| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаа Хулан |
| Хэргийн индекс | 191/2025/01691/И |
| Дугаар | 210/МА2026/00222 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00222
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/09180 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн *******-ийн гүйцэтгэх захирлын Б361 дүгээр тушаалаар хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны аудитораар томилогдсон. Тус албанд томилогдон ажиллах хугацаандаа ажлын цагаа баримтлан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга нь нэхэмжлэгч *******ийг 2023 оны 11 дүгээр сараас эхлэн өмнөх удирдлагын томилсон хүн нь гэсэн шалтгаанаар өөрөө хүсэлтээ өгөөд ажлаасаа чөлөөлөгд гэдэг байдлаар удаа дараа шахалт үзүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор баримт бүрдүүлээд нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б984 дүгээр тоот гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халсан. Нэхэмжлэгч ******* зүгээс тухайн тушаал дээр дурдсан үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл тодорхой байх шаардлагыг хангаагүй. Мөн ажил олгогчийн зүгээс цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлж, ажилтан ажил үүргээ биечлэн үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ зөрчсөн учир хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарладаг. Энэ нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б984 тоот тушаалыг хүчингүй болгож, *******ийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 222 ажлын өдөрт ногдуулсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,837,154 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдож байгаа болно. Тухайлбал: Хариуцагчийн зүгээс өнгөрсөн шүүх хурлаас хойших хугацаанд иргэн ******* ажиллаж байсан *******-ийн Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнуудын 2024 оны 1-12 дугаар сарын ажлын цаг бүртгэлийг нотлох баримтын шаардлага хангуулан баримтаар өгсөн. Тус ажлын цагийн бүртгэлээс харахад ******* нь 2024 оны 7 дугаар сард 28 цаг, 8 дугаар сард 20 цаг, 9 дүгээр сард 56 цаг, 10 дугаар сард 80 цаг, 11 дүгээр сард 160 цаг, 12 дугаар сард 176 цаг ажил тасалсан нь тогтоогдож байна. Мөн тус компанийн хүний нөөциийн мэргэжилтэн *******гийн вайбер, албаны мэйл хаягт үзлэг хийлгэж, түүний албаны мэйл хаягаас мэдэгдэх хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр *******д явуулсан болох нь нотлогдож байна. ******* ажиллаж байсан *******-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 8, 9, 10, 11 дүгээр сарын болон 3 дугаар улирлын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, тухайн нэгжийн ажилтнуудын ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолт, үнэлгээний хуудсыг өмнө нь нотлох баримтаар өгсөн. Тус албаны сар, улирлын ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд ******* нь ажилдаа ирдэггүй, хийсэн ажил байхгүй, ажлын тайлан байхгүй байгаа талаар, үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолтод ******* нь ажлын цаг ашиглалт, хийсэн ажил байхгүй тул хасагдсан талаар тэмдэглэсэн байгаа нь нэхэмжлэгч ******* нь ажлын байран дээрээ байдаггүй, эрхэлсэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй байсныг нотолж байна. Компанийн Захиргаа удирдлагын газраас *******д 2024 оны 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаа мэдэгдэх хуудас өгч зөрчлөө арилгаж, компанид үргэлжлүүлэн ажиллах боломж олгосон боловч сануулгыг хүлээн аваагүй, зөрчлөө арилгаагүй нь дээрх цаг бүртгэлээс харагдаж байх бөгөөд ажил олгогчийн зүгээс сүүлийн мэдэгдэх хуудас өгснөөс хойш дахин бүтэн сар гаруй хугацаанд хүлээсний эцэст арга буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан. Дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д Ажилтан нь ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй гэж, 42.2.3-д Ажилтан нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэж заасныг зөрчиж, тус хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байх тул ******* нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дугаар тушаалаар *******ийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудиторын албан тушаалаас чөлөөлсөн. Энэхүү тушаалын үндэслэлээ хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр гаргасан гэж тайлбарладаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан байх бөгөөд *******ийг ажлаас халахдаа энэхүү заалтын аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь тодорхойгүй байдаг.
Өөрөөр хэлбэл, хариуцагчаас бичгээр гаргасан хариу тайлбар дээрээ ч ямар зөрчилд хуулийн аль үндэслэлийг баримтлан ажлаас халсан талаараа өөрийн гаргасан тушаалын үндэслэлээ тодорхойлж, тайлбарлаж чаддаггүй. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан 2 үндэслэлийн аль үндэслэлээр ажлаас халсан тушаалаа гаргасан бэ гэж тодруулж асуухад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр цуцалсан гэсэн тайлбар өгдөг.
Мөн хариуцагчаас хөдөлмөрийн гэрээнд ийм зөрчлийг ноцтой зөрчил гэж үзнэ гэх агуулга тусгагдаагүй зөвхөн хөдөлмөрийн дотоод журамд заасан, дотоод журамд ноцтой зөрчлийг тусгасан тул гэрээнд тусгайлан оруулах шаардлагагүй гэж маргадаг.
Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах зохицуулалттай байхад ажил олгогчийн зүгээс гэрээнд тусгайлан заасан бус хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд талуудын маргаж буй дээрх агуулгаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй.
Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбар тухай 33 дугаартай тогтоолын 15.4.2-т ...ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж, Мөн Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2.4-т ...Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. Иймээс ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгасан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, харин дээрх дүрэм журам, зааврыг зөрчвөл "ноцтой зөрчил"-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзэж болох юм." гэж зааснаас үзвэл хариуцагч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй байна.
4.2. Хариуцагч нь өөрийн тушаалын үндэслэлээ тайлбарлаж чадаагүйн дээр хариуцагч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд зохион байгуулагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүдийг дурдаж үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж шийдвэрлэсэн гэх баримтуудыг үндэслэн *******-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 дүгээр *******ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээ, холбогдох хуулийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлүүдээс үзвэл ******* хуралдах үед ээлжийн амралттай байсан, *******д хурлын тов, зараа хэрхэн хүргэж байсан эсэх нь тодорхойгүй, мөн энэхүү хурлын зорилго нь үр дүнгийн урамшуулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчиж үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгч *******ийг ажиллаж байх хугацаанд сахилгын зөрчил гаргасан, гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ авах гэж байгаа, эсхүл авсан талаар түүнд урьдчилан мэдэгдсэн зүйл огт байхгүй бөгөөд хариуцагч талаас хавтаст хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн цаг бүртгэлийн төхөөрөмжид ирцээ бүртгүүлсэн боловч тус хугацаанд үүрэгт ажлаа огт хийгээгүй зөрчил гарсан байна гэж сануулах арга хэмжээ авсан мэдэгдэх хуудас, үүний дараагаар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгааг мэдэгдэх хуудас гэх баримтууд гаргаж өгсөн, тэдгээр баримтуудыг үйлдсэний дараа түүний viber, байгууллагын ажилтны мэйлээр явуулснаа түүнд гардуулсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ." гэж заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй хууль зөрчиж дээрх баримтуудыг үйлдсэн, зөрчил тус бүрийг тогтоосон баримт байхгүй, тогтоогоогүй байж хууль зөрчиж ажлаас халсан.
4.3. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2 дахь заалт нь нэхэмжлэгчийн бус *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болсныг дурдсугай гэсэн нь хэний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/09180 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хариуцагч компаниас нэхэмжлэгч бүтэн нэг жилийн цаг бүртгэлийн мэдээллийг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Жишээлбэл, нэхэмжлэгч 09 дүгээр сард 51 цаг, 10 дугаар сарын 80 цаг, 11 дүгээр сард 160 цаг, 12 дугаар сард 176 цагийн таслалттай байдаг. 11 дүгээр болон 12 дугаар сард нэхэмжлэгч огт ажилдаа ирээгүй. Мөн нэхэмжлэгчийн ажилладаг байсан нэгжийн ажлын үр дүнгийн хурлаар нэгжийн удирдлагаас тухайн этгээд ажилдаа ирдэггүй бөгөөд огт ажиллаагүй гэж тайлбарласан нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Уг хурлын тэмдэглэлийг мөн нотлох баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдалд хамаарсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тодорхой заасан байдаг.
Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажилтан сард 40 цагаас дээшгүй цагаар ажил тасалсан тохиолдолд үүнийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай зохицуулалт тусгагдсан. Гэтэл нэхэмжлэгч 2-3 сарын хугацаанд огт ажилдаа ирээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан удаа дараа ноцтой зөрчил гаргаснаас гадна зөрчлийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давуулан гаргасан нь нотлогддог.
Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тодорхой байдлаар нэрлэн заагаагүй гэж тайлбарладаг. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр зөвлөмжид ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааврын зарим заалтыг зөрчвөл ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд заасныг адилтган үзнэ гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зөрчөөгүй юм гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/984 тоот тушаалын 1 дэх заалтаар Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын албаны аудитор *******ийн *******э нь цаг бүртгэлийн төхөөрөмжид цагаа бүртгүүлсэн ч ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй, хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэсэн заалтуудыг удаа дараа зөрчсөн тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.2, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, *******-ийн дүрмийн 9.5.5, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.5, 9.1.9 (б), Хөдөлмөрийн гэрээний 4.5.6 дахь заалтыг тус тус үндэслэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 6/
4. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 32 тоот хурлын тэмдэглэлээр ...2 тал харилцан тохиролцоогүй, маргаанаа шийдвэрлүүлээгүй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх зохицуулалтад хамаарна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч *******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.
5.1. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй.
Талууд ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаас гадна уг зөрчлийг тогтоосон байх учиртай.
5.2. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.6-д Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын бусад зөрчил гаргасан гэж, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.9.(б)-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гурав болон түүнээс олон өдрийн хугацаагаар ажил тасалсан эсхүл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цаг ажлын таван өдөр буюу 40 цагтай тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох бөгөөд сахилгын ноцтой зөрчил гаргасан ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж, ажлаас чөлөөлөх-өөр тус тус заажээ. /хх 8-11, 75-94, 89-90/
Хэрэгт авагдсан *******-ийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 09, 10 дугаар саруудын ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолт болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 09, 10 дугаар саруудын ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлд ...аудитор ******* нь тодорхойгүй шалтгаанаар хуралд оролцоогүй ба аудитор ******* идэвхи санаачилга, хийсэн ажил болон цаг ашиглалт хангалтгүй. Өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тул үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж дурдсан.
Мөн, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 3 дугаар улирлын урамшуулал олгох үнэлгээ нэгтгэлд ...аудитор *******д ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл байхгүй тул удирдлагын шийдвэрээр урамшлуулал олгохгүй гэж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны 2024 оны 4 дүгээр улирлын урамшуулал олгох үнэлгээний нэгтгэлд ...ажлын цаг ашиглалт, гүйцэтгэл байхгүй тул удирдлагын шийдвэрээр урамшлуулал олгохгүй, ажилд ирэхгүй байгаа гэж тус тус дүгнэгджээ. /хх 108-133/
Анхан шатны шүүх дээрх Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажлын үр дүнгийн нэмэгдэл олгох тодорхойлолт болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцсэн хурлын тэмдэглэлээр *******ийг *******-ийн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмуудыг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолтын дагуу чиг үүргийг гүйцэтгэх ба өөрийн шууд харьяалагдах нэгжийн хуралд суугаагүй нь ажил тасалсантай адилтан үзэх тул Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.9.(б)-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх гомдол үндэслэлгүй.
5.3. Дээрх зөрчлүүдийг гаргасан талаар *******-ийн Захиргаа удирдлагын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудаст *******д ажлын цагийг ажил үүргээ гүйцэтгэхэд зориулж, хариуцлагатай байхыг сануулж, хэрэв тус зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болохыг мэдэгдэж, түүнд мэдэгдэх хуудсыг танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан байна. /хх-107/ Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т заасан ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх *******-ийн хүний нөөцийн мэргэжилтэн *******гийн албаны ******* хаягнаас ******* хаяг руу дээрх мэдэгдлийг илгээсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...уг мэдэгдлийг гардуулсан гэдэг нь үндэслэлгүй гэсэн гомдол үндэслэлгүй. /хх 170-171, 175-192/
5.4. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 10 сард 80 цаг, 11 сард 96 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, Хөдөлмөрийн гэрээний 4.5.6-г журамлан Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.9.(б)-д тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь *******-ийн Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажилтнуудын 2024 оны 06, 07, 08, 09, 10, 11 дүгээр сарын ажилласан цагийн нэгдсэн бүртгэл /хх 161-162/-ээр тогтоогдсон байх тул ажил олгогч *******-аас ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зохицуулалтад нийцжээ. Энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч ******* гэж дурдсан техникийн шинжтэй алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаанд хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шаардах эрхийн зохицуулалтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/09180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Д.ХУЛАН