Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2016/00741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 


           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д.А- -ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч:  Ч дарга, Ч даргын тамгын газарт холбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А-, түүний өмгөөлөгч К.Султанбек, хариуцагчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч даргаар ажиллаж байгаад 2015 оны 5 сарын 28-ны өдрөөс жирэмсний болон амаржсанийг амралтаа авч 2015 оны 05 сарын 29-ны өдөр хүү М.Э төрүүлсэн. Чингэлтэй дүүргийн  Засаг даргад хандаж 2016 оны 5 сарын 25-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дууссан өдрөө ажилдаа орох хүсэлтээ бичгээр гаргаж хүргүүлсэн, 2015 оны 8 сарын 01-ний өдөр очиж ажилдаа орохоо амаар хэлсэн.Ажилд авахгүй болохоор нь 2015 оны 12 сарын 04-ний өдөр хүсэлтээ бичгээр гаргаж бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж авсан. Өнөөдөрийг хүртэл ажиллуулахгүй байгаа 10 сарын цалинг сарын 613540 төгрөгөөр тооцож 6.131.540 төгрөгийг  гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

    Хариуцагч Ч даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Д.А- нь Ч даргаар ажилладаг бөгөөд  дүүргийн  засаг даргын 2016 оны 5 сарын 27-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, хүүхэд асрах яөлөөтэй байгаа болно. Ч даргын  албан тушаалд  эгүүлэн  томилуулах,  ажил олгогчийн буруугаас хохирсны дагуу 4.905.232  төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх  боломжгүй байна гэжээ. 


Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ НЬ:     

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Ч дарга болон Ч даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.131.540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал “Д.А- нь хүүхэд асрах чөлөөтэй” байгаа тул цалин 4.905.232 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.А- Ч даргаар ажиллаж байгаад 2015 оны 5 сарын 28-ны өдрөөс жирэмсний болон амаржсаны амралтаа авсан болох нь Ч даргын захирамжаар, 2015 оны 05 сарын 29-ны өдөр хүү М.Э төрсөн болох нь төрсний гэрчилгээ /хх-ийн 29, 91 талд/-гээр тус тус тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Д.А- нь Ч даргад хандаж “Ээлжийн амралтын хугацаа дууссан өдрөө ажилдаа орох” хүсэлтээ 2016 оны 5 сарын 25-ны өдөр бичгээр /хх-ийн 31 талд/ гаргаж хүргүүлсэн, 2015 оны 8 сарын 01-ний өдөр амаар, 2015 оны 12 сарын 04-ний өдөр хүсэлтээ бичгээр гаргаж бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан /хх-ийн 3 талд/ болох нь дээрх бичгийн баримтаар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч маргахгүй байна.
 
Хүүхэд асрах чөлөө авсан ажилтан эхийн чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэн түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдана. Ямар хугацаагаар чөлөө авснаас үл хамаарч эх нь чөлөөг бүрэн дуусгаад эсхүл дуусахаас өмнө ажил, албан тушаалдаа эргэн ирж үргэлжлүүлэн ажиллах эрхтэй. Уг эрхээ эдлэх нөхцөлийг нь ажил олгогч нь хангаж ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажилуулах үүрэгтэй. 
Иймд ажилтан үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасаныг ажил олгогч хүлээж аваагүй болох нь нэхэмжлэгчийн удаа дараа бичгээр гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул ажлаас халсантай адилтган үзэж Д.А-г Ч даргын ажилд эгүүлэн тогтоох үндэстэй гэж үзлээ.
Ч даргын ажил, албан тушаал нь сонгуульт албан тушаал болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг 2015 оны 12 сарын 04-ний өдрөөс 2016 оны 10 сарын 05-ны өдөр хүртэл сард 613.154 төгрөгөөр тооцож нийт 6.131.540 төгрөгийг Ч даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгох  үндэстэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:  
           
 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Д.А-г Ч даргын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.131.540 /зургаан сая нэг зуун гучин нэгэн мянга таван зуун дөчин/ төгрөгийг Ч даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Д.А-д олгосугай. 
 
         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ч даргын тамгын газарт даалгасугай. 
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг  дарга болон Ч даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 113.055 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 
 
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ