| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0775/э |
| Дугаар | 914 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 914
2019 10 25 2019/ШЦТ/914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
улсын яллагч: С.Эрдэнэтуяа;
нарийн бичгийн дарга: Б.Аззаяа;
шүүгдэгч: Э.Ганзориг, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Энхтөрийн Ганзоригт холбогдох 1909033800951 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 2 дугаар гудамжны 1529 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 14-04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЦД84071973 регистерийн дугаартай,
Боржигон овогт Энхтөрийн Ганзориг.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Ганзориг нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёл” караокед 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хохирогч Н.Мөнхчуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар “Сэнгүр” нэртэй пивоны шилээр хохирогчийн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул одоо нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирогчид нийт 5 200 000 төгрөг төлсөн.Хохирогчид цаашид гарах зардлыг төлөх болно гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-38/, хохирогч Н.Мөнхчулууны мэдүүлэг /хх-ийн 42-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10939, 5065, 4604 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 48, 53, 58-61/, гэрч Ц.Үржинбадам /хх-ийн 68-69/, Х.Амгалан /хх-ийн 70-71/, А.Мөнхбаяр /хх-ийн 76-79/, Ө.Мягмардорж /хх-ийн 80-83/, М.Давааням /хх-ийн 84-87/, Б.Отгонбаяр /хх-ийн 88-91/, Э.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 92-94/ нарын мэдүүлэг, Э.Ганзоригийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 115-117/, Э.Ганзоригийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 118-129, 147-175/, хохирогч Н.Мөнхчулууны хүсэлт /хх-ийн 145/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ганзориг нь 2019 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Соёл” нэртэй караокед Н.Мөнхчуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойд “Сэнгүр” нэртэй пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Н.Мөнхчулууны /хх-ийн 42-45/: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэлээн орой болж байхад найз Мөнх-Эрдэнэ, Саруулсүх нартай “Соёл” караокед орж архи уусан. Би караокед яг хэдэн цагт орсноо одоо санахгүй байна. Би караокед байхдаа уусан архиндaa нэлээд согтсон. Караоке дотор ямар асуудал болсон талаар сайн санахгүй байна. Би архи ууж эхэлж байсан үеэ санаж байгаа бөгөөд дараа нь би түргэн тусламжийн машин дотор явж байснаа л санаж байгаа. Ямар шалтгааны улмаас гэмтсэн талаараа би сайн мэдэхгүй байна. ...Намайг гэмтлийн эмнэлгээс гараад “Мангут” гэх модны 2-т байх хувийн эмнэлэгт хэвтэж байхад буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ганзориг надтай ирж уулзсан. ...Ганзориг миний биеийн байдлыг асууж ирж уулзсан. “Хэрэгтэй юм юу байна, тусламж дэмжлэг авах йл байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “эмнэлгээс гарч байгаад болъё” гэж хэлээд явуулсан. ...Надад эмчилгээний зардал мөнгө гаргаад өгвөл надад гомдол санал байхгүй. Залуу хүмүүс нэгнийхээ мууг үзээд яахав гэж бодож байгаа. Цаашдаа хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарахыг мэдэхгүй байгаа...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Үржинбадамын /хх-ийн 68-69/: “... Мөнхчулуун гэх хүн сандал дээр Мөнх-Эрдэнэ гэх хүн газар шалан дээр завилаад суусан байсан. Нөгөө өрөөнөөс гарч ирсэн ах тэр хоёрын голоор гарах үед Мөнхчулуун ах тухайн хүнтэй маргалдаж тэр хүний нүүрэн тус газар нь цохих шиг болсон. Гэтэл нөгөө цохиулсан ах уурлаад ширээн дээр байсан пивоны шилийг аваад Мөнхчулуун ахын толгойн тус газар нь шидсэн. Тэгээд бид нар тэр хоёрыг салгахад Мөнхчулуун гэх ахын толгойноос цус гарч байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Мөнхбаярын /хх-ийн 78-79/: “... Миний төрсөн өдөр 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болсон. ...Тэгээд Ганзориг, Пүрэвсүрэн, Мягмардорж бид 4 “Соёл” төвийн караоке руу орцгоосон. Тэр караокедоо юм ярьж, нэг шил архи хувааж уугаад Пүрэвсүрэнг гараад явсны дараа Ганзориг, Мягмардорж бид гурав караоке хааж байхаар нь тооцоогоо хийхээр текэн дээр очсон. Тэр үед Ганзориг газарт суусан байсан залуугийн урдуур буюу хоёр хүний голоор гарахад тэнд сууж байсан хоёр залуугийн нэг нь шууд босож ирээд Ганзоригийг гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Энэ үед тэнд байсан хүмүүс Ганзориг, нөгөө Ганзоригийг цохисон залуу хоёрыг холдуулсан. Ганзориг тэр залуу дээр очих гэхээр хүмүүс хориглоод байсан болохоор Ганзориг ширээн дээр байсан пивоны шилийг аваад өөрийг нь цохисон гэх залуу руу шидчихсэн. Ганзоригийн шидсэн шил тэр залуугийн хөмсөгнийх нь хавьцаа оночихсон. Пүрэвсүрэн гараад явчихсан байсан болохоор хараагүй, мэдээгүй. Харин Мягмардорж харсан байх. Хажууд зөөгч, зохион байгуулагч нар нь байсан болохоор харсан байх...” гэх мэдүүлгээр,
гэрч Х.Амгалангийн /хх-ийн 70-71/: “... Надтай хамт сууж байсан Мөнхчулуун гэх ах нэг танихгүй залуутай хэрэлдээд богсоод байхаар нь би очиж салгаад Мөнхчулуун ахыг ширээнд нь суулгасан. Дахиад дуу дуулаад байж байтал Мөнхчулуун ах дахиад нөгөө залуутай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би очилгүй дуугаа дуулаад байж байтал хүмүүс бужигнаад караэкеноос гараад байхаар нь гайхаад гартал Оогий эгч чи тэр гурван залууг цагдаа иртэл байлгаж бай Мөнхчулуун ахын чинь толгойг шилээр хагалчихлаа гэсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Ө.Мягмардоржийн /хх-ийн 80-83/: “... Пүрэвсүрэнг гараад явсны дараа Ганзориг, Мөнхбаяр бид гурав ууж идсэн зүйлийнхээ тооцоог хийхээр текэн дээр очсон. Энэ үед хохирогч залуу босч ирээд Ганзоригийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би xoxирогч залуу, Ганзориг хоёрын дундуур нь ороод “больцгоо” гэж хэлээд байж байтал Ганзориг гэнэт пивоны шилийг хохирогч залууруу шидчихсэн. Ингээд Ганзоригийн шидсэн шил нь хохирогч залууг оносон байсан. Тэнд байсан хүмүүс бужигналдаад гараад явцгаасан. Би тухайн үед бараг эрүүл байсан...” гэх мэдүүлгээр,
Э.Ганзоригийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 95-101, 115-117/: “... Пүрэвсүрэнг гараад явсны дараа Мягмардорж, Мөнхбаяр бид гурав тооцоогоо хийгээд караокеноос гарахаар текэн дээр очсон. Би хохирогчийн сууж байсан сандалны урдуур гарахад хохирогчтой хамт явж байсан хүн нь газарт суух байсан. Би тэр хоёр хүний дундуур нь гартал хохирогч босож ирээд надад хандаж “хүний урдуур гардаг чи хэн бэ, муу гөлөг минь” гэж хэлсэн. Тэгж хэлээд намайг цохисон. Хажууд байсан хүмүүс бид хоёрыг холдуулсан. Хохирогч дараа нь над руу үглээд, юм яриад байхаар нь би ширээн дээр байсан пивоны шилийг аваад хохирогч руу шидчихсэн юм. Би пивоны шил шидэхдээ санаатайгаар гэмтэл учруулъя гэж бодож шидээгүй. Би хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би хохирогчийн эрүүл мэндэд хохирол, гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
Н.Мөнхчулууны биед “дух ясны цөмөрсөн ил хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, судалт бие (corpus gallosum)-ийн цус хуралт, духанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт” бүхий мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 10939 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 48/, мөн хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5065, 4604 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 53, 58-61/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийг Э.Ганзориг пивоны шилээр цохисон болохыг гэрч нар зааж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг пивоны шилээр цохисон болохоо өөрөө хүлээн мэдүүлж, гэрч нарын мэдүүлгийг баталж болсон үйл явдлыг тэдэнтэй адил мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийг пивоны шилээр зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Э.Ганзоригийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Э.Ганзоригийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Н.Мөнхчулууны “... Э.Газоригоос эмчилгээний бодит зардалд нийт 5.200.000 төгрөгийг авсан. Одоо гомдол, саналгүй...” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан байх тул шүүгдэгчээс нэмж гаргуулах зардалгүй гэж шүүх дүгнэв.
Харин хохирог нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Ганзоригийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Мөн шүүх Э.Ганзоригийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсныг эдлэх ялаас нь хасч, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, (15.000*21=315.000 төгрөг), 10.000.000-315.000=9.685.000 төгрөгөөр тогтоосугай.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан CD 7 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг “Сэнгүр” пивоны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтөрийн Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзоригт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзориг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ганзориг 21 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 315.000 төгрөгийг эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх торгох ялыг 9.685.000 төгрөгөөр тогтоосугай.
6. Шүүгдэгч Э.Ганзориг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Хохирогч Н.Мөнхчулуун нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг “Сэнгүр” нэртэй пивоны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ