Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2026/00020

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 309/ШШ2026/00387 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******о, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 04 сарын 29-ний өдрийн Б/28 тоот тушаалаар тус газрын 132 дугаар салбарт Бичиг хэрэг-оператор, аж ахуйн няраваар орж ажилласан. 2024 оны 05 дугаар сарын эхээр манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн ******* намайг өрөөндөө дуудаад “дээрээс чамайг ажлаас чөлөөл гээд байна, чи ажлаас гарах өргөдлөө бичиж өг” гэсэн. Би “миний хувьд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байж яагаад ажлаас гарах өргөдөл бичиж өгөх ёстой юм бэ” гэж хэлсэн. Үүний дараа буюу 2024 оны 05 сарын 08-ны өдөр манай гэрийн хаягаар Монгол шуудангаар дамжиж Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын “Мэдэгдэх хуудас” ирсэн. Тухайн мэдэгдэх хуудсанд “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу *******о таныг 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж байна” гэсэн байсан.

Тухайн үед газрын даргаас намайг ажлаас халсан тушаал ирээгүй байсан учир би ажиллаж байсан. 2024 оны 05 сарын 09, 10-ны өдрүүдэд бүтэн ажилласан. Манай байгууллага сарын эхний хагасын цалинг тухайн сарын 10-ны дотор авдаг юм. Тиймээс би энэ ёсоор 5 дугаар сарын цагийн тооцоогоо гаргаад нягтлан бодогчид өгсөн. Гэтэл нягтлан бодогч над руу залгаад “...чамд урьдчилгаа цалин бодогдохгүй юм байна” гэж хэлсэн.

Мөн 2024 оны 05 сарын 08-ны орой ажил тарсны дараа салбарын дарга ******* над руу залгаад “тогооч *******тэй хамт аймгийн захиргаан дээр очоод хивс угаачих, угаалгын бодис байвал аваад очоорой” гэж хэлсэн. Үүний дагуу би угаалгын бодис бэлдээд гэрээс гарах гэж байтал салбарын дарга ******* дахин над руу залгаж “чамайг аймгийн захиргаа руу очих хэрэггүй гэнэ ээ, чамд ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгчихсөн байгаа учир ажил хийлгэхгүй гэнэ” гэж хэлсэн. Ингээд би 2024 оны 05 сарын 10-ны өдрийг дуустал ажиллаад, 13-ны өдрөөс ажилдаа очоогүй, ажлаас халах тушаалыг хүлээсэн.

Хүний нөөцийн мэргэжилтнээс 2024 оны 06 сарын 13-ны өглөө миний утсанд “ажлаас чөлөөлсөн тушаал гарсан шүү” гэсэн зурвас ирсэн. Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2024 оны 06 сарын 07-ны өдрийн Б/44 тоот “*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал байсан. Би уг асуудалтай холбоотойгоор Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан. Тус хорооноос 2024 оны 07 сарын 16-ны өдөр “...Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2-т заасны дагуу шүүхэд шууд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

Иймд *******о би Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 132 дугаар салбарын Бичиг хэрэг-оператор, аж ахуйн нярав албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулна, мөн 2024 оны 05 дугаар сарын 10-ыг дуусталх хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга: “... Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны мн/04 дүгээр тушаалаар Онцгой байдлын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, тус газрын 132 дугаар салбарын бүтэц, орон тоог төрийн тусгай албан тушаалд шилжүүлэн цэргийн цол олгоход салбарын бичиг хэрэг-оператор, аж ахуйн нярвын орон тоог цомхотгосон. Харин тус салбарт чанарын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал шинээр бий болоход уг албан тушаалд *******ыг дэвшүүлэн томилуулах саналыг 2024 оны 04 дүгээр сард Онцгой байдлын ерөнхий газрын даргад албан бичгээр уламжилсан бөгөөд “...*******ын мэргэжил нь уг албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй тул томилох боломжгүй” гэсэн хариу өгсөн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасны дагуу мэдэгдэх хуудас өгч, үүнээс хойш 30 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн. Тиймээс *******ын ажилласан хугацааны ээлжийн амралтыг ажлын 5 хоногоор тооцож олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

... Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа ******* 2024 оны 05 сарын 01-ний өдөр *******ыг дуудаж уулзан дээрх байдлыг танилцуулж, ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдсэн. Ингээд 2024 оны 05 сарын 06-ны өдөр *******од “Мэдэгдэх хуудас” өгч, ажлаас чөлөөлсөн. *******о нь тухайн салбарын цагийн бүртгэлийг бүртгэдэг байсан бөгөөд бүртгэлийг авч хянаж үзэхэд 2024 оны 05 сарын 02-ны өдрөөс хойш цагийн бүртгэл хөтлөөгүй байгаа нь ажил хийгээгүйг нотолж байна.” гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 132 дугаар салбарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,2000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч *******о давж заалдах гомдолдоо:“... Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна.

 Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг маань маш бүдүүлгээр зөрчсөн. … намайг ажлаас хал гэж буй талаар, ямар үндэслэлээр халах гэж буй талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, газрын дарга ******* нь надтай нэг ч удаа уулзаагүй, тайлбар өгөх ч боломж олгоогүй.

… Учир байдлаа зөвөөр тайлбарлан ойлгуулж, миний ажилласан хугацааны цалинг өгөөд, нийгмийн даатгалд бичилт хийсэн бол би ажлаас халагдсан тэтгэмжээ авах байсан. Ажлаас халагдсан тушаалыг 2024 оны 06 дугаар сард аваад нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж ажлаас халагдсан тэтгэмжээ авах гэтэл 5 дугаар сард цалин чинь тасарсан байна гээд надад тэтгэмж олгоогүй. Энэ бол 100% Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын буруутай үйлдэл.

Мөн намайг ажлаас халах тухай мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан атлаа 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халсан гэж бичсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бол ажлаас халахаас 30 хоногийн өмнө өгөх ёстой байдаг байтал гэнэт мэдэгдэл өгч, тайлбар авахгүйгээр шууд “Ажилд очих шаардлагагүй” гэж намайг хүчээр ажлаас гаргасан.

Би мэдэгдэл хүлээн авснаас хойш 30 хоног ажиллаж, цалин хөлсөө авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх эрхтэй байсан бөгөөд энэ хугацаанд дараагийн ажлаа хайх, хугацаа тасалдахгүйгээр өөр ажилд орох боломж байсан. Гэвч миний энэ эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Намайг хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халж буй бол мөн хуульд заасны дагуу 1 ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж өгөх ёстой байсан ч өгөөгүй.

Дээрх байдлаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг минь эдлүүлж, боломжийг минь олгосон байсан бол би шүүхэд нэхэмжлэл гаргаад явахгүй байсан болов уу гэж боддог. … Хүний нөөцийн мэргэжилтэн ******* нь миний ажиллаж байсан ажлын байрыг цомхотголд орсон гэж байгаа боловч бодит байдал дээр би хийдэг байсан ажлаа хийгээд явж байсан. … Өдөр бүр хийдэг ажил үүргээс маань өөрчлөгдсөн зүйл нэг ч байгаагүй. Би өөрийгөө хууль бусаар халагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмждэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо:Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

… *******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны мн/04 дүгээр тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталж … 132 дугаар салбарын бичиг хэрэг - оператор, аж ахуйн нярвын орон тоог цомхотгосон” гэсэн хариуг өгсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын ажлын байрыг “Цомхотгогдсон” хэмээн дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан ажлын байр хасагдсан гэдэгт тухайн аж ахуйн нэгж, байгууллагын бүтцээс тодорхой төрлийн ажил, албан тушаал байхгүй болохыг ойлгодог бол орон тоо цөөрсөн гэдэгт нэг төрлийн ажил, албан тушаалын тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгодог.

Хэрэгт цугларсан баримтаас харахад нэхэмжлэгч *******ын ажиллаж байсан “Бичиг хэрэг, оператор, аж ахуйн нярав”-ын албан тушаалын нэршил нь “Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн” хэмээн өөрчлөгдсөн боловч хийж гүйцэтгэх өдөр тутмын ажил үүрэг нь хэвээр байсан байна.

… Хариуцагч байгууллагын төлөөлөгч хэдийгээр “*******ын өмнө эрхэлж байсан ажил үүрэг нь сүүлд батлагдсан чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалын ажил үүргээс өөр болсон, чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалын ажил үүрэг нь Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын бичиг хэргийн албан тушаалын ажил үүрэгтэй давхацсан гэж тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй юм.

Ажил, албан тушаалын нэршил өөрчлөгдсөнийг ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2024.06.07-ний өдрийн Б/44 тоот тушаал нь хууль бус юм.

 … Хэрэгт цугларсан баримтаас харахад Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын “Мэдэгдэх хуудас” нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд тус мэдэгдэх хуудсыг *******о нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар дамжуулан хүлээн авсан. Мөн 2024 оны 05 дугаар сарын 08-ны орой тус газрын 132 дугаар салбарын дарга ******* нь *******од хандан “Чамд ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгчихсөн байгаа учир ажил хийлгэхгүй, ажилд хамруулахгүй” гэсэн үүрэг өгсөн гэж хэлсэн гэх үйл баримт тогтоогддог бөгөөд энэ нь гэрч *******, гэрч Г.******* нарын мэдүүлгээр нотлогддог.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь анхан шатны шүүх хурал дээр *******ыг 2024 оны 05 дугаар сарын 8-ны өдрийг дуустлах хугацаанд ажилласан эсэх дээр маргаагүй. Мөн … Ц.Оюунтунгалаг гэх хүний бүртгэсэн гэх цагийн бүртгэл нь үйл баримтыг тодруулах ач холбогдлоо алдсан нотлох баримт байна. …Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шалгаж, хэргийн үйл баримтыг бодитоор тогтоогоогүйгээс хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс *******о нь хийж гүйцэтгэсэн ажлаа үнэгүйдүүлж хохирсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Мөн ажил олгогч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын дарга нь *******ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргахаасаа өмнө 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаар “Мэдэгдэх хуудас” гаргаж, шуудангаар хүргүүлсэн. Ийнхүү хүргүүлснээр *******ын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй нь хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан.

… Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д “Энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно” гэж заасан. Гэвч *******оор ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлээгүй атлаа түүнд тушаал гарах хүртлэх хугацаагаар тооцож олговор олгоогүй ноцтой зөрчил гаргасан.

… *******о нь тухайн байгууллагад 2 жил ажилласан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтаны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд 1 ба түүнээс сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой байсан боловч тэтгэмж олгоогүй ноцтой алдаа гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах үүрэгтэй байдаг. Гэвч хариуцагч байгууллага *******ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо түүнд урьдчилан мэдэгдээгүй, тайлбар аваагүй ноцтой зөрчил гаргасан байна.” гэжээ.

6. Нэхэмжлэгч *******о шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ер нь л шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Ер нь хэвийн ажиллаж байгаа хүнийг ажлаас чөлөөлөхөөр бол үндэслэл бүхий байх ёстой гэж ойлгож байна. Гэтэл би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Ингэснээр миний эрх зүйн чадамж хязгаарлагдсан. Намайг анх “өөрөө хүсэлтээ бичээд өгчих” гэж хэлж байсан. Энэ нь надад эвгүй санагдаад хүсэлт бичиж өгөөгүй. ...Одоогоор миний бие хувийн компанид ажиллаж байгаа. Иймд урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаас татгалзах бодолтой байна.  Харин ажилгүй байсан хугацааны цалин болон ажиллуулаагүй хугацааны цалингаа авмаар байна.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Солонгын албан тушаалыг цомхотгосон байна гэж үзсэн. Гэвч тийм зүйл болоогүй. Орон тоо нь цөөрсөн гэж шүүх үзсэн гэж ойлгосон. Давж заалдах гомдолдоо энэ талаар тодорхой дурдсан. Гэтэл маш нууцын зэрэглэлтэй баримтаас харахад Солонгын ажиллаж байсан орон тоо цөөрсөн биш нэмэгдсэн байгаа нь харагддаг. Тухайн ажиллаж байсан албан тушаалын нэршил болон мэргэжлийн шалгуур дээр өөрчлөлт орсон шийдвэрийг дээд шатны байгууллагаас гаргасан. Гэхдээ энэ шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа Солонготой гэрээ байгуулж ажиллуулсан ба үүнээс хойш 4 сарын хугацаанд хэвийн ажлаа хийгээд л явж байсан. Хөдөлмөрийн тухай хуульд заасан агуулгаас харахад нэршил өөрчлөгдөхийг цомхотгол гэж харахгүй. Өдөр тутмын үйл ажиллагааны чиглэл хэвээр байгаа бол цөөрсөн гэж үздэггүй. Бүтэн нэг жил дөрвөн сарын хугацаанд ажиллуулах боломжгүй байсан нөхцөл байдал бүрдээгүй гэж харж байгаа. ... Эргээд ажилд авах сонирхолгүй байгаа бол ядаж ажиллаж байсан үеийн цалин хөлсөө гаргуулж авах хүсэлтэй байгаа. Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь зүйтэй байна. ... 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 өдрийн цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мэдэгдэх хуудсыг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр огноолсон ба 05 дугаар сарын 01-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн байдаг. ... Ажил хөдөлмөр эрхэлсэн бол цалин хөлсийг авах ёстой. Гэтэл 6 өдөр ажиллачихаад байхад цалин хөлсийг нь өгөхгүй байх нь албадан хөдөлмөрлүүлсэн зөрчил болж байгаа юм. ... Мөн дараагийн дугаарт Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэдэгдэл өгч байгаа үед тэтгэмжийг олгох ёстой байдаг. Гэтэл энэ тэтгэмжийг өгөөгүй. ... Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Солонго нь урьд нь энгийн албан тушаал буюу бичиг хэрэг оператор, аж ахуйн нярав гэсэн орон тоонд ажиллаж байсан. Гэвч уг ажлын байр байхгүй болоод Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо бий болсон. Энэ ажлын байр офицер цолтой байхыг шаардах болсон ба Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ажилд томилдог. Энгийн байсан албан тушаалыг төрийн тусгай болгосон. Цэргийн албаны мэдлэгтэй байхыг шаарддаг болсон. Бид нар Солонгыг томилуулахаар хоёр ч удаа хүсэлтийг дээд байгууллагад хүргүүлсэн. Гэвч “албан тушаалд мэргэжил нь тохирохгүй” гэдэг хариуг бидэнд өгсөн. ... Бид Солонгыг ажиллаж байх хугацаанд нь офицер цол олгох гэж их хичээсэн. Ер нь бол төрийн үйлчилгээнээс төрийн тусгай болгох шийдвэрийг Онцгой байдлын ерөнхий газраас “маш нууц”-аар илгээгддэг. Тэрнээс биш бидэнд мэдээлэл ирдэггүй. Манай байгууллагаас Солонгыг алдаа зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлөөгүй. Сайн ажилтан гэдгийг мэднэ. Онцгой байдлын ерөнхий газраас ажлаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэдэг учраас бид эргээд ажилд томилох боломжгүй байгаа юм.” гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт холбогдох ажлаас буруу халсан тухай гомдолтой иргэний хэргийг нэхэмжэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч *******о нь хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан  “урьд эрхэлж байсан тус газрын 132 дугаар салбарын бичиг хэрэг оператор, аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор болон 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  “тус газрын 132 дугаар салбарын бичиг хэрэг оператор, аж ахуйн няравын ажилд эгүүлэн тогтоолгох” гэх шаардлагыг “ тус газрын Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилуулах” болгон өөрчилж, 2024.05.11-ний өдрөөс 2025.10.23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 22 054 202 төгрөг, 2024.05.02-ны өдрөөс 2024.05.08-ны өдрийг дуустал хугацааны 6 өдөр ажил үүрэг гүйцэтгэсний цалин хөлс 364 866 төгрөг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгүүлэхээр шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “ ... тус байгууллагад 2022.04.19-ний өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд бичиг хэрэг-оператор, аж ахуйн нярав гэсэн ажлын байранд ажилласан. Энэ хугацаанд би ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2024 оны 5 сарын эхээр намайг хүний нөөцөөс дуудаад миний ажлын байрыг байхгүй болсон, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өг гэхэд нь би зөвшөөрөөгүй. Үүний дараа мэдэгдэх хуудсыг 2024.05.08-ны өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн, уг мэдэгдэх хуудсанд намайг 2024.05.01-ний өдрөөс чөлөөнө гэсэн байсан. Миний бие 2024.05.10-ны өдрийг хүртэл ажлаа хийсээр явсан. Ингээд газрын даргын 2024.06.07-ны өдрийн Б/144 тоот тушаалаар намайг 2024.05.01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. ... Уг тушаалыг зөвшөөрөхгүй. Учир нь минй ажлын байр хасагдаагүй. .... мөн ажлын 6 өдөр ажилласан байхад цалинг маань өгөөгүй. Нэхэмжлэл гаргах үед тус байгууллагын бүтцэд бичиг хэрэг, оператор, аж ахуйн няравын орон тоо байгаа гэж ойлгож байсан боловч нотлох баримт бүрдүүлэх явцад хэрэгт авагдсан баримтаас харахад тус орон тоо нь чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо болж өөрчлөгдсөн байна. Энэ ажлын байрны чиг үүрэг нь миний урьд хийдэг байсан ажил үүрэгтэй ижил, өөрчлөгдөөгүй хэвээрээ байсан. ... Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэж тайлбарлажээ.   

4. Хариуцагч байгууллагын татгалзал, түүний үндэслэлийн агуулга: “... Манай байгууллагад Солонгын ажиллаж байсан энгийн албан тушаал буюу бичиг хэрэг оператор, аж ахуйн нярав гэсэн ажлын байр Ерөнхий газрын даргын 2023 оны тушаалаар манай бүтэц орон тооноос хасагдсан байсан. Оронд нь Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн ажлын байр шинээр бий болсон ба мэргэжил нь өөр болж, төрийн тусгай албан тушаал буюу офицер цолтой хүн байх шаардлага тавигдсан. Гэвч бид хүнээ ажилгүй болгохгүйн тулд урьд байсан албан тушаалд нь ажиллуулаад энэ хугацаанд шинээр бий болсон албан тушаалд томилуулах тухай саналыг Ерөнхий газарт 2 удаа хүргүүлсэн. Гэвч Солонгын мэргэжил таарахгүй байна гэсэн хариу ирсэн тул түүнийг 2024.05.01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг 2024.06.07-ны өдөр гаргасан. Мэдэгдэх хуудсыг 2024.05.08-ны өдөр өгсөн ба мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа тушаал гаргасан. Солонго нь 2024.05.01-ний өдрөөс хойш 2024.05.10-ны өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тул цалин хөлс бодогдоогүй. ...иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан маргасан.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны тушаалаар хариуцагч байгууллагын бүтэц орон тооноос *******ын урьд эрхэлж байсан ажлын байр хасагдсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв боловч зохигч талуудын дунд үүссэн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааны талаар хангалттай эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч *******о нь хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар тус газрын 132 дугаар салбарын бичиг хэрэг, оператор, аж ахуйн няравын албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба тус газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Б/44 тоот тушаалаар *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэн 2024.05.01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн үйл баримтууд тогтоогджээ.

7. Нэхэмжлэгч *******о ажил олгогчийн дээрх тушаалыг эс зөвшөөрч Дорнод аймгийн Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан боловч тус хороо ирц бүрэлдэхгүйн улмаас маргааныг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсний дагуу шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг заасан ба мөн зүйлийн 80.1.1-т ...ажлын байр хасагдсан нөхцөл хамаарахыг хуульчилжээ.

Ажлын байр хасагдсан гэдэг нь тухай байгууллагын зохион байгуулалтын өмнөх бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд  энэ талаарх шийдвэрийг байгууллагын эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байхыг шаардана. 

9. Хэрэгт авагдсан баримт болох Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №мн/04 тоот тушаалаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын бүтэц орон тоог баталж, тус газрын Хэрлэн сум дахь Улсын нөөцийн 132 дугаар салбарын Бичиг хэрэг, оператор, аж ахуйн няравын орон тоо байхгүй болж, Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоог шинээр бий болгон, уг ажлын байр нь албан тушаалын зэрэглэлийн хувьд төрийн тусгай ангилалтай, ахмад цолтой байхаар батлагджээ. /Маш нууц тэмдэглэгээтэй/

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны №мн/01 тоот тушаалаар батлагдсан Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Бичиг хэрэг, оператор, аж ахуйн няравын албан тушаал нь төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлтэй байсан байх ба энэ тушаалыг дээрх 2023 оны №мн/04 тоот тушаалаар хүчингүй болгосон байна. /Маш нууц тэмдэглэгээтэй/

Дээрх баримтуудаас үзвэл хариуцагчийн дээд байгууллагын эрх бүхий этгээдийн тодорхой үндэслэл журмын дагуу гаргасан шийдвэрээр Дорнод аймгийн Онцгой байдлын газрын бүтэц зохион байгуулалтаас бичиг хэрэг, оператор, аж ахуйн няравын орон тоо хасагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

10. Ажил олгогчийн зүгээс *******ыг шинээр бий болсон “Чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн” гэх албан тушаалд томилуулахын тулд цэргийн сургалтанд хамруулан цэргийн тангараг өргүүлсэн, уг албан тушаалд томилуулах саналыг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлсэн боловч *******ын тус ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр татгалзсан хариуг өгсөн гэх хариуцагч байгууллагын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгчийн хувьд өөрийн ажиллаж байсан орон тоо хасагдах болсон шалтгаан нөхцөл болон шинээр бий болсон ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгааг тус тус мэдсэн гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан баримтууд болох ажил олгогчийн *******отой байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ болон чанарын асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтоор *******ын урьд эрхэлж байсан бичиг хэрэг, оператор, аж ахуйн няравын ажил үүрэг нь чанарын асуудал эрхэлсэн мэргэжилтэн албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийн хувьд өөрчлөгдөөгүй гэж үзэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар, гомдол үндэслэлгүй.

11. Нэхэмжлэгч талаас ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч 30 хоногийн дараа ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэх хуудас хүргүүлэх үеэс эхлэн чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг зөрчсөн гэж маргасан ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн ...80.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдол ажил олгогч нотлох үүрэгтэй.” гэж заажээ.

Ажил олгогч нь ажилтан *******ыг ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсыг  2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардуулан өгсөн талаар талуудын хэн алин нь маргаагүй.

Гэвч ажил олгогч нь мэдэгдэх хуудас өгснөөс хойш 30 хоногийн дараа буюу 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр *******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/44 тоот тушаалыг гаргахдаа түүнийг мэдэгдэх хуудас өгөхөөс өмнө буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсөн, улмаар энэ хугацаанд түүний ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, энэ тохиолдолд уг хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4, 80.5-д тус тус заасантай нийцээгүй байна.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-т зааснаар мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзсэн бол түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болох тухай хуульчилсан.

Хуулийн дээрх заалтаас үзвэл ажил олгогч нь ажилтан *******ыг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажил үүргийг нь гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гарах өдрийг хүртэл хугацааны олговрыг олгох байтал огт цалин хөлс олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Гэвч ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5-д заасныг тус тус зөрчсөн боловч хариуцагч байгууллагын бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан бичиг хэрэг оператор, аж ахуйн нярав ажлын байр бодитоор байхгүй тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн авах үүргийг ажил олгогчид хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

Дээрх тогтоогдсон үйл баримтуудаас үзвэл хариуцагчийн дээд байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрыг хариуцагч байгууллагын бүтцээс хасах шийдвэрийг 2023 оны 01 сард гаргасан боловч нэхэмжлэгчийг шууд ажилгүй болгохгүйгээр 2024 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулж, энэ хугацаанд шинээр бий болсон орон тоонд дэвшүүлэн томилуулах саналыг дээд газарт удаа дараа хүргүүлсэн нь үр дүнд хүрээгүйн улмаас *******ыг ажлаас  чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг тус байгууллагад байхгүй албан тушаалын ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэлгүй, мөн шинээр бий болсон чанарын асуудал эрхэлсэн мэргэжилтний албан тушаалд шүүхийн зүгээс томилох боломжгүй гэж үзэх ба анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******о нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох тухай хэсгээс татгалзаж байгаа талаар тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.

12. Давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д зааснаар нэхэмжлэгчийг ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй хугацааны буюу 2024 оны 05 сарын 01-ний өдрөөс 06 сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны олговорыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******о нь 2024 оны 02, 03, 04 дүгээр саруудад нийт 62 хоног ажиллаж, нийт 3 891 920 төгрөгийн цалин хөлс авсан байх ба дээрх хугацааны нэг өдрийн дундаж цалин хөлс нь 62 773 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийг ажил үүргийг нь гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн 2024.05.01-ний өдрөөс тушаал гарсан 2024.06.07-ны өдрийг хүртэл хугацаанд нийт ажлын өдөр нь 27 хоног байх ба үүнийг дээрх нэг өдрийн дундаж цалин хөлс 62 773 төгрөгөөр тооцон, дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 694 868 төгрөгийг хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******од олгох 1 694 868 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутганнэхэмжлэгчийн  нийгмийн  даатгал,  эрүүл  мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

13. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжээ хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

14. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 309/ШШ2026/00387 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 80 дугаар зүйлийн 80.5-т тус тус зааснаар хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэл хугацааны олговорт 1 694 868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 22 054 202 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан  нэхэмжлэгч *******од буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 067 төгрөгийг гаргуулан төсвийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******од олгох 1 694 868 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутганнэхэмжлэгчийн  нийгмийн  даатгал,  эрүүл  мэндийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн тухай баталгаажуулалт хийхийг хариуцагч Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт даалгасугай.” гэсэн заалт нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ЭРДЭНЭЗУУ

  ШҮҮГЧИД                                                       С.ГАНЧИМЭГ

                                                            Г.УРТНАСАН