Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2026/00028

 

 Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 309/ШШ2026/00469 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 60 116 240.68 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “... Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, Жижиг дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн зээлдэгч “*******” ХХК, Хамтран үүрэг гүйцэтгэгч Хошууд ургийн овогтой *******гийн ******* нар нь “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-аас 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр SME-20-00498 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 95,000,000 /ерэн таван сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

1.*******, *******, нарын өмчлөлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз баг Бор Өндөр хороолол хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 42 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах ******* /РД: /-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 3000 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар;

2. *******ийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 баг Ялалт 6 гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 875 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар,

3. *******ийн өмчлөлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Цагаан дэв хороолол хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 78 м.кв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

4. *******ийн эзэмшлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Цагаан дэв-4, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 880 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалттай эзэмших эрхийн газар;

5. *******ийн өмчлөлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг Улз Дун 2 гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий 147 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 3000 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан.

Зээлдэгч гэрээний дагуу зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцалж “*******” ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 39 794 118.41 төгрөг, хүүгийн төлбөрт 389 036.15 төгрөг, алдангийн төлбөрт 19 878 086.12 төгрөг, нотариатын зардал 55 000 төгрөг буюу нийт 60 116 240.68 төгрөгийн төлбөрийг гаргуулах.

2. Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү...” гэжээ.  

2. Хариуцагч нарын татгалзал, түүний үндэслэлийн агуулга: “Жижиг, дунд үйлдвэрийн газраас авсан зээлийг үгүйсгээгүй. 2020 онд зээл авснаас хойш хугацаа алдахгүй төлсөн байдаг. Үүнээс үндсэн зээл 55 270 808 сая төгрөг, зээлийн хүү 8 340 000 төгрөг,  алданги 2 000 000 гаруй төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлд үндсэн зээл үлдэгдлийг 39 794 118.41 төгрөг гэсэн байна. Өмнө нь Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн үлдэгдлийг 35 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн байдаг. Үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй үлдэгдэл 35 604 291.85 төгрөг байна. Нэхэмжлэлийн шаардлагад 39 794 118.41 төгрөг нэхэмжилж байгаа нь зээлийн төлөлтийг төлсөн жагсаалтад үнийн дүн зөрүүтэй байна.

Хариуцагчийн хувьд үндсэн зээлийг авсан нь үнэн учраас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлнө. Төр засгийн итгэлийг алдахгүйн тулд зээлээ төлөхийг хичээж байна. Зээл төлөөгүй шалтгаан нь 2020-2021 онуудад КОВИД-19 цар тахал гарч Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол гарсантай холбогдуулан төр засаг жижиг дунд үйлдвэрийн газрын хүү, алдангиас чөлөөлсөн байтал чөлөөлөөгүй авч байсан. “*******” ХХК нь хөдөөний жижиг газар учраас тоног төхөөрөмжөө аваад үйл ажиллагаа явуулах гэхэд ковид-19 цар тахал гарснаас болж үйл ажиллагаа зогссон. Ковид-19 цар тахал гарснаас хойш Засаг даргын нийт 27 захирамжууд гарсан байдаг. Үүнд үхрийн товруутах, ямааны цэцэг, шүлхий өвчин гэх мэт гарч хорио цээрийн дэглэм гарсан байдаг. Мал махан бүтээгдэхүүнийг боловсруулах, тээвэрлэхийг бүхэлд нь хориглож байсан. Эдгээрээс шалтгаалж жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авч үйлдвэрлэл явуулах зорилго, чиглэл мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах тээвэрлэх, худалдан борлуулах, зах зээлд нийлүүлэх байсан үйл ажиллагаа зогссон байна. Хорио цээр зогссон үед зээлээ төлөөд явж байсан. 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “*******” ХХК-д  шаардлага хүргүүлэх тухай албан бичиг ирсэн байдаг. Энэ шаардлагад зээлийн үлдэгдэлд 33 516 969.75  төгрөг, зээлийн хүү 373 553 төгрөг,  алданги 19 878 896 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна. Бизнесийн эрсдэл үүссэн. Зээлдэгчийн хариуцлагагүй байдлаас болсон асуудал биш. Зээлээ төлөхөөр хувь хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж төлсөн байдаг.

... Зээлийн гэрээний хугацаа  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусч тухайн өдрөөр тооцож 39 794 118.41 төгрөг нэхэмжилж байгааг ойлголоо. Үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн төлбөр, нотариатын зардлыг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги болох 19 878 086.12 төгрөгийг дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК, *******, *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 60 116 240.68 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК, *******, *******, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрээр тогтооосон 60 116 240.68 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох ******* /РД: , ******* /РД: /, // нарын өмчлөлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Улз баг Бор Өндөр хороолол хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 42 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн хаягт байрлах ******* /РД: /-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 3000 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, ******* /РД: /-ийн өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 баг Ялалт 6 гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 875 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар, ******* /РД: /-ийн өмчлөлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Цагаан дэв хороолол хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 78 м.кв талбайтай үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* /РД: /-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын Цагаан дэв-4, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 880 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалттай эзэмших эрхийн газар,  ******* /РД: /-ийн өмчлөлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг Улз Дун 2 гудамж тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий 147 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай хөрөнгө мөн хаягт байрлах улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаартай 3000 м.кв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар зэргийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК, *******, *******, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 458 531.2 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, алданги зэргийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн. ... алданги нь үндсэн зээлийн 50 хувьд хүрсэн мөн зээлийн хүүтэй давхар тооцогдсон байна. Шүүх алдангийн хэмжээ хэт их эсэхийг огт дүгнээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-ийг хэрэгжүүлээгүй, хүү алдангийн давхар нөлөөллийг үнэлээгүй. Иймд шүүх хууль хэрэглээг орхигдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуульд хүү болон алдангийг зэрэг хэрэглэхийг хориглосон заалт байхгүй боловч шүүх хариуцагчид хэт их дарамт үүссэн эсэх, нийт төлбөр шударга эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг огт авч үзээгүй. Үүний улмаас хариуцагчид ногдуулсан төлбөр нь эдийн засгийн хувьд хэт өндөр, бодит байдалд нийцээгүй болсон.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нийт 55 000 000 төгрөгийн төлбөр төлсөн байхад уг төлбөрийг хэрхэн хуваарилж суутгасан, үндсэн зээлд хэрхэн нөлөөлсөн талаар шүүх тодорхой дүгнэлт хийгээгүй. Шүүх Иргэний хуулийн 216, 217-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь шийдвэрийн дүн буруу тооцогдох үндэслэл болсон.

Хариуцагч талаас ковидын нөхцөл байдал, үйл ажиллагааны саатал, төлбөрийн бодит байдал зэрэг нөхцөл байдлыг тайлбарласан. Гэтэл шүүх эдгээрийг алданги бууруулах үндэслэл болгон үнэлээгүй, огт дүгнэлт хийгээгүй. Энэ нь процессын ноцтой зөрчил болно.

Анхан шатны шүүх төлбөр төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Гэтэл барьцаа нь сүүлийн арга, ямар дарааллаар хэрэглэхийг тогтоогоогүй, өмчлөгчдийн эрхийг ялгаагүй.

Дээрх зөрчлүүдийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, хариуцагчид хэт их үүрэг ногдуулсан шийдвэр болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн буруулах, төлбөр тооцоог дахин хийж үндсэн зээлийн хэмжээг бууруулах, барьцааны хэсгийг дахин хянаж өөрчлөх шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.  

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш үндсэн зээл болон хүүгийн төлбөр болох нийт 40 238 154 төгрөг 56 мөнгийг төлж барагдуулсан байгаа. Алдангийн төлбөр л үлдсэн байсан. ХХААХҮСайдын 2026 оны ЖДҮХС-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай А/157 тоот тушаал батлагдсан. Энэ тушаалаар 2020-2025 онд сангаас зээл авсан зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгч нь хуримтлагдсан байсан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ зохицуулалтад “*******” ХХК хамаарч байна. Тиймээс алдангийн төлбөр болох 19 878 086 төгрөг 12 мөнгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсний үр дагаврыг ойлгож байгаа.  гэв.

 6. Хариуцагч нарын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Сая хэлсэнчлэн хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш үндсэн зээл болон хүүг бүрэн төлж барагдуулсан байгаа. Анхнаасаа төлнө гэдгээ илэрхийлж байсан. Алдангийг л төлөх боломжгүй байна гэдгээ илэрхийлж байсан бөгөөд давж заалдах гомдлыг ч мөн энэ үндэслэлээр гаргасан байсан. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэв. 

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч  Жижиг дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “*******” ХХК, *******, *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 3. Нэхэмжлэгч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар нь хариуцагч “*******” ХХК болон *******, *******, *******, ******* нарт холбогдуулан “*******” ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 39 794 118.41 төгрөг, хүүгийн төлбөрт 389 036.15 төгрөг, алдангийн төлбөрт 19 878 086.12 төгрөг, нотариатын зардал 55 000 төгрөг буюу нийт 60 116 240.68 төгрөгийн төлбөрийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд *******, *******, ******* нарын өмчлөлийн зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөр, нотариатын зардлыг тус тус нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч байх боловч зээлийн алдангийг төлөх боломжгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч ******* эс зөвшөөрч, “... алданги болон үндсэн зээлийн хэмжэг бууруулж, барьцааны хэсгийг дахин хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 5. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа талаарх саналыг гаргасан ба үндэслэлээ: “*******” ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш үндсэн зээл болон хүүнд нийт 40 238 154 төгрөг 56 мөнгийг төлж барагдуулсан. ХХААХҮСайдын 2026 оны ЖДҮХС-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай А/157 тоот тушаал батлагдсан. Энэ тушаалаар 2020-2025 онд сангаас зээл авсан зөрчилтэй зээлийн ангилалд хамаарах зээлдэгч нь хуримтлагдсан байсан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлсөн тохиолдолд алдангиас чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ зохицуулалтад “*******” ХХК хамаарч байна. Тиймээс алдангийн төлбөр болох 19 878 086 төгрөг 12 мөнгийг хариуцагчаас нэхэмжлэхээс татгалзаж байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болох ба хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, хүүг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, энэ нөхцөл байдлын улмаас гэрээнд заасан алдангиас чөлөөлөх тухай төрийн байгууллагын шийдвэр буюу Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны А/157 дугаар тушаал батлагдан гарснаар нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг нэхэмжлэх шаардлагагүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзжээ.

7. Хэрэгт авагдсан бичгийн баримт буюу нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 2025 оны 10 сарын 15-ны  өдрийн итгэмжлэлээр түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүх эрхийг эдэлж, үүргийг хүлээн нэхэмжлэгчийг бүрэн хэмжээгээр төлөөлөх эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн өмнөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн, хуульд нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т “Давж заалдах гомдол гаргасны дараа ... нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан, ... тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.” гэж  заасан байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467 940 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар  сарын 24-ний өдрийн 309/ШШ2026/00469 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч  Жижиг дунд үйлдвэрийн газар нь хариуцагч “*******” ХХК, *******, *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 60 116 240.68 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  467 940 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ЭРДЭНЭЗУУ

                       ШҮҮГЧИД                                                                С.ГАНЧИМЭГ

                                                                                                Г.УРТНАСАН