Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2016/00791

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
 
Нэхэмжлэгч:  А ХХК -ийн нэхэмжлэлтэй
 
Хариуцагч:  Н.Ч-д холбогдох
 
Барааны үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Н.Ч-гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 1,259,160 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болормаа, өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
 
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ; 2015 оны 4 сарын 22-ноос 4 сарын 25-ны хооронд Дошида хоол амтлагч бөөний борлуултаар гаргасан. Уг борлуултыг борлуулагч Чимэгсүрэн хариуцаж, гаргалт болон тооцоог би хариуцсан. Дошида амтлагч нь нэг хайрцагандаа 80 ширхэг бөгөөд нэг бүрийн үнэ 1150 төгрөг, 80 хайрцаг Дошида нэг багцад тооцон 1 багцанд 3 ширхэг мини хөргөгч өгсөн. Нэг багцны үнэ 7,360,000 төгрөг, 4 сарын 22-нд 9 багц 66,240,000 төгрөг 4 сарын 23-нд 21 багц 154,560,000 төгрөг, 4 сарын 25-нд 11 багц 80,960,000 төгрөг нийт 41 багц борлуултанд гарган 301,760,000 төгрөг тушаахаас Н.Ч- нийт 298,760,000 төгрөг тушаасан. Нийт үнийн дүнгээс 3,000,000 төгрөг дутуу тушаасан. Дутуу мөнгөө гүйцээж тушаахыг удаа дараа шаардсан боловч эхлээд өгнө гэж байгаад сүүлдээ өгч чадахгүй гэсэн. Иймд Н.Ч-гээс дутуу тушаасан 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
 
Хариуцагч Н.Ч- нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; Н.Ч- би Алтангадас ХХК-д 12 жил борлуулагчаар ажилласан. Энэ хугацаандаа нэг ч удаа өр дутагдал гаргаж байгаагүй. 2015 оны 3 сарын 07-ны өдөр Болормаа, Долгорсүрэн нартай хамт 70 хайрцагаар 20 багц, нэг багц нь 6,440,000 төгрөгний үнэтэй нийт 128,800,000 төгрөгний дошида амтлагчийг бөөнөөр нь Нарантуул худалдааны төв дээр аваачин борлуулсан. Үүний 1015 хайрцаг буюу 93,380,000 төгрөгний дошидаг тус зах дээр чингэлэгт худалдаа эрхэлдэг Баяр-Учрал худалдаж авсан. Баяр-Учрал 91,500,000 төгрөгийг бэлнээр Болормаа, Долгорсүрэн нарт өгч 1,880,000 төгрөгний үлдэгдэлтэй үлдсэн. Энэ нь миний компанид тушаах ёстой мөнгө байсан. Баяр-Учралын барааны мөнгөнөөс орж ирсэн 880,000 төгрөгийг нэмж Болормаад өгөөд тарсан. Тэр өдөр Баяр-Учрал 401 хайрцаг дошиданы 248 хайрцагийг тарааж, 153 хайрцагийг түүнд буцааж өгч, өөр контейнаруудад тараалгасан. 3 сарын 09-нд зах орж, барааны борлуулатыг хийж явахдаа үлдэгдэл 5 багц дошиданы үнэ 32,200,000 төгрөг болон Баяр-Учралын өгөх ёстой 1,000,000 төгрөг, түүний 248 хайрцагны үнэ 22,816,000 төгрөгийг авахаас 3 багцын үнэ 19,320,000 төгрөг нийт 20,320,000 төгрөгийг авч Болормаад өгсөн. Баяр-Учралд 6,880,000 төгрөг өгсөн. 3 сарын 10-нд компанид 12,880,000 төгрөг өгөх ёстойгоо андуурч 19,320,000 төгрөгийг тушаасан байсан ба Баяр-Учралд өгөх ёстой 15,936,000 төгрөгнөөс 9,440,000 төгрөг өгч, 6,440,000 төгрөгний өртэй болсон. Энэ тухайгаа Болормаад хэлээд хар дэвтрээ тулгая гэхэд аль дэвтэр дээр бичсэнээ мэдэхгүй, олохгүй байна гээд 2-3 хоног явсан. 4 сарын 22-нд дахин дошидо тараасан ба энэ үед Болормаатай тооцоогоо бэлнээр хийж, гарын үсэг зурж тараана гэснээрээ бүх тооцоог хийсэн. Баяр-Учрал 1 багц дошиданыхаа үнэ 6,440,000 төгрөгөө нэхээд байхаар нь 3,440,000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд энэ тухайгаа Болормаад хэлсэн ба үлдэгдлийг нь чи авсанаараа өгөөрэй гэж хэлсэн. Захирал Өлзийсайхан нь та 2 тохиролцоод учраа олоод төл гэдэг байснаа сүүлдээ чиний буруу, өрөө төлөөд ажилдаа ор гэдэг болсон. Энэ мөнгийг Болормаад би тушаасан учраас тэр хариуцах ёстой гэж үзэж байна. 4 сарын дошида амтлагч тараахад ямар нэгэн дутагдал гаргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
 
Хариуцагч Н.Ч- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Н.Ч- миний бие 2005 оны 07 сараас А ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан. Миний бие өөрийн ажилдаа идэвхи зүтгэлтэй, хичээн ажилладаг байсан бөгөөд энэхүү ажлыг гүйцэтгэж байсан нь Б.Болормаагийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн утга болох 2015 оны 4 сарын 22-ноос 2015 оны 4 сарын 25-ны ажлын байдлын тухай бичигдсэн байдлаар илэрхийлэгдэж байна. Намайг ажлаас халсан гэж ойлгосон учраас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж 2016 оны 4 сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд А ХХК-д холбогдуулан сөрөг шаардлага гаргасан. Гэвч 2016 оны 4 сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс Чимэгсүрэнг ажлаас халаагүй байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргийн биелэлтийг шаардсаныг миний бие эс зөвшөөрч байгаа төдийгүй ажил олгогчоос хууль болон холбогдох журмыг зөрчиж, ажилтан миний хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчсөөр өдий хүрсэн тул өөрийн эрхээ сэргээлгэхээр ийнхүү хандаж байна. Компаний удирдлагаас олон жил ажлуулахдаа цалинг маань нэмэхгүй урамшуулал болгож байр өгнө, эсхүл байрны лизингийн зээлд хамрагдахад баталгаа өгч урамшуулна гэж өдий хүрч байсан атлаа үндэслэлгүй өр төлбөр гаргаж, шүүхээр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд 2015 оны 9 сарын 03-ны өдрөөс 2016 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 3,500,000 төгрөг гаргуулах болон нийгмийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэх, мөн 2005 оны 07 сараас хойш надад нэг ч удаа ээлжийн амралтын мөнгө олгохгүй байсан учир ээлжийн амралтын мөнгө болох 1,259,160 төгрөгийг тус тус А ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
 
Нэхэмжлэгч А ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Ч- нь 2005 оноос хойш тасралтгүй ажиллаагүй ба ажиллаж байх хугацаандаа ажлаас завсардаж байсан, мөн 2 удаа амаржин амралтаа авч байсан. Компаний удирдлагаас байр өгөх, эсхүл байрны лизингийн зээлд батлан даалт гаргаж өгнө гэсэн нь худлаа бөгөөд харин саин ажилтангаа борлуултын үнийн дүнгээс хамааран цаг тухайд нь нэмэгдэл буюу урамшуулалыг мөгөн хэлбэрээр бэлнээр өгдөг байсан. Н.Ч- нь ээлжийн амралт авдаггүй байсан нь үнэн. Гэхдээ өөрийн хүсэлтээр амралт авахгүй ажилладаг байсан. Н.Ч-г БНСУ-руу 3 удаа, БНХАУ-руу 3 удаа явуулсан бөгөөд 100 хувь бүх зардлыг компани хариуцан мөн аялалын мөнгө олгож аялалын хоногийг ажилсанаар тооцон цалинг давхар олгодог байсан. 2015 оны 9 сарын 03 өдрөөс 2016 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Н.Ч- шалтгаангүйгээр 06 сарын 17-ны өдрөөс өөрөө ажлаа хаяж явсан. Бид тухайн үед холбогдож чадахгүй байсан бөгөөд дараа нь нөхөр хүүхдийн хамт БНСУ-руу явсан гэдгийг мэдсэн. Энэ үедээ холбоо барьж компаний удирдлагуудаас чөлөө аваагүй болно. 2015 оны 8 сард ажилдаа орохоор ирсэн боловч ажлаа орхин явсан мөн эд хариуцагч Б.Болормаад барааны борлуултын дутуу төлбөр байсан тул энэ мөнгөний асуудлыг шийдвэрлэж дуусаад ажилдаа орохыг зөвшөөрсөн. Н.Ч- нь ажилдаа орохоосоо өмнө төлбөрийг барагдуулж чадахгүй мөнгөний боломжгүй байсан учраас компаний зүгээс урьдчилгаа болгон тодорхой хэмжээний мөнгийг эхэлж өгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх боломжоор нь график гарган сар бүрийн цалингаас төлж барагдуулахыг санал болгосон гэжээ.
 
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
 
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Н.Ч-д холбогдуулан борлуулсан барааны үлдэгдэл төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч Н.Ч- зөвшөөрөхгүй гэж маргаж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
 
Шүүх хуралдааны үед хариуцагч Н.Ч- урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 1,259,160 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэлээ татан авах хүсэлт ирүүлснийг хүлээн авч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг батлах үндэстэй.
 
Хариуцагч Н.Ч- А ХХК-нд 2010 оны 10 сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаалаар борлуулагчаар томилогдон ажиллаж байгаа болох нь ажил олгогчийн тайлбар, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн тэмдэглэлгээ зэргээр тогтоогдож байна.
 
Ажил олгогч А ХХК ажилтан Н.Ч- нарын хооронд хөдөлмөрийн гэрээ, бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй болох нь ажил олгогчийн шүүх хуралдаанд гаргасан, шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
 
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж зохицуулсан байна.
 
Н.Ч- борлуулагчийн ажил үүргийг гүйцэтгэж, А ХХК-нь түүнд цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь Нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн тэмдэглэл, зохигчдын тайлбар /хх-ийн 61-65 талд/-аар нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
 
Нэхэмжлэгч А ХХК нь нэг хайрцагандаа 80 ширхэг, нэг бүр нь 1150 төгрөгийн үнэтэй Дошида амтлагчаа 2016 оны 4 сарын 22-нд 9 багц нийт 66,240,000 төгрөг, 4 сарын 23-нд 21 багц нийт 154,560,000 төгрөг, 4 сарын 25-нд 11 багц нийт 80,960,000 төгрөг нийт 41 багцыг борлуултанд гаргаж 301,760,000 төгрөг тушаахаас Н.Ч-гийн тушаасан мөнгө нийт 298,760,000 төгрөг тушаасан. Нийт үнийн дүнгээс 3,000,000 төгрөгийг Н.Ч- дутуу тушаасан. Уг борлуултыг борлуулагч Чимэгсүрэн хариуцаж, гаргалт болон тооцоог Б.Болормаа хариуцсан гэж маргаж, тооцоог гар тэмдэглэлээр хийсэн 3 хуудас баримт /хх-ийн 128-130 талд/-ыг ирүүлжээ.
 
Хариуцагч Н.Ч- нь Баяр-Учрал нэг багц дошиданыхаа үнэ 6,440,000 төгрөгөө нэхээд байхаар нь 3,440,000 төгрөгийг нь өгсөн гэх тайлбарыг бичгээр гаргасан байна.
 
Ажил олгогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж байгууллага дотооддоо санхүүгийн батлагдсан маягт бүртгэл хөтлөх, ажилтан гарын үсэг зурах, тамга тэмдэгээр баталгаажуулах заалтуудыг зөрчиж санхүүгийн тооцоо гар тэмдэглэгээгээр хийгдэж байжээ.
 
Ажил олгогч барааг хүлээлгэн өгөх, шилжүүлэх ажиллагааг зохион байгуулаагүй нь эд хөрөнгийн дутагдал гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
 
Зохигчдын хэн аль нь буруутай байгааг харгалзан төлбөрийг адил хэмжээнд хариуцуулах үндэстэй байх тул хариуцагч Н.Ч-гээс 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
 
Шүүх хариуцагчийн төлөөлөгч Н.Батбаярт шүүх хуралдааны товыг 2016 оны 10 сарын 05-ны өдөр Мэдэгдэх хуудас-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Ч-гээс 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
 
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар Н.Ч- урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,500,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ээлжийн амралтын олговорт 1,259,160 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
 
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ч-гээс 31,475 төгрөгийг гаргуулж А ХХК-нд олгож, хариуцагч Н.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,100 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 
 
 
 
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ