Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2016/00799

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:  Д.Д- /регистрийн дугаар ТИ66020764/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Б яам”-нд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од, хариуцагчийн төлөөлөгч О.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
              ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Нэхмэжлэгч Д.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/91 тоот тушаалаар тус яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдож, 2015 оны 03 сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 сарын 08-ны Б/58 тоот тушаалаар ажлаас гэнэт халсан. Ажлаас халах тухай мэдэгдээгүй. 2016 оны 02 сарын 08-ны өдөр ажил хүлээлцэх комисс ирж мэдсэн. Өмч хөрөнгийн тооцоо тооллого хийгээгүй гэдэг асуудал байсан. Гэтэл би ажилд орсон цагаасаа хөрөнгийн асуудлыг ярьж хууль журмынх нь дагуу хийсэн. Тиймээс үндэслэлгүй халагдсанд гомдолтой байна. Би ажлаас халсан тушаалаа 2016 оны 02 сарын 15-ны өдөр гардаж аваад тэр өдрөө Сайд Н.Батцэрэгт гомдол гаргасан. Сайд ажилд чинь эгүүлэн авна гэсэн болохоор нь хүлээж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг алдсан. Энэ хугацааг сэргээж, ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,123,734 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “Б яам”-ны төлөөлөгч О.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д- нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 сарын 08-ны өдрийн “Албан тушаалаас халах тухай” Б/58 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Д.Д- нь яамны хөрөнгийн тооллогыг 2015 онд зохион байгуулж үр дүнг бүртгэл тайланд тусгах ажлыг хангалтгүй хэрэгжүүлсэн, удирдлагаас өгсөн удаа дараагийн үүрэг, даалгаварыг биелүүлээгүй, мэргэшил ур чадварын хувьд мэргэшээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтад зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу  Д.Д- нь 2016 оны 03 сарын 08-ны өдрөөс өмнө шүүхэд хандах ёстой байсан бөгөөд тэрээр 2016 оны 07 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
 ҮНДЭСЛЭХ НЬ:
           Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Д.Д- хариуцагч “Б яам”-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,123,734 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж маргажээ. 

Д.Д- нь “Б яам”-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 сарын 25-ны өдрийн Б/91 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 сарын 08-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Хөрөнгийн тооллогыг 2015 онд зохион байгуулж үр дүнг бүртгэл тайланд тусгах ажлыг хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халагджээ.

Санхүү, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Д.Д- нь 2016 оны 02 сарын 15-ны өдөр ажлаас халсан тушаалыг гардаж авсаны дараа буюу 2016 оны 02 сарын 22-ны өдөр Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралд оролцож Хөрөнгийн тооллогын  үр дүнг танилцуулж, хуралд оролцсон хүмүүс хангалтгүй  гэсэн дүгнэлт хийж 2016 оны 03 сарын 03-ны өдөр Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дараагийн хурлыг хийж хөрөнгийн асуудлын эцэслэн шийдвэрлэх үүргийг ахлах болон ерөнхий нягтлан бодогч нарт үүрэг болгож шийдвэрлэсэн /хх-ийн 24-33 талд/ байна.

Хариуцагч “Б яам”-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 02 сарын 08-ны өдрийн “Албан тушаалаас халах тухай” Б/58 дугаартай  тушаал үндэстэй байна.  

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд 2016 оны 07 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтээ сайд Н.Батцэрэгт гомдол гаргаж хугацаа алдсан гэж тайлбарлаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэсгүй байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Д.Д-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.   
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:  
           
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан “Б яам”-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,123,734  төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай Д.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
 
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ