Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00340

 

*******ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10298 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Хулан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ББСБ ХК нь хариуцагч ******* холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******. төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

1.2 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь *******ББСБ ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээ, *******дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж ******* төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, машин, механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, ******* УБХ улсын дугаартай, *******арлын дугаартай, *******маркийн зүтгүүр, *******арлын дугаартай, *******, *******маркийн холбогч гар, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, *******арлын дугаартай, *******, *******маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, *******арлын дугаартай, *******, *******маркийн тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч *******ын *******ББСБ ХК -тай байгуулсан *******тоот зээлийн нийт өр, төлбөр 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар дараах байдалтай буюу үндсэн зээл ******* төгрөг, төлөх ёстой хүү ******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү*******төгрөг, нотариатын зардал ******* төгрөг, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар ******* төгрөг, нийт *******. төгрөг байна. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг талуудын хооронд байгуулсан фидуцийн гэрээний 2.2.4-т зааснаар зээлдэгч хариуцан төлөх үүрэгтэй. Гэвч тээврийн хэрэгслийн албан татвар болон зам ашигласны төлбөрийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр болон 24-ний өдөр зээлдүүлэгч *******ББСБ ХК-ийн эзэмшлийн, Хаан банкин дахь *******тоот данснаас татварын алба автоматаар татан авсан тул авлагаар бүртгэгдсэн болно. Иймд хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт *******. төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ББСБ ХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* миний бие нь *******ХХК-д хамтран ажиллах гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тус компанийн нэр дээр шилжүүлж өгч Эрдэнэс таван толгойн бүлэг ордоос Цагаан хад, Ханги, Мааньт хүртэлх чиглэлд нүүрс болон УБ, аймаг, налайх хүртэлх чиглэлд утаагүй түлш гэхийг тогтоосон чиглэлээр заасан хугацаандаа тээвэрлэх гэрээтэй ажиллаж байсан. Тухайн үед *******ХХК-д тээвэр хариуцсан менежер гэх ******* манай байгууллагыг хариуцаж тээвэрт явуулдаг байсан. ******* өөрийн зүгээс гуйх хүсэлт байнаа ганц удаа туслаач ах би өөрөө энэ компанид менежерийн албан тушаал эрхэлж байгаа юм чинь өөрөө хувьдаа банк бусаас машин аваад явуулсан нь хамаагүй ашигтай байнаа ах, хотын хаягтай паспорттай хүн гарын үсэг зурах хэрэгтэй байна тус болоод зураад өгөөч би өөрөө асуудалгүй тээврээ зогсоохгүй явуулаад мөнгөө олчихно гэсэн тул би дүүд итгээд гарын үсэг зурсан. *******ХХК-ийн захирал ******* болон *******ББСБ ХК-ийн захирал хоёр хоорондоо сайн танил тул уг зээлийг хоорондоо ярилцсаны үндсэн дээр /сайн судлахгүйгээр/ шуурхай шийдэж өгсөн байна лээ. Уг банк бусын эдийн засагч нь надад тайлбарлаж өгөөгүй шууд л та энэ, энэ, энэ заасан газар гарын үсаг зураад боллоо л гэсэн ийм л юм болсон. Тиймээс өөрсдөө хоорондоо учраа олж тэр байгаа том машин тэрэгний банк бус өөрийн нэр дээр шилжүүлэн авах биз гэсэн байр суурьтай байна. ******* нь миний утсыг авахгүй байсан боловч, өнөөдөр над руу өөрөө *******гэсэн утаснаас холбогдоод ...би өөрөө банк бустай учраа олно, танд хамаагүй шүү гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ББСБ ХК нь хариуцагч ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ******* төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ББСБ ХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд *******, *******, *******ББСБ ХК гэх гурван этгээдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлийг ******* авсан гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар зээл олгосон талаарх нотлох баримтыг *******ББСБ ХК гаргаж өгөөгүй, зөвхөн дотоод хуулга, хүснэгт хэлбэрийн баримт гаргаж өгсөн. Анх нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нарт холбогдуулан гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр түүнээс татгалзсан атлаа нэхэмжлэлийн аль хэсгээс, ямар хэмжээгээр татгалзаж буйгаа тодорхой дурдаагүй. Өөрөөр хэлбэл, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэн 50, 50 хувиар шаардлага гаргасан атлаа *******оос татгалзахдаа үлдсэн шаардлагын хэмжээг тодруулаагүй. Уг нөхцөл байдлыг анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тодруулаагүй, мөн ******* холбогдох шаардлагын 50 хувиас татгалзсан эсэхийг анхаарч үзээгүй нь ноцтой процессын алдаа болсон. Түүнчлэн ******* хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, зээлийг аваагүй гэж мэдэгдсэн. Нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч зээл олгосон талаарх баримтаа гаргаж өгөх ёстой байсан боловч гаргаж өгөөгүй. ******* болон *******ББСБ ХК-ийн хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан. Уг фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, зээлийн гэрээний үүрэг зөрчигдвөл дуусгавар болно гэж талууд тохиролцсон. Фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 ширхэг тээврийн хэрэгслийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл нэхэмжлэгч уг шаардлагаа хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй. Мөн фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа зөрүү гарвал хэн хариуцахыг талууд фидуцийн гэрээнд тусгагдсан. Гэтэл зээлийн гэрээний үүргийг *******ын хаяг тодорхой гэх шалтгаанаар түүнээс шаардсан нь үндэслэлгүй. Өнөөдрийн байдлаар дээрх 3 хөрөнгө *******ББСБ ХК-ийн өмчлөлд байгаа. Иймээс тус байгууллага *******ийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах, эсхүл зөрүү гарсан тохиолдолд зөрүүг *******оос шаардах эрхтэй. Гэтэл гэрээний хууль зүйн үндэслэл, шаардах эрхийн үндсийг тогтоолгүйгээр зөвхөн *******ын хаяг тодорхой гэх шалтгаанаар түүнээс шаардсан нь үндэслэлгүй. Зээлийн гэрээний дагуу *******аас шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй, мөн зээлийн гэрээ дуусгавар болж, фидуцийн гэрээний дагуу шаардах эрх *******ББСБ ХК-д шилжсэн нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбараа гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, *******ББСБ ХК зээлийг түргэн шуурхай шийдвэрлэсэн, мөн барьцаа хөрөнгө байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэх агуулгатай хариу тайлбар гаргасан. Харин зээлийг аваагүй, зээлийн олголт хийгдээгүй гэх асуудлаар маргасан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн дансны хуулганаас үзэхэд хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу эхний 7, 8 сарын хугацаанд зээлийн төлөлт хийж байсан нь тогтоогддог тул зээл авсан эсэх, зээл олгосон эсэхтэй холбоотой маргаан байхгүй гэж дүгнэх боломжтой. Анхан шатны шүүх ******* болон ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж тодорхойлсон. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар *******ББСБ ХК нь *******, ******* нартай зээлийн гэрээ байгуулж, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэлбэрээр зээлийн харилцаанд оролцсон. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7.3-д хамтран зээлдэгч нь энэхүү гэрээний харилцаанд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг, хариуцлага хүлээнэ. Зээлдүүлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хангуулахаар хамтран зээлдэгчээс шаардсан тохиолдолд хамтран зээлдэгч гэрээний үүргийг бүхэлд нь хангах үүрэг хүлээнэ гэж талууд харилцан тохиролцсон. *******оос татгалзах үед уг асуудлыг тайлбарлаж дурдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр болон тэмдэглэлд тусгагдсан. Мөн нэхэмжлэгч тал фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бус, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна. Иргэний хуульд заасны дагуу фидуцийн зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн боловч бодит эзэмшил, ашиглалтад нь байхгүй бөгөөд одоо хаана байгаа нь тодорхойгүй тул фидуцийн зүйлээс татгалзан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Иймд анхан шатны шүүх шийдвэр үндэслэлтэй гарсан тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******ББСБ ХК нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ******* төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...*******ой байгуулсан фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг ******* төгрөгийг хамтран зээлдэгч *******аас гаргуулна гэж тайлбарлаж, хариуцагч ******* холбогдох нэхэмжлэлээс татгалзсан.

 

2.2. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлэн аваагүй, гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулахаар *******ой харилцан тохиролцсон гэрээтэй гэж маргасан байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, *******ББСБ ХК болон *******, ******* нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр *******ББСБ ХК болон ******* нарын хооронд *******дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг байгуулжээ.

 

3.2. Гэтэл, нэхэмжлэгч нь хариуцагч *******ой байгуулсан фидуцийн гэрээнээс татгалзсан гэх боловч гэрээний нөгөө тал болох ******* мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгчээс гэрээнээс татгалзах талаар хүлээн зөвшөөрсөн талаарх баримтгүй, уг гэрээний зүйл хэний эзэмшилд бодитойгоор байгаа нь тодорхойгүй байх ба энэ талаар шүүх тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

4. Мөн, нэхэмжлэгч *******ББСБ ХК-аас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн *******ын *******ББСБ ХК-д гаргасан зээлийн хүсэлт болон түүнд хавсаргасан баримтууд 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, ******* УБХ улсын дугаартай, *******арлын дугаартай, *******маркийн зүтгүүр, *******арлын дугаартай, *******, *******маркийн холбогч гар, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, *******арлын дугаартай, *******, *******маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, *******арлын дугаартай, *******, *******маркийн тавцант чиргүүлүүдийн техникийн тодорхойлолт гэх баримтууд нь хуулбар хувиар хэрэгт авагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан бичмэл нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангахгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг шүүх анхаараагүй байна.

 

5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

  ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

Д.ХУЛАН