Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 628

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ын Д ,  

Хариуцагч:  Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын хоёрдугаар газрын дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цагдаагийн алба хаах гэрээгээр хүлээсэн үндсэн ажилд буцаан тогтоолгох, цагдаагийн ахлах, ахлагч цолыг буцаан сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч Т.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , Д.Х , гэрч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Т.Д миний бие Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын хоёрдугаар газрын Харуул, хамгаалалтын хэлтсийн объект хамгаалах 5 дугаар хэсэгт харуулын цагдаа, цагдаагийн ахлах, ахлагчаар ажилладаг байсан. 

Миний бие анх 2004 оноос эхлэн Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулчаар, 2014 оноос орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ОНАБХА-ны 05 дугаар ангид харуулын цагдаагаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №230 тоот тушаалаар томилогдон нийт 13 жил тус байгууллагад тасралтгүй ажиллаж ирсэн. 

Энэ хугацаанд хариуцсан ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ямар нэг ажлын хариуцлага алдаж байгаагүй бөгөөд ажлын цагаас хоцорч ч байгаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр нь гүйцэтгэж, байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн ажил, мэргэжлийн уралдаан, спортын арга хэмжээнд байгууллагаа төлөөлөн тасралтгүй 10 жил оролцож, алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулж байсан. Мөн Дотоодын цэргийн марш тактикийн тэмцээнд цагдаагийн албаны төлөө тэмцээнд тус тус шагнуулж байсан.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №******* тоот Албаны даргын тушаалаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны №869 тоот тушаалаар батлагдсан. “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12.10-д алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. 

Мөн Хууль Зүйн сайдын 2015 оны №А/64 тоот тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн цол олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6,1 дэх хэсэгт 6.1.5-д заасны дагуу албан тушаалын цагдаагийн ахлах, ахлагч цолыг хураасан, Миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр зохих шийтгэл, торгуулийг төлсөн. Гэтэл нэгэнт торгууль төлж захиргааны шийтгэл хүлээчихээд байхад ажлаас чөлөөлж, цол тэмдэг хурааж давхар шийтгэл оногдуулсан. Цагдаагийн алба хаах дүрмийг үндэслэн ажлаас чөлөөлж, цол хурааж байгаа тушаал нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна. 

Миний бие ажил мэргэжлийн холбоотой ямар нэг алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй. Ажлаас чөлөөлөгдсөн талаарх нэхэмжлэлээ Иргэний болон, хөдөлмөрийн хуульд заасны дагуу харьяа дүүргийн /Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны/ шүүхэд гаргасан боловч Захиргааны шүүхийн харьяаллын хэрэг гэж үзэн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д-184/Ш32017/03292 тоот захирамж гарсан тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын хоёрдугаар газрын дарга Ц.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Нэхэмжлэгч Т.Д ийн Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын хоёрдугаар газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Д т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Т.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн төрсөн дүү Т.Б ийн хүүхдийн сэвлэг үргээх цайллагад ирж, согтууруулах ундаа хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн ..-.. УНЭ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01.28 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Р.А саатуулагдсан байна. 

Т.Д ийг саатуулагдсан даруйд нь согтуурал хэмжигч багаж /драгер/-аар шалгахад 0.86 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад М.Э Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу 384.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаатайгаар хасах захиргааны шийтгэл ногдуулжээ.

Т.Д ийн дээрх үйлдэлд 21760002 дугаартай албаны шалгалт явуулахад тэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан болох нь тухайн үед Т.Д ийн согтуурлын хэмжээг шалгасан багажийн заалт, албаны шалгалтын хүрээнд Т.Д ийн гаргасан тайлбар, бусад баримтаар тогтоогдсон. 

Дээрх үйлдэл нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дэх хэсгийн 4.1.1-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, мөн дүрмийн 4 дэх хэсгийн 4.4.6-д зааснаар “Цагдаагийн алба хаагч нь хариуцлага хүлээх зарчмын хүрээнд ... Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хууль тогтоомжийг чанд сахих ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн төрийн алба хаагчийн нийтлэг үүрэг, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн байна. 

Т.Д ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан үйлдэлд хийсэн албаны шалгалтын дүнг цагдаагийн газрын даргын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар хэлэлцэж, түүнийг цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хууль тогтоомж, байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн зөрчил гаргасан болохыг хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.3 дах хэсэг /Цагдаагийн төв байгууллагын харьяа нэгж, албадын болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нь ахлагч бүрэлдэхүүнээс гаргасан сахилгын зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2, 26.1.3-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулна/, мөн дүрмийн 12.10 дах хэсэг /Албан хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна/-ийг тус тус баримтлан заасан эрх хэмжээний хүрээнд түүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар Т.Д ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цагдаагийн алба хаах гэрээгээр хүлээсэн үндсэн ажилд буцаан тогтоолгох, цагдаагийн ахлах, ахлагч цолыг буцаан сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Т.Д нь анх Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын цэргийн даргын 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тушаалаар 05 дугаар ангид харуулчаар томилогдож, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 230 дугаар тушаалаар Харуул, хамгаалалтын хэлтсийн объект хамгаалах 5 дугаар хэсгийн харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагчаар томилогдож, нийт 13 жилийн хугацаанд цагдаагийн албанд ажиллажээ. 

Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо “Монгол Улсын иргэн би цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллах, тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” гэж тангараг өргөдөг байна. 

Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Т.Д ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийг зөрчсөн үндэслэлээр түүнийг цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. 

Нэхэмжлэгч нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйлдэлдээ зохих шийтгэл, торгуулийг төлсөн. Нэгэнт торгууль төлж захиргааны шийтгэл хүлээчхээд байхад ажлаас чөлөөлж цол тэмдэг хурааж давхар шийтгэл оногдуулсан, Цагдаагийн алба хаах дүрмийг үндэслэн ажлаас чөлөөлж, цол хурааж байгаа тушаал нь хууль бус захиргааны акт гэж үзэж байна” гэж маргаж байх тул дээрх үндэслэлд шүүхээс дараах хууль зүйн дүгнэлтийг өгч хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Т.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэн улмаар өөрийн эзэмшлийн ..-.. УНЭ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид саатуулагдсан болох нь цагдаагийн дэслэгч Р.А ын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, 11 дүгээр сарын 29-ний өдрийн Захиргааны зөрчлийг хянан шалгах тухай тэмдэглэл, мөн өдрийн Т.Д ийн өөрийн гаргасан мэдүүлэг болон бусад Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэврийн хуудас зэрэг баримтуудаар нотлогдож байна. 

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 598 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3-д “Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халж, цолыг хураах үндэслэл болно. Сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг тусгай журмаар зохицуулна”, 4 дэх хэсгийн 4.1.1-д “цагдаагийн албан хаагч нь “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм, журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах”, 4.1.6-д “Ажлын бус цагаар Цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 4.4.6-д “Цагдаагийн алба хаагч нь хариуцлага хүлээх зарчмын хүрээнд ... Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон хууль тогтоомжийг чанд сахих” гэж тус тус заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд цагдаагийн төв байгууллагын даргын бүрэн эрхийг заасан бөгөөд 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний болон эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах” эрхтэй гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн зөвхөн “Цагдаагийн алба хаах дүрэм”-ийн заалтыг үндэслэн ажлаас халсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна. 

Нэхэмжлэгч Т.Д нь “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан үйлдэлд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар ...өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж тайлбарладаг бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацааг тоолохдоо тухайн албан хаагчийн сахилгын зөрчил гаргасныг шийдвэр гаргах эрх бүхий цагдаагийн байгууллагын дарга олж мэдсэн үеэс эхлэн тоолно” гэж заасан бөгөөд гэрч Б.Г ын “албан хаагчдын захиргааны зөрчил гаргасан эсэхийг мэдээллийн сангаас шүүж үзэхэд Т.Д ийн мэдээлэл гарч ирсэн тул 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илтгэх хуудсаар даргадаа танилцуулсан” гэх тайлбар, Т.Д ийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан согтуугаар автомашин жолоодсон үйлдэлд хийсэн албаны шалгалтын дүнг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын хоёрдугаар газрын даргын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлсэн зэргээс үзвэл дээрх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.10-д “Алба хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасан, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журмыг батлах тухай” А/79 дүгээр тушаалын хавсралтын “Албанаас чөлөөлөх, халах /код 911/ журмын 911.6.1-ийн а-д “2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол албанаас халахаар, Цагдаагийн Ерөнхий газрын  2015 оны Б/99 дүгээр тушаалаар баталсан “Байгууллагын тушаал гаргах /код 136/ журам”-ын 136.4.2-ийн б/-д хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх талаар тушаал гаргах эрх хэмжээг тодорхойлсон байх тул Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаал нь хууль ёсны, бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр болжээ. 

Нэхэмжлэгч торгох, жолооны эрхийг хасах арга хэмжээ авсан атлаа цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халж байгаа нь нэг зөрчилд хоёр арга хэмжээ авсан үйлдэл тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэх үүргийг заасны дотор 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2-д өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13.1.5-д “...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, төрийн байгууллага, алба хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх...“ гэж заасныг тус тус зөрчсөн … тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, …26.1.3-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаас үзвэл Т.Д ийг 384.000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сарын хугацаатай хассан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу захиргааны зөрчилд буюу нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх журмыг зөрчсөн үйлдэлд нь захиргааны шийтгэл ногдуулсан байх бөгөөд ажлаас халсан тушаал нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр байна. Иймд нэг зөрчилд нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Мөн Хууль зүйн сайдын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Дараах тохиолдолд алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтан хураана”, 6.1.2-т “Цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан” гэж заасан байх тул цагдаагийн ахлах, ахлагч цолыг хураасан нь хууль, журмыг зөрчсөн үйлдэлд хамаарахгүй болно. 

Харин нэхэмжлэгч Т.Д нь Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 123 дугаар тушаалаар улсын онц чухал объектын хамгаалалтад тогтоосон стандартыг удаа дараа зөрчсөн үндэслэлээр албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хүлээж байсан бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасан хугацаа дуусаагүй, 2016 оны 11 дүгээр сард Объект хамгаалах тавдугаар хэсгийн албан хаагч Т.Д ээс хамгаалалт, сахилгын зөрчил дутагдал гаргахгүй байх талаар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг дагаж мөрдөх талаар, Цагдаагийн албаны сахилгын дүрмийг танилцуулсан талаарх баталгааг тус тус авч байсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.3, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2,  13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д ийн “Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын хоёрдугаар газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, цагдаагийн алба хаах гэрээгээр хүлээсэн үндсэн ажилд буцаан тогтоолгох, цагдаагийн ахлах ахлагч цолыг буцаан сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮГЧ                                Д.ОЮУМАА