Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 913

 

 

 

 

 

 

 

 

    2019        10         25                                    2019/ШЦТ/913

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;

улсын яллагч: Ж.Энх-Амгалан;

шүүгдэгч: Х.Баяр, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Секил овогт Хосбүргэдийн Баярт холбогдох эрүүгийн 1809031700819 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 1982 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр торсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их дарь эхийн 20 дугаар гудамж 6б хэсгийн 480 тоотод оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуугийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 онь 10 дугаар сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ТЯ82043000 регистерийн дугаартай,

 

Сэкил овогт Хосбүргэдийн Баяр.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.Баяр нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд сааданд “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Г.Даваацэрэнгийн гар утсыг залилан мэхэлж авч, бусдад 104.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Баяр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад  мэдүүлгээ өгсөн тул одоо нэмж ярих зүйлгүй. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг боломжоороо төлөх болно гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Даваацэрэн /хх-ийн 18-19/, гэрч Ю.Нацагдорж /хх-ийн 20/ нарын мэдүүлэг, Х.Баярын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23, 49-50/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-25/, Х.Баярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-35, 58-60/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Баяр нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талын сааданд Г.Даваацэрэнгээс “утсаар чинь яриад өгье” хэмээн гар утсыг нь хуурч авч 104.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

            хохирогч Г.Даваацэрэнгийн /хх-ийн 18-19/: “... 2017 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Улаанбаатар зочид буудлын урд талд явж байтал үл таних 160-165 см орчим өндөртэй, жинсен яак, өмд өмссөн, хар эрээн мэт өнгийн пүүзтэй, тайрмал үстэй, онигор нүдтэй эмэгтэй ирээд намайг “гар утсаараа яриулчих” гэж хэлсэн. Тэр үед би өөрийн “вига 870” маркийн гар утсаа гаргаж өгсөн чинь эргэж хараад зугтаасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ю.Нацагдоржийн /хх-ийн 20/: “... Архи уугаад сууж байсан чинь 160-165 см орчим өндөртэй, тайрмал үстэй махлаг биетэй, цэнхэр өнгийн жинсэн хослолтой, пүүз өмссөн Баярмаа гэж дууддаг эмэгтэй үл таних залуу дээр очоод буцаад гүйгээд ирсэн. Тэгтэл араас нь нэг эрэгтэй ирээд түрүүний эмэгтэй миний гар утсыг аваад явчихлаа гэсэн...” гэх мэдүүлгээр,

 

            Х.Баярын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 46-47/: “... 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Наадмын үе байсан...” гэх мэдүүлгээр болон “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Х.Баярын үг, үйлдэлд хууртагдан түүнд эд хөрөнгийг өөрөө шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчоос худал хэлж эд зүйлийг нь авснаа мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Иймээс шүүгдэгч Х.Баярын хуурч, бусдын итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 104.000 төгрөгийг шүүгдэгч Х.Баяраас гаргуулж Г.Даваацэрэнд олгох нь зүйтэй. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ нийт 45 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүнийг ял эдэлсэнд тооцох нь зүйтэй байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сэкил овогт Хосбүргэдийн Баярыг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баярыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баярт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баяр энэ хэрэгтээ нийт 45 хоног цагдан хоригдсөн бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Баяраас нийт 104.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Г.Даваацэрэнд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Баярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Баярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.РЕНЧЕНХОРОЛ