Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00306

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч *******, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08233 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Хулангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 22 жил амьдарч байна. ******* өөрийн гэсэн газаргүй байж байгаад 2022 оны 02 дугаар 23-ны өдрийн тушаалаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд газар эзэмших гэрчилгээ гарсан. Газрын гэрчилгээ гарсан учир газраа эзэмших, ашиглах гэхэд******* нь өөрийн газраа зарсан, буух газар байхгүй гээд манай газрыг чөлөөлж өгөхгүй байсан. Иймд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах газрыг хариуцагч*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2010 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гэр бүл болох нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдарч ирсэн. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар зохион байгуулалтын албанд хүсэлт өгсөн. Гэтэл оршин суугаа иргэдийн бичиг баримт үнэн зөв гарсан боловч ******* гэх хүний нэрээр гарсан байсныг газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргаж цуцалсан. Гэвч ******* гэх хүнээс их хэмжээний мөнгө авч газар зарна гээд том оврын ачааны машин авчирч, мөн цагдаагаар айлгаж сүрдүүлж хашаанд орж ирсэн. Надад зарсан газар байхгүй амьдарч байсан энэ л газар байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв газрыг хариуцагч*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газар дээр бүхэлд нь баригдсан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч*******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Миний бие 2010 оны 02 дугаар сарын 22-нд Завхан аймгийн *******сумаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд нүүж ирээд уг газартаа амьдарч байгаад 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус хороон Засаг даргаар уламжлуулан Газар зохион байгуулалтын албанд өргөдөл өгсөн. Өргөдөл гаргасан иргэдийн нэрсийн жагсаалт болон утасны дугаарыг кадастрын зургийн хамт архиваас хавсаргаж өгсөн болно.

Анхан шатны шүүх хариуцагч******* нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргаар уламжлан газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийг Засаг дарга гэж /нэр нь сайн мэдэгдэхгүй/ хүн гарын үсэг зурж, ...туул ******* тоот хаяг олгов... гэж бичиж Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга гэсэн тамга дарсан байна. Нэр нь мэдэгдэхгүй хүн нь тус хорооны Засаг дарга байсан ******* мөн болно. ******* нь миний өгсөн газрын өргөдөл, хүсэлтийг устгуулж, өөртөө болон охиндоо газрыг гаргуулсан байна гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Газрын эзэмших эрх юунаас үүсэх вэ гэдэг асуудал маргааны гол агуулга болж байна. ******* маргаан бүхий газарт амьдарч байсан бөгөөд зохих журмын дагуу газар эзэмших хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар 699 м.кв газрыг эзэмшин, ашиглаж ирсэн бөгөөд тухайн газар нь А805 дугаартай захирамж, газар эзэмших гэрчилгээ, бичиг баримтаар баталгаажсан. Харин хариуцагчийн гаргаж буй тайлбарын хууль зүйн үндэслэл нь тодорхой бус байна. Хариуцагч тухайн хаяг дээр амьдарч байсан гэх тайлбарыг өгдөг боловч айлын хашаанд байрлаж байсан эсэх, газар эзэмших хүсэлтийг хэзээ, хэрхэн гаргасан нь тодорхойгүй. Тухайн хорооны Засаг даргаас оршин суугаа тухай тодорхойлолт авсныг газар эзэмших, өмчлөх эрх үүссэн гэж эндүүрч ойлгосон байж болзошгүй. Түүнчлэн*******ын хашаалсан газрын хэмжээ нь 5,006 м.кв бөгөөд уг газар нь бусад хэд хэдэн этгээдийн эзэмшлийн газартай давхцаж байгаа. Яг аль иргэний, ямар газрыг эзэмшиж байгаа нь тодорхой бус бөгөөд дүүргийн Засаг дарга болон газрын албанд хууль ёсны дагуу газар эзэмших хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй. Харин ******* нь тухайн газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмших эрхтэй болж, холбогдох гэрчилгээ, бичиг баримтыг бүрдүүлж өөрийн өмчлөлдөө авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоогджээ. Үүнд:

3.1. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээгээр уг газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/800 дугаартай захирамжаар *******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 0000165149 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, нэхэмжлэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №*******дугаартай газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан. /хх-6-7, 36-37, 38-39/

3.2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/2751 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №2025/26 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ...*******ын амьдарч буй эзэмшлийн 5,006.6 м.кв газар дээр нэг хашаа баригдсан бөгөөд иргэн *******гийн нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв газар нь тус хашаанд бүхэлдээ давхцаж байнаиргэн******* /*******-ын регистрийн дугаараар Газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийж үзэхэд бүртгэлтэй газар байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан.

3.3. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14/1846 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч *******д ...Таны ирүүлсэн газар чөлөөлүүлэх хүсэлттэй танилцлаа... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/800 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Иргэн та Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл байдлыг биелүүлж, өөрийн эзэмшиж буй газраа үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үүрэгтэй, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх эрхтэй. Таны гаргасан хүсэлтийн дагуу газар чөлөөлөх боломжгүй гэсэн хариу өгчээ. /хх-5/

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, ******* дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв газрыг хариуцагч*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, уг газар дээр бүхэлд нь баригдсан хашааг албадан буулгаж, газар чөлөөлөхийг хариуцагч*******д даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

4.1. Нэхэмжлэгч *******гийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 699 м.кв гэр, орон сууцны зориулалттай хашааны газрын эзэмших эрх хүчинтэй байгаа, мөн хариуцагч*******ын амьдарч буй эзэмшлийн 5,006.6 м.кв талбайтай газар улсын бүртгэлд бүртгэлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, нэхэмжлэгчийн газартай давхцалтай болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул*******ын эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

4.2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ.

 

Хариуцагч нь******* нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны засаг даргаар уламжлан Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан гэж тайлбарлаж, хорооны засаг даргын өргөдөлд цохолт хийсэн баримтыг /хх-19/ гаргаж өгсөн боловч уг маргаан бүхий газрыг эзэмших эрхийг нотолсон баримт гэж үзэхгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар авсан, харин хариуцагчид дээрх хуульд заасан журмаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байх тул эзэмшлийг эрх бүхий байгууллагад гаргасан өргөдлөөр хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.3. Хариуцагч нь маргаан бүхий газарт олон жил амьдарч байгаа талаар иргэн *******, *******, ******* нараар тайлбар бичүүлж шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч эдгээр иргэдийн тайлбар нь хариуцагч*******ыг тухайн маргаан бүхий газарт амьдарч байсныг нотлох болохоос бус газар эзэмших эрхийг нотлохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтэй үндэслэлтэй байна.

 

4.4.******* нь нэхэмжлэлийн татгалзал, түүний үндэслэл буюу маргаан бүхий газрын эзэмшлийг хууль ёсны гэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл боловч хэрэгт цугларсан бусад бичгийн баримтаар тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

Үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрх бүртгэлээр тодорхойлогдох тул амьдарсан хугацааг үндэслэн уг газрыг шударгаар эзэмших эрхтэй гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулна.

 

5.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн шаардах эрхийн зохицуулалт нь газрын эзэмших эрхтэй холбоотой харилцаанд хэрэглэхгүй. Харин, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан эзэмшигчийн шаардах эрхийн зохицуулалтыг баримтална.

5.2. Нэхэмжлэлийн шаардлага нь газар эзэмших эрхээ эдлэхэд саад болж байгаа нөхцөл байдлыг талаар бус хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх агуулгатай байхад шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасна.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/08233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 гэснийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД *******

 

 

Д.ХУЛАН