| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 101/2016/03288/И |
| Дугаар | 561 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 561
2016 оны 08 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2016/00561 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж, Мандал оффист байрлах, “Мандал Женерал Даатгал” ХХК/РД: 5473489/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 10-46 тоотод оршин суух, Цоохор адуут овогт Ёндоны Цэрэндаваа/РД: ПЭ90052118/-д холбогдох
184 150 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ё.Цэрэндаваа нь 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Мобиком Корпорацитай 20103314 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99151488 дугаар авч ашигласан.
2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 01 дүгээр cap, 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 122,767 төгрөг болсон.
Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжпэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 184,150 төгрөг болсон байна.
Мандал Женерал Даатгал ХХК нь Мобиком Корпораци ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр Мобиком Корпорацийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. Мобиком Корпораци нь Мандал Женерал Даатгал ХХК-иас нөхөн төлбөрт 122,767 төгрөг хүлээн авсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйл. 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн телбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Иймд хариуцагчаас 184 150 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК хариуцагч Ё.Цэрэндаваагаас нийт 184 150/нэг зуун наян дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх хариуцагч Ё.Цэрэндаваад 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй ба шүүх 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагчийн 88220885 дугаарын утсаар 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/21 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбараар тогтоогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.” гэж заасан.
Нэхэмжлэгч нь “Мобиком корпораци” ХХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төлбөр тасалдсаны улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, буруутай этгээдээс нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр төлбөр нэхэмжлэх тухай № 12076 тоот, №7 тоот гэрээ байгуулсан болох нь 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн № 12076 “Даатгалын ерөнхий гэрээ”/хх-15-20/, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №7 “Төлбөр тасалдлын даатгалын хэлцэлийн нэмэлт гэрээ”-ий/хх-21/ хуулбараар нотлогдож байна.
2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 20103314 “Үүрэн холбооны дараа төлбөрт Мобимикс үйлчилгээний хувь хэрэглэгчийн гэрээ” болон “Хувь хэрэглэгчийн гэрээний өргөдлийн магт”-ын/хх-20110314/ хуулбараар хариуцагч нь 99151488 дугаарыг эзэмшдэг болох нь нотлогдож байна.
Харилцаа холбооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Үйлчлэгч, хэрэглэгчийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулна.” гэж заасан.
Хэрэгт баримтаар авагдсан 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 20103314 гэрээний хуулбар, 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн харилцагчийн гүйлгээгээр/хх-5/ хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ярианы төлбөрт “Мобиком корпораци” ХХК-д 122 767/нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн “Мобиком корпораци” ХХК-д төлбөл зохих ярианы төлбөр болох 122 767/нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг нэхэмжлэгч нь “Мобиком корпораци” ХХК-д төлсөн болох нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Шаардах эрх шилжүүлэх тухай” 1/1159 албан бичгээр тогтоогдож байна.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 122 767/нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас алдангийн төлбөрт 61 383/жаран нэгэн мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагчийн “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан “Үүрэн холбооны дараа төлбөрт Мобимикс үйлчилгээний хувь хэрэглэгчийн гэрээ”-д алданги тооцохоор тусгаагүй болох нь тус гэрээний хуулбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь “Мобиком корпораци” ХХК-д алданги төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагчаас алдангийн төлбөрт 61 383/жаран нэгэн мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүх Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Цэрэндаваагаас 122 767/нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгож, үлдсэн 61 383/жаран нэгэн мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлий 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
Тогтоох нь:
1. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Цэрэндаваагаас 122 767/нэг зуун хорин хоёр мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 61 383/жаран нэгэн мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6534 төгрөгөөс 6174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 360 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгож, хариуцагч Ё.Цэрэндаваагаас 4550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ С.ХИШИГБАТ