Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2026/00027

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 309/ШШ2026/00593 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******ид холбогдох

“Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны зүүн урд талд байрлах ******* нэгж талбарын дугаартай ******* дугаар улсын бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 350 м.кв газрыг чөлөөлүүлэх” тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Өөрийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдлыг хамгаалуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байшингийн зүүн урд талд ******* нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 350 м.кв газрыг хууль ёсны дагуу өмчилдөг юм.

Уг өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаж хашаалан хувийн сууцаа барих гэтэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунхны ******* тоотод оршин суух ******* нь миний өмчлөлийн газрын хил залгаа газарт амьдардаг төдийгүй Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлаж миний өмчлөлийн газрыг хашаалан хууль бусаар ашиглаж байна. Би хариуцагч *******тай уулзаж, газрыг чөлөөлж өгөхийг шаардахад үл тоон элдэв шалтаг тоочин эсэргүүцэж миний өмчлөлийн газрыг дур мэдэн хууль бусаар ашигласаар байна.

Миний бие нь иргэн *******ын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хэрлэн сумын Засаг дарга, Чойбалсан хотын захирагч *******д хандсан боловч шийдвэртэй арга хэмжээ авч, хариу өгөлгүй өдийг хүрлээ.

Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны зүүн урд талд байрлах гудамж тоотын ******* нэгж талбарын дугаартай ******* дугаартай улсын бүртгэлтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 350 м.кв газрыг чөлөөлж өгнө үү...” гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний хүү Монгол Улсын иргэдэд газар өмчлөх хуулийн дагуу 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 5 байрны урд 700 м.кв газрыг өмчилж авсан. Тэр үеийн кадастрын зураг байна. Манай газар баруун талаараа  эрчим хүчний шугам, дулааны шугамтай, зүүн талаараа бохирын төв шугамтай, хойд, урд талаараа гудамжтай залгаа оршдог. Тухайн газрыг авч байхад биднээс өөр өмчлөгч, эзэмшигч байгаагүй учраас хуулийн дагуу авсан. Энэ газар оршин суусан цагаас 30 орчим жил, 700 мкв газрыг хуульд зааснаар өмчилж авснаас хойш 16 дахь жилдээ амьдарч байна. Тухайн газрын асуудлаар ямар нэгэн хэрүүл маргаан гарах үндэслэл байхгүй. Тухайн газар нь бидний хууль ёсны өмчлөлийн Монгол Улсын хуульд зааснаар өмчилж авсан, хэн ч халдашгүй газар.

Бид 2024 оныг хүртэл энэ газарт амгалан тайван амьдарч ирсэн. Гэтэл 2024 онд гэх этгээд гарч ирээд, өмчлөлийн газартай, тухайн газар нь ийн газартай хил залгаа оршдог гэсэн. Түүний хил залгаа гэсэн газрын гэрчилгээ 2017 оных, манай газрын гэрчилгээ 2009 оных байна. Манай тэр хавийн газар, кадастрын зураглалд өөрчлөлт орсон зүйл байхгүй. 2024 онд манай газартай давхардсан байна гэж ирсэн. Манай газрын уулзварт гудам байгаа. Баруун, зүүн газарт айл байгаа. Тэгэхлээр хил залгаа газар авах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Залгаа байсан газрыг нь хашаалж авсан гэсэн тайлбар хэлсэн байна. Манайх тухайн газарт 2009 оноос хойш хэвийн амьдарч байсан. Энэ хүнд манай ойролцоо газар өмчилж авах хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн газрын гэрчилгээ нь хуулийн дагуу өмчилж авсан газрын гэрчилгээ биш, эрх шилжүүлж авсан газрын гэрчилгээ байсан.

2024 оны 02 дугаар сард манайд орж ирээд гэрчилгээгээ үзүүлж “миний газар танай газартай давхацсан байна. Та газраа хойш болгоод өг” гэхээр нь би “үгүй” гэсэн. Учир нь манай газар Засаг захиргааны нэгжийн хуулийн дагуу тухайн гудамд, эзэмших, ашиглах газар дээр хийгдсэн кадастрын зураглалтай газар. Хэн дуртай нь манай газрыг хойш татуулж, хууль бусаар хийлгэсэн кадастрын зураг ашиглаж өөрчилж, эзэмших үндэслэл байхгүй.”гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “...*******, , нар нь гэр оронд гэнэт орж ирдэг, нэр усаа хэлдэггүй, намайг тайлбарлах гэхэд тэр хамаагүй, чи юу мэддэг юм бэ, чи заах юм уу” гэх мэтээр зэрлэгээр агсардаг. Эдгээр хүмүүс хоорондоо холбогдон нарийн харилцаа холбоотойгоор хуурамч бичиг баримт үйлдэж албан ажил хуулийн эрх мэдлийг ашиглан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарыг хүртэл миний хүүгийн өмчлөлийн газраас 350 м.кв газрыг тасдаж авах шунахай сэдлээр тасралтгүйгээр зохион байгуулалттайгаар намайг хүчирхийлж ирлээ.

Тэд иргэн миний хувийн өмч, гэр оронд ямар ч зөвшөөрөлгүй халдаж дайран орж амгалан тайван байдлыг алдагдуулан, айлган сүрдүүлж, дарамтлан заналхийлж, амьд явах, амьдрах эрхэнд минь удаа дараа зүй бусаар халдаж байна. Энэ байдал нь иргэн миний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсээр байна. Иймд өөрийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдлыг хамгаалуулахаар шүүхэд хандан сөрөг нэхэмжлэл гаргаж байна...” гэжээ.

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: “...өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч тэй гэрээ байгуулан ажиллуулж байна. Өмгөөлөгч нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж, үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахаар миний хууль бусаар хашаалагдсан газар дээр очин ******* гуайг гэртээ байх үед нь таарахад, тэрээр өмгөөлөгчийг гэртээ ороод ир гэж шаардахад нь орж учир байдлыг хэлэх гэтэл хэл амаар доромжилж, газрын гэрчилгээний хуулбар хувийг булаан авч байсныг дурдах нь зүйтэй юм.

Тухайн үед өмгөөлөгч маань надад хэлж байсан ба энэ тухай ямар нэгэн гомдол тэмцэл гаргаагүй, хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл шаардлага гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдэг дээр санаа шулуудан шүүхэд хандсан. Шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үйлдэл хийсэн нь энэ хүний амь нас, эрүүл мэнд, өмчлөх эрхэд халдсан гэж үзэх боломжгүй юм. Түүний сөрөг нэхэмжлэлд дурдсан дээрх үйлдлүүд нь ор үндэслэлгүй, ямар ч баримт нотолгоогүй бөгөөд өөрийнхөө санаанд орсон зүйлээ бодит юм шиг бичсэн төдий байна.

Мөн өөрийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдлыг хамгаалуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Энэ нь огт үндэслэлгүй бөгөөд түүний амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдалд халдсан зүйл байхгүй байхад бусдын газар өмчлөх хууль ёсны эрхэд халдсан хууль бус үйлдлээ булзааруулах гэсэн башир арга болохоос гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч *******ын Дорнод аймаг Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байшингийн зүүн урд талд байрлах өмчлөх эрхийн ******* дугаар бүртгэлтэй, ******* нэгж талбарын дугаартай, 315 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн /сөрөг нэхэмжлэлд төлсөн/ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Хэргийн материал шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй шүүх хуралд орсон.

... Би урд гудамжаа өгөхийг зөвшөөрөөгүй. Энэ байдалд шүүгч их эгдүүцэж, хэргийг хэлэлцэлгүй шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийг ханган шийдвэр гаргасан. Шинжээчийн дүгнэлт холбогдох зураглалыг авч танилцахыг туслахдаа хэлсэн. Шинжээчийн дүгнэлтийг авч танилцахад хойд, урд гудамж, хажуу талын айлыг хүртэл оруулсан байв. Манай газар хойд, урд гудамж, хажуу айлуудын газар, түүний хил заагууд нь кадастрын зураглалаар 1 см-н ч зөрүүгүй тодорхой тусгагдсан байгаа.

... Энхбаатар, хоёрт хуулийн дагуу газрын албанаас газар олгосон, мөн хоорондоо худалдсан, тэрчлэн уг газрын хууль ёсны өмчлөгчтэй ярилцсан зөвшөөрөлцсөн нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

******* 2017.11.07-ны өдрийн ******* дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг, 50-р байрны зүүн урд талд ******* нэгж талбарын дугаартай, 350 м2 газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эд хөрөнгийн улсын бүртгэлээс хасуулж өгөхийг хүсэж гомдол гаргав.” гэжээ.

7. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж байна. ийн хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. нь 700м2 газар өмчилдөг. Урд талдаа 350м2 гудамтай. 2009 онд ийн хувьчилж авсан газар дээр 350м2 гудамж хэсгийн газар нь давхцаж байгаа. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Тиймээс албадан чөлөөлүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гудамж хэсгийн газрыг хууль ёсны дагуу хэвээр нь үлдээж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасан. Нэгэнт хувьчилж авсан газар дээр давхардуулж газар олгож болохгүй гэж үзэж байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж хэсгийг хувьчилж авч болохгүй, хуулиар хориглодог гэж бодож байна. Манай газар нь хойш, урагш байрладаг. Манайх амьдарч байгаа газар дээрээ, анхнаасаа өгөгдсөн байршил дээр газрын гэрчилгээ, кадастрын зургийн дагуу эзэмшиж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр энэ газрыг олгож байгаа. Өмчлөгчийн газрын байршлыг кадастрын зургаар хэмжиж тооцохоор хуульд заасан.  Манай урд талын гудмыг бидэнд хэвээр нь үлдээж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

8. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Зөв гарсан гэж бодож байгаа.” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. нь 2009 онд тухайн нэгж талбарт тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу 700м2 газрыг өмчилж авсан байдаг. Тухайн 700м2 газартай нэхэмжлэгчид олгосон газар давхацсан зүйл байхгүй. Хууль ёсны өмчлөх эрхэд халдсан зүйл огт байхгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. ...Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт хүртэл гарсан. ийн хувьд нийт 1812м2 газрыг хашаалсан байгаа. Үүнд ын хууль ёсоор өмчилж байгаа 350м2 газраас нь 312м2 газар багтаж хашаалагдсан байгаа. Ингэснээр бусдын өмчлөх эрхэд халдаж байгаа үйлдэл юм. Удаан амьдарсан, түрүүлж авсан гээд дураараа авирлаж болохгүй. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэсгийн хашааг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ид холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааны талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан “Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны зүүн урд талд байрлах гудамж, тоотын ******* нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 350м2 газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” үндсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хариуцагч солих хүсэлтийг хангаж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШЗ2025/00786 дугаартай захирамжаар хариуцагч *******ыг жинхэнэ хариуцагч *******оор сольжээ.

4. Хариуцагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №0173 дугаартай итгэмжлэлээр Д.ын нэхэмжлэлтэй *******ид холбогдох газрын маргааны иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг *******д 3 жилийн хугацаагаар олгожээ.

5. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “ ...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байшингийн зүүн урд талд нэгж талбарын ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 350м2 талбайтай газрыг хууль ёсны дагуу өмчилдөг. Уг өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаж хашаалан хувийн сууцаа барих гэтэл хариуцагч нь миний өмчлөлийн газрыг хашаалан хууль бусаар эзэмшиж байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж, газрыг *******ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын үндэслэлээ: “...Нэхэмжлэгч нь *******ийн өмчлөлийн 700м2 газраас *******ын 2017 онд хийлгэсэн гэрчилгээний дагуу 350м2 газрыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ. Миний хүү ******* нь Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны урд 13-ын Б гудамж хашаанд аймгийн Засаг даргын 2009.06.23-ны өдрийн 186 дугаар захирамжаар 091107161 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614002854 дугаартай, 700м2 талбайтай газрыг өмчлөн авсан. ...******* нь манай газарт шууд тулгаад 350м2 газрыг манай урд нүүрний гудман дээр байршуулан, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тэрээр газрын гэрчилгээ, кадастр зэргээ өөрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гудам дээр биш, харин манай өмчлөлийн 700м2 газрын урд хэсгийн 350м2 газар дээр гаргуулсан байна. Ер нь манай газрын аль ч талд газар авах боломжгүй. Хуурамчаар бүрдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураглал зэргээ ашиглан *******ийн хууль ёсны өмчлөлийн газраас 350м2 газрыг тасдан авахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...” гэж эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч *******д холбогдуулан “Газар өмчлөх хууль ёсны эрхээ хамгаалуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “ ...*******, , нар нь гэр оронд гэнэт орж ирдэг, нэр усаа хэлдэггүй, намайг тайлбарлах гэхээр “тэр хамаагүй, чи юу мэддэг юм бэ, чи заах юм уу” гэх мэтээр зэрлэгээр агсардаг. Эдгээр хүмүүс хоорондоо холбогдон, нарийн харилцаа холбоотойгоор, хуурамч бичиг баримт үйлдэж, албан ажил, хуулийн эрх мэдлийг ашиглан 2024.02.20-2025.02 сар хүртэл миний хүүгийн өмчлөлийн газраас 350м2 газрыг тасдаж авах шунахай сэдлээр тасралтгүйгээр, зохион байгуулалттайгаар намайг хүчирхийлж ирлээ. Тэд иргэн миний хувийн өмч, гэр оронд ямар ч зөвшөөрөлгүй халдаж, дайран орж, амгалан тайван байдал алдагдуулан, айлган сүрдүүлж, дарамтлан заналхийлж, амьд явах, амьдрах эрхэнд минь удаа дараа зүй бусаар халдаж байна. Энэ байдал нь иргэн миний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсээр байна. Иймд өөрийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдлыг хамгаалуулахаар шүүхэд хандан сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлын үндэслэлээ: “ ...Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлаж, миний өмчлөлийн газрыг хашаалан хууль бусаар ашиглаж байгааг ******* гуайд учрыг тайлбарлаж, өмчлөлийн газрыг минь чөлөөлж өгөөч гэж гуйхад төрд олон жил ажилласан, настай намбатай, юмны наад цаад учир начрыг мэдэх хүн байх атал харин ч намайг элдвээр хэлж дайрч давшлан, хэн нэгэнтэй хуйвалдаж өөрийнх нь газрыг булааж авах гэж байгаа мэтээр аашилдаг юм. Өөрийн газар дээрээ кадастрын хэмжилт хийлгэх гэхэд дур мэдэн хашаалчихсан байсан тул хашааны гаднаас цэг хатгуулж хэмжүүлж байсан. Үүнээс хойш энэ хүнтэй учир зүйгээ олох боломжгүй юм байна гэж ойлгоод дахин уулзаагүй төдийгүй хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч тэй гэрээ байгуулан ажиллаж байна. Шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үйлдэл хийсэн нь энэ хүний амь нас, эрүүл мэнд, өмчлөх эрхэд халдсан гэж үзэх боломжгүй юм. Түүний сөрөг нэхэмжлэлд дурдсан дээрх зүйлүүд нь ор үндэсгүй, ямар ч баримт нотолгоогүй бөгөөд өөрийнхөө санаанд орсон зүйлээ бодит юм шиг бичсэн төдий байна. Энэ нь огт үндэслэлгүй бөгөөд түүний амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдалд халдсан зүйл байхгүй байхад бусдын газар өмчлөх хууль ёсны эрхэд халдсан хууль бус үйлдлээ булзааруулах гэсэн башир арга болохоос гадна сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн шаардлага хангаагүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч *******ыг жинхэнэ хариуцагч *******оор сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

10. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байшингийн зүүн урд талд гудамж, тоот хаягт байршилтай, 350м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр, хариуцагч ******* нь улсын бүртгэлийн Г-0614002854 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 091107161 дугаартай, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байрны зүүн урд талд байршилтай, 700м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тус тус бүртгэгджээ.

11. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч *******ын “мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилуулж, дүгнэлт гаруулах тухай” хүсэлтийг хангаж, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 309/ШЗ2025/00927 дугаартай шүүгчийн захирамжаар Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж,  шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот дүгнэлтээр “ ...Иргэн *******ид аймгийн Засаг даргын захирамжаар олгосон хэмжээ нь 700м2 байх бөгөөд газар дээрээ 1812м2 газрыг хашаалсан байна. Үүнд иргэн *******ын өмчлөлийн газрын 315м2 давхцаж байна. Иргэн ******* нь аймгийн Засаг даргын захирамжаар олгосон хэмжээнээс 1184м2 газрыг илүү ашиглаж байна. Дээрх газрын зүүн урд хэсгийн 315м2 газар нь иргэн *******ын өмчлөлийн газар, баруун хэсгийн 869м2 газар нь нийтийн эзэмшлийн газар байна.” гэснийг үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал,  шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ******* нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор буюу өөрийн өмчлөлийн газрыг хашаагаар хашаалахдаа бусдын өмчлөлийн газрыг давхцуулан хашаалсан болох нь тогтоогдсон байх ба энэ нь түүнийг бусдын өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд өмчлөгч эрхээ хэрэгжүүлэхэд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зохицуулсан шаардах эрх үйлчлэх бөгөөд энэхүү эрхээ шүүхэд хандах замаар хэрэгжүүлсэн нь хуульд нийцжээ.

12. Иймд Иргэний хуулийн 106 дугаар 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******ын өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, 50 дугаар байшингийн зүүн урд талд байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 315м2 бүхий газрыг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

13. Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тусгах ба түүнийг нотлох баримтыг хавсарган ирүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлага нэгэн адил хамаарна.

Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд хэргийн нотлох баримт нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.  

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “ ...Тэд иргэн миний хувийн өмч, гэр оронд ямар ч зөвшөөрөлгүй халдаж, дайран орж, амгалан тайван байдал алдагдуулан, айлган сүрдүүлж, дарамтлан заналхийлж, амьд явах, амьдрах эрхэнд минь удаа дараа зүй бусаар халдаж байна. Энэ байдал нь иргэн миний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсээр байна. Иймд өөрийн эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийн халдашгүй байдлыг хамгаалуулахаар шүүхэд хандан сөрөг нэхэмжлэл гаргасан. ...” гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь: “ ...Энхбаатар гэх хүнд хууль ёсны дагуу олгогдсон газрыг 2017.11.07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өөртөө шилжүүлж авсан.” гэсэн байна. Б.Энхбаатар, ******* хоёрт хуулийн дагуу газрын албанаас газар олгосон, мөн хоорондоо худалдсан, тэрчлэн уг газрын хууль ёсны өмчлөгчтэй ярилцсан, зөвшөөрөлцсөн нэг ч баримт хэрэгт байхгүй. ******* нь дээрх газрыг хууль ёсны дагуу өмчлөөгүй байх тул 350м2 газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эд хөрөнгийн улсын бүртгэлээс хасуулж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан ба иргэн Энхбаатар  анх ямар журмаар уг газрыг өмчилж авсан, Энхбаатар нь маргаан бүхий газрын  өмчлөх эрхийг өмчлөгч *******д хэрхэн, яаж шилжүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. 

16. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 309/ШШ2026/00593 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 309/ШШ2026/00593 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Г.УРТНАСАН

                                                                                     Ц.ЭРДЭНЭЗУУ