Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 885

 

  

 

 

 

 

 

 

 

   2019        10          09                                    2019/ШЦТ/885    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: К.Еркебулан;

шүүгдэгч: П.Даваажамц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амьжид овогт Пэрлийн Даваажамцад холбогдох эрүүгийн 1909023890846 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 8 дугаар байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЙМ00260514 регистерийн дугаартай, Амьжид овогт Пэрлийн Даваажамц.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч П.Даваажамц нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 8 дугаар байрны урд талын гаражинд байрлуулсан хохирогч Ц.Цэцэгбадамын өмчлөлийн 17-97 УБД улсын дугаартай “Тоёотa Сай” загварын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Даваажамц мэдүүлэхдээ: Хавтаст хэрэгт өмнө нь мэдүүлгээ өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9/, хохирогч Ц.Цэцэгбадам /хх-ийн 11-12/, гэрч Г.Алтансүх /хх-ийн 14/, Б.Үүрцайх /хх-ийн 15-16/, Ц.Зоригоо /хх-ийн 17-18/ нарын мэдүүлэг, П.Даваажамцын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 29-30/, “Дамно” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 24/, Авто тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа /хх-ийн 34/, П.Даваажамцын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-37/, Ц.Цэцэгбадамын хавтаст хэргийн материалтай танилцсан баримт /хх-ийн 54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч П.Даваажамц нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 8 дугаар байрны урд талын грашид байрлуулсан иргэн Ц.Цэцэгбадамын өмчлөлийн 1797 УБД дугаартай “Тоёотa Сай” маркийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ц.Цэцэгбадамын /хх-ийн 11-12/: “... Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 7 дугаар байранд амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ням гарагт гадуур ажилтай явж байгаад 19 цагийн үед өөрийн “Тоёота Сай” маркийн 1797 УБД дугаартай автомашиныг 11 дүгээр хорооллын 8, 9 дүгээр байрны голд байдаг грашид оруулж тавьсан. Тухайн грашны зосгоол болгон нь эзэнтэй байдаг болохоор орой миний машиныг байрлуулсан зогсоолын эзэн нь ирж магадгүй гэж бодоод би өөрийн машины түлхүүрийг грашийн манаач гэх туранхай намхан биетэй залууд өгсөн. Тэгээд би өөрөө гэррүүгээ орсон. Маргааш өглөө нь буюу 2019 оны 06 дугаар сарын 17-ны өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд граш руу ороод машинаа авах гэтэл миний машин байхгүй байсан. Грашид хэн ч байгаагүй. Тэнд хэсэг хүлээгээд грашийн эзний утасны дугаарыг олоод залгасан боловч холбогдоогүй. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд “та журмын хашаанууд руу залгаж үз” гэхээр нь залгатал “Монел”-ийн тэнд байдаг Баянзүрх дүүрэгт харъяалагдах журмын хашаанд байгааг мэдсэн. Тэр журмын хашааны хүн нь “Баянзүрх дүүргийн Алтансүх гэдэг замын цагдаатай уулзаарай” гэж хэлсэн. Тэгээд нөгөө дуудлагаар ирсэн цагдаа нартай хамт “Монел” руу хамт явж очоод үзтэл миний машин байж байсан. Миний машиныг надаас түлхүүр авдаг грашийн манаач залуу согтуугаар жолоодож барьж явж байгаад цагдаад баригдан журамлагдсан байсан. Би тэр залууд “унаж яв” гэсэн зөвшөөрөл өгөөгүй. Миний машинд учирсан эвдрэл гэмтэл байгаагүй, машинаа бүрэн авсан учир гомдолгүй..." гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Алтансүхийн /хх-ийн 14/: “... Би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагчаар ажилладаг цагдаагийн ахлах ахлагч цолтой хүн байгаа юм. 2019 оны 06 сарын 16-17-нд шилжих шөнө шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн тойргийн уулзвар дээр тээврийн хэрэгслүүдэд үзлэг, шалгалт хийж байх үед цагаан өнгийн “Тоёота Сай” маркийн 1797 УБД улсын дугаартай автомашины жолоочийг тандагчаар үлээлгээд шалгахад улаан гэрэл ассан буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж гарсан. Тэгээд тухайн автомашиныг түр зогсоогоод жолоочийн бичиг баримтыг үзэх гэтэл бичиг баримтгүй байсан. Тэгэхээр нь торгуулийн багажаар түүний регистерийн дугаарыг хийж жолооч мөн эсэхийг шалгахад тухайн Даваажамц гэдэг залуу нь жолоодох эрхийн үнэмлэхгүй жолооч биш байсан. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан ахмад Үүрдмөнхөд тухайн залуугийн согтуурлын зэргийг шалгуулахаар шилжүүлэн өгсөн. Үүрдмөнх ахмад драгер багажаар зөрчил гаргасан Даваажамцыг үлээлгэн шалгахад 0.25 хувийн согтолттой байсан. Тэгээд “Тоёота Сай” маркийн машиныг ачилтын машин дуудан ачуулж, журмын хашаанд хүргүүлсэн. Харин Даваажамц гэгчийг жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан учраас эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Зоригоогийн /хх-ийн 18/: “... Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 8 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүр ажилтай хүн байгаа юм. Манай дүү Даваажамц нь 11 дүгээр хороололд байдаг грашийн манаачийн ажил хийдэг. 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр буюу өчигдөр грашийн эзэн болох Батбилэг гэх хүн над руу ирээд “танай хүү чинь өчигдөр хүний машин унаад явчихсан байна” гэж хэлсэн. Дараа нь Даваажамцыг эрүүлжүүлэхэд байгаа гэдгийг мэдээд очиж авсан. Харин нөгөө хүний машиныг журмын хашаанд хийлгэсэн байсан. Би журмын хашааны мөнгийг нь төлөөд журмын хашаанаас нөгөө эмэгтэй хүний машиныг гаргаж өгсөн...” гэх мэдүүлгээр,

 

П.Даваажамцын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 29-30/: “... Би найз Төгөлдөрийг хүнтэй уулзана гэхээр нь хүргэж өгөх санаатай тэр машиныг авч явсан. Машины эзэн надад машин унах зөвшөөрөл өгөөгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч өөрийн автомашины түлхүүрийг шүүгдэгчид сайн дураараа шилжүүлэн өгснийг, шүүгдэгч нь хохирогчийн машиныг зөвшөөрөлгүйгээр авч явсан болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан П.Даваажамцын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр явч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч П.Даваажамц нь “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр явч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Цэцэгбадам нь “миний машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй бүрэн бүтэн машинаа хүлээн авсан тул гомдолгүй” гэсэн мэдүүлгийг хавтаст хэргийн 12 дугаар талд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан П.Даваажамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Амьжид овогт Пэрлийн Даваажамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг заших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Даваажамцыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Даваажамцад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Даваажамц нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Даваажамцад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ