Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00540/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Цацалын 2-09 тоотод оршин суух, Боржигон овогт Өлзийбаярын Наранбатын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 24-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ө.Наранбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ө.Наранбат миний бие 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Жаргалант бригадад малчнаар ажиллаж байгаад 1975 оны 05 сард цэргийн албанд татагдаж 3 жил цэргийн алба хаасан  юм. Цэргээс халагдаж ирээд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Миний бие өндөр настны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн Жаргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч Ө.Наранбат нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Ө.Наранбат нь 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл,  1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил” нэгдлийн Жаргалант бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
                                      
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.  
Хүсэлт гаргагч Ө.Наранбат нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Ө.Наранбат нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СИ-57061719 регистрийн дугаартай, Боржигон овогт Өлзийбаярын Наранбат нь 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын  “Буянт-Оргил” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Гэрч Д.Хишигжаргалын: ...Би 1978 оны 11 дүгээр сараас 1982 оны 8 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Жаргалант” бригадад малчнаар, 1982 оны 9 дүгээр сараас 1990 оны 4 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант бригадад агентаар ажиллаж байсан юм... Ө.Наранбат нь 1978 оноос 1987 оныг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргаар Дондов, бригадын даргаар Дугар гэдэг хүмүүс ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)

2.Гэрч С.Мөнхжаргалын: ... Би 1977 оны 05 дугаар сараас 1993 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант бригадад малчнаар ажиллаж байсан юм... Ө.Наранбат нь 1978 оноос 1987 оныг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар ажиллаж байсан... Тухайн үед Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн даргаар Дондов гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 24-25 тал)

3. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан Өлзийбаярын Наранбатыг 1978 оны 06 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 5 тал)

4. Хүсэлт гаргагч Ө.Наранбатын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Өлзийбаярын Наранбатыг Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс “Жаргалант” бригадад малчнаар томилов гэжээ.. (хх-ийн 6 тал)

5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Өлзийбаярын Наранбат 1957 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, СИ-57061719 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 4 тал)

6. Ө.Наранбатын шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хүсэлт гаргагч нь 1971 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  

Хүсэлт гаргагч Ө.Наранбат нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.  (хх-ийн 25 тал)

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СИ-57061719 регистрийн дугаартай, Боржигон овогт Өлзийбаярын Наранбатыг 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын  “Буянт-Оргил” нэгдлийн “Жаргалант” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ө.Наранбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ