| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/01753/И |
| Дугаар | 201/МА2026/00023 |
| Огноо | 2026-04-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 201/МА2026/00023
Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 309/ШШ2026/00326 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 43 271 040.72 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Зээлдэгч *******, ******* нар нь ХААН Банкны Дорнод салбарын төв тооцооны төвөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/202353173803 тоот бизнесийн зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн.
Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул зээлийн гэрээний 6.1, 6.1.1, 6.1.4, 6.2, 6.1.7, 6.1.8, 6.3, 6.4-т заасан заалтуудыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 43 271 040.72 төгрөгийг гаргуулж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БГУ/202353173803 тоот барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан татгалзлын агуулга: “... 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкнаас бизнесийн зээлийн зориулалтаар 70 000 000 төгрөгийн зээл авсан. Бизнесийн үйл ажиллагаа маань 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс түрээслэгч талын хүсэлтээр гэнэтийн байдлаар түрээсийн байраа суллах болсны улмаас түр хугацаанд зогссон. Үүнээс шалтгаалан орлого тасалдаж зээлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн.
... Хаан банкнаас 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхээр нэхэмжилсэн 43 271 040.70 төгрөгийн зээлийн төлбөрийг бүхэлд нь барагдуулах боломжгүй байгаа, мөн зээлийн барьцааны орон сууцыг итгэмжлэлээр барьцаалсан тул харгалзан үзнэ үү.
Бидний зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул эвлэрэн шийдэх хүсэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл ирсэн хугацаанаас хойш зээлийн төлөлтөө 6,000,000 төгрөг төлсөн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 34,326,800.53 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Үүн дээр хүүний төлбөр болох 4,120,164.7 төгрөг нэмэгдээд нийт 38,447,415.23 төгрөгийг 2025 оны 12 дугаар сараас эхлээд 6 сарын хугацаанд сар бүр 6500,000 орчим төгрөгөөр бүрэн төлж барагдуулах болно. Хүсэлтийг хүлээн авч эвлэрлийн журмаар шийдэж өгнө үү.” гэжээ.
3. Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие ******* нь хадам дүү болох *******т өөрийн орон сууц болох Ү-0614003851 дугаартай өмчилсөн 50-******* тоот байрыг Хаан банкны бизнесийн зээлийн барьцаанд итгэмжлэх эрхээр барьцаалуулсан. Энэ барьцаа нь одоо миний амьдардаг байр, байраа зээлийн барьцаанд хураалгахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч *******ийн зээлийн хугацаа дуусгавар болоогүй байгаа тул зээлийн гэрээний хугацаанд нь төлбөрөө төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 43,271,040.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрээр тогтооосон 43,271,040.72 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунхан гудамжны 50 дугаар байрны ******* тоот хаягт байршилтай 29 мкв бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,505 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 444,505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******, ******* нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Хаан банкнаас нэмэлт хугацаа тогтоосон байхад зээлийн төлөлтөө хийгээгүй гэж үзэж бидний хооронд байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хаан банкны зүгээс бидэнтэй уулзаж зээлийн төлөлтийг хийх талаар ямар нэгэн хугацаа санал болгоогүй. Мөн гэрээгээ цуцлах гэж байгаа талаар ч мэдэгдэж байгаагүй. Гэнэт л шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан.
Бидний хувьд зээлийн төлөлтөд 6 сая төгрөг, мөн дараа нь нэг сая гаруй төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдлийг сар бүр 2 552 000 төгрөгийн төлөлт хийгээд, гэрээний хугацаандаа төлөөд явах боломжтой байсан. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээнийхээ хугацаанд сар бүр төлөлтөө хийж, зээлийн үлдэгдэл төлбөрөө төлж дуусгахыг хүсэж байна.
Мөн барьцааны хөрөнгө нь хүний байр тул хураалгахгүйгээр зээлээ төлж барагдуулна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Отгончимэг нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтийг төлөхгүй болсон. Түүний өмнө хэд хэдэн удаа сард төлөх хугацааг хэтрүүлээд төлдөг байсан. Манайхаас 2, 3 удаа мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан. Гэтэл огт мэдэгдээгүй гэж яриад байх юм. Хариуцсан эдийн засагч нь тогтмол холбогдож байсан. Банкны зүгээс зээлийн гэрээг цуцлах эрхтэй. Гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сард дуусгавар болно. Гэвч одоогийн байдлаар бараг 12 сарын хугацаа хэтрэлттэй байгаа. 28 сая орчим төгрөгийг нэг удаад төлөхгүй л юм бол үүргийн гүйцэтгэлээр зээлийн төлбөрийг барагдуулна. Энэ талаар гэрээнд тодорхой тусгасан байгаа. Мөн хариуцагч нар нь өөр банк бусын зээлийн хугацаа хэтэрсэн учраас банкны дансанд нь шийдвэр гүйцэтгэх газраас барилт хийгдсэн байгаа. Тиймээс бид энэ хүмүүсийн төлсөн гээд байгаа 6 сая төгрөг, нэг сая гаруй төгрөгийн зээлийн төлбөрийг нь банк татан авах боломжгүй нөхцөл байдал бүрдсэн учраас зээлийн дүнгээс хасч тооцоогүй. ...” гэв.
7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн өмчөө барьцаанд тавиулсан нь үнэн. Гэхдээ ингээд байрыг маань хураах хэмжээнд хүрчихнэ гэж бодоогүй. Банктай ямар харилцаа үүсгэсэн болохыг би сайн хэлж мэдэхгүй байна. Уг нь зээлээ хэвийн л төлөөд явж байсан. Ямар ч байсан байртайгаа л үлдчих хүсэлтэй байна.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Хаан банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч “ХААН Банк” ХК-иас хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ХААН Банкны Дорнод салбарын төв тооцооны төвөөс зээлдэгч нартай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/202353173803 тоот бизнесийн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 40 334 400.53 төгрөг, зээлийн хүү 2 795 339.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134 300.47 төгрөг, нотариатын зардал 7000 төгрөг буюу нийт 43 271 040.72 төгрөгийг гаргуулах, уг мөнгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БГУ/202353173803 тоот барьцааны гэрээнд тусгагдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ: “... Бидний бизнесийн үйл ажиллагаа зогссоны улмаас зээл төлөх боломжгүй болсон. Банк гэрээгээ цуцлах тухайгаа бидэнд мэдэгдээгүй. Зээлийн төлөлтөөс төлсөн боловч хасалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэвч гэрээний хугацаа дуусаагүй тул гэрээний хугацаанд зээлийг төлж барагдуулна. Зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй. ...” гэх үндэслэлээр тайлбарлан маргадаг.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа: “... зээлийн барьцаанд би өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалуулсан нь үнэн. Зээлээ хугацаанд нь төлөөд л яваад байсан. Ингэж хураалгах хэмжээнд хүрсэн гэж бодоогүй. Иймд байраа хураалгамааргүй байна.” гэж тайлбарласан.
5. Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд үүссэн банкнаас олгох зээлийн гэрээний харилцаатай холбоотой Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцжээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаар “ХААН Банк” ХК-ний Дорнод салбарын төв тооцооны төвөөс хариуцагч *******, ******* нар нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/202353173803 тоот бизнесийн зээлийн гэрээ байгуулан 70 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээлж, уг зээлийн барьцаанд *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунхан гудамжны 50 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 29 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БГУ/202353173803 тоот барьцааны гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 9-16/
7. Талууд дээрх зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй, мөн хариуцагч нар нь гэрээний үүрэгт нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байх боловч зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлгүй талаар маргасан нь зохигч талуудын дунд үүссэн маргааны зүйл болжээ.
8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4, 7 дугаар зүйлийн 7.1-т тус тус зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөх, үндсэн зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэйгээс гадна зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, мөн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах тухай харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээдэг.
Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд сар бүрийн хуваарийн дагуу үндсэн зээл болон хүүг төлөх үүргээ 2025 оны 02 сараас хойш зохих ёсоор биелүүлээгүй, мөн тэдний бизнесийн үйл ажиллагаа зогссон болохыг тус тус үгүйсгээгүй, мөн банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг хүргүүлж байсан, зээлдэгчтэй зээлээ төлөх талаар уулзалт хийх зэргээр нэмэлт хугацаа олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба хариуцагч нарын гаргасан дээрх үүргийн зөрчлүүд нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болжээ.
Иймд талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, улмаар үндсэн зээлийн үлдэгдэл, гэрээний хугацаан дахь хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн дээрх заалтуудыг тус тус зөрчөөгүй байх ба анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна.
9. Түүнчлэн талуудын дунд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БГҮ202353173803 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунхан гудамжны 50 дугаар байрны ******* тоот хаягт байрлах 29 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байх ба өмчлөгч ******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах гэрээг байгуулах, гарын үсэг зурах, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болохоо үгүйсгэж маргаагүй байна. /хх 12-14, 23/
Талууд дээрх барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.5-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй бол барьцааны зүйлээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх барьцаалагчид үүсэх, мөн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн журмаар хангуулах аргыг хэдийд ч хэрэглэхээр шаардлага гаргах эрхтэй талаар харилцан тохиролцсон байна.
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан зээлийн гэрээний төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан *******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуульд нийцжээ.
Дээрх байдлаар шүүхийн шийдвэрээр зээлийн төлбөрийн үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулсан тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь өөрт учирсан хохирлоо хариуцагч нараас хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 309/ШШ2026/00326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444 505 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН