Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ХШТ/30

 

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалтай, Б.Т-т холбогдох 2413000000233 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .... тоотод оршин суудаг, .... аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор .... оны Эрүүгийн хуулийн ... дүгээр зүйлийн ....-д тус тус зааснаар ... жил хорих ялаар шийтгүүлж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....  дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ... хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б.Т

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө, 06 цаг 30 минутын орчимд ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт согтуугаар салсан эхнэр Б.Б-ийн хэвлийд хоёр удаа, араас нь нуруунд нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Т-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдсан, зэвсэг хэрэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 5 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 10 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 133 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан хор уршигт өөрийн өмчлөлийн .... багт байршилтай, 48 м2 талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээ бүхий хувийн сууцыг газрын хамт хохирогч Б.Б-ийн нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“.... аймгийн прокурорын газраас Б.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 1, 2 дахь заалтаас тус зүйлчлэлтэй холбоотой хэсгийг хасаж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “15 жилийн хорих ял” гэснийг “10 жилийн хугацаагаар хорих ял” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Парида хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг үйлдэхээр завдах ...” тухай зохицуулалт, 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах”, 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийн шинжийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн... Давж заалдах шатны шүүх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, ач холбогдол бүхий гэрч Т.Ж, насанд хүрээгүй гэрч Т.А-н нарын мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгохдоо бусад нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлийг магадлалд дурдалгүй хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, гэрч О.Ж, Т.Ж, насанд хүрээгүй гэрч Т.А-ны мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаартай “... иргэн Б.Б-ийн биед хутганы шарх, зүүн далны хэсэгт цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушгины хатгагдсан шарх, хэвлийн зүүн талд хөндлөн байрлалтай 2 ширхэг хатгагдсан шархтай, зүүн уушиг шалчийсан, зүүн уушгины пневмоторокс (цус хуралттай), гидроторокс (шингэн хуралттай) гэмтлүүд тогтоогдлоо...” гэх дүгнэлт, яллагдагч Б.Т-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Б-ийг алах санаа зорилгоор ирснээ илэрхийлж, гэрт нь цонхоор нэвтэрч, хохирогч гэрээсээ гарч зугтаан хөршөөсөө тусламж хүсэхэд араас нь хөөж барьж аваад хутгалж эхэлсэн, Т.Ж, Т.А-н нарын охид нь түүний үйлдлийг хориглож, тэдний дундуур орсон, хохирогч амь тэмцэн зугтааж хашааны хаалгыг хааснаар гэмт хэрэг туйлдаа хүрээгүй, таслан зогсоогдсон болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байхад хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх хийсвэр дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээсээ төгс татгалзсан мэтээр хэргийн бодит байдлыг гажуудуулж, ял завшуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Харин шүүгдэгчийн хутгаа хаясан үйлдлийг түүний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байдалтай нь холбон авч үзэх бөгөөд хэргийн газраас зугтаасан, хохирогчийн биед цээжний хөндийд нэвтэрч зүүн уушги хатгагдсан шарх үүсгэсэн хүнд гэмтэл учруулсан, тухайн хутгалсан үйлдлийн улмаас хохирогч их хэмжээний цус алдаж, шокийн байдалтай байсан зэргээс үзэхэд хохирогчийн амь насыг хөнөөх хэмжээний гэмтлийг учруулсан гэж бодсон байх боломжтой байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 1.4-т заасан “... хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх хяналтын журмаар эсэргүүцэл гаргах үндэслэлүүдэд хамаарна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдарч байсан Б.Б-ийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. Гэвч хэргийн зүйлчлэл үндэслэлгүй, шүүгдэгчид оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал, шударга ёсны зарчимд нийцээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй, зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайлбал, шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн хэргийг давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар нийлмэл гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч Б.Т-ийн үйлдэл нь анхнаасаа хүнийг алах сэдэлт, зорилготой, шууд санаатай, ухамсарт үйлдэл байсан болох нь хохирогч болон гэрч Т.А-ын, Т.Ж нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Мөн хохирогч руу чиглэсэн, 3 удаа хутгалж буй үйлдэл нь шүүгдэгчийн субъектив санаа зорилгыг тодорхой илтгэж байгаа бөгөөд “хүнийг алахыг завдах” гэмт хэргийн шинж хангагдсан тул хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь бие даасан гэмт хэргийн шинж болохгүй. Дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг бие даасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэх хууль зүйн боломжгүй, анхны санаа, сэдэлт, зорилго бүхий гэмт хэрэгт хамаарахаар байна. Шүүгдэгчийн үйлдэл нь сэдэлт, санаа зорилгоороо хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөж чадаагүйн зэрэгцээ уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгчийн үйлдлийг давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд орчуулагчаар А.А-г оролцуулсан талаар 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд орчуулагч оролцуулсан талаар тусгаагүй. Орчуулагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийн бусад оролцогчид хамаарна. Түүнчлэн шүүх хуралдаанд дээрх хүнийг орчуулагчаар оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар орчуулагчаар томилсон шийдвэр гаргаагүй байна.

Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдож байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Паридагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Б.Т-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний улмаас шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

3.Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өглөө, 06 цаг 30 минутын үед гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн байшингийн цонхыг  хагалан орж, гартаа хутга барин “чамайг алах гэж ирлээ” хэмээн заналхийлж, хохирогчийг гэрээс гарч хөрш айлаас тусламж хүсэхээр гүйхэд араас нь хөөн барьж авч хэвлийд нь хоёр удаа хутгалж, улмаар хашааны хаалгаар зугтаж гарахад араас нь нурууны зүүн дал орчимд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зөрүүгүй тогтоожээ.

Харин дээрх үйлдлийг анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан болон хүндрүүлэх нөхцөл байдлаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх нийлмэл гэмт хэрэг хэмээн үзсэн бол давж заалдах шатны шүүх хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр хоёр шатны шүүхээс гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, түүнд хүрэх гэсэн шүүгдэгчийн хүсэл, эрмэлзэл, сонгож хэрэгжүүлсэн арга, ашигласан зэвсэг, гэмт үйлдлийн эхлэл, өрнөл, эцсийн үр дүн, учруулсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо зэрэгт хийсэн хууль зүйн дүгнэлт, шийдэл нь алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэх үндэслэл болов.

4.Прокуророос шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдсан” болон Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж нэг удаагийн үйлдлийг хэд хэдэн гэмт хэргээр давхар зүйлчилсэн байна.

Гэмт хэргийн олонлогийн нэг төрөл болох нийлмэл гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн эрх зүйн онолд нийлмэл гэмт хэргийг нэг удаагийн үйлдэлтэй, хэд хэдэн үйлдэлтэй гэж ангилан авч үздэг. Нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг санаа зорилгод хүрэхийн тулд хийсэн нэг үйлдэл, эс үйлдэхүйгээр Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хоёр, түүнээс дээш эрх ашигт халдаж үйлдсэн гэмт хэргийг, хэд хэдэн удаагийн үйлдэл бүхий нийлмэл гэмт хэрэг гэдэгт нэг цаг хугацаанд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг хэд хэдэн үйлдлээр  дараалуулан үйлдсэнийг ойлгох бөгөөд энэ агуулга нь Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэгт “... нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр ...” гэсэн байдлаар тусгалаа олжээ.

Шүүгдэгч Б.Т-ийн холбогдсон “Хүнийг алахыг завдах” болон “Хүний эрүүл мэндэд хохирол учруулах” гэмт хэргүүд нь гэмт санаа зорилго буюу субъектив талын шинжээр ялгаатай. Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулж үйлддэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгддэг тул эдгээр хэргүүд нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэргээр зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх, прокуророос түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан хэмээн бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгчийн гэмт санаа юунд чиглэснийг харгалзан үзэхгүйгээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавраар нь давхар зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хохирогч Б.Б-ийн “... том өрөөний цонхоор салсан нөхөр Т гартаа хутга барьсан байдалтай орж ирээд, намайг ална гэж хэлээд дайрах үед би гэрээс гарч зугтсан. Т миний араас хөөж хашаан дотор барьж аваад хэвлийд хутгалсан, арай гэж амь тэмцэн зугтаж хашаанаас гарахад ар дал руу хутгалсан. Ухаан санаа балартаж ямар ч байсан хашаа руу буцаад орох үед хөрш айлын эрэгтэй хашааны хаалга хаах үед Т гадна үлдсэн...” /хэргийн 1-р хавтасны 20-21/, гэрч Т.Ж-ын “... том өрөөний цонх хагарсан бөгөөд би орноосоо босоод том өрөөнд ороход аав Т гартаа хутга барьсан “чамайг алах гэж ирлээ” гээд ээж рүү дайрсан. Ээж гэрээс гарч зугтаахад барьж аваад нилээд ноцолдсон. Дүү бид хоёр аав Т-ийг хориглоход огт тоохгүй ээж рүү хутга бариад дайраад байсан. Миний харснаар ээжийг хэд хэдэн удаа хутгалсан байсан. Аав “би чамайг ч ална, өөрийгөө ч ална” гээд хоолой орчимдоо жаахан зүсэх шиг болсон. Тэгээд ээж хашаа руу буцаж орох үед хаалгыг дотор талаас нь түгжиж авсан...” /хэргийн 1-р хавтасны 39-41/, гэрч Т.А-ны “... том өрөөний цонх хагарч, аав Т орж ирээд ээж рүү “чамайг алахаар ирлээ” гээд дөхөхөд ээж гэрийн хаалгаар гарч зугтсан. Аав, ээжийг ална гээд гартаа хутга барьсан, зууралдаж байсан... “Би чамайг ална, бас өөрийгөө ч алах болно” гээд хүзүү хэсгээ зүсэх шиг болсноо хутгаа газар шидсэн... ээжийг 3 удаа хутгалсан байсан ...” /хэргийн 1-р хавтасны 44-46/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Т анхнаасаа хохирогчийг алах гэсэн санаа зорилготой, түүнийгээ үгээр болон үйлдлээрээ илэрхийлж зэвсэг хэрэглэн довтолсон, шинжээчийн 487 тоот дүгнэлтээр хохирогч Б.Б-д зүүн далны хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгинд хүрсэн шарх, мөн хэвлийн зүү хэсэгт 2 ширхэг хатгагдсан шарх гэмтэл учирсан ба зүүн уушгинд хүрсэн шархны улмаас шингэн, хий хуралдаж уушгины үйл ажиллагаа алдагдан амь насанд аюултай нөхцөл байдалд хүрсэн болох нь тогтоогдсон /хэргийн 1-р хавтасны 28-29/, гэрч О.Ж-ийн “... дуудлагын дагуу очиход 41 настай, эмэгтэй, Б нь цээжний хэсэгт 2 удаа, ар нурууны хэсэгт 1 удаа хутгалуулсан, маш их хэмжээний цус алдаж, шокийн байдалд орсон байсан тул яаралтай тусламж үзүүлж, Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн ...” /хэргийн 1-р хавтасны 38/ гэсэн мэдүүлгээр хохирогчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж амь нас нь аврагдсан нөхцөл байдлууд тогтоогджээ.

Хүнийг алах гэмт хэрэг нь довтолгооноор эхэлж, хохирогч амь насаа алдсанаар төгс үйлдэгдсэнд тооцох ба тэрхүү хохирол учраагүй бол завдалт гэж үзэх нь хууль хэрэглээнд тогтсон ойлголт юм.

Нөгөө талаар, хохирогч амь тэмцэн хашаанд орж ирэхэд хөрш нь хаалгыг хааж түгжихэд шүүгдэгч Б.Т хашааны гадна үлдсэнээр үйлдэл нь таслан зогсоогдож, гэмт санаа нь туйлдаа хүрээгүй байх тул хүнийг алахыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, хохирогч нарын хамтын амьдрал, гэр бүлийн харилцаа, гэрлэлт цуцлалт зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон бөгөөд шүүгдэгч Б.Т-ээс хохирогч болон төрсөн охиддоо үзүүлж байсан айдас, түгшүүр зэргээс дүгнэхэд тухайн хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.      

5.Давж заалдах шатны шүүх дээрх хуулийн буруу хэрэглээг зөвтгөж, залруулах байтал “хүнийг алах санаа зорилго тогтоогдоогүй” гэж хэргийн үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, гэр бүлийн хүчирхийллийн явцад хүний амь нас хохирсон, эсхүл гэмтэл учирсан бол Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилнэ хэмээн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг үндсэн бүрэлдэхүүнээс нь өмнө тавьж тайлбарлан хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй хэрэглэсэн, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийн гэмт санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн байдал, эцсийн үр дүн, сонгосон арга, хэрэгсэл, учруулсан гэмтлийн шинж байдал зэргийг бодитой үнэлж хууль зүйн дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүгдэгч Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-т заасан гэмт хэргээр зүйлчилж, хүнийг алахыг завдсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хуулийг буруу хэрэглэсэн байна.

6.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс сонгон хэрэглэх бөгөөд ийнхүү шийтгэсэн ял, албадлагын арга хэмжээ нь шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.

Шүүх ялын төрөл, хэмжээг тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үзэхээр заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.11, 91.2.15-д заасан хүнийг алах гэмт хэргийг “бүлэглэн”, “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэж, 16 жил хорих ял шийтгүүлсний дараа дахин  хүнийг санаатай алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдэхийг завджээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанарын хувьд тэрээр гэрийн хаалгаа тайлж өгөөгүй хохирогчийн байшингийн цонхыг хагалан орж, “Чамайг алахаар ирлээ” гэж хохирогч руу гартаа хутга барин довтолж, тэнд байсан гэр бүлийн гишүүдийг айдас түгшүүрт автуулсан, улмаар хохирогчийг элдэн хөөж, хэвлийд нь хоёр удаа, зүүн даланд нэг удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрч уушги гэмтээн, үйл ажиллагааг нь алдагдуулж амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, их хэмжээний цус алдалт, шокийн байдалд оруулан хүнийг алахад чиглэсэн үйлдлээ бүрэн хийж дуусгасан зэргийг харгалзан үзвэл шүүгдэгч Б.Т-ийн хүнийг алахыг завдсан үйлдэлд оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй талаар прокурорын шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг хэрхэн хангаж байгааг дээд шатны шүүхээс дүгнэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага, шалгуурын нэг бөгөөд хэрэв хуульд заасан ялын доод, эсхүл дээд хэмжээгээр ял шийтгэсэн бол шүүх бүр үүнийхээ хууль зүйн үндэслэлийг заавал тайлбарлавал зохино.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэсэгчлэн хангаж, хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б.Т-т холбогдох хэрэг анхан шатны шүүхэд очтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

7.Хэргийн 1 дүгээр хавтасны 205, 2 дугаар хавтасны 16 дахь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлүүд ёсчлогдоогүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч болох орчуулагч А.А шүүх хуралдаанд оролцсон байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт нэрийг нь заагаагүй, орчуулагчаар томилсон шийдвэр гаргаагүй зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ