Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2016/00800

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б- -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Б яам”-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б-, хариуцагчийн төлөөлөгч О.Батсайхан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 01 сарын 09-ний өдөр Б яаманд хөдөлмөрийн гэрээ байгуулж жолоочоор ажилд орсон. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2016 оны 06 сарын 02-ноос өвдөж 2016 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтсэн. Өвчтэй байх хугацаандаа хүний нөөцийн ажилтанд мэдэгдэж байсан. Гэтэл 2016 оны 06 сарын 14-ний өдөр Б яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн Б/127 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байсан. Төрийн захиргааны газрын дарга Чаминцэцэг элдвээр хавчиж үндэсгүй халсан гэж үздэг. Сонгинохайрхан дүүргийн “Анагаах увидас” хувийн эмнэлэгт хэвтсэн боловч хувийн эмнэлэг болохоор нь акт аваагүй. Гэхдээ Баянгол дүүргийн Өрхийн эмнэлгээс эмнэлгийн хуудас авсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй  байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б яам”-ны төлөөлөгч О.Батсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б- нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/127 дугаар тушаалд Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 ажил олгогч санаачилсан, гэсэн хууль зүйн үндэслэлүүдийг заасан хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилчид гэрээгээ зөрчсөн, үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн, итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан үед гэрээг цуцалж чөлөөлдөг. Т.Б- нь яамны хүний нөөцийн ажилтанд 2016 оны 06 сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл “Эмнэлэгийн магадлаа”-г өгч, өвчтэй байгаа тухайгаа мэдэгдэж байсан. Харин Баясгалан нь 2016 оны 06 сарын 14-ний өдрийг хүртэлх өвчтэй байсан тухайгаа нотолсон эмнэлгийн акт өгөөгүй ба удаа дараа ажлын байрандаа ирж уулзахыг шаардсан боловч хүрэлцэн ирээгүй тул ажлаас халсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Нэхэмжлэгч Т.Б- хариуцагч “Б яам”-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,607,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

 Хариуцагчийн төлөөлөгч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Б- хариуцагч “Б яам”-нд 2015 оны 01 сарын 09-ний өдрийн Б/47 дугаартай тушаалаар жолоочийн ажилд томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж /хх-ийн 39 талд/ байжээ.

 

Ажилтан Т.Б- нь яамны хүний нөөцийн ажилтанд 2016 оны 06 сарын 02-ны өдрөөс 2016 оны 06 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны  “Эмнэлгийн хуудас”-ыг өгч, 2016 оны 06 сарын 05-ны өдрөөс 2016 оны 06 сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны “Эмнэлгийн хуудас” болон  актыг  өгөөгүй болох  нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажилтан Т.Б- Сонгинохайрхан дүүргийн “Анагаах увидас” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч хувийн эмнэлэг болохоор нь акт аваагүй гэсэн тайлбар гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь  Сонгинохайрхан дүүргийн “Анагаах увидас” хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болохоо нотлох баримтыг ирүүлээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Ажил олгогч “Б яам”-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 06 сарын 14-ний өдрийн Б/127 дугаар тушаалаар 2016 оны 06 сарын 13-ны өдрөөс эхлэн жолооч  Т.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “Ажилтан ажил таслаж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т.Б-гийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,607,376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан “Б яам”-нд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,607,376 төгрөг гаргуулах тухай Т.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ