Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1551

 

 

 

 

 

 

 

 

 

С.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ариун-Очир” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 33 028 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Халиунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 хэсэг цэргийн хотхон, АОС гудамжны 5 тоот хаягт байрлах 1893 м.кв талбайгаар хөрөнгө оруулж "Ариун-Очир" ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч миний зүгээс уг гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Бидний хооронд байгуулсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний 1.3-т заасны дагуу надад газраа ашиглуулсны төлбөрт 870 000 000 төгрөг өгөх, энэхүү төлбөрийг дараах байдлаар төлөхөөр тохиролцсон юм. 1 дүгээр давхарт үйлчилгээ явуулах боломжтой, 300 м.кв талбайн 1 м.кв  нь 1 400 000 төгрөг, 1-ээс дээш давхрын орон сууцын талбайг 1 м.кв 1 200 000 төгрөгөөр тооцож 250 м.кв талбайг авахаар, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 90 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 60 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон. Бид 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээгээ дүгнэж төлбөрийн нийт үлдэгдлийг 33 028 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагч компаний захирал Ц.Зулхүү нь үлдэгдэл төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөгийг, үлдэгдэл 28 028 000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сард тус тус төлөхөөр тохирсон. Гэтэл Ц.Зулхүү нь уг төлбөрийг зээл бүтэхээр өнөөдөр төлнө, маргааш гэж явсаар өдийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр барагдуулаагүй тул аргагүйн эрхэнд шүүхэд хандахад хүрч байна. Иймд хариуцагч "Ариун-Очир" ХХК-иас хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33 028 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Март шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 33 028 000 төгрөгөөс 2016 оны 3 дугаар сард 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний дагуу бүтэн өгөх 150 000 000 төгрөгөө бүгдийг нь төлсөн. Нэг давхраас өгөх үйлчилгээний төвөөс дутуу өгсөн шалтгаан нь захирамжаар олгосон зөвшөөрлийн дагуу уг барилга маань 30x15 м.кв хэмжээтэй байсан боловч газар дээрээ барихад багтахгүй 27х15 м.кв баригдаж улсын комисс хүлээн авсан. Би нэг давхар 45 м.кв нийт 13 давхараас 585 м.кв дутуу бөгөөд 585х1 550 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. "Ариун-Очир" ХХК нь С.Даваасүрэнтэй хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулаагүйг "Ариун Очир" ХХК нь С.Даваасүрэн, Мөнхнаран нараас газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан байдаг. Уг худалдах, худалдан авах гэрээг  нотлох баримтаар өгсөн. Уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

               Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч "Ариун-Очир" ХХК-иас 30 028 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323 090 төгрөгийг улсын төсвийн  орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний төлбөр болох 870 000 000 төгрөгийн төлбөрт нэхэмжлэгч С.Даваасүрэн нь хариуцагч "Ариун-Очир” ХХК-ийн   орон сууцны нийт 247.74   м.кв   талбай,   үйлчилгээний зориулалтын талбай 264.06 м.кв (гэрчилгээнд тусгагдсанаар), мөн бэлнээр болон дансаар нийт 147 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан байсан юм. Ингээд үйлчилгээний зориулалттай Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, 12-5-р байр 2, 3, 4, 5 тоотуудыг мэргэжлийн хэмжилтийн "Уран-Асар" ХХК-иар хэмжүүлэхэд нийт талбай нь гэрчилгээ дээр заагдсан 264.06 м.кв талбайгаас дутуу буюу нийт 261.09 м.кв талбай байсан юм. Анх гэрээнд тохиролцсоны дагуу хүлээлгэн өгөх ёстой 300 м.кв талбайн зөрүү 38.91 м.кв талбайг буюу 54 474 000 төгрөгийн үнэ бүхий талбайг дутуу хүлээлгэн өгснөө хариуцагч тал хүлээн зөвшөөрч 1 автомашины зогсоолыг 25 000 000 төгрөгт, 1 000 000 төгрөгийг бэлнээр төлж, нийт үйлчилгээний зориулалттай 28 474 000 төгрөгийн талбай шилжүүлэлгүй үлдсэн юм. Талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч нь дутуу шилжүүлсэн талбайг мөнгөөр тооцож төлөхөөр хүлээн зөвшөөрч, талууд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний тооцоог нийлж хариуцагчийн тооцооллын дагуу нийт 33 028 000 төгрөгийн үлдэгдэл гарч ирснийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулж 2016 оны 2 сард багтааж төлөхөөр хариуцагч хугацаагаа тооцож график гаргаж өгсөн. Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хариу тайлбар өгч байсан нь дээрх үйл баримтыг нотолдог. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээний дагуу авсан үл хөдлөхийн гэрчилгээнүүд, хэмжилтийн зураг, тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах график зэргийг нотлох баримтаар үнэлэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч С.Даваасүрэн нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 30 028 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Ариун-Очир” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид харилцан тохиролцож, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байх ба гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байна.

 

Зохигчдын эвлэрлийн гэрээнд  Нэхэмжлэгч С.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 1 630 236 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Ариун-Очир” ХХК нь үлдэх 28 397 764 төгрөгөөс, 20 000 000 төгрөгт тооцож Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 12/5 байрны 13 тоот автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор шилжүүлэх, 8 397 764 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх”-өөр тохиролцсон байна. Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/05308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Даваасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын 1 630 236 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Ариун-Очир” ХХК нь үлдэх 28 397 764 төгрөгөөс, 20 000 000 төгрөгт тооцож Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 12/5 байрны 13 тоот автомашины зогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор шилжүүлэх, 8 397 764 төгрөгийг  2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 323 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ