Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00330

 

Л.М-, С.М-, Л.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02210 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02309 дугаар магадлалтай,

Л.М-, С.М-, Л.М- нарын нэхэмжлэлтэй,

Д Э Э-ХХК, Б.О- нарт холбогдох,

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагч нарт даалгах иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-ы гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.М-, түүний өмгөөлөгч Ш.Э-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э-, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Иргэн Л.М-, С.М-, Л.М-, Б.О- нар 2000 онд хамтран техникийн нөхцөлийн дагуу зардлаа тэнцүү хуваан Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулаг зусланд цахилгааны дэд станцыг байгуулсан бөгөөд 2003, 2005 онуудад цахилгаан хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр дэд станцыг өргөтгөж, зардлаа тэнцүү гаргасан. 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Б.О- нь бидний дундын өмчлөлийн цахилгааны дэд станц нь цахилгааны хэрэглээг хангахгүй байна гэсэн шалтгаанаар Л.М-, С.М-, Л.М- нарын хэдэн айлын цахилгааныг тасалсан. Энэ тухай Яргайт дахь цахилгаан түгээх төвд хандахад Б.О- нь анх цахилгаан техникийн зөвшөөрөл хүсэхдээ өөрийн нэр дээр зөвшөөрөл авсан. Иргэн Б.О- нь хамтын хөрөнгөөр барьсан цахилгааны дэд станцыг бидний зөвшөөрөлгүйгээр цахилгааны техникийн зөвшөөрлийг өөрийн нэр дээр баталгаажуулж авсныг мэдсэн. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй.

Иймд Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станцны хамтран өмчлөгчөөр иргэн Л.М-, С.М-, Л.М- нарыг тогтоож, цахилгааны дэд станцаас нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар нь манай эзэмшилд байсан газарт зөвшөөрөл авч байшин барьсан ба цахилгааны хэрэглээгээ манай дэд станцаас авч, хангаж байсан. Явцын дунд хөрөнгө оруулалт хийж, дэд станцаа өөрчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэн хэрэгцээндээ тохируулж трансформаторыг сольсон. Нэхэмжлэгч нар нь 2000 онд трансформаторт хөрөнгө оруулалт хийсэн, хамтран нэхэмжлэгч болох гээд байгаагаа нотолж чадаагүй бөгөөд хэсгээр өмчлөх өмч хамтран байгуулсан гэдэг нь тогтоогдоогүй. Энэхүү дэд станцыг Б.О- нь өөрийн хөрөнгөөр барьсан, түүний хувийн өмчлөлийн зүйл. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Иймд өөрийн хувийн эд зүйлээ хэрхэн ашиглах нь түүний эрх юм. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02210 дугаар шийдвэрээр Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-, Д Э Э-/DHL/ ХХК-д холбогдуулах Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Л.М-, С.М-, Л.М- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.О-, Д Э Э-ХХК нарт нэхэмжлэгч Л.М-, С.М-, Л.М- нарын цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-, Д Э Э-/DHL/ ХХК-иас 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж Л.М-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02309 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02210 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 гэснийг Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч Б.О-, “Ди Эйч Эл" ХХК-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүхий цахилгаан эрчим хүчээр хангагч гэж, нэхэмжлэгч Л.М- нарыг хэрэглэгч гэж үзсэн байна. Гэвч хариуцагч нар нь цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл бүхий субъект биш. Харин ч тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий субъектын олгосон техникийн нөхцлийн дагуу цахилгаан эрчим хүчээр хангагдаж байгаа хэрэглэгч юм. Гэтэл шүүх хариуцагчийг цахилгаан эрчим хүчээр хангагч хэмээн буруу тодорхойсны улмаас Эрчим хүчний тухай хуулийн хэрэглэх ёсгүй хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Дээрх хуулийн заалт нь хангагч болон хэрэглэгчдийн хооронд үүссэн харилцаанд хангагч нь хэрэглэгчийг цахилгаанаар хязгаарлахгүй байхыг үүрэг болгосон заалт. Гэтэл хариуцагч нарыг хангагч хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Маргаан бүхий объект нь хариуцагч нарын өмч болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Б.О- нь өөрийн хувийн өмчийг эзэмшиж, ашиглах явцдаа хэнд ашиглуулах талаар өөрийн үзэмжээр шийдвэрлэх эрхтэй. Иймд шүүх жам ёсны эрх болох өмчлөх эрхэд хөндлөнгөөс оролцож, аливаа үйлдэл хийхгүй байхыг даалгаж буй нь хууль зөрчиж буй хэрэг юм. Иймд Л.М- нь цахилгаанаар хангагдах нөхцлийг шаардах эрх байхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.М-, С.М-, Л.М- нар Д Э Э-ХХК, Б.О- нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, цахилгаан таслахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх цахилгааны дэд станцийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цахилгаан таслахгүй байхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй боловч хоёр шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг засах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Цахилгаан таслахгүй байхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анх Д Э Э-ХХК-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн аманд аялал жуучлалын зориулалтаар 1.5 га газар ашиглуулахаар зөвшөөрснийг үндэслэн Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ ТӨХК 2000 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 0.4 кв-ын 100 кВа чадалтай трансформатор бүхий АТП суурилуулах 21282 тоот техникийн нөхцлийг тус компанид олгожээ.

Уг трансформаторыг Яргайт дэд станци Хандгайт фидерийн төгсгөлийн 2 дахь тулгуураас агаарын шугам татаж тэжээж, хэрэглэгчдэд цахилгааны холболтыг зохих журмын дагуу хийж, цахилгааны тооцоог Чингэлтэй дүүргийн Эрчим хүчний салбартай хийхийг үүрэг болгосон, тухайн трансформатораас нэхэмжлэгч Л.М-, С.М-, Л.М- нар болон хариуцагч холболт хийж цахилгаанаар хангагдаж байсан үйл баримтад зохигч маргаагүй байна.

Уг трансформаторыг өөр илүү хүчин чадал бүхий трансформаториар сольж 2-3  удаа өөрчилснийг зохигч хэн аль нь маргаагүй бөгөөд трансформаторыг анх суурилуулах болон дахин өөрчлөхөд Л.М-, С.М-, Л.М- нар хөрөнгө оруулсан гэж хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоолгох шаардлага гаргасан боловч тэд нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүйгээс энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч Б.О- трансформаторыг шинэчилсний дараа “цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын цахилгааныг тасалж хэрэглээг хязгаарласан үйлдэл гаргасан нь тогтоогджээ. 2015 онд трансформаторыг шинэчлэхэд  техникийн нөхцөл Д Э Э-ХХК-ийн захирал иргэн Б.О-ийн нэр дээр олгогдсон ба  трансформаторыг шинэчлэх зардлыг тэрээр гаргасан боловч хангагч байгууллагаас цахилгаанаар хангагдах хэрэглэгч нарын эрхийг хязгаарлах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар эрчим хүчээр хангагч байгууллага болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж, хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлж байсныг эрх бүхий этгээд тодорхойлсон байх бөгөөд зөвхөн Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэл, нөхцөл бий болсон бол эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх эрхийг эдэлдэг байна.

Б.О- нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахилгааныг дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг этгээд биш, өөрөө хэрэглэгч байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд хэрэглэгчийн эрх болоод үүргийн талаар зохицуулжээ.

Хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар хэрэглэгч нь “түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” үүрэгтэйг заасан байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2015 онд Б.О-ийн нэр дээр 0632/2015 тоот техникийн нөхцөл олгохдоо трансформаторыг шинэчлэхдээ өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох үүрэгтэйг заасан байхад хариуцагч Б.О- нь нэхэмжлэгч Л.М-, С.М-, Л.М- нарын цахилгааны холболтыг тасалсан нь хууль бус үйлдэл болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” болохыг заажээ.

Мөн Иргэний хуулийн 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчдэд нэгэн адил хамааралтай” гэж заасан байна.

Нэхэмжлэгч нар трансформаторт холбогдож Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж цахилгаанаар хангагдаж байсан нь тэднийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хоёр шатны шүүхийн цахилгаан таслахгүй байхыг даалгах нэхэмжлэлийг хангасан шийдэл зөв байна.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг баримталсныг давж заалдах шатны шүүх өөрчилж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасныг баримталсан аль нь ч хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй байна.

Өмнө дурдснаар Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т эрх бүхий этгээд буюу хангагч хуульд заасан үндэслэл, нөхцлийн дагуу хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлах эрхийн тухай, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 нь цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой байх бөгөөд эдгээр хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02309 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2,  106.3-т заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                           Г.АЛТАНЧИМЭГ