| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0637/э |
| Дугаар | 887 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 887
2019 10 10 2019/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: П.Эрдэнэбаатар;
өсвөр насны шүүгдэгч: О.Эрдэнэ-Очир, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ундармаа, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буриад овогт Оюунбаатарын Эрдэнэ-Очирт холбогдох эрүүгийн 1909026910918 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн 58 дугаар сургуулийн 12б ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4 дүгээр гудамжны 252 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, МЮ02241231 регистерийн дугаартай, Буриад овогт Оюунбаатарын Эрдэнэ-Очир.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч О.Эрдэнэ-Очир нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22
цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35 дугаар
гудамжинд байрлах “Уртын Чандмань” дэлгүүрийн урд талд хохирогч
С.Цэрэнтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар
түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээж рүү нь түлхэж унагаан уруулын
шарх, нуруунд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр
хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд арван найман насанд хүрээгүй хохирогч С.Цэрэнтогтох /хх-ийн 14-18/, гэрч Н.Гантөмөр /хх-ийн 30/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8756 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, О.Эрдэнэ-Очирын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 38-49/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очир нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35 дугаар гудамжинд байрлах “Уртын Чандмань” дэлгүүрийн урд С.Цэрэнтогтохтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
арван найман насанд хүрээгүй хохирогч С.Цэрэнтогтохын /хх-ийн 18-20/: “... 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн үед найз Гантөмөрийн хамтаар Дүнжингаравын тэнд байдаг ажлаасаа гараад гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35 дугаар гудамжны үзүүрээр явж байтал “Уртын чандмань” дэлгүүрийн урд талд явган хүний зам дээр миний таньдаг Бороо, Баяраа, Алтангадас, Эрка нар байсан. ... Бороогийн ах нь ирээд Бороог намайг заамдуулсан гарыг тавиулсан тэгэхээр нь би хойшоогоо хоёр удаа алхаад явтал Эрка гэгч миний нүүрэн тус газарт 2 удаа цохиод авсан. Миний толгой манарсан. ... Манай найзыг нөгөө хэд зодох гээд дайртал манай найз Гантөмөр нь зугтааж гүйгээд манай гэр рүү гүйж ороод манай ах нарыг дуудсан. Нөгөө хэд зугтаагаад гүйгээд явсан. ... Намайг цохисон Эрка гэгч нь манай 10 жилийн нөгөө ангид байсан. Бүтэн нэрийг нь Эрдэн-Очир гэдэг нэртэй хүүхэд юм ...” гэх мэдүүлгээр,
гэрч Н.Гантөмөрийн /хх-ийн 29-30/: “... Эрка гэгч нь шууд Цэрэнтогтохын нүүрэн тус газарт цохиод авчихсан. Тэгэхээр нь би салгах гэтэл нөгөө хэд нь над руу дайрч зодох гээд байхаар нь цаашаа зугтаагаад гүйгээд хашааруугаа ороод ах нараа дуудаад гаргаад ирсэн чинь нөгөө залуучууд зугтаагаад гүйгээд явсан. Цэрэнтогтох доошоо тонгойгоод суусан байсан. Босоод ирсэн чинь амнаас нь цус гарчихсан байсан ...” гэх мэдүүлгээр,
О.Эрдэнэ-Очирын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-6/: “... Цэрэнтогтох нь миний цамцны энгэр хэсгээр гараараа заамдаж аваад намайг зодох гээд дайрхаар нь Цэрэнтогтохын нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод цээж хэсэгт нэг удаа түлхэж газарт унагаасан чинь манай найз нар намайг болиулсан...” гэх мэдүүлгээр,
С.Цэрэнтогтохын биед “уруулын шарх, нуруунд зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8756 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Арван найман насанд хүрээгүй хохирогч С.Цэрэнтогтох, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхцэцэг нараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
О.Эрдэнэ-Очир нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийг нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж О.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Мөн өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирыг хянан хүмүүжүүлэхдээ хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Буриад овогт Оюунбаатарын Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирт ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирт хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг дурдсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Эрдэнэ-Очирт нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ