Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 201/МА2026/00030

 

 “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 309/ШШ2026/00798 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д  холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 24 295 193.33 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн төлөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “******* нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* *******тай ЗГ471761424 тоот кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээл эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй. Хамгийн сүүлд 2020 оны 08 сарын 20-ны өдөр 700 000 төгрөгийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй.

Иймд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 4 934 851.13 төгрөг, зээлийн хүү 9 597 080.92 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 8 471 561.4 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1 291 700.24 төгрөг, нийт 24 295 193.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед буюу 2018 онд кредит картын зээлийн гэрээг программаас хэвлэн гаргаж, *******ны эдийн засагчийн зүгээс хүү, хугацаа зэргийг гараараа нөхөж бичдэг байсан. Хариуцагч *******тай байгуулсан зээлийн гэрээн дээр *******ны ажилтны зүгээс алдаа гаргаж зээлийн хэмжээ, хүүгийн хэмжээ, хувь болон зээлийн үргэлжлэх хугацаа зэргийг огт бичээгүй байсан. Өмнө нь хариуцагчид холбогдуулан зээл төлүүлэх асуудлаар шүүхэд хандаж байгаагүй ч утсаар холбогдож зээлээ төлөхийг шаардаж байсан.” гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: “...Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн гэрээг харвал талуудын дунд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба тус гэрээний 2.1 дэх хэсэгт зээлийн эрхийн хэмжээ, бэлэн бус гүйлгээний хүү, бэлэн мөнгө авсны хүү гэх хэсгүүдэд ямар ч хувь хэмжээ бичилт байдаггүй. ... Энэ байдлаас үзэхэд *******ны зүгээс зээлдэгчид хүүгүй зээл олгосон гэж үзэж болохоор байна.

Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан. Гэтэл хариуцагч 2018 онд зээл авахдаа амьдарч байсан хаяг дээрээ одоог хүртэл амьдарч байгаа, хаашаа ч алга болж яваагүй, тухайн үед барьдаг байсан утасны дугаар нь ч хэвээрээ, солигдоогүй байсаар байтал нэг ч удаа хаягаар нь болон утсаар нь холбогдож зээл төлөхийг шаардаагүй, мэдэгдэл хүргүүлж байгаагүй атлаа шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа зээлийн үндсэн төлбөрөөс хэд дахин нэмэгдсэн дүнгээр шаардлагаа гаргаж их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь ядарсан иргэнд үнэхээр хүнд тусч байна.

... Тухайн зээлийн гэрээг 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2020 оны 02 сарын 23-ны өдөр дууссан байдаг. Энэ үеэс эхлэн шаардлага гаргах 3 жилийн хугацааг тооцвол 2023 оны  02 сарын 23-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаан дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байсан. Хариуцагч ******* нь хамгийн сүүлд  2020 оны 08 сарын 20-ны өдөр 700 000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш зээл төлөлт хийгээгүй. Тэгэхээр энэ хугацаанаас бодож үзсэн ч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан харагдаж байна.

...Хариуцагч ******* өмнө нь хариу тайлбар гаргахдаа 4 234 851.13 төгрөгийг төлөх талаар тайлбар гаргасан байдаг. Гэвч хэрэгт авагдсан кредит картын тооцооллын хүснэгтийн орлого, зарлага гэсэн баганаас харахад хариуцагч нь 32 019 293 төгрөгийн зарлага гаргаж, буцаагаад 29 448 200 төгрөгийн эргэн төлөлт буюу орлогыг хийсэн харагдаж байгаа юм. Үүнээс дүгнэхэд хариуцагч нь зээлийн үлдэгдлийг төлөх ёстой гэвэл зөрүү 2 571 093 төгрөгийг л төлөхөөр байгаа юм. Үлдэх хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт 2 571 093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 724 100.33 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 426 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 56 087 төгрөг /2 571 093 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/-ийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна.

... Нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхийг хэрэгжүүлж зээлийн хугацаа хэтэрсэн даруйд хариуцагчийн утасны дугаараар удаа дараа мэдэгдэж байсан. Энэ тухай анхан шатны шүүхэд хэлэлцэхэд хариуцагч маргадаггүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй мэтээр дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.  Хариуцагч нь зээлийн эрхтэй кредит картыг ашиглан удаа дараа эргэж төлөлт хийж байсан ба тус бүртээ бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгтэй маргаагүй нь зээлийн хүү бусад нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх дууссан мөн шаардах эрх тасалдсан эсэх талаар л шийдвэр гаргасан байдаг гэвч нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагч ******* 2026 оны 02 сарын 12-нд өгсөн тайлбартаа “миний зүгээс үндсэн үүргийн 4 234 851.13 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул зөвшөөрч байна” гэсэн нь хариуцагч нэхэмжлэлийн үндсэн төлөлтийг хүлээн зөвшөөрсөн байна.

Талуудын байгуулсан ЗГ471761424 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр тэгш эрхийн үндсэн дээр, гэрээг хууран мэхлэх, хүч хэрэглэх болон өөр бусад нэг талын давуу эрхийн үндсэн дээр байгуулаагүй болно.

... Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлийг сайн дурын үндсэн дээр төлөх үүрэгтэй атлаа зөвхөн ******* шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа нь хэт хариуцагчийн талыг баримталж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т зааснаар хариуцагч нь үүргийн гүйцэтгэл буюу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхгүй байна. Гэвч анхан шатны шүүх тус заалтыг авч хэрэглээгүй нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг илтэд хохироосон гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч нь “оршин суугаа хаягтаа байсан. Хаашаа ч яваагүй” гэсэн нотлох баримтгүй тайлбар гаргасан. Гэвч үүнийг нь анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хариуцагчийн хувьд кредит картын нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч төлөлт хийж явсан. Гэтэл одоо үндэслэлгүй гэж хэлж байгаа нь үндэслэлгүй гэж хэлмээр байна.” гэв. 

7. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. ... Банкны зүгээс нэхэмжлэлийг шүүхэд 2025 оны 06 дугаар сард гаргасан. Энэ хугацаанд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргуулж байгаагүй гэдгийг дурдаж хэлмээр байна. Нэхэмжлэгч талаас гомдол гаргахдаа иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлаагүй гэж дурдаж байх шиг байна. Гэтэл энэ нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өөрөө дуусгавар болчихсон. ... Зээлийн гэрээг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх тайлбарыг гаргаж байгаа юм байна. Гэтэл энэ зээлийн гэрээ чинь өөрөө их алдаатай болсон. Та нар өөрсдөө хугацаа заагаагүй, мөнгөн дүн бичээгүй, хүү, алдангийн талаар дурдаагүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Хариуцагч талаас 2 591 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ төлбөрийг төлж барагдуулах боломжтой.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 24,295,193.33 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч “******* *******” ХК нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “ ...******* нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ЗГ471761424 тоот кредит карт эзэмшигчийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээл эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй. Хамгийн сүүлд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 700,000 төгрөгийг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй. Иймд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 4,934,851.13 төгрөг, зээлийн хүү 9,597,080.92 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 8,471,561.4 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1,291,700.24 төгрөг нийт 24,295,193.33 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзал, үндэслэлээ: “ ...Би “******* *******” ХК-ийн Хэрлэн салбартай кредит картын зээлийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. 5 сая төгрөг ашиглах гэрээ байгуулсан гэсэн үг. Гэтэл өнөөдөр яагаад 5 дахин нугалсан хэмжээний хүү, хугацаа хэтрүүлсний хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү гэж мөнгө нэхэмжилж байгаа юм бэ. ...Хэзээнээс хүү болон бусад мөнгийг тооцож нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. ...Иймд миний зүгээс үндсэн үүргийн 4,234,851.13 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул зөвшөөрч байна. Бусад хүүг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ: “ ...Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.” гэж, 282 дугаар зүйлийн 282.3-т “ ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж тус тус заасан. Энэ байдлаас үзэхэд *******ны зүгээс зээлдэгчид хүүгүй зээл олгосон тул хүү, зээлийн эрх хэтрүүлсэний болон хугацаа хэтрүүлсэний хүү шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зээлийн төлбөрийг шаардах эрхгүй. ...Хэрэгт авагдсан кредит картын тооцооллын хүснэгтийн орлого, зарлага гэсэн баганаас харахад хариуцагч нь 32,019,293 төгрөгийн зарлага гаргаж, буцаагаад 29,448,200 төгрөгийн эргэн төлөлт буюу орлогыг хийсэн харагдаж байгаа юм. Үүнээс дүгнэхэд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх ёстой гэвэл зөрүү 2,571,093 төгрөгийг л төлөхөөр байгаа юм. Үлдэх хэсгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

7. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс бусдад зээл олгохдоо Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх үүрэгтэй.

Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулагдсан, тус гэрээгээр нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар хариуцагч *******д зээлдүүлсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

8. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

9. Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацаа, зээлжих эрхийн хэмжээ, зээл олгосон байдлын талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээгээр хүү төлөхөөр тохиролцсон эсэх, улмаар зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү, зээлийн эрх хэтрүүлсэний хүү тооцох үндэслэлтэй эсэх, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудал маргааны зүйл болжээ.

10. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.” гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан ЗГ/471761424 дугаартай гэрээний 2.1-т “ ...бэлэн бус гүйлгээний хүү /сараар/, бэлэн мөнгө авсны хүү /сараар/, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү ...” гэх хэд хэдэн төрлийн хүүний талаар тусгагдсан байх боловч эдгээрийн хувь хэмжээ хэд байх, түүнийг хэрхэн тооцож төлөх талаар гэрээнд тусгагдаагүй байх тул талуудын хооронд хүүгүй зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү 9,597,080.92 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү 8,471,561.4 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний хүү 1,291,700.24 төгрөг, нийт 19,360,342.56 төгрөгийг шаардах эрхгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, 79 дүгээр зүйлийн 79.1-д “ Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.”, 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.” гэжээ.

12. Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэхэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/471761424 дугаартай гэрээний хугацаа 24 сар байх тул 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүсэх бөгөөд шүүхэд хандаж шаардлага гаргах хугацаа 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан, нэхэмжлэгч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, дээрх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасантай нийцжээ.

13. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “ ...Хариуцагч 4,234,851.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн” ...Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй нь нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг илтэд хохироосон ...гэх” нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* нь 2026 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 0281 дугаартай итгэмжлэлээр Д.Урансувдад “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, 24,295,193.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх бүрэн эрхийг олгосон байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 2,571,093 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

14. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 309/ШШ2026/00798 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,426 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ГАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                   Г.УРТНАСАН

  Ц.ЭРДЭНЭЗУУ