| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 133/2016/00242/И |
| Дугаар | 182/ШШ2016/00759 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2016/00759
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д- д холбогдох
Худалдааны гэрээний үлдэгдэл төлбөр 8.870.650 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Өлзийбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; “М” ХХК нь Б.Д-тэй 2015 оны 10 сарын 07 өдөр 05/ОН-21 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу “М” ХХК нь иргэн Б.Д-д хүнсний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн нийлүүлж, иргэн Б.Д- нь орон нутаг дахь өөрийн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж төлбөрийг “М” ХХК-д төлөх үүрэгтэй байсан. Гэтэл Б.Д- нь гэрээний үүргээ үл биелүүлж 2015 оны 10 сард “М” ХХК-иас хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл болох 8.870.650 төгрөгийг одоо болтол төлөөгүй удаа дараа мэдэгдсэн боловч янз бүрийн шалтаг тоочсоор өдийг хүрсэн. Хариуцагч Б.Д- өөрөө “М” ХХК-д гараар бичиж өгсөн хүсэлтэд 9.248.250 төгрөгийг 2016 оны 03 сарын 31 өдөрт багтааж төлж барагдуулна гэж бичгээр амлалтын бичиг өгсөн байгаа. 2016 оны 03 сарын 15 өдөр 190.500 төгрөг, 2016 оны 03 сарын 14 өдөр 187.100 төгрөг, 2016 оны 01 сарын 28 өдөр 431.000 төгрөг 3 удаагийн барааны буцаалтын баримтыг гаргаж өгсөн байгаа. Буцаалт гэдэг нь Б.Д-гийн хүлээн зөвшөөрч байгаа 9.248.250 төгрөг болох мөнгөн дүнгээс хасагдах ёстой юм. Иймд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр болох 8.870.650 төгрөгийг гаргуулна. “М” ХХК-ийн дансанд 431,000 төгрөгийг шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна гэв.
Хариуцагч Б.Д- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; Миний бие нь “М” ХХК-нд барааны үнэ болох 7.870.650 төгрөгийг төлнө. 1.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 8.870.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Б.Д- 1.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Б.Д- нь “М” ХХК-тай 2015 оны 10 сарын 07 өдөр 05/ОН-21 дугаартай Худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж 9.679.250 төгрөгийн бараа нийлүүлж, гэрээт борлуулагч нь бараа бүтээгдэхүүний үнийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч дээрх гэрээний дагуу 9.679.250 төгрөгийн бараа хүлээн авч 2016 оны 01 сарын 28-ны өдөр 431,000 төгрөгийн, 2016 оны 03 сарын 14-ний өдөр 187,100 төгрөгийн, 2016 оны 03 сарын 15-ны өдөр 190.500 төгрөгийн нийт 808.600 төгрөгийн буцаалт хийсэн болох нь “Борлуулсан барааны буцаалт”-ын баримт /хх-ийн 49-51 талд/ зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул төлбөрөөс хасч тооцох үндэстэй.
Хариуцагч Б.Д- нь “М” ХХК-нд 431,000 төгрөгийг шилжүүлсэн гэж маргаж байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадахгүй байх тул 431.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8.439.650 төгрөгийг хариуцагч Б.Д-гээс гаргуулж “М” ХХК-нд олгох үндэстэй.
Шүүх хариуцагч Б.Д-д шүүх хуралдааны товыг 2016 оны 9 сарын 27-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Б.Д-гээс 8.439.650 /найман сая дөрвөн зуун гучин есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж “М” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 431.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гээс 149.984 төгрөгийг гаргуулж “М” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ