Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2026/00029

 

Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 309/ШШ2026/00623 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

“Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 22 985 802 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Наранбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

“...Тус сумын Засаг даргын тамгын газрын нэгжид хамаарах 5 дугаар багийн Засаг даргын ажлыг хашиж байсан ******* нь 2022 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт илэрхийлэн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байдаг. Уг хүсэлтийн дагуу Хэрлэн сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/36 тоот захирамжийн дагуу “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг тухайн хугацаанд сумын Засаг даргын ажил үүргийг хашиж байсан ******* холбогдох хуулийн дагуу гаргасан байдаг. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Б/38 тоот захирамжаар *******ыг ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг мөн тухайн хугацаанд сумын Засаг даргын ажил үүргийг хашиж байсан ******* гаргаж томилгоог шууд хийсэн үйлдэл гаргасан.

...Уг асуудал нь илтэд хууль зөрчсөн томилгоо гэж үзэж, Авлигатай тэмцэх газраас уг асуудлыг шалгаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлсний үр дүнд Хэрлэн сумын Засаг дарга ******* нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/38 тоот захирамжаа хүчингүй болгож, шийдвэрийг гаргасан байдаг.

******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 19 сар ажилласан бөгөөд тухайн хугацаанд 22 985 802 төгрөгийн цалин хөлсийг тус сумын Засаг даргын тамгын газрын цалин хөлсний зардлаас олгосон байдаг.

******* нь зохих журмаар томилогдоогүй, иргэдийн Нийтийн Хурлаар нэр дэвшиж, өрсөлдөж, санал хураалтад оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга ******* нь 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 тоот захирамжаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/38 тоот захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гарсантай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүйгээр нотлогдож байна.

Тодруулбал, уг албан тушаалыг эрхлэх үндэслэлгүй байсан учир гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авах Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцагчийн эрх ашиг хамгаалагдах үндэслэлгүй.

… Хуульд зааснаас үзэхэд багийн Засаг дарга бол улс төрийн албан тушаал бөгөөд хууль бусаар томилогдсонтой холбоотой хохирлыг уг улс төрийн албан тушаалд хууль бусаар томилогдсон этгээд хариуцахаар байна. Хэдийгээр тухайн үед холбогдох албан тушаалтны буруутай шийдвэрээр төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан үйлдэл гаргасан боловч, хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүрэгтэйг төсвийн шууд захирагчийн чиг үүрэгт байгааг дурдах нь зүйтэй.

... Иймд төрд учруулсан хохирол болох 22 985 802 төгрөгийг иргэн *******аас гаргуулж Хэрлэн сумын төсөвт төвлөрүүлж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчлөн тодорхойлохдоо: “…Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.2-т заасныг үндэслэн хариуцагч *******ын үндэслэлгүй хөрөнгөжсөн 22 985 802 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна…” гэжээ.

2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга: “...Миний бие нь 2022 оны 7 сарын 28-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар чөлөөлөгдсөн.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д Засаг даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг бүрэн хүлээнэ гэж заасан байдаг бөгөөд баг, хорооны засаг даргыг огцроход дараагийн Засаг дарга томилогдох хүртэл ажлаа хийж байна гэж ойлгон төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг баримтлан түр эргүүлэн Хэрлэн сумын Засаг дарга томилсон.

Баг хорооны Засаг даргыг дэвшүүлж сонгох бүрэн эрх нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32.8.4-д зааснаар Багийн Иргэдийн Нийтийн Хурал гэж ойлгодог. Хэрлэн сумын 5-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл нь 2024 оны 02 сарын хугацаанд нэг ч удаа багийн Засаг даргыг сонгох хурлыг товлож зарлаагүй. Хэрвээ товлоод хурлаа зарлаад дараагийн Засаг дарга сонгогдсон бол ажлаа хуулийн дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн байсан.

...Уг нь энэ асуудал нь 5-р багийн Иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн дарга *******ын хариуцлагагүй байдлаас болж ард иргэд, төр, миний бие хохирсон. Учир шалтгаан нь Хэрлэн сумын Засаг даргын орлогч *******аас болсон байхад хуулийн дагуу төрийн ажлыг тасралтгүй хийсэн надаас төлбөр нэхэмжилсэнд харамсаж байна.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн хэргийг хянан хэлэлцээд:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 22,985,802 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дорнод аймаг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 275,879 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: “…Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж байна.

... Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ба ингэхдээ тухайн томилсон шийдвэр гаргасан албан тушаалтан Хэрлэн сумын Засаг дарга гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нь хууль бусаар томилогдож авсан цалин хөлсийг буцаан шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагчийг хууль бусаар томилсон хүн нь эрх бүхий албан тушаалтан, хэрэв ******* эргээд ажилдаа оръё гэсэн өргөдөл гаргахад тухайн байгууллага, албан тушаалтан өөрсдөө хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавьж, хуульд нийцэхгүй бол томилохгүй байх эрх нь байгаа. Гэтэл энэ талаар төрийн албан өөрсдөө тушаал шийдвэр гаргахдаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг дагаж мөрдөөгүй байж бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хөлсийг буцаан шаардаж гаргуулан авна гэдэг шударга ёсонд нийцэхгүй.

Төр иргэнээр ажлаа хийлгүүлчхээд олгосон цалин хөлсөө буцаан шаардаж байгаа нь хөдөлмөрийн мөлжлөг болно. Тухайн хүн ажилтай, ажилгүй, орлоготой, орлогогүй байх нь чухал биш. Төрийн албыг хашиж ажилласан л бол төр тухайн хүнийг ажиллуулсан хөлсөө зохих ёсоор шударгаар олгох үүрэгтэй. Энэ талаар ч Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан.

… Хэрлэн сумын Засаг дарга өөрийнхөө гаргасан 2022 оны Б/38 дугаар захирамжаа хүчингүй болгохдоо захирамжин дээрээ өмнөх захирамжын хүчингүй болох тухай хугацааг 2024 оны 02 сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа нь өмнөх цаг хугацаанд тухайн захиргааны актын үйлчлэл хэвээр байна гэж ойлгож байна.

Ажилд томилсон шийдвэрт *******ын албан тушаалын цалинг тогтоож зааж өгсөн байдаг ба энэ тушаалтай холбогдуулан захиргааны актыг өөрчилсөн хүчингүй болгосон шийдвэр байхгүй. Гэтэл миний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан санал дүгнэлтийг шүүхээс хэрхэн яаж үгүйсгэж няцааж байгаа вэ гэдэгт ямар ч дүгнэлт хийгээгүй. Харин ч шүүхээс тухайн захирамжыг гаргасан эрх бүхий албан тушаалтан захирамжаа хүчингүй болгосон тул гэж хэт нийтлэг ерөнхий байдлаар дүгнэлт гарган хуульчлан заасан хүчингүй болох хугацааг огт анхаараагүй.

… Шүүхээс Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Миний зүгээс Төрийн албыг гүйцэтгэж ажилласан болохоо ямар нэгэн байдлаар төр намайг цалин хөлсөөр хангах нийгмийн баталгааг хариуцах үүрэгтэй. Хөдөлмөрийн харилцаанд орсон болоход маргах зүйлгүй гэдгийг шүүх өөрөө тогтоосон. Тэгэхээр шударга ёсны зарчмын үүднээс би тодорхой цаг хугацаанд хөдөлмөрийн харилцаанд орсон цалин хөлсөө Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль, тогтоомжын хүрээнд эрхэлсэн ажлынхаа цалин хөлсөө авах нь зүй ёсны асуудал.

Шүүхийн шийдвэр нь намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Манай багийн Иргэдийн нийтийн хурал өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтын асуудал хийхээр Багийн Засаг даргыг сонгох, томилуулахаар огт ажиллаагүй. Төрийн нэг нэгжийг хувийн ашиг сонирхолоороо хандан Багийн Засаг даргагүй болоход багийн Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулах үүрэг багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга *******т байсан. … Гэтэл энэ бүхний хариуг эцсийн үр дүндээ ажил хийсэн хүн нь буруутай гэж үүрч байгааг хэрхэвч зөвшөөрөхгүй тул шүүхийн шийдвэрт үнэхээр гомдолтой байна.

… Төрийн албаны тухай хуульд төрийн улс төрийн албан тушаалд ажилласан этгээд нь хууль бусаар томилогдсонтой холбоотой хохиролыг хариуцна гэсэн үг үсэг байхгүй. Гэтэл үүнийг иш татан хөдөлмөрлөж биеийн хүчээ үнэлсэн би энэ хугацаанд хийсэн ажлынхаа ч хөлс мөнгийг авах эрхгүй болж хохирч байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрөнтуулын гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Илтгэгч шүүгчээс гомдлыг бүрэн танилцууллаа. Нэмж хэлэх зүйлсийг л дурдъя гэж бодож байна. 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан уу? Эсхүл шийтгэвэр гарсан уу? гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүхээс шийдвэр гарахаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн Шийтгэвэр гэх бланк дээр буулгаж албажуулсан.

...Дараагийн дугаарт 118 дугаар зүйлийн 118.3, 118.4 дэх хэсгийг хангасан эсэхийг нягтлах ёстой байсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс тухайн ажлыг хийж байсан нь үнэн болохыг тогтоосон. Сумын Засаг даргаас *******ыг ажилд томилсон ба өөрөө ажлаас чөлөөлсөн. Нэгжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Хүчингүй болгохдоо захиргааны актын үйлчлэл хэзээнээс дуусгавар болж байгаа талаар маш тодорхой дурдсан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ хэсэгт үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.

... *******ын хувьд төрийн ажил үйлчилгээг эрхэлсэн. Ажлаа хийж байсан учраас түүнд нь тохирсон хөлсийг авах ёстой. *******ын хувьд 3 хүний орон тоотой ажлыг ганцаараа эрхэлж байсан.

... Ер нь бол шүүхийн шийдвэр албан ёсны бланк дээр гараагүй байгаа нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болж байна. Батжаргал шүүгчийн хувьд хуралдаан дээр “та нар бүгд улс төрийн хүмүүс. Та нар хүссэн шийдвэрээ гаргадаг биздээ” гэх мэтээр дайрч давшилсан үйлдэл гаргасан. Шүүхийн шийдвэр гарахын өмнө хувийн дүгнэлтээ гаргачихсан байгаа байдал харагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг зөвтгөж өгнө үү.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэвэрийн бланк дээр хэвлэсэн үйлдэл гарсан юм шиг байна. Гэхдээ энэ нь харваас техникийн алдаа байгаа нь харагдаж байна. Хавтаст хэрэгт ямар бланк дээр байгааг мэдэхгүй байна. Ер нь бол хуралдаан дууссаны дараа “Шүүхийн шийдвэр”-ийг танилцуулъя гэж шийдвэрийг уншиж танилцуулсан. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болж байгаа. Тиймээс өөр бланк дээр хэвлэсэн техникийн шинжтэй алдаа нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Хариуцагч талаас ажлаа хийсэн учраас цалин авах үндэслэлтэй байсан гэж маргадаг. Гэвч миний хувьд тухайн тайлбарыг удаа дараа үгүйсгэж ирсэн. ... Хэрэв хууль бусаар хөрөнгөжсөн хүн байгаа бол тухайн нөхцөл байдлыг зөвтгөх талаас нь тайлбарлавал нь энэ нь эрх зүйд нийцэхгүй тайлбар болно гэж үзэж байгаа. Хуульд нийцсэн тайлбарыг гаргах ёстой. Тиймээс тухайн хөрөнгийг нь тухайн этгээдэд үлдээх боломжгүй гэж тайлбарлаж байгаа юм.

Дараагийн дугаарт шударга ёсны үүднээс нэгэнт ажил хийсэн учраас цалин хөлс авах нь шударга ёсны нөхцөл байдалд нийцнэ гэж удаа дараа тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрдөггүй. ******* нь хууль бусаар томилогдож байгаа гэдгээ огт мэдээгүй байсан бол арай өөр асуудал яригдана. Тухайн хууль бус үйлдэл нь шийдвэр гаргаж байгаа этгээдийн буруу байсан бол *******ын зөв байх боломжтой. Гэтэл хууль бусаар томилогдох ажиллагаа нь өөрөө *******ын санаачилгаар хийгдсэн байдаг. ...Эцэст нь энэ томилгооноос Пүрэв-Очир ч биш ******* л ашиг олсон байгаа. Ардчилсан нийгэмд хэрэгжиж байгаа процессийн дагуу ажиллаагүй болох нь харагддаг. Тиймээс шударгаар биш шударга бусаар хөрөнгө олсон гэж үзэж тухайн цалинг буцаан гаргуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шийдвэр нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч *******д холбогдуулан “Үндэслэлгүй хөрөнгөжсөн 22,985,802 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “...*******ын хууль бусаар томилогдон ажилласан хугацааны цалинг буцаан гаргуулж Хэрлэн сумын төсөвт төвлөрүүлэх нь зүйтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заажээ. Хуульд зааснаас үзэхэд багийн Засаг дарга бол улс төрийн албан тушаал бөгөөд хууль бусаар томилогдсонтой холбоотой хохирлыг уг улс төрийн албан тушаалд хууль бусаар томилогдсон этгээд хариуцахаар байна. Иймд төрд учруулсан хохирол 22,985,802 төгрөгийг иргэн *******аас гаргуулж Хэрлэн сумын төсөвт төвлөрүүлж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ: “Миний бие 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.4-д заасны дагуу тэтгэврийн нас болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу шийдвэрлэсэн гэж ойлгосон. Баг, хорооны Засаг даргыг дэвшүүлж сонгох бүрэн эрх нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-д зааснаар Багийн Иргэдийн нийтийн хурал гэж ойлгодог. Хэрлэн сумын 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөл нь 2024 оны 02 дугаар сарын хугацаанд нэг ч удаа багийн Засаг даргыг сонгох хурлыг товлож зарлаагүй. Хэрвээ товлоод, хурлаа зарлаад дараагийн Засаг дарга сонгогдсон бол ажлаа хуулийн дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн байсан. Одоо би 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөлийн дарга *******ын хариуцлагагүй байдлаас болж ард иргэд, төр, миний бие хохирсон. Учир шалтгаан нь Хэрлэн сумын Засаг даргын орлогч *******аас болсон байхад хуулийн дагуу төрийн ажлыг тасралтгүй хийсэн надаас төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.

6. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь дараах хэлбэртэй байна.” гээд 22.4.1-д “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр;” гэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ.” гэж заажээ.

Шүүхийн шийдвэр нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эрх бүхий төрийн байгууллагаас гаргадаг, эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн бөгөөд хэрэг маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд “шийтгэвэр” гаргасан нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх ба давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах, өөрчлөх боломжгүй.

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул маргааны үйл баримт болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болно.

8. Өмнө нь тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 201/МА2025/00027 дугаартай магадлалаар дээрх хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 309/ШШ2025/00664 дугаартай шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байх ба анхан шатны шүүх энэ төрлийн алдааг дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 309/ШШ2026/00623 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,879 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Г.УРТНАСАН

     Ц.ЭРДЭНЭЗУУ