| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 309/2025/01182/И |
| Дугаар | 201/МА2026/00024 |
| Огноо | 2026-05-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 201/МА2026/00024
******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШШ2026/00534 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 24 429 693.54 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагч *******ын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Зээлдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22712/3247 тоот гэрээ байгуулан ******* *******ны “Эрдэнэцагаан” тооцооны төвөөс 14 935 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 51 сарын хугацаатай, ******* тоот харилцах дансаар зээлийг бэлэн бусаар шилжүүлэн авсан.
Зээлдэгч ******* 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16/630 тоот шийдвэрийн дагуу 5 600 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл болох 9 335 000 төгрөг дээр нэмүүлэн цалингийн нэмэлт зээлийг 51 сарын хугацаатай авсан болно. Өнгөрсөн хугацаанд үндсэн зээл 4 807 166.32 төгрөг, үндсэн хүү 8 382 988.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 148 053.17 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч ******* нь ... 2018 оны 07 дугаар сард ажлаасаа гарч зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлт гаргаж эхэлсэн. Хамтран зээлдэгч ******* нь ... тухайн үед хамтран зээлдэгчээр ороод өг хэмээн гуйж байгаад хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, ямар ч хамааралгүй хүн, хамт ажиллаж байсан ... зээлийг нь төлөхгүй гэсэн тайлбар өгсөн. ...******* нь хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын 26-нд зээлийн төлөлт хийснээс хойш хүсэлт гаргах өдөр хүртэл зээлээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, холбоо барих боломжгүй, оршин суух хаяг тодорхойгүй алга болсон.
Зээл төлүүлэх зорилгоор эх *******тай ******* утсаар холбогдож зээлийг төлүүлэх арга хэмжээ авсан боловч 2019 оны 04 сар хүртэл төлсөн.
... Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул ... үндсэн зээлийн үлдэгдэл 10 127 833.68 төгрөг, үндсэн зээлийн хүү 12 482 776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 819 083.51 төгрөг, нийт 24 429 693.54 төгрөгийг үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэл дээр хамтран хариуцагчаар ******* эгчийг татан оролцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зээлийн асуудлыг би 100 хувь өөрөө хэрэглэж зарцуулсан асуудал учир ******* эгчид хамааралгүй гэж үзэж байна. ******* эгчийн хувьд *******ны шаардлагыг хангаж гарын үсэг зурсан.
Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5 600 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл болох 9 335 000 төгрөг дээр нэмж 51 сарын хугацаатай зээл авсан. Үндсэн зээлээс 4 807 166 төгрөгийг төлсөн. Тиймээс 10 127 833 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрнө. Би 2018 оны 07 дугаар сард ажлаасаа гарсан. Намайг ажлаас гарсныг ******* мэдэж байгаа бөгөөд миний хувьд цалингаа барьцаалан зээл авсан. Би тус *******ны салбараар цалингаа авдаг байсан. Намайг ажилгүй болсон талаар мэдээллийг аль эрт авсан мөртлөө шүүхэд хандаж тухайн үед нэхэмжлээгүйд би гомдолтой байна. Мөн миний хаягийг олж тогтоосон мөртлөө тэр үед нь нэхэмжлэл гаргаагүй байж энэ их мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж надаас авсан зээлээс минь 2, 3 дахин илүү мөнгө болох 24 429 693 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 10 127 833 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Миний бие ******* *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******, түүний ээж ******* нар нь намайг хамтран зээлдэгчээр ороод өгнө үү гэж ярьж, ажил дээр очиж гуйж байсны улмаас итгэсний үндсэн дээр гарын үсэг зурсан нь үнэн болно. ... Би *******оос зээл авахаас өмнө болон зээл авсных нь дараа ямар ч мөнгө төгрөг аваагүй бөгөөд удалгүй ажлаас халагдаж сураггүй алга болсон. ... Энэ хүний хамтран зээлдэгчээр орсноос болж миний амьдралд, гэр бүлд минь үл ойлголцол бий болж, намайг хүнд байдалд оруулсан. ... Энэ хүнээс болж би 7, 8 жил эдийн засаг болон сэтгэл санаагаар маш их хохирч байна. Би энэ хүнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учир энэ зээлийг төлөх боломжгүй. Тиймээс ******* *******, ******* нараар зээлээ төлүүлнэ үү,” гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 099 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 280 099 төгрөгийг гаргуулан “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
“Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Хариуцагч ******* нь тус “Барьцаат зээлийн гэрээ”-нд хариуцагч *******ын гуйлтаар хамтран зээлдэгч болж гарын үсэг зурсан ч тухайн зээлнээс ямар ч мөнгө авч хэрэглээгүй гэдгээ анхан шатны шүүхэд илэрхийлсэн.
… Тус гэрээний 6.2.1-д зааснаар мэдэгдэх хуудсыг нэг ч удаа өгч байгаагүй, энэ арга хэмжээг нэг ч удаа аваагүй учир гэрээний 4.1.2 дахь заалт хэрэгжих боломжгүй болж хариуцагч нарт эдийн засгийн дарамт үүсгэсэн нөхцөл байдал үүссэн.
******* ******* нь үндсэн зээлдэгч нь зээлээ төлөхгүй болсон талаар Эрдэнэцагаан суманд тогтвор суурьшилтай амьдарч хилийн 0146-р ангид ажиллаж байгаа хариуцагчаар татагдсан ******* надад ямар нэгэн байдлаар мэдэгдэх боломжтой байсан. … Гэвч ******* ******* үндсэн зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа талаар гэнэтийн байдлаар зээлдэгч чинь зээлээ төлөхөө больсон, эрэн сурвалжилж байгаа, шүүхээр асуудлыг шийднэ гэсэн байдлаар надтай харилцаж миний нэр төр, ажил, гэр бүлд минь сэтгэл санааны ноцтой хохирол учруулсанд маш их гомдолтой байна.
… Гэр бүлийн эдийн засаг санхүү доройтож, сэтгэл санаа тогтворгүй болж, гэр бүлийн харилцаа, ажлын бүтээмж буурч, ажил амьдралд минь сөргөөр нөлөөлж эхэлсэнд туйлын их гомдолтой байна.
Тухайн үед нь ******* та энэ зээлэн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах эрхгүй, энд зөвхөн энэ хүнд хамааралтай, энэ хүний зээлийг хамтран төлөх чадвартай хүн хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурж болно гэж гэрээг тайлбарлаж таниулах үүргээ гүйцэтгээгүй буюу дүр үзүүлсэн хэлцэл хийж хариуцагчаар татан огт хэрэглээгүй энэ их мөнгийг төлөхөөр шүүх шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.
Энэхүү гэрээний 5.2-т “Зээлийн гэрээг цуцлах, … учруулсан хохирлыг зээлдэгч өөрөө хариуцна” гэж заасан учраас үндсэн зээлдэгчээр зээлийг нь шат дараатайгаар төлүүлж, *******ыг хамтран зээлдэгчийн үүргээс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг харгалзан үзэж дүгнэлт гаргаагүй.
… Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг бодитойгоор харьцуулан үзэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх хуулиар хүлээсэн үүргээ анхан шатны шүүх зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Банкны зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна.” гэв.
6. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай талаас гол нь тухайн зээл дээр батлан даагчаар л орсон. ******* гэх хүнд энэ зээл хамааралгүй. Би өөрөө 100 хувь хариуцна гэсэн тэмдэглэгээ байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч өгнө үү гэж хүсч байна. Мөн ******* *******ны зүгээс миний үйлчлүүлэгчид тухайлан “мэдэгдэл” өгч байгаагүй. Гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ байдлаас болж ар гэрт хэрүүл маргаан үүссэн. Биеийн байдал нь хүртэл хүндэрсэн. Тиймээс маш их гомдолтой байгаа.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 12,482,776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,819,083.51 төгрөг буюу нийт 24,429,693.54 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “ ...Зээлдэгч нь зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул ******* *******наас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулан авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байна. ******* *******ны балансад цалингийн зээлийн төлбөр үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 12,482, 776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,819,083.51 төгрөг буюу нийт 24,429,693.54 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбартаа: “ ...Миний бодлоор үндсэн зээл 10,127,833.68 төгрөгийг төлөх боломжтой гэж бодож байна. Энэ цаг хугацаанд Баттогтохыг хаана байгаа гэдгийг Цагдаагийн газар мэдэж байсан. Яагаад тэр хүнийг эрэн сурвалжилж байгаа юм бол гэж бодож байна. Өөрийнхөө чадварын хэмжээнд би хүүгийнхээ авсан зээлийг төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,127,833.68 төгрөгийг төлөх боломжтой.” гэжээ.
6. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ...Миний бие ******* *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******, түүний ээж ******* нар нь намайг хамтран зээлдэгчээр ороод өгнө үү гэж ярьж, ажил дээр очиж гуйж байсны улмаас итгэсний үндсэн дээр гарын үсэг зурсан нь үнэн болно. Би *******той ямар нэгэн ах, дүүгийн хамааралгүй, гуйгаад байсан, түүнчлэн хамт ажилладаг болохоор итгээд гарын үсэг зурж өгсөн. Би *******оос зээл авахаас өмнө болон зээл авсных нь дараа ямар ч мөнгө төгрөг аваагүй бөгөөд удалгүй ажлаас халагдаж сураггүй алга болсон. ******* *******наас зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа талаар хэлэхээр нь би *******той холбогдох гээд чадаагүй бөгөөд ээж *******тай нь ярьж хэлэхэд “санаа зоволтгүй, чамд хамаагүй гэдгийг *******инд хэлсэн. Үүний дараа *******ин дээр явж байхдаа зээлээ төлж байгаа эсэхийг нь асуухад “төлөхгүй байгаа, алга болсон” гэж хэлсэн. Энэ хүний хамтран зээлдэгчээр орсноос болж миний амьдралд, гэр бүлд минь үл ойлголцол бий болж, намайг хүнд байдалд оруулсан. Би *******ны хар зээлдэгч гэсэн ангилалд орсон болохоор бидэнд ямар ч зээл олдохгүй болсон. Би энэ хүнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй учир энэ зээлийг төлөх боломжгүй. Тиймээс ******* *******, ******* нараар зээлээ төлүүлнэ үү.” гэжээ.
7. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай үйлчлүүлэгч нь *******ын гуйснаар эдийн засагчийн хэлснээр очиж гарын үсэг зурсан гэж хэлсэн. *******ын хувьд ийшээ тийшээ яваагүй. Зээлдэгч нь зээлээ төлөхгүй алга болсон бол хамтран зээлдэгчид мэдэгдэх хуудас өгөх боломж байсан. ******* нь 5 600 000 төгрөгийн зээлийн хамтран зээлдэгч болсон. Үүнээс болж маш их хохирч байна гэж хэлдэг. Хувь хүртэж, хувьдаа ашигласан зүйл байхгүй болохоор төлөх боломжгүй гэж маргажээ.
8. “******* *******” ХХК болон зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр №22712/3247 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” /цалингийн зээл/ байгуулагдаж, 14,935,000 төгрөгийн зээлийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 51 сарын хугацаатай олгож, зээл авснаас хойшхи хугацаанд хариуцагч ******* нь нэхэмжлэгчид үндсэн зээлд 4,807,166.32 төгрөг, үндсэн хүүнд 8,382,988.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 148,053.17 төгрөгийг төлсөн, зээлдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дууссан үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй.
9. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх дүгнэлт үндэслэлтэй болжээ.
10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул зээлдүүлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
11. Анхан шатны шүүх зээлдэгч *******, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна.” гэж заажээ.
Хамтран үүрэг гүйцэтгэгчид үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, мөн хуулиар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх хариуцлагыг тогтоосон заалт үгүй бол Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хооронд адил тэнцүү оролцох, тэнцүү үүрэг хүлээх хуулиар тогтоосон үүргийн харилцаа үүснэ.
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагч *******, ******* нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлж ирүүлээгүй, анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 10,127,833.68 төгрөг, үндсэн зээлийн хүү 12,482,776.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,819,083.51 төгрөг нийт 24,429,693.54 төгрөгийг гаргуулахдаа хариуцагч нарын үүргийг хуваарилахгүйгээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан хариуцагч *******, ******* нарын үүргийг хуваарилж нэхэмжлэлийн шаардлага 24,429,693.54 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 12,214,846.77 төгрөгөөр хуваан төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШШ2026/00534 дугаартай шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 309/ШШ2026/00534 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Өлзийсайханы Баттогтох, Баасансүрэнгийн ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 24,429,693.54 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,099 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Ц.ЭРДЭНЭЗУУ