| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноопын Болормаа |
| Хэргийн индекс | 308/2026/00238/N |
| Дугаар | 202/МА2026/00009 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 202/МА2026/00009
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Б.Наранчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 308/ШШ2026/00388 дугаар шийдвэртэй,
нэхэмжлэгч: ........... аймаг, ........... сум, ........... баг, ............. гудамж, .......... байрны .... тоотод оршин суух, .............. овогт Э.Ц-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ............. аймаг, ............... сум, ............... баг, ............... гудамж, ..... тоотод оршин суух, ............... овогт Б.С-т холбогдох,
эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
хариуцагч Б.С-ын давж заалдсан гомдолд үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Э.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...миний бие 2011 оноос хойш Б.С-тай хамтын амьдрал зохиосон юм. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ц.Оргилбаяр, 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр охин С.А, 20.. оны .... дүгээр сарын ...-ны өдөр хүү С.А нар төрсөн юм. Хамт амьдарч байхдаа гэр бүлийн баталгаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, ажил төрөл хийлгэхгүй хардаж зоддог байсан. 2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжид амьдарч байна. Хүүхдүүддээ хэл амтай мөнгө өгч байсан. Архи уусан үедээ өдөр шөнөгүй хэл амаар доромжилдог. Ар гэрээс нь залгаад эхний нэг жилд сард 700,000 төгрөг өгье гэж хэлсэн. Дараагийн жилээс нь 1,000,000 төгрөг болгоё гэж ар гэрээс төрсөн дүү нь ярьдаг. Бид хоёр ярилцах боломжгүй байдаг. Ярихаар өөдөөс хэрэлдээд байдаг. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдүүдийн эцэг Б.С мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч Б.С хариу тайлбартаа: “...бид 2011 онд танилцаж хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд бидний дундаас 20.. онд хүү Ц.О, 20.. онд охин С.А, 20.. онд хүү С.А нар төрсөн. Бид хоёр хоорондоо байнга муудалцах болсноор бид харилцан ярилцаж салахаар шийдэж, 2019 оноос эхлэн тус тусдаа амьдарсан. Энэ хүн өөр хүнтэй явалдаад зурагт ломбардаад гэрээс явсан. Хүнтэй суугаад хүүхэд гаргасан. Тэр хүнээсээ бас салсан байгаа. Хүнтэй явалдаад байхаар нь хоорондоо муудалцдаг байсан. Ц.О миний хүүхэд мөн. Би болон манай гэр бүл манай хүүхдүүдтэй сайн харилцаатай, өдөр бүр утсаар ярьж, байнга уулздаг, хүссэн үедээ өвөө, эмээ, аав дээрээ ирдэг. Би хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж намрын хичээлийн бэлтгэл, өвлийн хувцас, төрсөн өдөр бүхий л зүйл дээр аль болох бүх зүйлээрээ тусалж дэмждэг. Би төрөхдөө тархиндаа уйланхайтай төрсний улмаас 2006 оноос эхлэн татаж унадаг байсан. 2011 оноос энэхүү оношоор группт орж, 2024 онд ажлаас группт байдаг тул ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа шаардсаны улмаас өөрийн хүсэлтээр группээс хасагдсан. 2022 онд нүд юм харах нь багассан тул эмнэлэгт үзүүлсэн. Сондра, 1-р эмнэлэгт үзүүлсэн. Эмч тархины уйланхай тархинд 90 хувийн тархаж устаж байгаа бөгөөд нүдэнд нөлөөлж эхэлсэн байсан тул зүүн нүдэнд одоогийн байдлаар 2 удаа хагалгаанд орж нүдний болроо авхуулсан. Цаашид баруун, зүүн нүдний силкон авхуулж, болор суулгах шаардлагатай байгаа.
Би одоогоор “.......” ХХК-д үйлдвэрийн ажилтнаар ажилдаг. Миний сарын цалин 2,750,000 төгрөг. Байнгын эмчилгээ, эм тарианы зардалд мөнгө их шаардлагатай байдаг тул Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл 2024 оны 10 дугаар сард авсан. Сарын төлөлт 1,306,000 төгрөгийг төлдөг. Үлдэгдэл орлогоос амьжиргааны зардал, эм тариа, хэрэглээний зардал мөн хүүхдүүддээ зарцуулдаг. Иймд миний бодит орлого, зээлийн тогтмол төлбөр болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдийн тэтгэмжийн хэмжээг боломжит хэмжээнд багасгаж тогтоож өгөхийг хүсье. Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа бөгөөд нөхцөл сайжирсны дараа үүргээ бүрэн биелүүлэх болно.” гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: “...Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хүү ......... овогт Ц-ийн О-ын эцэг .... Б.С мөн болохыг тогтоож,
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү .......... овогт Ц-ийн О, охин ......... овогт С-ын А, хүү ..... овогт С-ын А нарыг 11 нас хүртэл амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.С-аар сар бүр тэжээн тэтгүүлж,
хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангах, мөн хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхтэй ба энэхүү эрхийг хязгаарлаж болохгүйг дурдаж,
нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 295,555 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасны дагуу тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Эрдэнэ-Уянгад даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч Б.С давж заалдсан гомдолдоо: ... би 1 сартайгаасаа эхлэн тархины өвчнөөр өвдөж, 2007 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын группэд байсан болно. Харин 2024 онд ажлаас халагдахгүйн тулд группээс гарсан. Төрсөн цагаасаа хойш Айраг сум, Сайншанд, Улаанбаатар мэдрэлийн эмчийн байнгын хяналтад байдаг. Мөн тархины 90 хувь устсан тул бусдын ярьж байгааг дутуу ойлгох, юмыг амархан мартдаг. Мөн тархины цус харвалт нь тархинд, нүдэнд нөлөөлж зүүн нүд 10 хувь хардаг болсон.
Тус цалингийн зээлийг Б.С нь нүдний 2 удаагийн хагалгаа болон нурууны хагалгааны зардалд зориулж авсан. Цаашид Сондра эмнэлэгт баруун болон зүүн нүдний болор солиулах хагалгаанд яаралтай орох шаардлагатай байгаа.
Одоогийн байдлаар миний хүүхдүүд болох О 100 хувь, А 100 хувь, А 50 хувиар тэтгэмж тогтоогдсон байна. Би одоогоор "........." ХХК-д үйлдвэрийн ажилтнаар ажилдаг. Миний сарын цалин 2,750,000 / хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг. Байнгын эмчилгээ, эм тарианы зардалд мөнгө их шаардлагатай байдаг тул Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл 2024 оны 10 сард авсан. Сарын төлөлт 1,306,000 нэг сая гурван зуун зургаан мянган төгрөг/-ийг төлдөг. Иймд дээрх эрүүл мэндийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж миний бодит орлого, зээлийн тогтмол төлбөр болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүүхдийн тэтгэмжийн хэмжээг боломжит хэмжээнд багасгаж тогтоож өгөхийг хүсье. Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж байгаа бөгөөд нөхцөл сайжирсны дараа үүргээ бүрэн биелүүлэх болно. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, төлбөрийн нөхцөлийг миний бодит боломжид нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.
5.Нэхэмжлэгч Э.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“ ...хүүхдүүдтэйгээ ярих болгондоо согтуу байдаг. Ажлаасаа буугаад Айраг явах болгондоо хүүхдүүдээ авч явах болгондоо согтуу авч явдаг. Надтай ярихдаа чи хүүхдүүдийн мөнгөө яасан гээд элдвээр хэлдэг.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Б.С-ын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий нөхцөл байдал болон нотлох баримтын талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Тодруулбал нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Б.С-т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага гаргасан ба үндэслэлээ “...2019 оноос хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш хүүхдүүд маань миний асрамжид амьдарч байгаа, одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдүүдийн эцэг Б.С мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.
Хариуцагч Б.С “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, эрүүл мэндийн шалтгаан, бодит орлого, зээл төлөлт зэргийг харгалзаж хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, тогтоож өгнө үү” гэсэн хариу тайлбар гаргажээ.
2.Анхан шатны шүүх Ц.О-ын эцэг Б.С мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү .... овогт Ц-ийн О, охин .... овогт С-ын А, хүү .... овогт С-ын А нарыг 11 нас хүртэл амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Б.С-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3.Шийдвэрийг эс зөвшөөрч, Б.С давж заалдах гомдол гаргасан, гомдолдоо “...хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж улмаар шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид нэхэмжлэлийн шаардлага дээр маргаагүй, зөвшөөрсөн харин хариуцагч хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, тогтоолгох тухай тайлбар, гомдол гаргажээ.
4.1. Зохигчдын тайлбараар 2011 оноос хойш хамтын амьдрал зохиосон, 2019 оноос тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байдал байхгүй, эвлэрч амьдрах боломжгүй болох нь тогтоогдсон, хариуцагчаас хүү Ц.О-ын эцэг мөн болохыг болон хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг зөвшөөрсөн тайлбар болон нотлох баримтуудад үндэслэн дүгнэж, хүү Ц.О-ын эцэг Б.С мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хариуцагч Б.С нь хүү Ц-ийн О-ын эцэг мөн эсэх талаар маргаагүй болон эцэг нь мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн Б.С-ыг хүү Ц.О-ын эцэг болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч Э.Ц нэхэмжлэлдээ хүү Ц.О, С.А, С.А нарын эцэг болохыг тогтоолгох/1хх 2/ гэж тодорхойлсон хэдий ч охин С.А, хүү С.А нар, эцэг Б.С-аар овоглосон нь төрсний гэрчилгээ/1хх 5-6/-ний хуулбараар тогтоогдож байх тул эцгийг захиргааны журмаар хүүхдүүдийн эцэг мөн гэж үзэж, хүү Ц.О-ын тухайд эцэг тогтоолгох шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн байна.
4.2 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг тодорхой хуульчилж, тогтоосон ба мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж хуульчилсан байна.
Хуулийн эдгээр шаардлагад нийцүүлэн үзэхэд хариуцагч Б.С-ын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ..... ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №26/0226-003 дугаартай тодорхойлолтоор түүний сарын үндсэн цалин 3,455,000 төгрөг/1хх-31/ болох нь тогтоогдсон үүнээс банкны зээлийн төлбөрт 1,306,703.54 төгрөг/1хх-32/-ийг сар бүр төлдгөөс өөрөөр эмчилгээ, эм тарианд зарцуулдаг төлбөр, мөнгөтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул “...миний сарын цалин 2,750,000 төгрөг” гэсэн тайлбарт үндэслэн түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн хүүхдүүдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлөн тогтоох үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшнээр тооцож үзэхэд буюу Үндэсний статистикийн хорооны даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дугаар тушаалын хавсралтаар Төвийн бүсэд амьжиргааны баталгаажих доод түвшиний хэмжээ 522,300 төгрөг бөгөөд энэ дүнгээр тооцож үзэхэд хүү Ц.О, охин С.А нар 11 нас хүрсэн учир амьжиргааны доод түвшиний хэмжээгээр, хүү С.А нь амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар тэтгэлэг тогтоогдох тул хариуцагч нь 2026 онд төлөх нийт тэтгэлгийн хэмжээ сард 1,305,750 төгрөг байна.
Энэ утгаараар хариуцагчийн нэг сард төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ 1,305,750 төгрөг нь түүний үндсэн цалин болох 3,455,000 төгрөг/1хх-31/-ийн 50 хувьд хүрэхгүй байх тул Анхан шатны шүүхийн шийдвэрт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд эдгээр үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагчийн гомдлыг хангаагүй учир түүний давж заалдах гомдол гаргахад, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /хх 57/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах болон иргэний хэрэг үүсгэх, хэргийг хэлэлцүүлэх захирамж/1хх 14,15,26/-даа тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн гүйцэд тусгаагүй байх ба эцэг тогтоолгох шаардлагыг орхигдуулжээ. Гэхдээ шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дүгнэж, шийдвэрлэсэн байх тул тус бичвэрийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж, энэ талаар цаашид анхаарахыг магадлалд тэмдэглэж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 308/ШШ2026/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.С-ын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.С-ын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС
ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ
Н.БОЛОРМАА