| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0605/э |
| Дугаар | 937 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 937
2019 11 01 2019/ШЦТ/937
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,
улсын яллагч: Ж.Энх-Амгалан,
шүүгдэгч: Г.Баттулга (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дарь овогт Ганбаатарын Баттулгад холбогдох эрүүгийн 1909038861175 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, харилцаа холбооны менежер ажилтай, “Моннис мотор” ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил гудамжны 21 дүгээр байр 12 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, УШ89061214 регистерийн дугаартай,
Дарь овогт Ганбаатарын Баттулга.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Баттулга нь 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Голомт капитал” төвийн гадна Б.Батбилэгийг таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баттулга мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Батбилэгийн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Д.Чойжамц /хх-ийн 16/, Г.Жавхлан /хх-ийн 17/, Ж.Буянбат /хх-ийн 19-20/ нарын мэдүүлэг, Г.Баттулгын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 18, 25-26/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12440 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/, Г.Баттулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-39/, Г.Батбилэгийн хүсэлт /хх-ийн 43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баттулга нь 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Голомт капитал” төвийн гадна Б.Батбилэгийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Батбилэгийн /хх-ийн 14-15/: “... 2019 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хамт ажилладаг Баттулга, Жавхлан, Чойжамц нарын хамт ... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Голомт капитал” барилгын 1 давхарт байдаг лоунжид суусан. Би тухайн үед нилээн их согтсон байсан болохоор болсон үйл явдлын талаар санахгүй байна. Би биедээ гэмтэл авсан байдалтай Гэмтлийн эмнэлэгт гэр бүлийн хамт очсон. Намайг эмнэлэгт байхад надтай хамт ажилладаг Баттулга надаас уучлалт гуйж надтай маргалдаж зодолдсон талаар ярьсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Жавхлангийн /хх-ийн 17/: “... Миний санаж байгаагаар Батбилэгийг Баттулга цохиж унагаасан. Би тэр үед нь Буяаг салгах гээд дундуур нь гүйж орсон...” гэх мэдүүлгээр,
гэрч Ж.Буянбатын /хх-ийн 19/: “... Батбилэг Баттулгыг үүрч газар унагаагаад хоорондоо ноцолдоод зодоон болсон. Эхлээд бол Батбилэг Баттулгыг газар унагааж цохиод, дараа нь зууралдаж байгаад өөрөө газарт унаад хоорондоо зодолдсон. Жавхлан бид хоёр гүйж очоод би Баттулгыг татаад, Жавхлан Батбилэгийг татаад салгасан боловч тэр хоёрыг дийлэхгүй байсан...” гэх мэдүүлгээр,
Г.Баттулгын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 25-26/: “... Батбилэг эхлээд намайг цохихоор нь би зөрүүлээд Батбилэгийг цохисон. ... Тухайн үед надаас өөр хүн Батбилэгийг цохиж зодоогүй” гэх мэдүүлгээр,
Б.Батбилэгийн биед “аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, тархи доргилт, дух, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхи, шанаа, хамар, дух, бүсэлхий, бугуйнд зулгаралт, зүүн зовхи, шуу, баруун сарвуунд цус хуралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12440 дугаартай дүгнэлт /хх-ийн 11/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Г.Баттулгын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Г.Баттулга нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Батбилэгийн “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт санал хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Баттулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулга нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дарь овогт Ганбаатарын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулга торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Г.Баттулга нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ