| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 309/2025/00944/И |
| Дугаар | 201/МА2026/00031 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 201/МА2026/00031
*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 309/ШШ2026/00726 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч*******д холбогдох
Хохирол 9 000 000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч*******д холбогдох тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан тээвэрлэлтийн явцад үүссэн хохиролд 9 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... 2020 оноос эхлэн өөрийн гэсэн хурдан удмын адуутай болохоор төлөвлөн цуглуулж эхэлсэн бөгөөд хадам ааваасаа ... 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хурдан хээр азарганых нь төл болох зээрд зүсмийн хязаалан гүүг 4,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн гүү нь 2025 онд зургаан настай хоёр дахь удаагаа унагалах гээд хээл тээж байсан, цаашид зөндөө унагалах залуу гүү байсан. 2025 оны 04 сарын 01-ний өдөр тавин хувьтай залуу азарганд хээлтүүлсэн хурдан удмын хоёр гүүгээ Дорнод аймгаас Улаанбаатар хот руу ачуулахаар фэйсбүүк зар үзээд ...Б.*******тэй холбогдож нэг хээлтэй гүүг 200,000 төгрөг, нийт 400,000 төгрөгөөр ачуулахаар хоорондоо утсаар ярьж урьдчилгаа 200,000 төгрөгийг хариуцагч Б.Билэг-Эрдэнийн дансанд ... шилжүүлсэн. Хариуцагч хоёр гүүг Баянтүмэн сумаас 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 14.00 цагийн орчимд ачиж хөдөлсөн бөгөөд арван хоёр цаг яваад ирэх газарт хорин дөрвөн цагийн дараа буюу 2025 оны 04 сарын 03-ны өдрийн 14.00 цагийн үед Төв аймгийн Сэргэлэн суманд авчирсан. Гүүнүүдээ буулгах гэтэл хурдан хээр азарганы төл болох зээрд гүү маань үхсэн байсан. Хариуцагч буруугаа хүлээж 5,000,000 төгрөгийг 20 хоногийн дотор олж өгөхөөр тохирсон ч “өгч чадахгүй шүүх цагдаадаа ханд” гээд холбогдохоо байсан. Гэтэл амьд ирсэн шарга гүү хээл алдаж амьгүй унага гаргасан. ... Энэ бүхэн тээвэрлэлтийн явцад жолооч хариуцлага алдсанаас болсон учир хурдан удмын нэг гүү, хоёр унаганы амь хохирлын төлбөрт 9,000,000 төгрөгийг хариуцагч*******эс гаргуулна.” гэж тайлбарласан.
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “ Миний бие 2025 оны 4 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас *******ын гэх 2 адууг ачаад 14:00 цагийн үед хөдөлсөн нь үнэн. Мөн Булган сумаас өөр 2 адуу ачсан байсан. Дээрх 2 адуу нь нилээн догшин, хөтлөхөд жолоо тархиа мэдэхгүй адуу байсан бөгөөд миний бие ямар хурдан удмын, ямар үүсэл гаралтай адуу гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Адууг ачаад замдаа явж байхад зөвхөн нэг адуу нь ойчиж, унаж тусаад байн байн машинаа зогсоож, адууг босгож явсаар Хэнтий аймагт ирсэн. Энэ тухай *******т утсаар ярьж, явж болохгүй байна гэж хэлсэн бөгөөд Хэнтийгээс цааш явахдаа унаж ойчих болгонд утсаар мэдэгдэж, босгоод, ******* ч өөрөө утсаар яаж байна, хаана явна хэмээн ярьж байсан. Багануурт ирээд үнэхээр ядруу муудаад байгааг нь, явж болохгүй байгаагаа хэлсэн боловч тусламж үзүүлэхгүй, ямар ч байсан ямар нэг аргаар амьд л авчирч үзээрэй гэсэн. Ингээд цааш байн байн зогсож, босгож явсаар Төв аймгийн засмал замын уулзвар дээр ирээд “Одоо болъё оо, бүр явахгүй боллоо, босохгүй нь ээ. Өөрсдөө ирж аваарай” гэж дуудсан юм. Гэтэл “гайгүй байлгүй дээ, одоо 3-4 км газар яваад буулгана” гээд ирээгүй. Ингээд *******ын хүсэлтээр цааш явсаар адууг буулгах газар буюу Төв аймгийн Сэргэлэн суманд ирэхэд тус адуу нь амьд байсан хэдий ч бусад адууг буулгаж байх хооронд үхсэн. ... Харин 2 дахь адуу нь ямар нэгэн асуудалгүй тээвэрлэгдэж, амьд хүлээлгэн өгсөн билээ. Тиймээс миний бие тус 2 адууг тээвэрлэхэд ямар нэгэн хариуцлага алдаагүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж тайлбарлан маргасан.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар хариуцагч*******эс тээвэрлэлтийн улмаас үүссэн хохирол 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
7. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч******* давж заалдах журмаар “... Хариуцагч******* миний бие тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч оролцуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн хэдий ч өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, бэлтгэх боломжит хугацаагаар хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.8, 34.3.11-т заасныг, мөн 2026 оны 03-р сарын 23-ны өдөр миний бие, өмгөөлөгчийн хамт Улаанбаатар хотоос тус шүүхэд хөдөө замд ирж яваад шүүх хуралдаанд оролцож амжаагүй бөгөөд шүүгчийн туслахад энэ тухай мэдэгдсэн боловч хариуцагчийг болон өмгөөлөгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим баримтлаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Хариуцагч******* миний бие тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн нэг адуу, хоёр унага нь ямар шалтгааны улмаас үхсэн, тээвэрлэлтийн явцад хариуцагчийн ямар хариуцлагагүй байдал гаргасан талаар тус тус “шинжээч томилуулах” хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг маань хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан эрхээр хангаагүй гэж үзэж байна.
Шүүхээс хариуцагчийн ямар гэм буруу байгаа эсэхийг нотлох баримтаар тогтоогоогүй байж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасантай нийцэхгүй байна.
Шүүх үндэслэх хэсэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд тээвэрлэж ирсэн 2 тооны адууг хүлээн авах үед 1 хээлтэй гүү нь үхсэн, тээвэрлэгдэж амьд ирсэн гүү нь удалгүй хээл хаясан гэх үйл баримт тогтоогдож байна.” гэсэн нь тээвэрлэгдэж амьд ирсэн гүү нь “удалгүй хээл хаясан” гэх үйл баримт тогтоогдоогүй, хэзээ хаана, яаж хээл хаясан тухай хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасантай нийцэхгүй байна.
Мөн ... хэргийн материалын 8 дугаар хуудаст “Сачин-Овоо” мал эмнэлгээс өгсөн тодорхойлолт нь 2025.06.13-ны өдрийн тодорхойлолт, хэргийн материалын 9 дүгээр хуудаст малын гарал үүслийн бичигт “малын тамга”-д гараар засвар хийсэн байхад нотлох баримтаар үнэлсэн нь шүүхээс хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
... Харин хариуцагчид дээрх нөхцөл байдлыг урьдчилан арилгах боломж байгаагүй тул иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2-т заасны дагуу хариуцагч хариуцлагаас чөлөөлөгдөх боломжтой байна.
Шүүх тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т заасантай нийцэхгүй байна. Учир нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан байхад шүүхээс тээвэрлэж ирээд хүлээлгэн өгсний дараа хээл хаяж гаргасан үхсэн унаганы төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хуульд гэм хорын хэмжээг тодорхойлохдоо гэм хор учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг нотлох баримтаар тогтоож байж харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл хариуцагч ямар гэм буруутай /үйлдэл, эс үйлдэхүй/ гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй байж хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
8. Шүүх зохигч талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн боловч маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
9. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч ******* хариуцагч******* нар нь 2025 оны 4 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумаас Төв аймгийн Сэргэлэн сум руу зээрд зүсмийн хээлтэй гүү, шаргал зүсмийн хээлтэй гүүг тус тус тээвэрлэн хүргүүлэх, тээвэрлэлтийн хөлсийг төлөх талаар амаар харилцан тохиролцсон байх ба мөн өдөр******* нь өөрийн тээврийн хэрэгслээр нэхэмжлэгчийн хээлтэй хоёр гүүг Дорнод аймгийн Баянтүмэн сумаас ачиж Төв аймгийн Сэргэлэн сум руу тээвэрлэсэн, ******* нь тээвэрлэлтийн хөлсөнд 400 000 төгрөгийг төлсөн, 2025 оны 4 сарын 03-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд тээвэрлэж ирсэн хоёр гүүг хүлээлгэн өгөх үед зээрд зүсмийн гүү нь үхсэн, шаргал зүсмийн гүү нь амьд тээвэрлэгдэж ирсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан хүчин төгөлдөр тээвэрлэлтийн гэрээний харилцаа аман хэлбэрээр үүссэн байна.
10. Талууд өөрсдийн дунд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон дээрх үйл баримтуудын талаар тус тус маргаагүй, харин амьд тээвэрлэгдэж ирсэн шаргал зүсмийн хээлтэй гүү удалгүй хээл хаясан нь тээвэрлэлтийн явцаас болсон эсэх, уг гүүний хаясан хээл болон тээвэрлэлтийн явцаас болж үхсэн гүү, түүний хээлийн үнийг тус тус төлөх эсэх нь маргааны үндэслэл болжээ.
11. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцах тухай тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг заажээ.
Түүнчлэн мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.2-т зааснаар эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.
12. Хэргийн үйл баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараас үзвэл дээрх гэрээний харилцаа зөвхөн нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд үүссэн байх бөгөөд хариуцагч******* нь нэхэмжлэгчийн хээлтэй хоёр гүүг хүлээн авсан цагаас эхлэн тохиролцсон хугацаанд тогтоосон газарт тээвэрлэн хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ямар нэгэн гэмтэлгүйгээр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч тэрээр уг үүргээ биелүүлээгүй, тээвэрлэлтийн явцаас шалтгаалан зээрд зүсмийн хээлтэй гүү нь гэмтэж үхсэн, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь тээвэрлэлтийн улмаас үүссэн гэм хорын бодит хохирол буюу үхсэн зээрд гүүний үнийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* тээвэрлэлтийн явцад үхсэн зээрд зүсмийн гүүг 2023 оны 11 сард 4 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон, мөн хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн №P25-41 дугаартай дүгнэлтээр хурдан удмын 5 настай гүүний зах зээлийн үнэлгээг 4 000 000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч******* үгүйсгэж маргаагүй бөгөөд тэрээр “... тухайн хоёр гүүг тээвэрлэхэд ямар нэгэн хариуцлага алдаагүй, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй, мөн дээрх нөхцөл байдлыг урьдчилан арилгах боломж байгаагүй ...” гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байх тул тээвэрлэлтийн явцаас болж үхсэн зээрд гүүний үнэ 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.
13. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, үхсэн гүүний үнийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв боловч үхсэн гүүний хээл болон амьд тээвэрлэгдэж ирсэн гүүний хаясан хээлийг тус тус 50 хувьтай эрлийз азарганы төл унаганы ханшаар үнэлэн хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
Тухайлбал, хэрэгт авагдсан баримт буюу хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн №P25-41 дугаартай дүгнэлтээр 50 хувьтай эрлийз азарганы төл унаганы зах зээлийн үнэлгээг 3 000 000 төгрөгөөр үнэлсэн /хх-66-77/ байх бөгөөд дээрх хоёр гүүний хээл 50 хувьтай эрлийз азарганы төл байсан эсэх, мөн тээвэрлэлтийн улмаас амьд тээвэрлэгдэж ирсэн шаргал гүү хээл хаясан /үхсэн унага гаргасан/ эсэх үйл баримтууд хэрэгт цугларсан баримтаар тус тус тогтоогдоогүй байгааг шүүх анхаараагүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоёр унаганы төлбөрт нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
14. Анхан шатны шүүх хариуцагч*******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн /хх-36-37/ байх ба түүний өмгөөлөгч авах тухай амаар гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан /хх 88-91/ байх боловч хариуцагч дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирээгүй, хэн гэдэг өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт болон шинжээч томилуулах тухай хүсэлтийг тус тус шүүхэд бичгээр гаргаагүй байна.
Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах, мөн өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь тэдний эрх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар шүүх хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэхгүй, түүнчлэн шүүх түүний гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй гэх, мөн хуурамч нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
15. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоос “... шүүх тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэсэн, ... гэм хорыг арилгахдаа бодит хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан байхад гүүг хүлээлгэж өгсний дараа хээл хаяж гаргасан үхсэн унаганы төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй ...” гэх хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
16. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргаан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр нь ердийн журмаар хянан шийдвэрлэсэн хэргийн шийдвэртэй адил удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн хэсэгтэй бичигдсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэг болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгайлсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн бүтэц”-д нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Дээрх зөрчил нь хэргийн оролцогчийн хэн нэгэнд ашигтай байдал бий болгосон, эсхүл хохироосон, хэргийн оролцогчийн үндсэн эрх зөрчигдөхөд хүргэхгүй тул давж заалдах шатны шүүх уг зөрчлийг “ноцтой” зөрчил гэж үзээгүй болно.
Харин анхан шатны шүүх дээрх алдааг цаашид гаргахгүй байхыг, мөн хэргийн оролцогчоос давж заалдах гомдол гаргахдаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг болон гомдол гаргах хугацааг шалгах, хугацаа хэтрүүлсэн бол гомдлыг хүлээн авахаас татгалзах ажиллагааг явуулах, улмаар хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан бол хүсэлтийг шийдвэрлэсний эцэст давж заалдах шатны шүүхэд хүргүүлж байхыг тус тус анхаарвал зохино.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхээр заасан тул энэ шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болохыг зохигч талуудад мэдэгдэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч Б.Билэг-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 сарын 23-ны өдрийн 309/ШШ2026/00726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д тус тус зааснаар хариуцагч*******эс тээвэрлэлтийн улмаас үүссэн гэм хорын хохиролд 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “ ... 158,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.” гэснийг “ ... 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Б.Билэг-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй ба шүүхийн эцсийн шийдвэр болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ
Г.УРТНАСАН