Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 903

 

 

 

 

 

 

 

 

 

    2019          10          21                                    2019/ШЦТ/903

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

улсын яллагч: О.Доржмаа,  

шүүгдэгч: Б.Дөлгөөн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бурмаагийн Дөлгөөнд холбогдох эрүүгийн 1909036101054 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бренд нью” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжны 22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УШ98082216 регистерийн дугаартай, Шарав овогт Бурмаагийн Дөлгөөн.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ялллагдагч Б.Дөлгөөн нь 2019 оны 09 дүгээр сарын 23-аас 24 шилжих шөнө архидан согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Туушин” зочид буудлын урд талын автомашины зогсоол дээр Э.Аминдаваатай маргалдаж, улмаар Э.Аминдаваагийн нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дөлгөөн мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Аминдаваагийн мэдүүлэг /хх-ийн 4/, гэрч Г.Ганбадрахын мэдүүлэг /хх-ийн 7/, Б.Дөлгөөний яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10/, Б.Дөлгөөний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21-22, 34-35/, Э.Аминдаваагийн хүсэлт /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дөлгөөн нь 2019 оны 09 дүгээр сарын 23-24 шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Туушин” зочид буудлын урд талын автомашины зогсоол дээр Э.Аминдаваатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан болох нь:

 

хохирогч Э.Аминдаваагийн /хх-ийн 4/: “...Тухайн өдөр 03 цагийн үед машинаа гаргах гэсэн чинь нэг залуу машины ард зогсчихоод байхаар нь “гармаар байна, холд” гэтэл холдохгүй байсан. Би бууж очоод “ахын дүү зам тавьж өг, машинаа гаргая” гэхэд өөдөөс “ахын дүү гэлээ” гээд хэрүүл хийсэн. Тэгээд бид барьцалдаад автал үгийн зөрүүгүй миний хамар руу нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Ганбадрахын /хх-ийн 7/: “... Тухайн өдөр Ууганаа, Аминдаваа нартай “Караоке” орсон. Шөнө 03 цаг өнгөрөөд баарнаас гараад Ууганааг таксинд суулгаж өгчихөөд буцаад зам гараад иртэл Аминдаваагийн хамарнаас цус гарсан, фудболкоороо хамраа дараад зогсож байсан. ...намайг мөргөчихлөө гэж Аминдаваа надад хэлсэн ...” гэх мэдүүлгээр,

 

     Б.Дөлгөөний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “...2019 оны 09 дүгээр сарын 23-24 шилжих шөнө баарнаас гарч явж байгаад нэг ахтай “машинд зам тавьж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар муудалцаад хамар руу нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлгээр,

 

            Э.Аминдаваагийн биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, хамрын нуруунд шарх” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11587 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Дөлгөөний гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Дөлгөөний “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Аминдаваа “нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэсэн хүсэлт  хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Дөлгөөнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарав овогт Бурмаагийн Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дөлгөөн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Дөлгөөн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дөлгөөнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ