Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 931

 

 

 

 

 

 

 

 

 

2019         10          31                                   2019/ШЦТ/931       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч  Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч О.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 1909034091041 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа барилгын хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол их тойруу гудамж 21 дүгээр байрны 96 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 21 дүгээр байрны гадна 11 настай Э.Төгөлдөрийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “охин Аялгууг хэл амаар доромжилж уйлуулсан” гэх шалтгаанаар толгойн тус газар нь алгадан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909034091041 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай охиныг байрны хүүхдүүд хэл амаар доромжилсон байхаар нь гарч очоод тэр хүүхдүүдийг алгадсан. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Төгөлдөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 21 дүгээр байрны гадна өөрийн найзуудтай тоглож байсан. Байрны гадаа найзуудтайгаа байхад Нандинбаатарыг Аялгуу гэх охин пандгар гэж хэлсэн гэсэн. Би яг сонсоогүй. Байрны жижүүр Туяа эгч хажуунаас Аялгууд хандаад чамайг доромжлоод байна, аав руугаа залгаж хэлээч гэхэд Аялгуу уйлсан. Тэгээд аав руугаа залгасан. Удалгүй орцноос нэг ах гарч ирээд Нандинбаатарыг цохисны дараа над дээр ирээд миний баруун хацар руу 1 удаа маш хүчтэй алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч С.Нандинбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би найзуудтайгаа байрны урд талын сандал дээр ирээд суутал Аялгуу гэх байрны охин намайг “бандгар” гэж дуудсан. Би тэр охиныг бондгор гэж дуудсан. Тэр охин уйлаад аавдаа хэлсэн. Тэгээд намайг найз нартайгаа байрны саравчин дотор зогсож байтал Аялгуугийн аав нь гарч ирээд намайг 2 удаа баруун шанаа руу цохисон. Яаж цохисон талаар би хараагүй учир нь би айгаад нүдээ аньсан байсан. Мөн миний гэдэс рүү 1 удаа цохисон. Тэгээд миний шанаа руу цохиход би толгойгоороо мод мөргөсөн. Цогоо, Билгээ, Чингүүн, Төгөлдөр дөрвийг нэг нэг удаа алгадсан. Тэрнээс хойш миний толгой өвдөөд байсан ба хамар дотор нэг юм гараад хавдаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч Б.Чингүнжав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн эмээ болох Баясгалангийн гэрийн гадаа болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 21 дүгээр байрны гадна өөрийн найзуудтай саравчинд сууж байсан. Манай найз Нандиаг нэг хүүхэд бандгар гэж хэлсэн. Нандиа тэр охинд хандан чи “пэндгэр” гэж хэлсэн. Тэр охин уйлаад гэр рүүгээ орсон. Тэр охины аав нь гарч ирээд “миний хүүхдийг дахиж тэгж хэлэх юм бол ээж аавтай чинь нийлүүлж байгаад ална шүү” гэж хэлээд биднийг цохисон. Нандиагийн толгой руу нь 2 удаа, гэдэс рүү нь 1 удаа цохиж, хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Дараа нь намайг болон бусад хүүхдийг нэг удаа толгой руу нь алгадсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч И.Цогжавхлан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед Төгөлдөр, Чингүн, Нандинбаатар байрны гадаа байсан. Аялгуу гэх охин манай найз Нандинбаатарыг пиндгэр гэхээр нь Нандинбаатар Аялгууг пиндгэр гэсэн. Орцны жижүүр Туяа эгч аавдаа орж хэл гээд өөхшүүлээд байсан чинь Аялгуу аавыгаа дуудсан. Аав нь гарч ирээд Нандинбаатарыг 3 удаа шанаадаад, элэгдсэн, хоёр хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Шанаадахад нь Нандинбаатар арынхаа модыг мөргөсөн. Миний баруун хацар руу 2 удаа алгадсан. Чингүнийг 1 удаа алгадсан. Төгөлдөрийг бас 2 удаа алгадсан. Цогбилэгийг 2 удаа алгадсан. Тэгээд орохдоо “аав, ээжтэй чинь нийлүүлж байгаад ална шүү” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч И.Цогбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед байрныхаа гадна тоглож байхад манай найз Нандинбаатарыг Аялгуу гэх охин пэндгэр гэхээр нь Нандинбаатар Аялгууг пэндгэр гэж хэлсэн. Орцны жижүүр Туяа эгч Аялгууг аавыгаа дууд гэж хэлсэн. Аялгуу аавыгаа дуудаад аав нь гарч ирээд Нандинбаатарыг 3 удаа шанаадаад, элэгдсэн, хоёр хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Чингүнийг 1 удаа алгадсан. Төгөлдөрийг бас 2 удаа алгадсан. Цогоог 2 удаа алгадсан. Тэгээд орохдоо “аав, ээжтэй чинь нийлүүлж байгаад ална шүү” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10922 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Э.Төгөлдөрийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 46, 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хороолол Их тойруу гудамж 21 дүгээр байрны гадна 11 настай Э.Төгөлдөрийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “охин Аялгууг хэл амаар доромжилж уйлуулсан” гэх шалтгаанаар толгойн тус газар нь алгадан эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Төгөлдөрийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч гэрч С.Нандинбаатар, гэрч Б.Чингүнжав, гэрч И.Цогжавхлан, гэрч И.Цогбилэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10922 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь бага насны хохирогч Э.Төгөлдөрийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч насанд хүрээгүй хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бгийн үйлдэл нь “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.Төгөлдөр нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ 11 настай буюу бага насны хүүхэд болох нь түүний төрсний гэрчилгээний баталгаажуулсан хуулбар, бусад баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлж, эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч О.Бг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Төгөлдөр түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ганзулаас “...Хохирлын мөнгө болох 635.000 төгрөгийг О.Бгаас бэлнээр авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 46 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч О.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бага насны хүүхэдтэй зүй зохистой харьцах, зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Бг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН