| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/00508/И |
| Дугаар | 201/МА2026/00025 |
| Огноо | 2026-05-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 201/МА2026/00025
*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 309/ШШ2026/00425 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******ад холбогдох
“Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 8 573 400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие *******ад зодуулж, ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэгдсэн. Шүүхийн тогтоолд *******ын надад учруулсан хохирол нь Сэтгэцийн хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс нэхэмжлэн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
... Миний хувьд сэтгэцэд учирсан хохирлоо хэрэг хянан шийдвэрлэх шатанд 2 дугаар зэрэглэлээр тогтоосныг Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тооцсоныг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл тогтоосон аргачлалаар 12,99 дахин нэмэгдүүлэн тооцож 8 573 400 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй байна.
... Хамрын хянга ясны хугарлыг хагалгаа хийж эмчлэх бөгөөд өмнөх авсан шарх бүрэн эдгэрсний дараа хагалгаа хийдэг гэсний дагуу хагалгаагаа хийж чадаагүй. Иймд миний бие ... 8 573 400 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлоо үнэлж байгаа тул Насанбатаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие *******ы нэхэмжилсэн 8 573 400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг гарах нөхцөл байдал өөрөөс нь болсон. Тэгээд ч энэ хүн сэтгэл санаагаар хохирох ямар ч нөхцөл байдалд хүрээгүй. Би хохирогчид тухайн үед нь тусалж дэмжиж байсан. Иймд сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 5 280 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 293 400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 99 430 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. … ******* бид хоёр хамт архи уугаад зодолдсон бөгөөд тэр ч гэсэн намайг зодсон. Энэ асуудалд бид хоёр хоёулаа л буруутай. Гэмтэл нь хөнгөн гарснаар л би буруутай болоод байгаа юм.
Анхан шатны шүүхээс 5 280 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс *******ы надаас өмнө зээлж авсан 500 000 төгрөгөө хасуулах, мөнгөн дүн дээрээ тохирч эвлэрэх хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 2 480 000 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй, хариуцагч *******ад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 8 573 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн үндэслэлээ “... миний сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан тул Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлэн тооцож нэхэмжилнэ.” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... гэмт хэрэг гарах болсон шалтгаан нэхэмжлэгчээс болсон учраас тэр сэтгэл санаагаар хохирох нөхцөл байдалд хүрээгүй, бид хоёулаа л буруутай ... иймд сэтгэцийн хохирол нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. ...” гэж тайлбарлан маргадаг.
5. Хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ... хохирогч *******ы гэрт архидан согтуурах явцдаа түүнтэй маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, хохирогч *******ы эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулж, *******ы сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 8-12/
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэмт хэргийн улмаас *******ы сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилсноор Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №ДОР0825/068 дугаар дүгнэлтээр тухайн гэмт хэргийн улмаас *******ы сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоожээ. /хх 53-55/
7. Анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтуудыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гэмт хэргийн улмаас *******ы сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрт 5 280 000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 293 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус нийцжээ.
8. Хариуцагч ******* нь “... миний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үүнээс *******ы надаас өмнө зээлж авсан 500 000 төгрөгөө хасуулна. ... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 2 480 000 төгрөгийг хассан өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Тухайлбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан, улмаар *******ы сэтгэцэд гэмтлийн дараах хариу урвалын шинжүүд илэрч, сэтгэцийн хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хариуцагч ******* нь хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хор уршгийн 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон бол шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор зохицуулсан.
Дээрх аргачлалд зааснаар сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг нь гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох бөгөөд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг гаргуулах нь хүний эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгийг арилгах зорилготой.
Анхан шатны шүүх хариуцагч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч *******ы сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх аргачлалын 3.8-д заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 5 280 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх ба давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн баримтаар дээрх мөнгөн дүнгээс *******ы зээлсэн гэх 500 000 төгрөгийг хасч тооцох үндэслэл тогтоогдсонгүй.
9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 12-ны өдрийн 309/ШШ2026/00425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 630 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН