Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2016/00797

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ц- ийн нэхэмжлэлтэй

          Хариуцагч: Д.Г-

Хариуцагч: Э.Б-  нарт холбогдох

**тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагч нарын төлөөлөгч О.Батхүү шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ** тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг 1961 оны 5 сарын 26-ны өдөр хуучнаар Улаанбаатар хотын АДХГ Захиргаанаас миний өвөө ДД.П-д олгосон бөгөөд өвөө аав маань 1991 онд Багануурт нагац ах Пүрэвжавыг даган явж амьдрах болсон тул П. Э- ахад байраа үлдээн явсан. Нагац ах П.Э- нь уг байрыг барьцаалан 2009 оны 9 сарын 07-ны өдөр 6 сарын хугацаатайгаар сарын 3,7 хувийн хүүтэй 21,500,000 төгрөгний зээл иргэн Н.П-с аваад зээлээ төлж чадалгүй 2010 оны 12-р сард байраа хураалгах болчихсон байхад нь миний ээж, нагац эгч, нагац ах нар маань бидний өсөж, төрсөн байр орон, аавын минь гал голомт өөр хүнд алдагдах гээд байна. Цэвэлмаа чи тэр байрыг хүнд алдчихгүй, танил тал, хүмүүсээсээ мөнгө зээлж байгаад ч хамаагүй буцаан аваад албан ёсны дүрэм, журмынх нь дагуу Э- ахтайгаа хамтарч үйл ажиллагааг нь цааш нь үргэлжлүүлэн явуулаач гэж надад хандан гуйсан юм. Тиймээс би Хаан банкнаас зээл хөөцөлдөж байх үедээ  Тэшигжаваас “Хаан банкнаас зээлээ авахаар буцааж өгье, ээж, эгч ах нарынхаа өсөж төрсөн байрыг нь бусдад алдчих гээд байна найз нь мөнгийн төлөөд авах гэсэн юм гэж учраа хэлж байгаад 17,000,000 төгрөгийг 2010 оны 11 сард 3 сарын хугацаатайгаар зээлж аваад, өөрт байсан 5,000,000 төгрөгийг нэмж Пунцагдуламд 22,000,000 төгрөг өгч П.Э- ахын байрыг авсан. Хаан банкнаас 2011 оны 01 сарын 31-ний өдөр 18,000,000 төгрөгний зээл авч, 2011 оны 2 сарын 3-ны өдөр найз Тэшигжаваас зээлсэн 17,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Дээрх  **тоот хаягт орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг Жоё кафе-г албан ёсны бүртгэлд бүртгүүлэн Гүн Баянбулаг ХХК-ийг 2009 оны 8-р сард байгуулахад Эрдэнцогт ахад мөнгө байхгүй гээд би өөрөөсөө мөнгө гарган бичиг баримт болон бүхий л ажлыг нь хөөцөлдөж компаний гэрчилгээг гаргуулан авч үйл ажиллагаа нь зохион байгуулан өдийг хүртэл гардан ажиллуулж байгаагаас гадна тусгай зөвшөөрөл авах, татварын болон бусад байгууллагуудтай тооцоо хийх зэрэг бүх ажлуудыг өдийг хүртэл хариуцан ажиллаж байна. Хаан банкнаас зээл авах болон Гүн Баянбулаг ХХК-ийг үүсгэн байгуулахад П.Э- ахын нэр дээр хийгдэж байсан. Үл хөдлөх хөрөнгө болох 2 өрөө байр нь Э- ахын нэр дээр байдаг байсан. П.Э- ах байрыг миний нэр дээр шилжүүлэх гээд БНСУ руу Г* эгчтэй утсаар ярьж “Байраа алдах гэж байхад Цэвэлмаа мөнгийг нь төлөөд авсан. Тиймээс Цэвэлмаагийн нэр дээр ордерээ шилжүүлж өгөх зөвшөөрлийн бичиг хийж өгөөд явуулаач” гэхэд нь “Жоё кафе буюу байр чинь надад хамаагүй, чи надаас салаад өг гэж загнаж байсан. Хаан банкнаас авсан зээлээ, зээлийн хүүгийн хамт графикийн нийт 22,589,826 төгрөгийг банкинд би төлж барагдуулсан. Банкинд зээл төлсөн баримтын “мөнгө тушаагч” гэсэн гарын үсэг нь миний гарын үсэг. Би зээлийн Э- ахын нэр дээр авсан учир зээл төлөх Э- гэх боловч мөнгө тушаагч нь би байсан бөгөөд бүх зээлийг би төлж барагдуулсан. Иймд зохих хуулийн дагуу маргааныг шийдвэрлүүлж өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот, **, 32 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг Э- 2009 оны 9 сарын 07-ны өдөр 6 сарын хугацаатай, сарын 3.7 хувийн хүүтэй, 21,500,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Уг зээлээ төлж чадахгүй байсаар 2010 онд зээлдүүлэгч Пунцагдулам ирж байрны түлхүүрийг аваад явсан. Талийгаач Э- түүний ах, дүү нар уг байрыг алдахгүй, бид өөрсдийн байраа авна гэж Л.Ц-гаар 22,000,000 төгрөгийг төлүүлж түлхүүрээ буцаан авсан. Л.Ц-гийн нэр дээр байрыг шилжүүлэх гэсэн боловч байрыг хамтран өмчлөгч Г*, Б- нараас зөвшөөрөл авч чадаагүй. Тийм учраас Г*, Б- нараас зөвшөөрлөө явуулна уу гэж удаа дараа шаардаж байсан. Иймд **, 32 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, эсхүл оруулсан 22,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

Хариуцагч Э.Б- шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; Л.Ц-гийн нэхэмжлэлтэй ** тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хуулийн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
Хариуцагч Д.Г-гийн төлөөлөгч О.Батхүү шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа; Л.Ц-гийн нэхэмжлэлтэй Г*д холбогдох ** тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг байр 3 хүний өмч бөгөөд 2 хүний өмчлөлд шилжин ирсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 
Хариуцагч Д.Г-, Э.Б- нарын төлөөлөгч О.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 22,000,000 төгрөг нэхэмжилж байгаа бол  улсын тэмдэгтийн хураамж төлж, төлсөн баримтаа хэрэгт хавсаргах ёстой. Э- нь 2014 оны 10 сарын 20-ны өдөр нас барсан. Талийгаач нас барснаас хойш өв хүлээн авах хүсэлтээ нэг жилийн дотор гаргаж Э-ын эхнэр Г*, хүү  Б- нар хүсэлтээ гаргаж хууль ёсны өвлөгч болсон. Иргэний 520 дугаар зүйлийн 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж зааснаар хууль ёсны өвлөгч Г*, Б- нар юм. Л.Ц- талийгаач Э-ын эгчийнх нь хүүхэд, Л.Ц- өвлөх эрхтэй гэж хүсэлтээ гаргасан боловч үүнийг хангаагүй. Иргэний хуулийн 520.1.2-д зааснаар энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж заасан тул Л.Ц- хамаарахгүй байна. Талийгаач ямар нэгэн байдлаар гэрээслэл үйлдээгүй. Цэвэлмаа тухайн байрыг алдах гэж байхад нь 22,000,000 төгрөг төлсөн гэдэг боловч Э- зээлийн гэрээг өөрөө байгуулж зээл аваад өөрөө төлж дуусгаад“Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нд  Н.П, П.Э- нар гарын үсэг зурж баталгаажуулсан  байна. Энд Л.Ц-гийн гарын үсэг байхгүй.  Л.Ц- 22,000,000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргах боломжтой. **, 32 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Л.Ц- нь хариуцагч Д.Г-, Э.Б- нарт холбогдуулан ** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ П.Э-ын 22,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн гэж тодорхойлжээ.

Хариуцагч Д.Г-, Э.Б- нар дээрх орон сууцны хууль ёсны өвлөгч тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

П.Э-, Д.Г-нар 1992 оны 5 сарын 22-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1994 оны 9 сарын 07-ны өдөр хүү Э.Б- төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож /хх-ийн 42, 62 талд/ байна.
 
П.Э- нь 2013 оны 10 сарын 20-ны өдөр нас барж, маргаж буй ** тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн П.Э-, Д.Г-, Э.Б- нар бүртгэлтэй байсан ба 256 дугаартай нотариатчийн 2014 оны 10 сарын 27-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн эхнэр Д.Г-, хүү Э.Б- нарт шилжүүлэн бүртгэсэн болох нь Үл хөдлөх  эд хөрөнгийн  бүртгэлийн мэдүүлэг, Өвлөх эрхийн гэрчилгээ, Үл хөдлөх  хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 74-88 талд/ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. 

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэл Нотариатын тухай хууль болон зааврыг зөрчөөгүй, талийгаач П.Э-ын орон сууцны оногдох хэсгийг эхнэр Д.Г-, хүү Э.Б- нарт шилжүүлж бүртгэсэн улсын бүртгэл хуулийн дагуу болсон байна.  

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. 
 
Нэхэмжлэгч Л.Ц- нь нагац ах П.Э-той хамтран Гүнбулаг ХХК байгуулж 2009 оны 8 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Л.Ц- 2009 оны 6 сарын 10-ны өдөр 03 тоот тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.
П.Э- нь 2009 оны 9 сарын 07-ны өдөр иргэн Н.Паас 21,500,000 төгрөгийг сарын 3,7 хувийн хүүтэй, 2010 оны 3 сарын 07-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай **тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээл аваад, 2010 оны 12 сарын 01-ний өдөр зээлийг төлж дуусаад барьцаанаас орон сууцыг чөлөөлсөн болох нь “Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-гээр тогтоогдож байна. 
“Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ”-нд  Н.П, П.Э- нар гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 5-6, 8 талд/ байна. 

Нэхэмжлэгч Л.Ц- зээлийн төлбөрийг Гүнбулаг ХХК-тай холбоотой гэж үзвэл захирал П.Э- нь Компанийн тухай хуулийн 9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж заасан байна.
 
 Иймд нэхэмжлэгч Л.Ц- П.Э-ын өмнөөс Н.Пд зээлийн төлбөрийг төлсөн мөн П.Э-оос 22,000,000 төгрөгийг шаардаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх  тул **тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Г-, Э.Б- нарт холбогдох **тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай  Л.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.НАРАНГЭРЭЛ