаргасан.  Зураг төслийг батлуулах үүргийг хариуцагч тал өөрөө хүлээсэн гэдгийг л хэлэхийг хүсч байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-иас гаргасан гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Гомдлыг илтгэгч шүүгчээс бүрэн уншиж танилцуулсан учраас давхцуулж ярихыг хүсэхгүй байна. Ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ яригддаг. Хувь хэмжээнээс гадна чанар стандартын асуудал яригдах ёстой юм. Хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангасан эсэхийг зайлшгүй нягтлах ёстой. Нэхэмжлэгч өөрөө л амаараа “би ажлаа 80 хувь хийсэн” гэж яриад байдаг. Би хуулийг дагаж мөрдсөн гэж яриад л байдаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг биш, ажил нь үнэхээр дутуу. Энэ хугацаанд өгөөд байгаа материал чинь дутуу гэдэг зүйл огт яригдаагүй. Хамгийн сүүлд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх шинжилгээний газраас “одоогоор манайд барилгын шинжээч нар байхгүй” гэсэн байсан. Тэрнээс биш ирсэн баримт дутуу гэдэг зүйл дурдаагүй байсан. Хаанаас ийм зүйл ойлгож яриад байгааг ойлгохгүй байна. Манайхаас дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ч хангахгүй шийдвэрлэсэн. Ингээд шүүх хуралдаан үргэлжилж ийм шийдвэр гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараагийн дугаарт анхан шатны шүүхээс хоёр хариуцагчаас нэг хариуцагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэсгийг бол дэмжиж байна. Мөн энэ асуудал дээр талууд гомдол гаргаагүй гэж ойлгосон. Гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “Гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, хохиролд 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХХК-иас барилгын ажлын зураг төслийн гэрээний тооцооны үлдэгдэл актын дагуу 36,200,000 төгрөг, хариуцагч *******аас барилгын ажлын боловсруулах ажлын өртгийг тооцохдоо мөрдөхөө больсон БНБД-81-16-00**/2012 стандартаар тооцсоны улмаас учруулсан хохиролд 9,390,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлэн өөрчилж, “*******” ХХК-иас хохирол 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж,

-хариуцагч “*******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-нээс татгалзаж, нэхэмжлэгч “*******” ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

4. Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “*******” ХХК нь “*******” ХХК-ийн захиалгаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт барих 1 давхартаа үйлчилгээний зориулалттай, 54 айлын орон сууцны 10 давхар барилгын ажлын зураг төслийг боловсруулах 64,000,000 төгрөгийн өртөг бүхий ажлын гэрээг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. “*******” ХХК гэрээний үүргээ биелүүлж барилгын ажлын зураг төслийг боловсруулж дуусгасан боловч хариуцагч “*******” ХХК дээрх гэрээний 3.2, 3.5, 3.7 дахь заалтуудыг биелүүлэхгүй нэхэмжлэгч талыг хохироож байна. ...Барилгын ажлын зураг төслийг боловсруулах гэрээний 3.5-д хариуцагч “*******” ХХК барилгын зураг төслийн ажлын үнийн 30% болох 20 сая төгрөгийг гэрээ батлагдсанаас хойш 7 хоногийн дотор төлөх бөгөөд зураг төслийн ажлын 30% болох 20 сая төгрөгийг барилгын ажлын зураг төсөл дууссаны эцэст, барилгын ажлын зураг төсөл /улсын магадлал/ экспертизээр хянагдаж, ерөнхий дүгнэлт гарсны дараа зураг төслийн ажлын үнийн үлдэгдэл 40% болох 24 сая төгрөгийг ажлын 10 хоногт багтаан гүйцэтгэгчид төлж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч гэрээ батлагдсан өдөр нэхэмжлэгчид 5 сая төгрөг төлсөн боловч барилгын ажлын зураг төсөл боловсруулж дуусталх хугацаанд ямар ч санхүүжилт өгөөгүй. ...Нэхэмжлэгчийн зүгээс боловсруулж дууссан барилгын ажлын зураг төслөө 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч “*******” ХХК-д хүргэж өгөх үедээ үнийг хэрхэн төлөх талаар хариуцагчтай хэлэлцэхэд 10 сая төгрөгийг төлсөн. Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн акт үйлдсэн бөгөөд уг актаар хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д 36,200,000 төгрөгийн өртэй буюу төлбөр төлөх үүрэгтэйг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

...Хариуцагч *******аас барилгын ажлын боловсруулах ажлын өртгийг тооцохдоо мөрдөхөө больсон БНБД-81-16-00**2012 стандартаар тооцож нэхэмжлэгчид одоогийн мөрдөж байгаа БД 81-16-20 стандартаар тооцсоноор маргаан бүхий барилгын зураг төслийн нийт үнэлгээ 111,600,000 төгрөг болж хариуцагч ******* нь нэхэмжлэгч компанид НӨАТ тооцохгүйгээр 47,600,000 төгрөгийн хохирол учруулсан тул *******аас дээрх хохирлын 20% буюу 9,390,000 төгрөгийг гаргуулах буюу хариуцагч нараас нийт 45,590,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарладаг.

5. Хариуцагч “*******” ХХК болон *******ы татгалзал, түүний үндэслэл: “ ...Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Гүйцэтгэгч нь гэрээний үндсэн нөхцөлд заасан ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон барилыг зураг төсөл боловсруулахтай холбогдсон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтуудын  дагуу чанартай гүйцэтгэн улсын экспертизээр хянагдсан нэг хувь, хуулбар 2 хувь барилгын ажлын зураг төслийг захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул “*******” ХХК-иас 36,200,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

******* нь иргэнийхээ хувиар нэхэмжлэгч “*******” ХХК-тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй, гэрээ, хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч байгууллагын өмнө ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээгүйгээс гадна нэхэмжлэгч компанид ямар нэгэн байдлаар хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул хохирол гэх 9,390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: “... Талуудын хооронд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулагдсан. Тухай гэрээнд ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр заасан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Гүйцэтгэгч нь гэрээний үндсэн нөхцөлд заасан ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон барилыг зураг төсөл боловсруулахтай холбогдсон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтуудын  дагуу чанартай гүйцэтгэн улсын экспертизээр хянагдсан нэг хувь, хуулбар 2 хувь барилгын ажлын зураг төслийг захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.” гэж заасан. “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тохиролцсон хугацаанд гэрээт ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, өгөхгүй байгаа тул манай “*******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-нээс татгалзаж, тухайн гэрээний дагуу “*******” ХХК-д төлсөн 15,000,000 төгрөгөө түүнээс буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтуудыг үндэслэн хариуцагч “*******” ХХК-иас 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

“*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: “... Захиалагч-хариуцагч буюу “*******” ХХК нь “Барилгын ажлын зураг төслийг боловсруулах ажлын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.2, 3.7 дахь заалтуудыг огт хэрэгжүүлээгүйгээс шалтгаалан дээрх барилгын ажлын зураг, төслийг иж бүрнээр нь дуусгаж, Онцгой байдал, Эрүүл ахуйн хяналт бусад холбогдох байгууллагуудаар хянуулж, зөвшөөрүүлэх, улсын магадлалаар хянагдаж, баталгаажуулах нөхцөл боломжийг хариуцагч “*******” ХХК, ******* нар нь өөрөө бүрдүүлээгүй болно.

Хариуцагчийн дээрх үйлдэл нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэж заасан нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалтай нийцэж байгаа бөгөөд Барилгын тухай хуулиар заасан захиалагчаас гаргаж өгөх бичиг баримт, зөвшөөрлийг хоцроосон нь зургийг зурж дуусгах боломжгүй болгосон.

Энэ үндэслэлээр үүргийн 20 хувийг нэхэмжлэгч саатуулж байгаа нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-т “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно.” гэж заасантай нийцэх бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгчийн эрх бөгөөд хууль зөрчөөгүй болно.

...Хариуцагч “*******” ХХК, *******, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ хариуцагч “*******” ХХК, ******* нар нь өөрсдөө барилгын зураг, төсөл боловсруулахтай холбоотой Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчин биелүүлээгүй учраас энэ гэрээнд заасан ажил бүрэн дуусч, гэрээ хэрэгжээгүй нь тодорхой байгаа учраас “*******” ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргажээ.

7. Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ” байгуулагдсан бөгөөд гүйцэтгэгч, нэхэмжлэгч “*******” ХХК нь 1 дүгээр давхартаа үйлчилгээний зориулалт бүхий 54 айлын орон сууцны барилгын ажлын зураг, төслийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлж 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон ба хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зураг төслийг боловсруулах ажлын даалгаврыг боловсруулж, 2020 оны 8 дугаар сарын 30-ны дотор батлан гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, гэрээний 3.2-т зааснаар барилгын зураг, төсөл боловсруулахад шаардагдах газар олголтын шийдвэр, архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз, техникийн нөхцлүүд, холбогдох бусад баримт бичгүүдийг 2020 оны 9 дүгээр сарын эхний 7 хоногт багтаан гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, 3.7-д заасан барилгын зураг төслийн загвар зургийг батлуулах ажлыг зохион байгуулж улсын экспертизийн зардлыг хариуцах, гэрээний үнэ болох 64,000,000 төгрөгийн 30 хувь буюу 20,000,000 төгрөгийг гэрээ батлагдсанаас хойш 7 хоногийн дотор, 30 хувь буюу 20,000,000 төгрөгийг барилгын ажлын зураг, төсөл бүрэн дууссаны эцэст, барилгын ажлын зураг төсөл улсын магадлал экспертизээр хянагдаж, ерөнхий дүгнэлт гарсны дараа зураг, төслийн ажлын үнийн үлдэгдэл 40 хувь буюу 24,000,000 төгрөгийг ажлын 10 хоногт багтаан гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, дээрх гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө.” гэж тус тус заажээ.

“Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5-д зааснаар хариуцагч “*******” ХХК нь барилгын ажлын зураг, төслийн үнийн дүнгийн 30 хувь буюу 20,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор гүйцэтгэгчид төлөхөөс 5,000,000 төгрөгийг, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тооцооны үлдэгдлийн акт үйлдэж хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д 36,200,000 төгрөгийн өртэй буюу төлбөр төлөх үүрэг хүлээсэн болох нь хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ...*******” ХХК нь “Барилгын ажлын зураг, төсөл боловсруулах ажлын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-т “гүйцэтгэгч нь энэ гэрээний үндсэн нөхцөлд заасан ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл боловсруулахтай холбогдсон бусад хууль тогтоомжуудын холбогдох заалтуудын дагуу чанартай гүйцэтгэн улсын экспертизээр хянагдсан нэг хувь, хуулбар хоёр хувь барилгын ажлын зураг төслийг захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн, одоог хүртэл зураг төслийг хүлээж аваагүй. ...” гэж маргах боловч 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01-21 дугаартай “Зураг төслийн ажлыг хүлээлцсэн акт”-аар хариуцагч “*******” ХХК нь барилгын ажлын зураг төслийг хүлээн авсан нь тогтоогдож байх тул хариуцагч “*******” ХХК-иас 36,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосон нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “*******" ХХК нь хариуцагч *******аас барилгын ажлыг боловсруулах ажлын өртгийг тооцохдоо БНбД-81-16-00**/2012 стандартаар тооцож нэхэмжлэгчид хохирол учруулсан, одоогийн мөрдөж байгаа БД 81-16-20 стандартаар тооцсоноор маргаан бүхий барилгын зураг, төслийн нийт үнэлгээ 111,600,000 төгрөг болж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч компанид 47,600,000 төгрөгийн хохирол учруулсан тул дээрх хохирлын 20 хувь буюу 9,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх боловч хохирол учирсан талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлоогүй, уг байдал нь хэргийг баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч *******аас 9,390,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй учир гэрээнээс татгалзаж, “*******” ХХК-иас 15,000,000 төгрөгөө буцаан гаргуулах сөрөг  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” байна, 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно.”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс эхэлнэ.” гэж заажээ.

Анхан шатны шүүх шаардах эрх үүссэн үеийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэх тоолсон нь буруу бөгөөд хариуцагч “*******” ХХК-ийн шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолох ба сөрөг нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа 9 хоног хэтэрсэн байгаа талаар зөвтгөн дүгнэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч “*******” ХХК-ийн “ ...үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 309/ШШ2026/00331 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 571,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ГАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                 Г.УРТНАСАН

                                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ