Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2026/00026

 

*******ын нэхэмжлэлтэй   иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 309/ШШ2026/00746 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 6 697 000 төгрөг гаргуулах” тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6 697 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 6 697 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгохоор шийдвэрлэжээ.

4. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдлын агуулга:

“… Энэхүү зээл төлөлтийг *******ын дансанд хийснийг л хүлээн зөвшөөрч хасна, харин өөр дансанд мөнгө хийвэл хүлээн зөвшөөрөхгүй гэсэн атлаа “******* *******” XXK-ийн ******* тоот дансанд хийсэн 14 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл энэ мөнгө хариуцагч нарын дансанд огт байгаагүй, хариуцагч нар ийм мөнгө шилжүүлж байсан удаа байхгүй. Хариуцагч нар машины лизингээ төлөөд дуусчихсан байхад зээлээ төл гэж дарамтлан хүчээр булааж аваад машиныг зарсан бөгөөд мөнгийг хариуцагч нарын хэнийх нь ч дансанд хийж байгаагүй. … ******* тоот данснаас машины үнэ гэсэн утгатай огт танихгүй хүний гүйлгээг хариуцагч нарын өмнөөс аль хэдийн төлөөд дуусчихсан төлбөрийг хийсэн мэтээр харагдуулж шүүх байгууллагыг хууран мэхэлж байгааг зөвшөөрөхгүй.

2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *******ын ХААН банкны тоот данснаас *******ийн ХААН банкны тоот дансанд *******т зээл олгов гэж 22 800 000 төгрөг хийснээр зээлийн гэрээ үүссэн гэж үзсэн. Энэ зээлээс өөр мөнгө байгууллагаас зээлж байгаагүй. Тиймээс 2023 оны 11 дүгээр сарын 28 өдрийн 15 цаг 02 минутанд *******ийн тоот данснаас “ лизин” гэсэн утгатай тоот дансанд орсон 1 940 000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах нь зөв юм.

Ажлаа хэвийн хийж хөдөлмөрлөхийн тулд авсан машины зээлэнд нийт хариуцагч нарын зүгээс 4 043 000 төгрөг бодитоор шилжүүлсэн бөгөөд бусад мөнгө нь хариуцагчийн тухайн байгууллагад ажиллаж байх хугацаанд нэг ч удаа төлж байгаагүй нийгмийн даатгал болон нийгмийн даатгал төлөөгүйгээс үүсэлтэй хохирлын мөнгөнөөс тооцож суутгана гэж тухайн үед захирал хэлээд 1 940 000 төгрөгийг “ ” ХХК-ийн тоот дансанд шилжүүлээд нөхрөө дуудаад гарын үсэг зураарай гэсэн бөгөөд тухайн үед шөнөжин ажиллаад маш их ядарсан байснаас гадна захиралд итгэж уншиж танилцуулахгүйгээр гарын үсгээ зурсан. Гэтэл тэр бичиг нь огт авч хэрэглээгүй мөнгөний зээлийн гэрээ байсан бөгөөд тус гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Байгууллагын эрх ашгийн төлөө гэж итгэж бичсэн өргөдлийг ийм муухай аргаар хэрэглэж байгаад маш их гомдолтой байна. Тус ХХК нь иргэдэд зээл олгох тусгай эрхгүй байсан учир ямар нэг шалгалт ирлээ гэхээр ашиглаж байсан дансаа хаах, иргэдийн зээлийг хаасан мэт харагдуулж ажилчидаа ашиглан тэр бүхнийгээ ямар нэг гэрээгээр халхавчлах, өргөдөл бичүүлж авах зэргээр нуун далдалдаг байсан. Энэ байдлыг нь *******ийн ажиллаж байх хугацаанд Баян-Уул салбарын “ Финанс” ХХК нь 2019 оноос 2024 оны 06 дугаар сар хүртэл 8 удаа дансаа сольж хүмүүст зээл гаргаж, зээлийн эргэн төлөлтөө авч байснаас харж болно. … Мөн ******* нь 2024 оны 11-р сарын цалинг тоот гэсэн данснаас “*******”-т гэсэн утгатай, 12-р сарын цалинг тоот гэсэн данснаас “1” гэсэн утгатай шилжүүлж эхэлсэн. 2024 оны 01, 02, 03, 04 сард ажилласан цалин 6 600 000 төгрөг, мөн 05-р сард ажилласан 573 912 төгрөг нийт 7 173 912 төгрөгийн цалингаа одоо хүртэл авч чадаагүй байдаг.

******* нь эхнэр ийн хамт Баян-Уул салбарын “ Финанс”-ын дансыг ойр ойрхон өөрчлөн “ финас ХХК, “******* ” ББСБ нэрээр иргэдэд 2 давхар зээл олгож иргэдийг хууран мэхэлдэг. Түүнчлэн хариуцагч *******ийг ээж, дүү нартаа зээл олгох нэрээр албан тушаалаа ашигласан гэж гүтгэн шүүхэд хандсан. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

6. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаанд хариуцагч ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, мөн тэрээр үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг *******ас шаардах эрхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******тай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Хариуцагч *******ийн Хаан банкны хуулгаас үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 940 000 төгрөгийн орлого орж тухайн данс руугаа буцаан “мөнхцэцэг лизинг” гэж шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул дээрх мөнгийг *******ээс зээлийн үүрэгт төлсөнд тооцсон болно. Нэхэмжлэгч тал хариуцагч *******ийг өөр зээл төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч талаас гаргасан “зээлийг бүрэн төлсөн” гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул *******ийн буцаан шилжүүлсэн 1 940 000 төгрөгийг зээл төлөгдсөнд тооцож, зээлийн үлдэх хэсэг болох 4 757 000 төгрөгийг  төлөх үүрэгтэй гэж үзлээ.

9. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 26-ны өдрийн 309/ШШ2026/00746 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 4 757 000 /дөрвөн сая долоон зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 940 000 төгрөгийг гаргуулах тухай болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “ 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 91 062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  *******ад олгосугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 102 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД                                            Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                               С.ГАНЧИМЭГ