Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 920

 

 

 

 

 

    2019         10          29                                   2019/ШЦТ/920       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,  

Хохирогч А.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.А, Ц.Х нарт холбогдох эрүүгийн 1909024510858 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 6 гудамж 288 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Хөлсний байр 6 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол улсын иргэн 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мигванс” ХХК-нд мужааны ажил эрхэлдэг, ам бүл 2, эхнэр хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол 205 байр 50 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Цагаан байр 261 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ц.Х, З.А нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 15 дугаар гудамжны 176 тоот хашаанд байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд хууль бусаар нэвтэрч “Өлзий” зуухыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч А.Ганчимэгт 130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

        Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр Адъяад нэг шил юм уух уу гэж хэлсэн. Тэгээд энэ манай зуух гэж хэлсэн. Би өөр зуух аваад буцаагаад тавьчихна гэж бодсон. Би Адъяаг “гараад такси яваад ир” гэж хэлээд явуулсан. Тэр хооронд би цонхонд ойрхон байсан тул татаж аваад гаргасан. Адъяа такси аваад ирсэн. Зах дээр очиход хуучин пийшин авахгүй гэж хэлсэн тул Адъяагийн таньдаг төмөр зардаг хүн дээр очиж зарсан...” гэв.

 

Шүүгдэгч З.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагаас 14 цагийн үед Хурцжин “манай хуучин пийшин байгаа энийг зарах гэсэн юм” гэж хэлсэн. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Намайг гараад такси аваад ирэх хооронд пийшинг гаргасан байсан. Авсан пийшингээ зах дээр очиж зарах гэтэл ийм пийшин авдаггүй гэсэн тул төмөр тушаадаг газар очиж зарсан...” гэв.

 

Хохирогч А.Ганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний шөнө ажилтай байсан. Тухайн өдөр хүн над руу танай байшингаас юм аваад явчихлаа гэж хэлсэн. Би ажил дээрээ ээлжтэй хонож байсан тул манай нөхөр ажлаа тараад очиж шалгасан. Би утсаар анх мэдсэн. Маргааш 20-ны өглөө нь ажлаа тараад ирээд эдний гэр рүү ороход хүн байхгүй байсан тул цагдаа дуудсан. Хурцжин, Ариунханд хоёрт хашаа, байшинг түрээслүүлж харуулахаар тохиролцсон байсан. Тухайн байшинд тэрээр орох эрхтэй байсан. Харин доторх эд зүйлийг авах эрхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909024510858 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ц.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би 14-15 цагийн орчимд Адъяа руу залгаад “хүрээд ирээч” гэсэн. Тэгээд ирэхээр нь “манайд хэрэглэдэггүй Төслийн зуух байгаа гаргаад зарчихъя” гэсэн. Тэгээд утасдаж асуугаад Нарантуул зах дээр 50.000 төгрөгөөр авдаг гэхээр нь бид 2 байшингийн цонхоор ороод дамжилж гаргаад зам дээрээс барьсан. Таксигаа хашааны гадаа авчирч зуухаа ачаад зах ороод үзүүлэхэд нүүрний хэсэг нь байхгүй, дээд ширэм нь цуурсан гээд аваагүй. Тэгээд Адъяагийн найз дээр аваачиж 10.000 төгрөгөөр өгөөд нэг шил архи аваад автобусаар гэртээ ирээд хувааж уугаад Адъяа явсан. Би унтаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч З.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр намайг гэртээ байхад Хурцжин залгаад би тэдний гэрт очиход хашаандаа байсан эзэнгүй байшингийн цонхоор ороод “манай зуух байгаа юм аа” гэж хэлээд нэг төслийн зуух гаргаж ирэхээр нь тэр зуухыг нь авалцаад  төмөр авдаг айлд очоод 10.000 төгрөгөөр өгөөд тэр мөнгөөрөө 1 шил 0.75л Хараа гэдэг архи аваад буцаж Хурцжингийн гэрт очиж уусан. Тэгээд би салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Ганчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 19-ны 16 цагийн үед манай хажуу хашааны Ринчинханд эгч наашаа залгаад “танай хашаанд хүүхэд бараг 1 цаг уйллаа, бас 2 хүн юм ачаад явчихлаа ямар учиртай юм бэ” гэж асуусан тэгэхээр нь манай хажуу талын гэрт амьдардаг Ариунханд эгч рүү залгаад асуухад “ажлаа тараад шууд гэртээ хариад шалгая, тэгээд холбоо барья” гэж хэлээд сандраад утсаа тасалсан. Тэгээд 19 цагийн үед залгаад “бүх юм чинь бүрэн байна би цонхоор нь ороод шалгалаа” гэсэн. Орой гэртээ хариад нөхрөөрөө байшинг шалгуулах үед төслийн Өлзийзуух алга болсныг мэдсэн. Ариунхандых руу ороход сэрэх тэнхээгүй шал согтуу гэртээ орж ирээд унтаж байсан. Ариунхандын нөхөр над руу утасдаад “би тэр зуухыг чинь аваагүй шүү, хэн авсаныг нь би яаж мэддэг юм бэ, ямар ч машинд юм ачиж яваагүй шүү” гэсэн. Тэгэхээр нь би өгдөг газарт чины өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

 

Гэрч З.Ричинханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед хажуу хашаанаас 2 хүн “хурдал хурдал” гэсэн юм яриад байхаар нь хальт харахад эрүүн доороо сахалтай, харласан царайтай, улаан цамц, саарал малгай өмсчихсөн хүн байсан. Энэ явдлын дараа буюу 15 цагийн үед манай хажуу хашааны жаахан хүүхэд уйлаад байсан. Тэр хүүхэд гадаа бараг 2 цаг уйлсан. Манай нөхөр “гараад харъя” гэхээр нь “битгий” гэж хориглоод гаргаагүй. Харин тэр хүүхэд Монгол гэр дотор биш гэрийнхээ хойд талд буюу хашаан дотроо уйлаад байж байсан. Удалгүй намайг дэлгүүр орчихоод буцаж ирэх үед тэр хүүхэд байхгүй болчихсон байсан. Тэр хашаанд байсан айл хаалгаа түгжээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Ариунханд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад Ганчимэг манай өрөөнд 16 цагийн үед орж ирээд манай хашаанаас портертой хүмүүс ачаа ачаад явчихлаа гэж байна гэсэн. Би тухайн үед сандраад ажлаа хийж чадаагүй. Би ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр ирээгүй байсан. 19 цаг өнгөрч байхад жаахан уучихсан халамцуу ирсэн. Тэгээд унтаад өгсөн. Би гэртээ очоод байшинг нь шалгахаар онгорхой цонхоор нь орж шалгахад байсан зүйлүүд нь байх шиг байсан. Тэр үед би төслийн зуухыг анзаарч хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Болдбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байхад надтай цуг ажиллаж байсан танил дүү Адъяа манай гэрт ирээд таксины 10.000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь өгсөн. Тэр үед таксинаас нэг танихгүй залуутай төслийн зуух оруулж ирээд манай жорлонгийн хажуу талд үлдээгээд явсан. Тэрнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөний дараа Адъяа нэг цагдаатай хамт ирээд төслийн зуухны зургийг аваад явсан. Намайг байхгүй байхад Адъяа өөрөө очоод авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь өлзий нэртэй төслийн зуух болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 6 дугаар сарын 19-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/, шүүгдэгч З.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/  гэрч Г.Мягмаржаргалын мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч Ц.Хулангийн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Агийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн А.Ганчимэгээс өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэйн 15 дугаар гудамжны 176 тоот хашаа, байшинг харж хамгаалуулах, түрээслүүлэх зорилгоор итгэмжилэн хариуцуулсан байшинд байсан эд хөрөнгөөс “Өлзий” зуухыг авч хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч А.Ганчимэгийн “...Хурцжин, Ариунханд хоёрт хашаа, байшинг түрээслүүлж харуулахаар тохиролцсон байсан. Тухайн байшинд тэрээр орох эрхтэй байсан. Харин доторх эд зүйлийг авах эрхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ц.Болдбаатарын “...Адъяа таксинаас нэг танихгүй залуутай төслийн зуух оруулж ирээд манай жорлонгийн хажуу талд үлдээгээд явсан. Тэрнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөний дараа Адъяа нэг цагдаатай хамт ирээд төслийн зуухны зургийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Хгийн “...Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэй 15 дугаар гудамж 176 тоот хашаанд байх Ганчимэгийн эзэмшлийн орон сууцыг миний тухайд харж хандаж хамгаалах үүргийг хүлээн тэдний хашаанд гэр барин амьдарч байсан...Адъяагийн хамт байшингийн цонхны онгорхой хэсгээр дотогш орж байшин дотор байсан төслийн зуухыг цонхоор нь зөөж гарган Адъяагийн таньдаг төмөр зардаг хүн дээр очиж 10.000 төгрөгөөр зарж архи авч уусан...” гэсэн мэдүүлэг,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эдгээр болон бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч З.А нь шүүгдэгч Ц.Хг бусдын эзэнгүй байшингийн цонхоор орж “Өлзий” зуухыг авсаныг мэдсээр байж буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг авч улмаар бусдад худалдаж мөнгийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч А.Ганчимэгийн “...манай хажуу хашааны Ринчинханд эгч наашаа залгаад “танай хашаанд хүүхэд бараг 1 цаг уйллаа, бас 2 хүн юм ачаад явчихлаа ямар учиртай юм бэ” гэж асуусан. Орой гэртээ хариад нөхрөөрөө байшинг шалгуулах үед төслийн Өлзий зуух алга болсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч З.Ричинхандын “...2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед хажуу хашаанаас 2 хүн “хурдал хурдал” гэсэн юм яриад байхаар нь хальт харахад эрүүн доороо сахалтай, харласан царайтай, улаан цамц, саарал малгай өмсчихсөн хүн байсан...өчигдөрийн гарсан хэрэг нь хуучны хүн ордоггүй, байшин байсан...” гэсэн мэдүүлэг,

  

Гэрч З.Болдбаатарын мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ц.Хгийн “...“ Адъяад манайд хэрэглэдэггүй Төслийн зуух байгаа гаргаад зарчихъя” гэсэн. Бид 2 байшингийн цонхоор ороод дамжилж гаргасан. Адъяагийн найз дээр аваачиж 10.000 төгрөгөөр өгөөд нэг шил архи аваад автобусаар гэртээ ирээд хувааж уугаад Адъяа явсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эдгээр болон бусад нотлох баримтууд болно.

 

Прокуророос Ц.Х, З.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэдгээр нь уг хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал эргэлзээтэйгээс гадна шүүгдэгч тус бүр өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзвэл хохирогч А.Ганчимэгээс өөрийн эзэмшлийн хашаа болон эд зүйл агуулсан байшинг харж хамгаалахын хажуугаар байшинг түрээслүүлэхээр шүүгдэгч Ц.Хтай хоорондоо харилцан тохиролцсон талаар тодорхой мэдүүлснээр тэрээр тухайн байшинд орох, нэвтрэх эрхтэй гэж үзэх үндэслэл бий болжээ.

 

Хэдийгээр Ц.Х тухайн байшинд нэвтрэх эрхтэй ч хохирогчоос тухайн байшинд байсан зуухыг хамгаалуулах, түр ашиглуулах зорилгоор итгэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн болохоос тэрээр дураар авч захиран зарцуулах эрхгүй байхад захиран зарцуулж бусдад худалдсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.   

 

Мөн шүүгдэгч З.Агийн хувьд Ц.Хг эзэнгүй байшингийн цонхоор зуухыг гаргаж, яарч сандран эд зүйлийг авсаныг мэдэж, хөрөнгийн эх үүсвэрийг лавтай сайн тодруулалгүйгээр тухайн эд зүйлийг авч өөрийн танил этгээдэд худалдан хариу төлбөрт өгсөн мөнгийг ашигласан үйлдэл нь “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал З.Агаас тухайн эд хөрөнгийг Ц.Х хаанаас, хэрхэн яаж авсан болон бусад нөхцөл байдлуудыг бүрэн мэдсэн, цаашлаад хөрөнгийн эх үүсвэрийг магадлах боломжтой байтал тэрхүү байдлыг огтоос үл тоон өөртөө ашигласан болох нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бий болгожээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Хг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З.Аг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт, харин шүүгдэгч Ц.Хгийн өмгөөлөгчөөс “...Ц.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү...” гэж, шүүгдэгч З.Агийн өмгөөлөгчөөс “...З.Агийн үйлдэл эргэлзээтэй байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэж гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэж тус тус санал, дүгнэлт гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Х, З.А нар тус бүрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн зүйлчлэлийн талаарх дүгнэлтээ дээр тодорхой тусгасан байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Ганчимэгээс “...зуухаа буцаан авсан, гомдол, саналгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ц.Х, З.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ц.Х, З.А нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Ц.Х, З.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Ц.Хгийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

          Шүүгдэгч З.Агийн хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

            Ийнхүү шүүхээс шүүгдэгч З.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Тус хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа.

 

            Шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.А нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос шүүгдэгч Ц.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн прокуророос шүүгдэгч З.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

            2. Шүүгдэгч Ц.Хг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шүүгдэгч З.Аг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ад хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

            6. Шүүгдэгч З.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

            7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч З.А нь 13 хоног цагдан хоригдсон болон шүүгдэгч Ц.Х, З.А нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Х, З.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН