Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 894

 

 

 

 

 

 

 

 

 

     2019       10         15                                    2019/ШЦТ/894

 

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Г.Ганбагана;

шүүгдэгч: Ц.Амарсайхан, түүний өмгөөлөгч Р.Лхамсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогтсайханы Амарсайханд холбогдох эрүүгийн 1809036180658 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дөл” барилгын материалын дэлгүүр жолооч ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Геологи 48 дугаар гудамжны 9/3 тоотод оршин суух, урьд:

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уг ялыг эдэлж дууссан, хэрэг хариуцах чадвартай, гавъяа шагналгүй, УХ90062918 регистерийн дугаартай, Баян овогт Цогтсайханы Амарсайхан.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ц.Амарсайхан нь 2018 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд
шилжих шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Геологийн
гудамжинд хамт таксинд хамт явж байсан Б.Ариунсанаагийн эзэмшлийн Самсунг
Ж-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага
хэмжээнээс их хохирол учруулсан,

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Дөл” барилгын материалын дэлгүүрийн гадна хууль сахиулагч буюу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О Аюурзаныг прокурорын дуудан ирүүлэх хуудсыг гардуулан өгч, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь цохиж, цамцаар нь боож хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Амарсайхан мэдүүлэхдээ: Хулгай хийсэн болон цагдаад хүч хэрэглэж эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна.. Хөнгөн ял шийтгэл оногдуулна уу гэв.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ариунсанаагийн мэдүүлэг /хх-ийн 33-36/, гэрч Б.Солонго /хх-ийн 41-42/, гэрч Б.Одгэрэл /хх-ийн 43-45/, иргэний нэхэмжлэгч Г.Золбоо /хх-ийн 40/ нарын мэдүүлэг, Ц.Амарсайханы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-61/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28/, “Дамно” ХХК-ийн хөрнөгийн үнэлгээ /хх-ийн 52-53/, хохирогч О.Аюурзанын мэдүүлэг /хх-ийн 136-138/, гэрч Э.Цэрэндоржийн мэдүүлэг /хх-ийн 127-128/,Ц.Амарсайханы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 142-145/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №9664 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 130-132/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-121/, прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх  хуудсууд /хх-ийн 107-109/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-ийн 110/,  Ц.Амарсайханы хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 81-85, 88-96/, иргэний нэхэмжлэгч  Г.Золбоод хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Амарсайхан нь 2018 оны  8 дугаар сарын 13-ны шөнө 4 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Геологийн гудамжинд иргэн Б.Ариунсанаатай хамт таксигаар үйлчлүүлж байхдаа түүний “СамсунгЖ-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Дөл” барилгын материалын дэлгүүрийн гадна Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч О Аюурзаныг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан буюу яллагдагчийг шийдвэр танилцуулах ажиллагаанд оролцуулах шаардлагаар “прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх” ажиллагааг гүйцэтгэхэд нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Б.Ариунсанаагийн /хх-ийн 33, 35-36/: “...2018 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө өөрийн найзуудын хамт Баянзүрх дүүргийн орчим пабд тус бүр 5 пиво уучихаад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах  гэрлүүгээ харих гээд байж байгаад фэйсбүүк рүүгээ ортол манай хажуугийн байшингийн Амгаланбаатар гэх залуу над руу “юу хийж байгаа юм” гэхээр нь би “гадуур явж байна, энд байна” гээд байгаа газраа хэлтэл “за би яваад очъё” гэсэн. Тэгээд ирэхээр нь би ”унаатай явж байгаа юм байна хүргүүлье” гэж бодтол унаагүй байсан. Тэгээд цуг такси бариад харихдаа Амгаланбаатар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “Болор” барилгын дэлгүүрийн орчим буусан. Би такситайгаа цаашаа хөдлөөд утсаа үзтэл байхгүй болсон байсан. Би гар утсаа хаанаас гээсэн, хэн авсан талаар мэдэхгүй байна. Амгаланбаатарыг авсан байх гэж бодож байна. Тэгээд эргээд буусан газар нь иртэл байхгүй байсан...Би Ц.Амарсайханы нэрийг андуураад Амгаланбаатар гэж хэлсэн байна лээ...Бусдад гар утсаа итгэмжлэн хариуцуулан өгсөн зүйл байхгүй. Миний гар утсыг Амарсайхан бараг хулгай хийсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

           

гэрч Б.Солонгын /хх-ийн 41-42/ “...95050365 дугаар миний төрсөн дүүгийн нөхөр Г.Золбоогийн дугаар байна. Золбоогийн барьж байгаа “Самсунг Жи-7” маркийн гар утсыг манай нөхөр бид хоёр фэйсбүүк зараар мэдэж нэг залуугаас худалдан авсан
юм. Нөхөр бид хоёрт “Самсунг Ж-7” загварын гар утас зарсан залууг харвал таних
байх, 165-170 см өндөртэй шар царайтай залуу байсан. Би яг харвал таних
байх...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Одгэрэлийн /хх-ийн 43-45/: “...2018 оны 08 дугаар сарын дунд үеэр байх фэйсбүүк зар дээр “Самсунг жи-7 загварын гар утас яаралтай хямд зарна” гэж байсан болохоор холбогдоход 22-28 насны залуу манай гэрийн гадаа ирээд миний машин дотор суугаад надад гар утсаа үзүүлсэн юм. Тэгээд би эхнэрийг дуудан гаргаж ирээд гар утсыг үзүүлээд 400.000 төгрөгөөр худалдан авсан. Надад “Самсунг Жи-7” загварын гар утас зарсан залууг би харвал танина. 165-170 см өндөртэй шар царайтай залуу байсан яг харвал танина…” гэх мэдүүлгээр,

 

иргэний нэхэмжлэгч Г Золбоогийн /хх-ийн 40/: “...Би 2018 оны 10 дугаар сарын дунд үеэр хадам эгч Д.Солонгоос “Самсунг Жи-7” загварын гар утсыг 400.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Миний авсан гар утас хулгайн гар утас байна гэж цагдаагийн байгууллагаас хураан авсан тул би өөрийн худалдан авсан 400.000 төгрөгөө нэхэмжилж байна. Манай хадам эгч үл таних нэг залуугаас бас 400.000 төгрөгөөр худалдан авсан гээд надад бас 400.000 төгрөгөөр зарсан юм...” гэх мэдүүлгээр болон таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28/, “Дамно” ХХК-ийн хөрнөгийн үнэлгээгээр /хх-ийн 52-53/,

 

Ц.Амарсайханы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 59-61/: ”...Би бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч О.Аюурзанын /хх-ийн 136-138/:  “...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 09 цагийн орчим ... Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо “Дөл” барилгын материалын дэлгүүр дээр очиход Ц.Амарсайхан байсан тул түүнийг “прокурорын байгууллага дээр очиж хяналтын прокурортой уулзах” талаар хэлж, дуудах хуудас өгөх гэтэл Ц.Амарсайхан татгалзаж “Би ямар ч хэрэг хийгээгүй, чи намайг хилс хэрэгт хийсэн. Би явахгүй” гэхээр нь ардаас нь очиж дагуулан явах гэхэд намайг шууд түлхэж орилоод “чамайг алаад нэг мөсөн суунаа” гээд дайраад хоёр гараараа хүзүүг боож, нүүрэн тус газар цохисон бөгөөд дадлагын сонсогч дундуур орж салгасан. Би зуун айлын чиглэлийн хөдөлгөөнт эргүүл дуудсан ... Би албан үүргээ гүйцэтгэж ажилаа хийж явсан бөгөөд прокурорын дуудан ирүүлэх хуудсыг Ц.Амарсайханд өгч түүнийг прокурорын байгууллагад хүргэж өгөх гэж байхад Ц.Амарсайхан явахгүй, дуудах хуудас авахгүй зэрэг үйлдэл гаргасан бөгөөд түүнд биеийн хүч хэрэглээгүй байхад шууд миний эсрэг бие махбодын эсэргүүцэл үзүүлж миний биед халдсан ...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Э.Цэрэндоржийн /хх-ийн 127-128/: “... Ц.Амарсайхан нь дэлгүүрээс гараад баруун тийшээ яваад өгсөн юм. Бид хоёр араас нь гарч очоод “прокурор руу хамт явах” талаар хэлэхэд Ц.Амарсайхан гэх залуу Аюурзана мөрдөгчийг түлхсэн ... Ц.Амарсайхан гэх залуу “би нэгэнт сууж байгаа юм чинь нэг мөсөн сууна” гэж хэлээд Аюурзанын нүүрэнд гараараа цохисон юм. Дараа нь шууд хоёр гараараа Аюурзаныг боосон. Би дундуур нь орж салгаад ойролцоо байсан нэг байшинд орсон юм ...” гэх мэдүүлгээр,

 

Ц.Амарсайханы яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 142-145/: ”...Аюурзана мөрдөгч манай ажил дээр 2019 оны 08 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед ирээд надад “Та яагаад прокурор дээр очиж уулзахгүй байгаа юм бэ” гэхээр нь би “хийгээгүй хэргийн төлөө ингэж явж чадахгүй” гэсэн чинь “тэр чинь хамаагүй, чи очиж уулзаад гайгүй салахаа бод, одоо явъя” гэхээр нь би “явахгүй” гээд уурандаа эсэргүүцэл үзүүлээд бие рүү нь арагшаа түлхээд складруугаа яваад орсон чинь Аюурзана мөрдөгч араас орж ирээд “хоёулаа явъя” гэхээр нь “би хүнд зүгээр 400.000 төгрөг өгч чадахгүй” гээд бид хоёр маргалдаж байгаад гал тогоо руу орох гэсэн чинь намайг оруулахгүй байхаар нь би түлхээд цамцаар нь хүзүүг нь боогоод орох гэсэн чинь намайг оруулахгүй байхаар нь би түлхээд цамцаар нь хүзүүг нь боогоод нүүр лүү нь цохисон. Тэгээд манай ажлын хүмүүс болон Аюурзана байцаагчтай цуг явсан туслах нь салгаад удалгүй эргүүлийн цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

О.Аюурзанын биед “хүзүүнд цус хуралт, зүүн чамархайн хуйханд зулгаралт” бүхий  эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл учирсан, энэ гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №9664 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр /хх-ийн 130-132/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 119-121/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

            Дээрх нотлох баримтууд “хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хамт явж байхдаа нь нууцаар авч явсныг, бусдад зарж борлуулсныг гэрч нар мэдүүлсэн, таньж олсон,  хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийг буцаан өгсөн, хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцсэнийг хохирогч, гэрч, шүүгдэгч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад бага хэмжээнээс их хохирол учруулж  буй Ц.Амарсайханы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийн шинжийг, мөн  цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлж байхад нь зодож, хүч хэрэглэж эсэргүүцэж буй Ц.Амарсайханы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”  гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Амарсайханы “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан”, “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогч Б.Ариунсанаагийн хулгайд алдсан гар утсыг түүнд биет байдлаар хүлээлгэн өгсөн, мөн шүүхэд хэрэг хянагдах шатанд иргэний нэхэмжлэгч Б.Золбоод 400.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй болно.

 

Мөн хохирогч Ж.Аюурзана “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Ц.Амарсайханы үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ингэж хэд хэдэн төрлийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайхан нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баян овогт Цогтсайханы Амарсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн,

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайханыг 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайханыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Амарсайханад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайхан энэ хэрэгтээ нийт 70 хоног цагдан хоригдсөн бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Амарсайхан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Амарсайхан бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Амарсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Амарсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ