Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 930

 

 

 

 

 

 

 

 

 

2019         10          31                                   2019/ШЦТ/930       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч  Ц.Цэцэгмаа /томилолтоор/,

Шүүгдэгч Н.Х (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Хд холбогдох эрүүгийн 1909026051031 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30 өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Алдар спорт хорооны 189 дүгээр ангид дэд ахлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголон 9 дүгээр гудамж 373А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.Х нь 2019  оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Холливууд” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Бархастай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909026051031 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 07-ноос 2019 оны 7 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд баарны хажуу талын караоке орсон. Манай найз караокеноос гараад алга болохоор нь би найзыгаа хайгаад Холливууд баар орчихоод буцаж гарч ирээд гадаа нь явж байтал араас нэг залуу элдвээр хэлээд байсан. Тэвчээр алдаад эргэж очоод “чи зүгээр явуулчихаж болохгүй байна уу, яагаад өдөөд байгаа юм бэ” гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохисон. Тухайн залуу газар нүүрээрээ унаад өгсөн. Би 4 шил пиво уусан согтолт гайгүй байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Хохирогч Б.Бархас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 7 дугаар сарын 07-ноос 2019 оны 7 дугаар сарын 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Холливууд” баарны гадна зогсож байтал баарны гадаа хашааны тэндээс үл таних том биетэй залуу намайг чиглэж ирээд юм яриад байсан. Би “айн” гэж хэлэхэд над дээр ирээд миний зүүн эрүү хэсэгт нэг удаа цохисон. Би газарт унахдаа нүүрний баруун хэсгээрээ цементэн дээр хүчтэй унасан. Тэгээд ухаан алдсан. Тухайн үед би дунд зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8445 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Б.Бархасын биед тархи доргилт, баруун талын хоншоор ясны их биеийн цөмөрсөн, арын хананы зөрүүгүй, баруун нүдний ухархайн доод хана, хацар ясны духны сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, дээд, доод уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг бичлэгэн дээр Хүрэлсүх нь Бархастай юм ярьж зогсож байгаад салж яваад цааш явж байгаад буцаж ирээд хохирогч Б.Бархасыг баруун гараараа нэг удаа цохих үед Бархас газар унаж байгаа бичлэг харагдах ба бичлэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Хийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Х нь 2019  оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-нд шилжих шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Холливууд” шөнийн цэнгээний газрын гадна иргэн Б.Бархастай үл ялих зүйлээр шалтаглан зүй зохисгүй харьцаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун талын хоншоор ясны их биеийн цөмөрсөн, арын хананы зөрүүгүй, баруун нүдний ухархайн доод хана, хацар ясны духны сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, баруун дээд үүдэн 2-р шүдний хугарал, дээд, доод уруулын зүүн талын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бархасын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8445 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцогдсон бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Бархасын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, хэргийн нөхцөл байдал нь эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгт тусгагдаж, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Хийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Хийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бархасаас “...Хохиролд 950.000 төгрөг авсан. Үлдэгдэл 2.050.000 төгрөгийн хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон учир хохиролгүй гэж үзэж байна…” гэсэн хүсэлт /хх-ийн 42 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчээс хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдгээрийг хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Бархас нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Хээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Хийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Хийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

5. Хохирогч Б.Бархас нь өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Хээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН