| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0612/э |
| Дугаар | 896 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 896
2019 10 15 2019/ШЦТ/896
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч: Ж.Мөнхсайхан (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харцага овогт Жаргалсайханы Мөнхсайханд холбогдох эрүүгийн 1909026280876 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 16-5 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван Богдын ард талд байрлах 2 дугаар байрны 28 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, РЮ97090230 регистерийн дугаартай, Харцага овогт Жаргалсайханы Мөнхсайхан.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:
Яллагдагч Ж.Мөнхсайхан нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Оюунгэрэлийн “Самсунг эс 9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 790.000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнхсайхан мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид утсыг нь буцааж өгөөд гомдолгүй болгосон. 6 сарын хорих ялыг тэнсэн болгож өгнө үү. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Оюунгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 46/, гэрч Э.Балсандоржийн мэдүүлэг /хх-ийн 8-9/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16/, Ж.Мөнхсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-24/, хохирогч С.Оюунгэрэлийн хүсэлт /хх-ийн 25/, Ж.Мөнхсайханы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Мөнхсайхан нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт С.Оюунгэрэлийн тээврийн хэрэгслийг дуудлагаар хүргэж өгөхдөө түүний “Самсунг эс 9” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 790.00 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
С.Оюунгэрэлийн гэрчээр болон хохирогчоор мэдүүлсэн /хх-ийн 5, 39/: “... Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнийн 00 цаг 40 минутын үед өөрийнхөө 90171717 дугаарын утсаар 89119753 /89923969/ дугаарын дуудлагын жолооч руу залган 21 дүгээр хорооллын “Орчлон” сургуулийн байрнаас дуудлага өгч өөрийн 30-02 ДАХ мөнгөлөг саарал өнгийн “Алион” машинаа унуулаад 11 дүгээр хороолол орохоор явсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор унтчихсан байсан. Тэгээд шөнийн 04 цаг 20 минутын үед машин дотроо сэрэхэд миний “Самсунг эс 9” маркийн гар утас байхгүй байсан...”, “... Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан. ... Сүүлд миний гар утсыг авч явсан байсан дуудлагын жолооч надтай холбогдож миний гар утсыг эргүүлж өгсөн” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Балсандоржийн мэдүүлсэн /хх-ийн 8-9/: “ ... Хамгийн сүүлд Мөнхсайхан машины түлхүүрийг хайсан ба машинд “Самсунг эс 9” утас байсан гэж хэлсэн. Би тухайн үед дуудлагын машинд сууж байсан ба удалгүй Мөнхсайхан цоожлоод ирсэн” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хохирогч гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг нууцаар авч явсныг, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахай сэдэлтээр өөрийн эзэмшил болгож, бусдад 780.000 төгрөгийн хохирол учруулж буй Ж.Мөнхсайханы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Мөнхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч С.Оюунгэрэлийн “гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Ж.Мөнхсайханыг “бусдын эд хөрөнгийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийтгэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харцага овогт Жаргалсайханы Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ