| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0678/э |
| Дугаар | 969 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 969
2019 11 18 2019/ШЦТ/969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: П.Тулга;
улсын яллагч: Г.Ганбагана;
шүүгдэгч: Б.Сонорбаяр (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боролзойн Сонорбаярт холбогдох эрүүгийн 1909017461182 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Улаанбаатар хэвлэл” ХХК-ийн “Сити Тауэр” оффист сантехникч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 350 тоотод түр оршин суух (Төв аймгийн Жаргалант сум, 3 дугаар баг, Баянбулаг, Хөшигт 3 дугаар гудамжны 01 тоотод оршин суух бүртгэлтэй), ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, НМ90072912 регистерийн дугаартай, Монгол овогт Боролзойн Сонорбаяр.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Сонорбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити Тауэр” гэх барилгад үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл” зочид буудлын Б1 дүгээр давхараас иргэн Г.Соёлтуяагийн гээсэн “Самсунг А6 Плас” гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн эхнэрт өгч ашиглуулан завшиж 792.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сонорбаяр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон асуудлын талаар ярьж мэдүүлсэн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Соёлтуяа /хх-ийн 18-21/, гэрч О.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Б.Сонорбаярын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/, “UNITEL” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 11/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 29-31/, Б.Сонорбаярын хувийн байдлын талаархи баримтууд /хх-ийн 45-56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Сонорбаяр нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Сити тауэр” оффисийн барилгын Б1 давхараас иргэн Г.Соёлтуяагийн гээгдүүлсэн “Самсунг А6 Плас” загварын гар утсыг олж, уг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 792.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Соёлтуяагийн /хх-ийн 19-21/: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 09:30 цагийн үед Б1 давхарт байдаг цагаан хэрэглэл угаадаг өрөө рүү цамцаа индүүдэх гэж орохдоо гар утсаа орхиод гарсан. Тэгээд 1 цаг гаруйн дараа эргээд очиход алга байсан...Би 2019 оны 03 дугаар сарын 12-нд “Сайн компьютерс” ХХК-аас 1.199.000 төгрөгөөр лизингдэж авсан, хар өнгийн кейстэй, голд өнгийн “Самсунг А6 Плас” загварын гар утас юм...Цагдаагийн байгууллагаас миний утсыг надад хүлээлгэж өгсөн...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Мөнхцэцэгийн /хх-ийн 28/: “...Манай нөхөр надад “Самсунг А6 Плас” загварын гар утас өгсөн. Өгөхдөө “хүн хямдхан зарна гээд явж байхаар нь авчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би баръя” гээд барьж байсан...” гэх мэдүүлгээр,
Б.Сонорбаярын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 41-42/: “...Би хулгай хийж аваагүй. Би цахилгааны шийтний өрөөнд унадаг дугуйгаа хийдэг юм. Тэгээд дугуйгаа хийх гээд ортол шалан дээр шороо болсон хавтастай гар утас байсан. Тэр утсыг аваад өөрийн хувцасны шүүгээндээ 2 хоног хадгалсан. 2 хоногийн дараа авч яваад “Сансарт” утас засварын газарт цоожийг нь 20.000 төгрөгөөр гаргуулсан. Тэгээд эхнэртээ бариулж байгаад цагдаагийн байгууллагаас утсаар яриад тухайн гар утсыг авч ирээрэй гэхээр нь авчирч өгсөн...” гэх мэдүүлгээр болон “UNITEL” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 11/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 29-31/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа ашиглаж байсныг өөрөө мэдүүлсэн, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэн Г.Соёлтуяагийн мартаж гээгдүүлсэн “Самсунг А6 Плас” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Б.Сонорбаярын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө… завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Сонорбаярын “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн тул хохирогчид төлөх төлбөргүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Сонорбаярыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сонорбаяр нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Монгол овогт Боролзойн Сонорбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сонорбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сонорбаяр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Б.Сонорбаяр нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сонорбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ